Velin сэтгүүл: Монгол Уорхолтой хийсэн яриа
Таны үзэж буй энэ танил атлаа нууцлаг өгүүлэмжтэй поп арт бүтээлийг хийсэн хүн бол Тайван Танзка гэх зураач. Үзэхэд сонирхолтой, харахад өнгөлөг, бас зарим таавар, егөөдөлтэй “Connection”, “Майдарын ногоон морь” гэх хоёр цуврал бүтээл тэр олонд толилуулжээ. Хүн бүр сөхөөд байдаггүй адармаатай түүхээс цөөнгүйг тэр сэдэв болгож сонгосон байна. Тайван Танзка төрөлх хотдоо анхны үзэсгэлэнгээ гаргахаас 20 жилийн өмнө Лондонд поп артыг олж, өөрийн болгон уусган авсныг энэхүү ярилцлагаар танд дэлгэнэ. Зочноо тантай уулзуулахын өмнө түүний 2000-аад оны дурсамж руу очихыг эхлээд санал болгоё.
Залуу Тайван Английн алдартай гудамж болох зураачид бүтээлээ жуулчдад борлуулдаг Bayswater-ын хөл ихтэй урсгал дунд зургаа дэлгээд зогсож байна. Энд долоо хоногт нэг л өдөр зогсох лиценз түүнд бий. Орчин үед хүмүүс урлагаас юу сонирхож, хүсэж байгааг хараажаар ойлгож амжаагүй нь хэний ч танихгүй нүүдэлчин баатартай тосон зураг, арьсан дээр буулгасан хааны хөрөг зэрэг бэлэг дурсгал шиг ажлаас нь харагдана.
Лондоны Ланкастер өртөөгөөр урсан ирэх урлаг сонирхогч буман хүн энд сонирхсон зурагтаа 100 фунт стерлинг төлдөг. Гэвч одоогоор монгол зураач Тайвангийн ажил хэний ч сонирхлыг татаж амжаагүй байна. Цагийг жаахан гүйлгээд урагшлуулбал түүний фото, постер суурьтай, торон хэвлэл, коллажтай ажлууд 300-1,000 фунтээр эзнээ олж, холимог техникийн хурдтай байдал хэдийн таалагдаж эхэлснийг нь харж болно. Тайван монголоос ялгаатай нь Лондонд амьдрал долоо хоногийн хэмнэлтэй өрнөх тул амаргүй. Байрны түрээс, автобусны билетийн төлбөр гээд бүгд долоо хоногоор сунгагдана. Эхэн үеийн энэ сорилтыг тэр давах аргаа олж, өөрийгөө өөрөөр үзүүлэх болж чадсанаар Дубайгаас байнга ирж зураг авдаг зочинтой болж, олон газрын хананд түүний бүтээл өлгөгдөх болжээ.
Бие даасан үзэсгэлэн хоёрыг гаргасан Тайвангийн онцлог нь ухуулан сурталчлах хүчирхэг нөлөөтэй фото, постерын давуу талыг өөрийн сурсан дүрслэхийн уламжлалт техник рүү хольж, өнгө өнцгөөр тоглодгийнх байна. Өнгөний зохицолтой атлаа утга агуулгын зөрчилтэй парадокс, өөр юм хэлэх гэсэн олон янз байдал ажиглагдана. Милитарист Японы мандах наран дүрслэлт туган дор хувьсгалт журамт цэрэг бүрээ татуулж буй жижиг ажлыг л аваад үзье. Энэ зураглал бялуу халбагадах адил эгэл харагдавч эсрэг талд “Байж болшгүй” харш үзэгдэнэ. Дайсны туг дор жаргалтай бүрээ үлээж болох уу?
Өдөөн хатгах, эсэргүүцэн егөөдөхийг урлагтай үзүүлэгч поп арт урлаг хамгийн олон хүнийг байлдан дагуулсан ч анзаарч харвал монголд энэ урсгал цөөн төлөөлөгчтэй болохыг та харна. Тэдэн дотроос Тайван Танзка бүр энэ урсгалаар дагнан ажилласан байна.
Поп арт дал, наяад онд Нью-Йорк, Лондонд ид байхдаа нэг ширхэг принт 20 мянган ам.доллароор талх шиг зарагддаг байсан. Энэ үнээр зургаа хурдан зарах бол тос зотонгоор ажиллаад жилд хэдхэн зураг гараас нь гардаг зураачдын хувьд оюуны болоод цаг хугацааны ихээхэн эрх чөлөө өгчээ. Энэ урсгал өгөөж ихтэй байхын хэрээр өрсөлдөөнтэй тул сэтгэх хурд, хүмүүсийг мэдрэх мэдрэмж их шаарддаг байна.
Урлагт хандах хүний сэтгэлгээний эрэл хайгуул эртний Грекээс эхлэлтэй төгс төгөлдөрт хүрэх эрмэлзлээс модернизм хүртэл хөгжсөөр поп арт соёлд хүрэхэд нэг том хүчин зүйл нөлөөлсөн. Тэр бол хоёр том дэлхийн дайныг дамнан өнгөрсөн сэтгэл зүйн дурсамжийг хүмүүс мартахыг хүсэж, урлагаас агуу их утга учир хайхаа болих үзэгдэл байлаа. Зүгээр л гоё юм, энгийн юм, тод сайхан өнгө хүсжээ. Тэгвэл монголчууд урлагаар дамжуулж аз жаргалтай өнгө төрх, хувийн ондоошил, шинэлэг амьдрах хүсэл сонирхлоо хэзээ анх илэрхийлсэн бол?
Харамсалтай нь бидний тархи юу бодох, бодохгүйг хорьж шалгадаг сэтгэхүйн цагдаа, улаан тугтай цаг үе монголын урлагийг он удаан хөшөөсөн. Тэр аливаа хоцрогдол, алдсан цаг хугацааг нөхөж манай урлагт олон сонирхолтой уран бүтээлчид гарч ирсний дотроос бид поп артаар дагнасан Танзкагийн тайван бус ертөнцийг танд дэлгэж байна.
Уншигч таны тухай харах олон өнцөг байна. Хувь хүний бодол, бүтээлийн санаа эсвэл арга техник ч юм уу. Үгүй бол бүтээлийн цаадах асуулт, егөөдөл гээд л. Эхнээс нь тодруулъя. Та багаасаа зурсан нь уу, ер нь яаж зураач болсон юм бэ?
Би хоёрдугаар төрөхөд төрж, өвөө, эмээтэйгээ төмөр замд өссөн л дөө. Тэндхийн бүх л зургийн дугуйланд явсаар “Ногоон морь”, “Анима” сургуулийг дамжаад Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Хүн бүр сансрын нисгэгч, цагдаа болно гэдэг байхад би зураач болно л гэж явсан. Одоо хүртэл дотроо үнэнч яваа зүйл маань. Өөрөөр болохгүй байгаа юм. 2000 оны үеэр Лондонд очиж, зургаан жил амьдарсан. Хүний нутагт амьдрах хөлөө олохын тулд зурах хэрэгтэй байлаа. Монголд би суурь мэдлэг сайн авсан ч нүд нээгдээгүй гэдгээ мэдэрсэн. Тэнд поп арт маш хүчтэй гэдгийг анзаарахгүй байхын аргагүй байлаа.
Европт урлагийн сургууль, төгсөгч их. Тиймээс бусдаас ялгарахын тулд өдөөн хатгасан, зарим нь бүр үзэгчийг чимхээд авах нь гэлтэй байдаг. Та тэр үед өөрийгөө хэрхэн харуулж чадсан бол?
Хамгийн гол нь ингэсэн юм, би Лондонд анх очоод, нөгөө л баатруудаа зурлаа. Одоо бодоход их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт байдаг арьсан, тосон зургууд шиг л байж. Тэд нэг нүдээрээ ч харсангүй. Нэг л их Монголоороо омогших бол энд огт явахгүй нь гэдгийг ойлгосон. Чингис хааныг маань тоох, таних хүн ч алга. Нэг удаа найзтайгаа англи айлд очих ажил гарав. Нүдэнд шууд л интерьерийн шийдлүүд нь ялгарч, “Өө, энэ хүмүүс чинь манайх шиг хананд хивс өлгөдөггүй, зураг тавьдаг юм байна” гэдгийг анзаарсан. Зургийн сэдэв нь тэс орчин үеийн, поп, панк юм байна гэдгийг харсан хэрэг. Тэгээд орчин үеийн зургийг өөрийн болгож хийе гэж шийдсэн.
Шинэ өрсөлдөөнд та ямар сонголт хийв?
Тийм, хурд шаардаж байсан учраас хэвлэл сонирхож эхэлсэн. Ингэхээр торон хэвлэл гарч ирээд энэ нь яах аргагүй Энди Уорхолын арга барил буюу поп руу чиглээд ирсэн. Оролдоод үзсэн чинь ямар гоё, ямар орчин үеийн урлаг байсан гээч. Надад их таалагдсан. Торон хэвлэл, эвлүүлэг хийхээр гараас ар араасаа бүтээл гарч нэг ёсондоо, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг жинхэнэ утгаар нь хийж эхэлсэн дээ. Монголд зохиомж гаргахдаа өнгө, харьцааг яаж гаргаж сурсан түүнийгээ поп арт болгоод хувиргалаа. Бодлоо чөлөөтэй, айхгүйгээр буулгаад тавьтал тавьсан хүмүүс сонирхож, зураг зарагдаж эхэлсэн. Эрэлт ихтэй болтол ажиллахдаа юу ойлгосон гэхээр чөлөөтэй сэтгэхээс гадна суурь техник сайн байх ёстой. Эхлээд онц сурдаг, хичээлээ ойлгодог оюутан бай. Дараа нь хоёр, гурван өнгө хослуулж, дээр нь жаахан сонин юм хайчлаад тавихад зохиомж чинь хүний санааг татаж чадна.
Санаагаар тоглох нь ямар байв?
Хурд сургаж байгаа юм. Энд сурсан өнгө будаг, зохиомж мэдрэх техник их тус болсон. Хүн анх харахад “Ингээд л хийчих юм уу” гэж амархан санагддаг байх. Яг хийж үзвэл мэргэжлийн онцлог хэрэгтэй, тэр болгон хийж чадахгүй гэдэг нь мэдрэгдэнэ.
Арга барилаа олсны дараа ямар сэдвийг та эхлээд хийж байв?
Мэдээж Англид монголтой холбоотой сэдэв тоохгүй. Тэд дэлхий мэддэг одууд л сонирхох болохоор Энди Уорхолын ажлуудаас санаа авч хийдэг байсан. Барууныхан юу сонирхож байна, тэрийг л хийсэн.
Тэдний хэлээр нь ярих гэсэн байх нь.
Яг тийм. Харин Монголд тэр баруунд таашаадаг зүйл хийх нь утгагүй. Одоо бол би эндээ яг юу дуугарах, ямар мессеж өгөх ёстой вэ гэдгээ өөрөөр боддог. Тэр бол залууст дүрслэх урлагийн поп чиглэлийг хурдан ойлгуулах, хачирт нь мартагдаж байгаа түүхээ шигтгэж өгөхийг хүсдэг.
Энди Уорхолын үзэсгэлэнг харж байхад аргагүй олон хүний сонирхдог түгээмэл сэдэв, мэдрэмж, бэлгийн дур сонирхол зэргийг их онцолсон байдаг. Тэгвэл та яагаад өөрийн сэдвээ түүхэн хүмүүсээр сонгох болов?
Уорхолын нэгэн адил би ч бас гэрэл зураг, зурагт хуудсанд дуртай. Хамгийн сонирхолтой фото минийхээр голдуу түүхэн хүмүүсийн зураг байдаг. Тэгэхдээ зургийг яг байгаагаар нь ахин дахин үзээд байвал олон хүнд сонирхолгүй шүү дээ. Нөгөө талаар залуус гэлтгүй би өөрөө ч түүхээ сайн мэдэхгүй. Одоо тавь дөхсөн ахимаг насанд ирсэн ч зарим сэдвийг бүтээл хийж байхдаа л судалж мэдсэн. Өөрөө сурангаа залууст, “Түүхэнд ийм гайхалтай хүмүүс байж, Тусгаар тогтнол гэдэг зүйл ингэж олдсон юм байна шүү” гэдгийг харуулахыг оролдсон.
Сэтгэлгээний эрх чөлөө 1990 онд ирж, алдагдсан цагийн боломжоо нөхөх гэж хүн бүр өөрийнхөө дурласан урлагийн салбарыг барьж авч монголд нутагшуулах их ажил хийсэн. Таны төрсөн 1970-аад оныхон бол Утга зохиолд “Мөнгөн үеийнхэн”, дүрслэх урлагт “модернист”-ууд гэж нэрлэгддэг. Монголдоо анхдагч гэсэн олон зүйлийг танай үеийнхэн оруулж ирсэн. Одоо дараагийн үеүд насанд хүрч байна. Та энэ үе хооронд ямар ялгаа байдаг гэж хардаг вэ?
Манай ахмад үеийнхэн хойд хөршид академик түвшинд сурсан, төлбөр мөнгөний гачаал нэг их үзээгүй болоод ч тэр үү олноороо бэлтгэгдэж чадсан. Бидний үеийнхэн харин нэлээн “хэрчүүлсэн” л дээ. Зах зээлийн нийгэмд юун зураг зурах, будаг бийр авах манатай хэрцгий үе таарсан болохоор харьцангуй цөөхөн хүнтэй. Би ч бусдын адил арилжаа наймаа эрхэлж явсан ч гэсэн зургаа хаяагүй. Одоо бол маш гоё хүмүүстэй цоо шинэ үе манай урлагт төрөн гарсан байна.
Та өөрийгөө “монголын анхны поп” гэж их гоё, хөгжилтэй хэлж байна. Гадуур хүмүүс “Энэ нэг поп нөхөр” гэж арай өөр утгаар энэ үгийг хэрэглэдэг шүү дээ. Та үүн дээр юу хэлэх бол?
Хэ хэ, юу хэлэх билээ дээ. Угаасаа попорч, поп зүйл хийж байгаа хойно. “Үүнийг ямар урлаг гэдэг юм, ингэж хийвэл хэн ч хийчихнэ” гэж намайг шүүмжилдэг олон л хүн байна. Тэгвэл тэгээд хийх л хэрэгтэй шүү дээ.
Тийм л ухаантай юм бол мөнгө чинь хаана байна гэдэг шиг үү?
Тийм. яг үнэн. Тэр чинь еврей ардын үг шиг байгаа юм.
Хэцүү байсан ч зураг зурсаар байх таны итгэл үнэмшил юун дээр тогтож байсан бэ?
Хүн дуртай зүйлээ хэзээ ч хаяж чадахгүй. Байнга л дотор бодогдож, өөр ажил хийсэн ч бүгдийг зургийн нүдээр ажиглаж байдаг. Энэ талаараа зураач хүн бизнес хийхэд ч давуу талтай. Учир нь амьдралын бүх зүйлд “Сонголт” бий. Зураач хүн өөрөөр харах, зоримог шийдвэр гаргаж чаддаг. Надад ч энэ чанар тус болсон. Миний хувьд хэцүү бүхэн өнгөрсөн хамгийн аз жаргалтай, сайхан үе бол яг одоо. Өөрийн гэсэн урлантай, будгийн мөнгөө хүн гуйхгүй олж болж байгаа нь бүтээлээ жаргаж хийх боломж өгдөг. Дээр үед заавал зургаа зарах шаардлагатай тулдаг нь зовлонтой байсан. Одоо жаргаж хийсэн бүтээлээрээ жаргаж үзэсгэлэн гаргачхаад тэндээсээ кайф авна.
Зураач залуу байхад зургаа зарахаас өөр аргагүй нөхцөл их гарна. Тэгэхээр зарагдах зураг хүн дурлаад байгаа ч өөрт таалагдахгүй нь элбэг байдаг уу?
Тийм шүү, яг үнэн.
Өөрийгөө хүндлэх, өөртөө үнэнч байхаас ухрахгүй яаж тэнцвэртэй үлдэх вэ гэдэг асуулт уран бүтээлчдэд тулгардаг байх. Таны хувьд яаж зохицуулж байв?
Ёстой хэцүү, дургүй юм бол хүнд таалагдах гэж оролдох. Нэг хэсэг өөрийгөө хүчилж үзсэн. Миний бодсоныг хэн ч авахгүй болохоор хаан ч юм уу, баатар зурдаг л байлаа. Тэр бол сонин таагүй үе л дээ.
Сонголтоос шалтгаалж жинхэнэ уран бүтээлч байж чадах эсэх нь шалтгаалдаг. Таны бодлоор дүр эсгэгч байхгүйн тулд яах ёстой вэ?
Өөрийн доторх хүнийг сайн сонсох ёстой гэж хэлнэ. Хүнд тааруулсан зүйл хэсэгтээ дажгүй, бүх зүйл сайн санагдаж болно. Өөртөө үнэнч байх, өөрийн дуртай урлагаа хийж байвал чи өөрийн байрших орон зайгаа, тэр нэг жижиг довыг босгож чадна. Нэгэн цагт миний дуртай урсгалд бас дуртай хүн гарч ирээд, “Хаана, хэний бүтээл байна вэ” гээд хайхад би тэр босгосон довтойгоо харагдах л болно. Хэрэв хэн нэгнийг дуурайгч байсаар дуусвал ялгарахгүй шүү дээ.
Ерээд оны анхдагч нарын тухай сая дурдсан даа. Тэд өөрсдийн дурласан зүйлийг шилдэг гэж тунхаглах хандлагатай байдаг. Мэтгэлцээн, шүүмжийн тал дээр өөрийн сайн гэсэн үзэмжээр түвшин тогтоох нь цөөнгүй. “Чи ийм зүйл сонирхож байгаа бол урлагийг ойлгох болоогүй байна” гэх уур амьсгал нэг хэсэг ноёрхсон. Хүн бүр урлагийг тогтсон өндөр зэрэглэлд ойлгож хүлээж авах ёстой юу?
Миний бодол бол хүн өөртөө л эвтэйхэн, таатай байх хэрэгтэй. Хүн үнэхээр өөрийн дотроос гарч ирсэн зүйлээ л таашаана. “Чи заавал урлагийг өндөр түвшинд мэдэрсэн байх ёстой гэж” би лав хэлэхгүй. Хэн нэгнийг дуурайж зураг авах бол дэмий хэрэг. Ханаар дүүрэн зураг байгаад гоё харагдахгүй. Харин ч донжоо олсон нэг зураг байхад л эргэн тойронд өгөх нөлөө нь гоё болчихно.
Үзэгч сонголт хийхэд куратор болоод шүүмжлэгчид тусалдаг. Зураачийн үгээр хэлээгүй орчуулгыг тэд хийж, агуулга нь тодорхой болдог. Энэ зүйл Монголд харьцангуй цөөн болохоор уран бүтээлчид бусад зураачдынхаа тухай ярьсан дүгнэлтээр үзэгч мэдээлэл олж авах нь түгээмэл. Танд галерей, кураторууд хэр хандаж байв?
Би Лондонд ганц нэг галерейд зургаа өгч байсан ч ихэнх тохиолдолд гудамжинд өөрөө зардаг байсан. Миний ойлгосноор урлагт куратор маш чухал үүрэгтэй. Ялангуяа зураачдыг нээхэд. Манай зураачдын нэг гэм нь маш дотогшоо хүмүүс байдаг. Чимээгүй, их ярьдаггүй, тийм болохоор задарч чадахгүй. Кураторууд үзэсгэлэн дэглэх, бичвэр хийх ажлаа сайн хийснээр үзэгч, уран бүтээлч хоёрыг холбож өгдөг. Үзэсгэлэнгийн дэглэлт гэрэл, дуу шуугиан нэмснээр миний хэлэх гэсэн санааг бүр давуулж, аягүй гоё болгохыг харж байсан. Тэгэхээр уран бүтээлийн тал хувийг нь тэд өргөж гаргадаг гэж хэлж болно.
Та Англид байхдаа олон зураг зарсан уу.
Өө, зөндөө. Тоймгүй их.
Зурагт гарааны үнэ, хүсэж байгаа үнэ гэж байна. Та хэрхэн үнэлдэг байв?
Би эхлээд гудамжинд зардаг байсан болохоор өндөр үнээр нэг их зараагүй. Дунджаар 300-400, заримдаа ч хямдхан 100 фунтээр өгсөн нь ч бий. Тэгэхдээ би олон бүтээлээ дэлхийгээр тарааж чадсан даа.
Та 2006 онд ар гэрийн шалтгаанаар буцаад монголдоо иржээ. Тэгээд эхний үзэсгэлэнгээ 2020 онд гаргасан байна. Энэ хооронд контемпорари үзэсгэлэнгүүдэд бүтээл өгч байсан ч бие даасан үзэсгэлэн гаргахад яагаад ийм их хугацаа оров?
Монголд үзэгчид поп чиглэл ойлгож, хүлээж авна гэж ер нь бодоогүй. Тиймдээ ч зураач нартай адил тогтмол урланд сууж байсангүй. Манай гэр бүл интерьерийн чиглэлийн бизнес эрхэлдэг болохоор түүндээ их цаг зарцуулсан. Би ч өөрөө урлантай болж, тогтвортой зургаа зурж эхлээд долоон жил болж байна. Тэр хооронд найзууд “Чи одоо үзэсгэлэн гаргах болсон юм биш үү” гэж хэлж байсан л даа. МУЭХ-ны ерөнхийлөгч, найз Ганбаа маань B арт галерей нээхэд би зориглож анх үзэсгэлэнгээ гаргасан.
Одоо үзэгчид таны бүтээлийг хэрхэн хүлээж авч байна вэ?
Санасныг бодоход дажгүй хүлээж авч байгаа. Тэгэхдээ цөөхөн байна. Улам л их болоосой. Өөрийнхөө үзэгчийг бэлдэхийн тулд би ямар ажил хийх ёстойг одоогоор сайн мэдэхгүй л байна. Эхний үзэсгэлэнг хүн бага үзсэн. Миний туршлага дутаад шинэ жил болон талбай дээр жагсаал цуглаан ихтэй, нийтийн сэтгэл зүй тогтворгүй байх үед хийсэн байна лээ.
“Түүхэн хүмүүсийн амьдралыг залууст хүргэх, тэд хэцүү, эмгэнэлт хувь тавилан туулсан гэдгийг үзэсгэлэндээ өөрийнхөө тултал үзүүлж чадсан" гэж та сая хэллээ. Та яагаад ийм сэдэв хөндсөн юм бэ?
Манай эрдэмтэн, судлаачид бичвэр болон кино олон хийсэн. Тэгвэл би дүрслэх урлагийн чиглэлээр арай өөр хэлбэрээр үзүүлье, залуучууд сонирхох хэлбэрээр гаргая гэж бодсон. Залуучууд уншихгүй байна л даа. Тэгвэл хүн зургийг хараад мэдрэмжээрээ шууд ойлгодог.
Та бүр өөрийгөө Д.Пагмадуламд дурласан гэж хэлэв үү? Учир нь юунд байна вэ?
Түүний түүхийг сонсоод л өөрийн эрхгүй ямар мундаг эмэгтэй вэ гэж үнэлсэн. Өмссөн хувцасных нь донж хүртэл өөр. Аягүй гоё хүүхэн, яг л цэвэр монгол сэхээтэн хүн байгаа юм.
Манай хүн чинь Шанелийн даашинз өмсөж байсан гэдэг.
Тийм, түүний донж маягт тэр үеийн алдартай брэндийн хувцаснууд гоё зохисон байдаг. Монголын анхны эмэгтэйчүүдийн холбоог удирдаж явсан. Улс төрийн товчоонд сонгогдоод эхний хурал дээрээ л намаа шүүмжилснээр амьдрал нь уруудсан. Д.Пагмадулам бол монголд соёлын маш олон хэлбэр оруулж ирсэн. Тэр соёлын үр тасралгүй бидний дунд улам их дэлгэрсэн бол гэж бодогддог. Тэр коминтерн гэгч мангас бидний мундаг хүмүүсийг үгүй хийж алга болгоогүй бол, сүм хийдүүд, соёлын өв тээгчид үгүй болоогүй бол бид ямар янзтай өнөөдөр аж төрж болох байсан бэ? Ерөнхий сайд асан С.Данзанг аваад үзэхэд л “Иргэн баян бол улс баян” гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш байна. Их сийрэг, гүйлгээ ухаан тэдэнд байжээ.
Орос, Герман хоёр улсын харилцаа хориод онд хэсэгхэн дулаарах үед баруунд анхны 28 залууг улс орондоо гэгээрэл нэвтрүүлэхээр илгээсэн ч Б.Ренчин гуайгаас бусад нь улаан шуурганд цөм үрэгдсэн. Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар анх танилцсан цагаасаа эхлээд л соёл хөгжүүлэх гэж явсаар байсан ч залуудаа өөд болцгоосон нь харамсалтай.
Энэ хүмүүсийг түүхийг сонирхохоор бид өнөөдөр яаж амьдарч байна вэ гэдэг асуулт зэрэгцэн бодогддог. Би өөрөө төмөр замд өссөн. Тэнд оросууд өөрсдийн том хашаатай, бараг л тусдаа вант улс байлаа. Бид хажуугаар явахад орос хүүхдүүд дээвэр дээрээс өөрсдийнхөө хийсэн буугаар бууддаг байсан. Бага насандаа би өөрөө ч тэр дээрэнгүй үзлийг нь мэдэрч байсан.
Түүхэнд хэрвээ гэж байхгүй ч таны бодлоор тэр хүмүүс амьд сэрүүн, хийж бүтээсээр байсан бол өнөөдөр ямар байх байсан бол?
С.Данзан америк худалдаачнаас Харли Дэвидсон мотоцикл авч унаж байсан бол манай залуучууд зуун жилийн дараа л өөрийн олсон мөнгөөр Харли Дэвидсон чөлөөтэй авч унаж байна. Бид өөр байх боломжтой, чиний түрүү хэлснээр Тайвань, Солонгос шиг хөгжилтэй байхыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ энэ хоёр том гүрний дунд яаж ч чадахгүй байж.
Гарцаагүй болох үр дагаврыг хүртсэн гэж үү?
Дээр нь бас бидний өвөг дээдсээс хийж ирсэн үйлийн үр гэж бий л дээ.
Өө байлгүй яах вэ, төлж дуусахад бас нэлээн зузаан данс бий байх. Найман зуун жилийн турш өдий жижиг болтлоо хуваагдаж, хоорондоо байлдсан улс шүү дээ бид.
Харин бас өдий зэрэгтэй байгаа нь их хэрэг. Би Чойбалсанг хоёр толгойтой болсон байна гэж нэг зүүдэлж байсан. Тэгээд бодоход мань эр яах аргагүй хоёр талд ажиллаж дээ. Хэрэв ганц талаа бариад оросууд, коминтерныг эсэргүүцсэн бол тэд бүр ч их хүн хөнөөх байсан юм билүү. Тиймдээ талыг нь устгуулаад нөгөө талыг нь аварч үлдээ юу гэж боддог.
Уншигчид, “Өнгөрсөн хэлмэгдүүлэлт, Х.Чойбалсан одоо цагт ямар учиртай вэ?” Гэж асууж болох юм. Гэтэл сэтгэдэг, бүтээдэг хүмүүс ба улсаа өөрийн гэх алтан ураг хоёрыг нь “ууршуулж” байж монголчуудыг эрх мэдэлдээ бүрэн оруулж авна гэсэн улс төрийн бодлого байж. Үүнийг илтгэх олон зүйлсийг та бүтээлдээ сонгосон байгааг хараад л яагаад үүнийг хийв гэж лавшруулах гэсэн юм.
Үнэхээр бид алдсан хүн олон ч аварч үлдсэн нь их гэж би хэлнэ. Миний анхны үзэсгэлэнг үзсэн бол төмөр замын дэр моднууд дээр манай догшин сахиуснуудын алтадсан дүртэй инсталляци бий. Галт тэрэг түчигнэх, түн түн хийх бөглүү хэмнэл гээд л. Бүтээлүүдийн хэсгүүд өөр хоорондоо харьцаж, уусаж байгаа мэдрэмж нь нэг тийм жихүүцэлтэй болсон. Тэр үзэсгэлэнг дахиад нэг гаргаж тавимаар л байгаа юм.
Таны бүтээлд байгаа дараагийн нэг сэдэв рүү оръё. Эхний удаад цөвүүн цагийг хөндсөн бол удаах үзэсгэлэндээ та Майдар бурхныг дүрсэлжээ. “Сайн цаг ирэх”, “шинэ эрин тохиох” гэдгийг хүмүүс янз янзаар тайлбарладаг. Таныхаар Майдар ирэхээр юу болох вэ?
Майдар ирнэ гэдэг нь хүмүүсийн тархин дах үзэл бодол өөрчлөгдөхийг хэлэх болов уу. Ер нь ч бид өөрчлөгдөж эхэлсэн. Залуучуудын үзэл бодол аягүй өөр, шинэчлэгдэж байна. Миний үеийнхэн дунд улс төрд орж бохир ажиллах, дарга болох, авилгалд автах шунал их байсан. Одоогийн залуус өөр соёлтой болж төлөвшсөнөөр манай нийгэм өөрөө аятайхан гоё болно.
Сэтгэлгээндээ ангилал хийж шинэ эринд бидний бодол санааны аль нь хэрэгтэй, алийг нь хаях вэ гэж ялгаж салгах тухай та хэлээд байна уу?
Би зүгээр сэдэв л хөндсөн, шашин дэлгэрүүлэх гэсэн санаа бол байхгүй. Тэгэхээр одоо цаг бол Майдар бурхны хүлэг морины толгой нь дөнгөж цухуйж байгаа тийм үе юм байна. Бүтэн биеэрээ гарч ирэх цагт алив бүхэн амарлингуй болно гэдэг. Миний “Майдарын ногоон морь” бүтээлийг тогтоод харвал доторх биеийн арга ясыг нь дүрсэлсэн байгаа. Зориуд орчин үеийн элемент оруулах гэж материал дотор нь лего блок эвлүүлээд хийчихгүй юу. Уг нь шашны бүтээлд байгалийн гаралтай материал орох ёстой байдаг. Харин морины толгой бол яг морь байгальд ямар байдаг тэр байдлаараа байгаа. Учир нь “Толгой гарчихсан” буюу болж өнгөрсөн учраас тэр.
Бүтээлийн энэ хийцээр өгүүлэх гэсэн миний санаа нь ийм учиртай. Домогт Майдар бурхнаас өмнө хүмүүсийн үйлийн үрийг шүүж, там диваажингийн хаана очихыг шийдэх Махи, Шива гэж хоёр бурхан ирдэг юм байна л даа. Цамын бүжгэн дээр тэднийг үхэр ба буга толгойтой дүрсэлдэг. Одоо амьдарч байгаа хүмүүст технологи их нэвтэрсэн болохоор Бурхдын хувьд тэд өмнөх бүх үеэсээ хэл яриа нь их өөр, холимог болсон байна гэнэ. Бурхад эхлээд сайн ойлгохгүй байна гэнэ. Би зохиолдоо оруулсан санаагаар шүү дээ. Бурхад ирээд хүмүүсийг шүүх гэсэн эргэлзэж байна гэнэ. Жишээ нь, чи “койн, койн” гээд л, нөгөө нэг нь “виртуал", “реалити” гэдэг ч юм уу нэг тийм юм яриад байх юм гэнэ. Тэгмэгц бурхад бидний тархин доторхыг уншиж мэдээд, хуучнаасаа өөр зүстэй залран бууж байгаа төрхийг нь би хийсвэрлэж гаргасан юм.
Үхэл заавал хадуур, хар нөмрөгтэй байх албагүй байх нь
Миний хэлэх гэсэн нь, “Юм бүхэн өөрчлөгдөж байна”. Залуучууд өөрчлөгдөж байна. Бид муу муухай зүйлсийн тухай маш удаан ярьсан. Цаашид тэгвэл энэ бүхэн бас л өөрчлөгдөх болно.
Та дараагийн үзэсгэлэнгээ хэрхэн төлөвлөж байна вэ?
Хонг Конг болон урд хөршид үзэсгэлэн гаргах санал авсан. Тэгэхдээ сайн зүйл гаргахын тулд хугацаа жаахан орох байх.
Манай контемпорари уран бүтээлчид дэлхийд өөрсдийгөө таниулахаар Норд Арт, Венецийн Биенналь, Сингапур, Шанхайд тодорхой амжилтууд гаргасан. Цаашдаа монголын орчин үеийн урлаг гадаад үзэгчдийн сонирхлыг татаж, амжилтаа ахиулах боломжтой гэж та боддог уу?
Манай орчин үеийн зураачид маш мундаг, сайн байгаа. Би бас өөрийгөө нэлээн гайгүй “хүн амьтан үздэг, хардаг” гэж боддог. Заримаас нь дурдвал Б.Баатарзориг, Б.Номин гээд гэр бүлийн хоёр байна. Бас Ж.Мөнхжаргал гээд залуу бий. Манай монголыг тэд цаашдаа ч олон жил төлөөлөх боломжтой.
Таны нэр дурдсан уран бүтээлчид та бүхний дунд Бурхдын дүр төрх, тодорхой элементийг авч контемпорари хэв маягт оруулдаг нийтлэг хэв маяг байгаад тэр үү?
Өөр юугаа холих билээ. Өөрсдийнхөө өв уламжлал, өгөгдлөө хайна. Яаж өөр зүйлтэй давхцуулахгүй байх вэ гэдгээ бодно. Өөр уран бүтээлч хийгээгүйгээр шинээр яаж өөрийн болгож гаргах вэ, гол санаагаа яаж зөв илэрхийлэх вэ гэдгээ л бодно шүү дээ.
Таны урланд олон монгол зураачдын бүтээл харагдана. Та бас цуглуулах дуртай бололтой?
Одоо яг цуглуулах үе ирж байгаа юм уу. Би залуудаа энэ талаар ойлгодоггүй байж. Одоо зураачдын бүтээлийг аль болох авах хэрэгтэй гэж боддог болсон. Нэг ёсондоо цуглуулга дөнгөж эхэлж байна. Энэ нь хүүхдүүдэд надаас үлдэх өв болно.
Бүтээлийн үнэ цэнийг өгч, авч байгаа хүмүүс хоорондоо тохироход заримдаа үл ойлголцол гардаг. Та авахдаа яаж авч байна вэ?
Яаж юу байх вэ, тэгээд л үнээ хэлнэ шүү дээ.
Бүтээлд тогтсон ханш гэж байхгүй биз дээ.
Яах вэ, ерөнхийдөө гадарлаж байгаа. Их өндөр бүтээлтэй уран бүтээлчдийн ажлуудыг би авч дийлэхгүй л дээ. Яг нөгөө том цуглуулагчид л авдаг. Тийм хүмүүс олшроосой гэж боддог. Хүмүүс нэг хэсэг морь мал, хөөрөг их цуглуулсан. Одоо шинэ хүмүүс гарч ирээд орчин үеийн урлагаа дэмжиж байна. Ахмад үеийн бүтээлийг бас эрж хайж авдаг хүн цөөн боловч гарч ирж байна.
Залуу нь хэдэн насны хүмүүс байна вэ?
Миний мэдэхийн 24-25 тай ч хүн байна. Тэгээд л гучаас дөчин насныхан. Тэднийг харахаар гоё хайрламаар, гамнамаар санагддаг. Тэд монгол уран бүтээлчийн зургийг авч, эх орондоо хадгалж, цуглуулж байна шүү дээ. Нөгөө талаар одоо урлагийг үзэж байгаа хүмүүс бас л залуучууд байна. Нас тогтсон хүмүүсийг бас урлагаа үздэг, таашаадаг байгаасай гэж боддог.
Манайд гарч байгаа үзэсгэлэнгүүд голдуу сүүлийн 10 гаруй жил идэвхтэй ажилласан нэр бүхий 20-30 хүний дотор л эргэлдэж байх шиг.
Энэ үе бол аягүй хүчтэй гоё үе. Одоо дараагийн бэлтгэгдэж байгаа үеийг нь харахад манайн залуучууд улам хүчтэй болох нь , тэсрэлт гарах нь гэж бодогдож байсан.
Манайд бүтээл гаргаж үзэгчтэй тогтмол харилцаж байгаа уран бүтээлч харьцангуй цөөхөн. Урлаг сонирхдог хүмүүс ч тэднийгээ нэгэнт таньдаг, бүтээлийн утга агуулгыг нь мэддэг болсон. Тиймдээ ч шинэ уран бүтээлч хаана байна гэж хайдаг байх.
Гол нь ахуй амьдралтай холбоотой. Чанартай бүтээл хийхэд их мөнгө зарлагдаж байна. Нэг зураг зарагдахад л хүн аягүй гоё урамшдаг. Зураач зургаас орж ирсэн мөнгөө буцаагаад л бүтээлдээ зарцуулдаг. Хэрэглээний мөнгөнөөс бусдыг нь дараагийн санаа, материалдаа зарцуулдаг. Тэгэхээр урамшуулж байгаа худалдан авагч, үзэгчид маань их болоосой гэх байна.
Баярласан сэтгэл бяр нэмнэ, урмын сэтгэл ухаан тэлнэ гэдэг. Таны санаанд ойрхон тийм гоё урам авч байсан үе, мөчөө хуваалцаж болох уу.
Лондонд юм байна. Арабаас ирж зураг авдаг нөхөр байсан юм. Тэр надаас ирж хэдэн ажлууд авч байхдаа, “Чи ч яг Монгол Уорхол шүү дээ” гэж хэлсэн. Дараа нь бодоод байхад тэр үг сэтгэлд их урамтай үлдсэн байж. Тэр үед би маш их юм хийж байсан үе л дээ. Тэрний дараа бас нэг английн алдартай телевизийн залуу миний зургийг худалдаж аваад намайг гэртээ дагуулж очлоо. Хананаас нэлээн хуучны тосон будгийн зургийг буулгаад оронд нь миний зургийг өлгөсөн юм. Тэгэхэд яг тэр хүний нүд миний зургийг өөрийнхөө орон зайд тохирно гэж олж харсныг мэдрэхэд, “Би чинь бас тийм доошоо ч байгаагүй, боломжийн хэмжээнд яваа юм байна” гэх өөртөө урам өгөх сэтгэгдэл төрж байсан. Зураг ч гэрт нь үнэхээр гоё зохисон.
Та түүний бүтээлүүдтэй илүү ойроос танилцахыг хүсвэл Vault-г зориорой. Мөн энд Тайван Танзкагийн хосгүй бүтээлүүдээс гадна уламжлалт "монгол зураг"-ийн арга барилаараа алдаршсан уран бүтээлч Б.Баатарзоригийн бүтээлүүд яг одоо дэлгэгдэж байна.