
Миний амьдрал, миний хэв маяг: А.Дөлгөөнтэй хийсэн ярилцлага
Velin сэтгүүл
Velin сэтгүүлийн Миний амьдрал, миний хэв маяг буланд нийтлэгдсэн, Централ телевизийг гэр бүлийн хүний хамтаар үүсгэн байгуулсан А.Дөлгөөний ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.
Хэдхэн минутын өмнө зөөлөн шивэрч байсан бороон дуслууд цасан ширхгээр өнгө, хэлбэрээ өөрчилж эхлэхтэй зэрэгцэн шинэхэн танилтайгаа өрнүүлэх чухал ярилцлагын цаг тун дөхсөнийг илтгэх цагийн зүү арван нэгийг зааж байлаа. Тохирсон цагтаа, болзсон газартаа хүрч очмогц ойн захын буйдхан хэсэгт байрлах шинэхэн зуслангийн байшиндаа А.Дөлгөөн биднийг инээмсэглэсээр угтан авч, дотогш орон тухлахыг санал болгов. Яагаад ч юм төсөөлж байснаас энгийн, тэрнээс ч илүү тав тухтай мэдрэмж төрүүлж байсан түүний гэрт эзнээ бүрэн тодорхойлох эмх цэгц ноёрхох ажээ. Ингээд бид цонхны дэргэдэх сандал дээр тухлан сууж, түүний хүүхэд насны талаарх асуултаар ярилцлагаа эхлүүлэв.
Дөлгөөн бүр багаасаа л өрөөгөө үргэлж өөрчилж, янзалж, сонирхолтой декоруудаар чимэглэх дуртай хүүхэд байжээ. Тэрхүү сонирхлоосоо одоо ч хазайгаагүй тэрээр ваар, лаа зэрэг олон төрлийн декор цуглуулдгаас гадна, сардаа эсвэл улиралдаа нэг удаа гэрийнхээ эд зүйлсийг тогтмол шинэчлэх, эсвэл өөр өөр газар солин байршуулах дуртай гэнэ. Учир нь хүн амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг газартаа дуртай зүйлсээ зориудаар байршуулж, тэдгээрээсээ сэтгэл ханамж авдаг байх нь чухал бөгөөд жижиг өөрчлөлт ч хүнд таатай мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг сэргээж чаддаг гэж үздэгээ хуваалцсан юм. Харин тэрээр оюутан болох үедээ эцэг эхийн зөвлөгөөг даган дизайнераар бус маркетингийн чиглэлээр суралцан төгссөн бол өөрийн гэр бүлийг зохиосны дараачаар хэзээ ч төсөөлж байгаагүй телевизийн салбарт хөл тавьжээ.



Өдгөө олон сонирхолтой, шинэлэг нэвтрүүлгүүдээр үзэгчдийнхээ сонорыг мялаадаг Централ телевизийг Дөлгөөн өөрийн гэр бүлийн хүн болох Г.Анхбаяртай хамтран үүсгэн байгуулж байв. “Хамгийн анх телевизийн байран дээр очоод за би чинь юу руу орж байгаа билээ гээд их гайхаж байсан. Энэ салбарт бүтээлч, урлагийн мэдрэмжтэй байх чухлын сацуу арын ажлыг эмх цэгцтэй, хариуцлагатайгаар дааж авч явах хүн хэрэгтэй байдаг учир ханцуй шамлаад л орсон доо. Мөн нөгөөтээгүүр тайз засал, хувцаслалт, продакшны ажил зэрэгт гоо зүйн мэдрэмж ихээр шаарддаг болохоор миний хийх дуртай зүйлтэй ч холбогдож байсан. Тэгээд л анх би ч, манай хүмүүс ч маш олон цагийг ажил дээрээ өнгөрүүлэх учир телевизийн байр, оффисын тохижилтод онцгой ач холбогдол өгч ажлаа эхлүүлж байлаа. Одоо эргээд бодоход өчнөөн том бэлтгэл ажлын ард гарчхаад, шинэ ажлаа албан ёсоор эхлүүлж байсан тэр мөч их гоё дурсамж болж үлджээ” хэмээн анх хэрхэн телевизийн ажлаа эхэлж байсан талаарх дурсамжаа хуваалцсан нь түүний аливаад сахилга баттай, эхлүүлснээ заавал дуусгадаг зарчимч чанарыг илтгэх шиг. Түүнчлэн гэр бүлийн хүнтэйгээ нэг салбарт ажиллаж, яг нэг ижил зорилгын төлөө явах өөрт нь тун амар санагддаг болохыг ч мөн онцолсон юм.



Дөлгөөн ажлын талбар дээр хариуцлагатай байдал, чанартай үр дүнг чухалчилдаг захирал төдийгүй үргэлж өөрийгөө бусдын оронд тавьж, асуудлыг олон талаас нь харж, дүгнэсний эцэст шийдвэр гаргахыг эрмэлздэг. “Хүн өөрт утга учиртай, дуртай ажлаа хийж байж л чанартай үр дүн гаргадаг гэж би боддог. Хүмүүс аливаа нэг ажлыг бүхий л насаараа хийхгүй, магадгүй нэг жил, нэг сар ажиллаад гарах байсан ч тухайн газраасаа өөрт хэрэг болохуйц зүйлийг сураад гарах ёстой гэж Анхаа бид хоёр хамт олондоо үргэлж захидаг” хэмээн залуу насанд аливаа зүйлийг боломж болгон харж, зоригтойгоор туршиж үзэх чухал гэж боддогоо ч хуваалцаад амжлаа.
Угаас шахуу хуваарь, нарийн төлөвлөгөөний дагуу ажилладаг ажлын өдрүүдийн дараа тэрбээр ямар нэгэн төлөвлөгөөгүй, урсгалаараа л өнгөрдөг амралтын өдөрт дуртай. Өглөө сэрээд тайван цайлж, цэцэгсээ усалж, хүүхдүүдтэйгээ зуслан дээрээ ирж, юунд ч санаа зовохгүй, сэтгэл санаа тайван байх л түүний хувьд төгс өдрийн ганц тодорхойлолт аж. Анх энэ гэрт орж ирсэн цагаас л хүүхдийн өрөөний тохижилт, нандигнан жаазалсан бяцхан үрсийнх нь бүтээл, хүүхэд хүмүүжлийн талаарх сонирхолтой номуудыг хараад түүнийг тун “догь” ээж гэдгийг гадарласан юм. Хүүхэд хүмүүжлийн тал дээр тэрээр охин, хүү хоёроо чөлөөтэй сэтгэдэг, шийдвэр гаргах чадвартай, бие даасан хувь хүн болоход онцгойлон анхаардаг гэлээ. “Намайг бага байхад ээж, аавын зөвлөгөө, чиглүүлэг их чухал байсан. Юу өмсөхөөс эхлээд, юу идэж уух, ямар ажил хийхийг ч хүртэл эцэг эх л зааж өгдөг байсан үе. Тэгээд одоо анзаарахад манай үеийнхэн бие дааж шийдвэр гаргах чадвар их сул юм шиг санагддаг. Тийм болохоор би хүүхдүүдээ бүр цэцэрлэгт байхаас нь л өөрсдөөр нь сонголт хийлгэхийг чухалчилж ирсэн. Яг л тэднийхээ хүсэл сонирхол дээр үндэслэж хувийн онцлогийг нь нээж илрүүлэхийг хичээдэг” гэлээ.


Оюутан байхаасаа л энерги их зарцуулдаг, биеийн хүчний спортоор хичээллэн хөлсөө гаргах дуртай байсан түүний хамгийн удаан хичээллэж буй спорт нь бокс. Харин саяхнаас хэзээ ч сонирхож, бодож байгаагүй иогоор хичээллэж эхэлсэн бөгөөд “Ер нь хүн амьдралынхаа туршид л суралцаж, түүн дээрээ үндэслэн өөрчлөгдөж байдаг юм шиг. Хорин настай Дөлгөөн, 30 настай Дөлгөөн хоёр их өөр. Би одоо бол илүү тайван байж, өөртэйгөө ярилцаж, өөрийн дотор хүн рүү өнгийж харах боломж олгодог зүйлсэд л их дуртай болсон. Eat, Pray, Love гээд кино байдаг даа, тэрийг өмнө нь хоёр, гурван удаа эхлүүлсэн ч огт сэтгэгдэл төрүүлдэггүй байсан болохоор дуусгалгүй орхичихдог байсан. Тэгсэн саяхан ахиад нэг үзсэн чинь үйл явдлуудыг нь маш сайн ойлгоод, их гоё мэдрэмж авсан. Яг л ойлгох нас нь болоод зөв цагтаа үзсэн юм шиг” хэмээсэн тэрээр аливаа зүйлс өөрийн гэсэн цаг хугацааны дараалалтай өрнөдөг болохыг өдөр ирэх тусам л ойлгож буйгаа хариулт бүрээрээ онцолж байлаа.
Амьдралынхаа бүхий л сонголтод тун нухацтай ханддаг Дөлгөөн загварын тал дээр ч утга учиртай хувцас, ухамсартай худалдан авалтаар шүүгээгээ бүрдүүлэхийг зорьдог аж. Олон жилийн өмнө ээжийнхээ өмсдөг байсан винтэж хослолуудыг одоо хэр нь нандигнан хадгалж, хайрлан өмсдөг тэрээр эмэгтэйлэг хэр нь бие ил гараагүй хувцас өмсөх хамгийн дуртай. “Маш зөөлөн, чанартай материалтай бас хөдөлгөөнд саад учруулдаггүй урт юбка, урт даашинз зэрэг биеийн аль нэг хэсэг ил гараагүй хувцас өмсөх нь намайг ямар ч үед тухтай байлгадаг” хэмээх түүний хувцаслалтын дүрэм нь амьдралынх нь зарчим гэлтэй. Тэрээр өнөөдрийг хүртэл аливаа сонин, сэтгүүл, нэвтрүүлэгт тусгайлан ярилцлага өгсөн удаагүй бөгөөд өөрийн тав тух, амар амгалан, амьдралын зарчмыг гойд эрхэмлэдэг нэгэн болох нь ярилцлагын туршид ажиглагдаж байсан юм.

Их үдийн нар уулсын цаагуур бөхийж, бидний ярилцлага дуусах тийш хэвийж эхэллээ. Ирээдүйд өөрийн дуртай цэцэгс, ногоог тарьж ургуулдаг бяцхан цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг мөрөөдөж явдаг түүнтэй энэ хүртэл ярилцахад сэтгүүлч надад туйлын тухтай, тайван мэдрэмж төрж байсныг онцлох нь зүйтэй болов уу. “Бусдын шүүмжлэл, магтаал гэхээс илүүтэй өөрийн мөрөөдөл, толгой доторх төсөөллөөсөө л их урам зориг авдаг даа” хэмээн нүдээрээ инээмсэглэн суух түүнд бусдад “үлгэрлэх” зүйл их байх шиг.