Хайх

Velin сэтгүүл: \"Монгол Донж\" Уран бүтээлч Г.Даваабаатар

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар

Text: Buro.Mongolia


Зураг: Б.Болдбаатар

Velin сэтгүүлийн хавар-зун 2023 дугаарын онцлох артист буланд нийтлэгдсэн уран бүтээлч Г.Даваабаатарын ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна. 

Ярилцсан ахмад сэтгүүлч Санжийн Баяр


Хэдэн жилийн өмнө нэг айлд гэрийн эзэнтэй нь яриад сууж байхад зочны өрөөнд нь байсан хос авдар миний анхаарлыг татсан юм. Модны тансаг хээ нь ил гарч, төмөр тоног нь он цагт элэгдсэн гэмээр тэр хоёр авдар тун донжтой харагдав. “Богд хааны музейн үзмэр шиг эд вэ” гэхэд гэрийн эзэн нь “Харин тийм. Жинхэнэ монгол хийцийн авдартай болъё гээд ноднин хийлгэсэн. Хүмүүс дээр үеийн танагтай эд үү гэж асуугаад байдаг юм” гэв. “Хэн хийсэн юм бэ” гэж асуухад “Даваа гэж залуу бий. Бүтэн нэр нь Г.Даваабаатар. Авдар ширээ, эмээл хазаар, сэлэм дуулга, интерьер засал гээд юм юм л хийдэг юм билээ. Онцлог нь бүгд уламжлалт монгол донж хийцтэй” гэж байна.

Энэ яриа болсны дараахан нэг дүү маань улсын наадмыг тохиолдуулан надад төрийн далбаа дурсгав. Бэлгэ дэмбэрэлтэй энэ сайхан эдийг эвхээд далд хийлтэй биш, улс үндэстнийхээ хэдэн баяраар тэнгэрт мандуулж байя гэж бодлоо. Төрийн далбааны сүр жавхаанд нь дүйж очих, хүчтэй салхинд хотолзоод байхааргүй сайн суурь хэрэгтэй болов. Даваатай анх уулзаж танилцсан сэдэв сэжүүр маань энэ билээ. Төрийн далбааны төмөр тоногтой модон суурь ч танагтай сайхан болов. Тэрнээс хойш Даваагийн урласан олон бүтээлтэй танилцаж, монгол хийц донж, дизайны талаар түүнтэй ярьж хөөрөлдөн элдэв юм лавлаж тодруулдаг болсон юм.

Би урлаг судлаач биш учраас Даваабаатарын бүтээлийг урлаг уран сайхны талаас нь мэргэжлийн дүгнэлт өгч мэдэхгүй. Гэхдээ түүний гараас гарсан том жижиг ямар ч бүтээлийнх нь хийц, донж хоёрыг нь харах, үнэлэх нүд, мэдрэмж бол надад бий. Тэрбээр давын өмнө бүтээлээ хийх эд зүйлийнхээ онцлогийг нь олж мэдрээд, түүн дээр нь суурилан бүтээлээ хийдэг хүн санагдсан. Даваа надад ярихдаа “Мод, чулуу, төмөр, арьс гээд бүгд өөр өөрийн ааш араншинтай. Зарим нь бол хаврын тэнгэр шиг олон ааштай. Ааштай хүнтэй арсалдах нэмэргүй. Түүнтэй адил ааш араншинтай материалын аргыг нь олж, аяыг нь дагуулж, мөн чанарыг нь ухан ойлгож байж л учрыг нь олно. Материалын мөн чанар гэдэг бол түүний амин сүнс нь юм гэж багш нар маань бидэнд зааж захидаг байж билээ” гэж дурсав.

Үүнийг сонсоод залуу насны нэгэн учрал санаанд орж ирэв. Аль социалист нийгмийн үед бидний хэдэн сурвалжлагч соёлын солилцоогоор Япон улс явлаа. Очиж байгаа анхны хөрөнгөтөн орон байсныг хэлэх үү, бүх юм сонин содон. Бидэнд Саято гэх японы сэтгүүлч хэлмэрчилж байв. Нэг өдөр Саято-сан миний түрийвчийг сонирхоод “Үзэж болох уу” гэхэд нь би гайхав. Тэгтэл “Түрийвч доторхыг нь биш, гаднахыг нь үзэх гэсэн юм” гээд инээж байна. Аав минь Москвад сурч байхдаа барааны зах дээрээс авсан гахайн ширэн түрийвч. “Made in Germany” гэсэн жижиг шошго нь баларч алга болсон шахуу тэр эдийг аав залуудаа хэрэглээд, дараа нь надад ирээд өмдний арын халаасанд арваад жил нухлагдсан байлаа. Угтаа бол дөрвөлжин байснаа хоёр үеийн халуун өгзгөнд хайрагдаж дарагдсаар гамбир хэлбэртэй болсон эд. Гэхдээ л уул материал нь танагтай тул нугалаас болон элэгдсэн булан тохой хавиараа бор хүрэн будаг нь халцарч, зарим газраа бүр цайрсан ч ширний нарийн хээ угалз нь тодорсон байж билээ. Би түрийвчнийхээ түүх гарлыг товч яриад Саято-санд өглөө. Тэрээр эргүүлж тойруулан, үнэрлэж хүртэл үзсэнээ “Ай, энэ сайхан эдийн мөн чанар нь ил гарчээ! Эдэлгээнд удсан мод, чулуу, арьсан эдлэлийн мөн чанар нь илэрч гарч ирсний дараа л тэр эд танигдаж эхэлдэг. Олон жил эдэлсэн энэ түрийвч эрдэнэсийн чулуу шиг олон өнгөөр ээлжлэн солонгорч байна. Элдүүр сайтай ширний үнэр нь хүртэл арилаагүй аж. Япончууд бид хиймэл, нийллэг эдлэлд дургүй, байгалийн мөн чанараа хадгалсан натурал юманд л дуртай. Сайн чанарын арьс шир, мод чулуун эдлэл хуучрах тусам бүр гоё болдог. Та нар сүм хийдийн мөргөлийн чулуун тавцан, цэцэрлэгт хүрээлэнд байгаа модон сандал, ширээ зэргийн хийц, олон жил гадаа гандаж хуучирсан гоёмсог байдлыг нь зориуд сонирхоорой. Хорь гучин жилийн дараа, тавь зуун жилийн дараа жинхэнэ мөн чанар нь илэрч гардаг эд зүйлс маш сонин. Хараад л, бишрээд л суумаар” гэж хэлж байв. Даваабаатарын хийж бүтээснийг үзэж байхад “эдийн мөн чанарын” тухай Саято-саны энэ үг нь санаанд орж ирэв... гэх мэтээр энэ бичвэр маань цааш сунжирч, урлаг судлаачийн бус үг хэт олшрох нь. Даваабаатарын уран бүтээлийн талаар хөндлөнгийн би биш, тэрбээр өөрөө ярих нь зүйтэй юм. Үүнийг бодоод, нэгэн үе сурвалжлагч явснаа санаад Даваабаатартай уулзаж ярилцлага хийхээр шийдэв. Уран бүтээлч энэ залуугийн Монголоо гэсэн чин сэтгэл, дархан хүний нарийн ухаан болон түүний хосгүй авьяас нь намайг эргэж дахин сурвалжлагч болгов. Даваабаатар гэж дуу дэндүү цөөн, хэт даруу гэмээр хүнтэй ярилцахад амаргүй байсныг энэ дашрамд дурдсуу. Ярилцлагаа толилуулъя.

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 1)

Уламжлал ёсоор намтар түүхээс чинь яриагаа эхлэх үү? 

Намтар түүхсээд байх юм надад үгүй. Би Улаанбаатар хотод 1974 онд төрсөн. 1994 онд Дүрслэх урлагийн сургуулийн уран сийлбэрчийн ангийг төгсөөд, мэргэжлээрээ ажилласан. Тэгтэл БНСУ-ын Нямянжүү хотын урланд монгол сийлбэрчин хэрэгтэй болсноор Цогбаяр багш маань намайг санал болгож, би Солонгост бараг гурван жил ажилласан. Тэгэхдээ сийлбэрийн урлагийн тэндхийн онцлогоос суралцсан. Нутагтаа буцаж ирээд нэг хэсэг багшилсан. Дараа нь чөлөөт уран бүтээлч болсон. Тэгээд л тэр.

Ярианд чинь “сийлбэрийн онцлог” гэж байнга гарч байдаг. Энэ юун онцлог юм бэ?

Сийлбэрийг манай мэргэжлийн хэлээр бол “Хасах урлаг” гэдэг. Яагаад гэвэл цул бүтэн юмыг хасаж танаад, зорж хуулж хийдэг. Мод чулуу, яс мөсийг нэгэнт л илүү хуулсан, алдаж ухаж зорсон бол эргүүлж эвлүүлэн наах, засаж залруулах боломжгүй. Энэ мэргэжлийн нэг гол онцлог. Үүнтэй харьцуулахад зураг, баримал бол “Нэмэх урлаг” юм. Учир нь зурж буй зургийнхаа будаг шунх, барьж буй баримлынхаа гипс шаврыг нэмээд, нийлүүлээд явчих боломжтой. Хийж буй ажилдаа эхнээс нь нарийн тооцоотой, хариуцлагатай хандах хандлагад сургасан даа намайг, үндсэн мэргэжил маань. Мод, яс сийлэхээс гадна мөс хүртэл сийлж, нөхдийн хамт олон улсын тэмцээнд хүртэл хүчээ сорьж явлаа.

Тийм үү? Хэзээ, ямар тэмцээнд оролцсон юм бэ?

Финланд улсад мөсөн баримлын олон улсын уралдаан болж, манайхаас дөрвөн хүн явсан. Адал явдалтай аялал болсон. Оросын гааль дээр сийлбэрийн хамаг хутга, хусуур, цүүц зэргээ хураалгав. Багаж зэвсэггүй бид хэд Финландын Лапланди гэж мужид очсон. Багаж авах мөнгө байхгүй. Тэгээд бид дөрөв зөвлөлдлөө. Нэгэнт зорьж ирснийх тэмцээнд нь заавал оръё. Аж ахуйн барааны дэлгүүрээс нь дөрвөн сүх худалдаж аваад тайрчихъя гэж. Тэгээд л үзсэн дээ. Сүхнээс өөр багажгүй бид дөрөв тэр тэмцээний сенсаац нь болсон. Бас ч гэж хоосонгүй. Гурван төрөлд оролцоод алтнаас бусад бүх шагналыг нь авч билээ.

Гоё дурсамж байна. Мөсөн баримлын уралдаанд чи одоо оролцдог уу?

Эндээ бол нэг хэсэг оролцож байсан. Гадагшаа бол яваагүй. Тэгж байгаад мөсөн сийлбэрийг орхисон. Нас ахихаар өвлийн хүйтэнд мөстэй ноцолдох хэцүү юм билээ. Финланд явсан бидний дөрвөөс одоо Д.Лхагвадорж маань энэ чиглэлээрээ дагнаад, олон шавьтай болсон. Тив, дэлхийн уралдаанд байнга оролцдог, олон шагнал авсан. Мөсөн сийлбэр гоё л доо. Гэхдээ улирлын чанартай, хавар болмогц сийлж хийсэн бүтээл маань хайлна гэхээр нэг тиймэрхүү.

Чи гэхдээ дан ганц сийлбэрээр дагнаагүй биз дээ. Төрөл бүрийн эд зүйл орсон энэ олон бүтээлийг яаж хийвээ гэж гайхмаар.

Би ер нь юм юм сонирхсон жоохон саваагүй талдаа хүн байх. Гараар хийж болох бараг бүх юм л хийх гэж оролдоно. Бүрэн бүтэн бүтээл хийхэд олон мэргэжил эзэмшсэн байх ёстой. Зураг төсөлч, зураач, төмрийн дархан, модны мужаан, гагнуурчин, барималч, арьс талхидан элдэгч, за цаашлаад бүр оёдолчин, хатгамалчин болох шаардлага гарна. Тэр болгонд хүний гар харалтай биш, өөрөө л хийнэ. Гэхдээ энэ бүгдийг сурах нь эцсийн бүлэгт надад л хэрэгтэй. Тэгээд ч бүтээл маань бүхэлдээ минийх гэж нүүр бардам хэлэхийн тулд миний л хийсэн эд зүйлээс бүтэх бүрдэх ёстой гэж үздэг.

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 2)

Хийсэн бүтээлүүдийг чинь “жинхэнэ монгол хийц донжтой” гэж мэргэжлийн нөхөд чинь үнэлдэг юм билээ. Монгол хийц донж, монгол дизайн гэж яг юу хэлээд байна вэ?

Нүүдэлчин монгол хүний хэрэглээ, сэтгэлгээ, гоо сайхны мэдрэмжээр бүтсэн зүйлийн хэлбэр галбир, ур хийцийг монгол дизайн гэх болов уу. Энэ бүгд нь эрт дээр үеэс нүүдэлчин амьдрал ахуйг нь дагаад бүрэлдэж, хөгжиж ирсэн. Гэхдээ суурь зарчим нь хэвээрээ. Нүүдэлчин айлд илүү дутуу юм байдаггүй. Бүх эд хогшил нь нүүдэлд тохирсон байх ёстой. Олон удаа эвхэж хураахад таарсан хийц загвартай байх ёстой. Хөнгөн, овор хэмжээ багатай, бат бөх байх ёстой. Жишээ нь, энэ монгол авдар байна...

Харин тийм. Авдрын тухай заавал асууя гэж бодож байлаа. Чамайг их олон авдар хийсэн ч захиалга тасрахгүй байгаа гэсэн. Манайхан монгол хийцийн авдар их сонирхдог болж. Яагаад тэр вэ?

Ёс заншил, уламжлалаа улам их хүндэлж, дагаж байна гэж би ойлгодог. Залуус гэрлэж өрх тусгаарлах, шинэ байранд нүүж орох гээд сүүлийн үед хүмүүс авдар захиалж хийлгэх нь ихэссэн. Манайхан “аавын авдар, ээжийн ээмэг” гэж ярьдаг, үе дамжуулан өвлөж авч үлддэг ард түмэн. Авдар бол монгол гэрийн гол тавилга, монголын уламжлалт интерьерийн нэг гол шийдэл нь юм. Монгол гэрийн хоймор буюу хамгийн хүндтэй хэсэгт байрлуулдаг нь учиртай. Бурхан тахил, буян хишгээ дээр нь залдаг, үнэ цэнтэй юмаа дотор нь хадгалдаг, гэрийн хойд хэсэгт хосоороо байршиж байдаг ариун нандин сав. Нүүдэл суудалд авсаархан, хос учраас морь тэмээнд ачихад жин тэнцүүлнэ.

Авдар хийх модны онцлогийн талаар чи түрүүн ярьж байсан...

Монгол авдрыг болж өгвөл хуш, зандан модоор урладаг байсан нь нарийн учиртай. Нэгд, бусад модноос арай хөнгөн. Хоёрт, хуш модонд агуулагддаг бодис пигмент нь хүний уушгинд сайн гэж уламжлалт анагаах ухааныхан үздэг. Мөн эдэлгээнд дөхөмтэй, хагарч цуурах нь бага гэх мэт онцлогтой. Зандан авдарт цагаан эрвээхэй, хорхой шавж үүрлэдэггүй учраас үслэг эдлэл, дээл хувцас хадгалахад илүү тохиромжтой гээд яриад байвал их юм бий.

 


 

"Авдар бол монгол гэрийн гол тавилга, монголын уламжлалт интерьерийн нэг гол шийдэл нь юм. Монгол гэрийн хоймор буюу хамгийн хүндтэй хэсэгт байрлуулдаг нь учиртай. Бурхан тахил, буян хишгээ дээр нь залдаг, үнэ цэнтэй юмаа дотор нь хадгалдаг, гэрийн хойд хэсэгт хосоороо байршиж байдаг ариун нандин сав"

 


 

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 3)

Мод чулуу, төмөр арьсны ааш араншин гэж ярьж байсан чинь сонин санагдсан. Ааштай гэхээр амьд биет мэт төсөөлөгдөх юм биш үү?

Мод, төмөр, арьс, чулуу бүгд л эх дэлхийн бүтээгдэхүүн. Нэг эхээс гарсан учраас хоорондоо гоё зохицдог, бие биеэ нөхдөг, нэг нэгнийхээ үндсэн чанарыг товойлгож чаддаг. Эдний нийлбэр хувилбар үй олон учраас бүтээл хийхэд урамтай, сонирхолтой байдаг. Би олон төрлийн материал ашиглаж, холимог техникээр бүтээх дуртай. Анхандаа мод төмөр, чулуу арьсаа өнгөлөг өөгүй, гөлийлгөж хийдэг байлаа. Одоо бол мөн чанарыг нь илүү ойлгож мэдэрдэг болсон тул тэр материалынхаа өвөрмөц натурал талыг нь аль болох ил гаргах, дөвийлгөх дуртай. Шинэ цагийн нийллэг эдлэл, хиймэл арьс, хуванцар зэргийг бүр үзэхээ больсон. Тийм юм хэрэглэхээр хийсэн эд бүтээл маань хийсвэр, худлаа болчихдог юм шиг санагддаг.

Энэ бол дэлхий нийтийн хандлага биз. Бүх юманд “натурал, органик” гэх хандлагатай болж байх шиг. Натурал, органик эд материалын онцлогийн талаар арай дэлгэрэнгүй яриач, Даваа.

Химийн аргаар хийсэн материал нэг хэсэг дэлхийг эзэлсэн. Одоо бол байгалийн унаган төрх илүү үнэлэгддэг болж. Хоол унднаас өгсүүлээд тавилга хэрэгсэл, байшин барилга хүртэл органик, эко гэдэг болсон нь зөв хандлага. Би бол ерөөс энэ чиглэлийн хүн. Байгалийн бүтээсэн юм илүү сүнслэг, хүнд хоргүй. Мод, төмөр, арьс, яс гээд бүх материалууд өөр өөрийн онцлогтой байхаас гадна энэ материалууд дотроо бас их ялгаатай. Модны бүтэц, чанар нь ургасан газар орон, байгаль цаг уурын онцлогоос хамаарна.

 


 

"Анхандаа мод төмөр, чулуу арьсаа өнгөлөг өөгүй, гөлийлгөж хийдэг байлаа. Одоо бол мөн чанарыг нь илүү ойлгож мэдэрдэг болсон тул тэр материалынхаа өвөрмөц натурал талыг нь аль болох ил гаргах, дөвийлгөх дуртай. Шинэ цагийн нийллэг эдлэл, хиймэл арьс, хуванцар зэргийг бүр үзэхээ больсон"

 


 

Ямар нэгэн бодит жишээ хэлээч хөө...

Жишээ нь, Монголд ургасан хуш мод бол тослог ихтэй тул нарийн сийлбэр хийхэд гарын аясаар байдаг. Гэтэл Оросын Сибириэс оруулж ирсэн хуш бол арай л аргуу. Өвөлдөө бол манайх ч, Сибирь ч адилхан хүйтэн. Гэхдээ манайх илүү нарлаг, хуурай уур амьсгалтай учраас ийм ялгаа гардаг байх. Халуун орны мод бол огт ондоо. Маш хатуу догшин, судал багатай, тэгсэн хэрнээ жоохон эвгүй хүрвэл үйрч бутрахдаа амархан юм шиг. Том судалтай модоор тавилга хийхэд тохиромжтой. Эдэлгээ сайн, гоё харагддаг. Харин судал багатай, нягт хатуу модоор ташуур, шагайн хашлага, цацал, аяга халбага гэх мэт байнгын эдэлгээнд байдаг эд зүйлс хийвэл тохиромжтой.

Чиний урланд илд сэлэм, дуулга цөөнгүй харагдана. Чингис хааны үед сэлмийн төмрөө яаж хатаадаг байсан гэдэг билээ?

Эзэн Чингисийн урд хойд үеийн цэргийн зэвсэг, эдлэл хэрэглэлийн ур хийцийг одоо ч дэлхий даяар маш их сонирхдог. Илд сэлэм хийх эртний монгол аргын тухай багш нар маань ярьж байсан. Төмрөө тэмээний шээстэй эсгийнд ороогоод малын бууцанд гурван жил дарж бэлддэг байж. Ингэж бэлдсэн төмөр ир авахдаа гарамгай сайн. Ерөөс их байлдан дагуулалтын үеийн эд өлгийн зүйлс өвөрмөц, гайхалтай. Эмээл хазаар, хуяг дуулга, нум саадаг, илд сэлэм гээд аль болох хөнгөн, бөх бат байхаасаа гадна маш нарийн ур хийцтэй.

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 4)

“Тамгагүй төр” жүжгийн эртний хувцас, зэвсэг хэрэглэл хийхэд чамайг оролцсон гэж дуулсан. Энэ тухайгаа яриач.

Хувцас хунарыг бол жүжгийн ерөнхий зураачийн баг бүрэлдэхүүн хийсэн. Харин ерөнхий найруулагч Б.Баатар намайг цэргийн илд сэлэм, жад, овгийн сүлд, туг далбаа, бүсэнд зүүдэг хавтага зэргийг хийгээч гэж хүссэн. Хүннү үеийн эдлэл хэрэглэл учраас тэр үеийн олдвороос олдсон загвар, хийцийг эх болгосон. Хэрэндээ л судалгаа хийсэн. Энэ бол маш хариуцлагатай ажил байсан. Эрт дээр үеийн эдлэл хэрэглэл, археологийн олдворуудыг үзэж, эрдэмтэн судлаачдаас асуух хэрэг их гарсан.

Тодорхой жишээ дурдаач. Энэ дуулга байна...

Жишээ нь, эртний монгол цэргийн дуулганы хийц маш нарийн. Хар гөлмөн төмрөөр хийдэг байж. Төмөр жижиг хавтангуудыг хооронд нь тавлах, хадах аргаар холбож их биеийг нь босгодог. Дуулганы дотор зөөлөвчийг гар аргаар бэлдсэн нимгэн эсгийгээр доторлоно. Шилэвч шанаавч зэргийг тэмээний үдээр буюу түүхий боловсруулалттай будаггүй арьсаар хийнэ. Эсвэл нум сумны хоромсого, саадганы тоног байна. Төмөр хийцтэй, мөнгөн бүрмэлтэй. Чимэглэл хийц нь тун сонин. Эвэр угалз, усан хээ, хас хээ, таван нүдэн хээ гэдэг маань жинхэнэ монгол донж хийцтэй эх сурвалжууд мөн юм даа.

Тэр үед эдгээрийг яаж хийж байсан юм болоо. Тэр үеийн арга технологиос одоо хэрэглэдэг юм бий юу?

Манай уран дархчуудын өвлүүлж үлдээсэн зарим арга техни- кийг одоо ч хэрэглэдэг. Харин арга технологийн зарим нууц нь бүр мөсөн алдагдсан, мартагдсан гэж бодохоор харамсалтай. Би энд тэнд явахдаа музей үзэх дуртай. Хүннү, Эзэн Чингисийн өмнөх, дараах үеийн эдлэлүүд байна. Тэр эрт дээр үед яаж тийм уран нарийн, донж маягтай хийж чадаж байсныг гайхаж биширдэг. Орчин үед багаж төхөөрөмж, элдэв төрлийн материалын сонголт их. Сэтгэн бодож чаддаг юм бол юу бол юу ч хийж болдог болсон. Гэтэл олон зуу, мянган жилийн өмнө уран дархадын хэрэглэж байсан багаж зэвсэг, технологи нь юу байсан юм болоо гэж өөрийн эрхгүй бодогдоно. Эртний эдлэлүүдийн ур хийцийг судлахаар тэр чигээрээ урлагийн бүтээл гэмээр шүү.

Урлагийн бүтээл гэснээс би чиний урласан эмээлийг үзсэн. Хийц загвар нь харахаас эртнийх гэмээр...

Би хэрэглээний эмээл бараг хийдэггүй. Харин уламжлалт монгол эмээлийн үндсэн хэлбэр дизайныг нь илтгэн харуулсан декораци, сувенир байдлаар хийх дуртай. Эмээл бол дэлхийн талыг туулсан морьтон монголчуудын эд бүтээл. Англи, Америк, Австрали, Араб гээд морины өндөр соёлтой улс гүрнүүд бий. Тухайн соёлоо дагаад улс бүрийн эмээл нь өөр өөр. Харин монгол эмээлийн гол онцлог нь модон их бие, каркас нь. Тэр модон каркас дээр ямар ч тоноглол хийж болно. Хүннү үеийн эмээл нь хойд бүүрэг нь налуу учраас алсын аянд хүндээ ч, мориндоо ч илүү таатай, авсаархан. Одоо цагт аяллын эмээлийг тэр үеийн загвар хийцийг дуурайлгаж хийдэг болсон байна.

 


 

"Хүн 'хоёр сэтгэлтэй, хоёр гартай' байх ёсгүй гэж уран дархан өвөө маань хэлдэг байсан. Энэ зарчим өөрчлөгдөх ёсгүй гэж би боддог"

 


 

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 5)

Хөгжмийн зэмсэг бас хийсэн харагдсан. Загвар нь их өвөрмөц юм билээ.

Босоо ятгыг маань та хэлж байна уу. Тэрнийгээ бас “Тамгагүй төр” жүжигт зориулж хийсэн. Хэдэн жилийн өмнө хуучин хэрэглүүрээс ятгын их бие олдсон гээд том сенсаац болсныг та санаж байна уу. Түүнийг хөгжим судлаачид жинхэнэ монгол хийцийн зэмсэг гэж тогтоосон. Нэр нь “Алтайн ятга”. Би түүний хийцийг удаан судалсан. Ёстой биширмээр, атаархмаар хийцтэй эд байна билээ. Гэхдээ газар дор он удаан жил байсан учраас зөөлөн эдлэл, чимэглэлүүд нь бүгд илжирсэн. Түүхч, хөгжим судлаачдын зөвлөснөөс санаа авч байгаад би энэ ятгаа бүтээсэн. Их биеийг нь цул хуш мод ухаж хөндийлж хийсэн. Харин царны нүүрэн хэсгийг модны үндсээр урласан. Толгойг нь янгирын эврээр хийж, хүрэл чимэглэл оруулан түүнийгээ тэмээний үдээрээр сүлжиж холбосон. Миний бүтээсэн энэ ятга эртний тэр олдворын ур хийцэд нь яаж хүрэх вэ. Гэхдээ л ядаж дөхүүлэн хийж байж л санаа маань амарсан шүү.

Уран бүтээлч хүний бишрэл, атаархал хоёр шинэ бүтээл төрүүлдэг гэдэг үнэн л дээ. Чи ер нь яаж яваад уран бүтээлийн энэ зам дээр гарсан хүн юм бэ? Танай удамд уран дархадууд байсан уу?

Бусад хүүхдийн адил би багаасаа л зурах, зорох, баримлын шавраар элдэв дүрс хийх дуртай байсан. Манай удамд гарын уртай улс байсан. Цэдэндамба өвөө маань л гэхэд Үйлдвэр урлалын сургуульд багшилдаг байсан. Хуучны хэллэгээр бол жинхэнэ “Да мужаан” гэж өргөмжлөгддөг байж. Намайг төрөх жил өвөөгийн хийсэн ул боовны хэв одоо ч манайд байдаг. Би багаасаа өвөөгөө дагаж, энд тэнд байшин барихад нь тус болж зорж хөрөөдөж, хадаж тусалдаг байсан. Миний нагац ах Батмөнх маань ч бас их уран хүн байсан. Тоглоом наадгай ховор байсан болохоор надад модоор наад захын буу сэлэм, нум сум, тэр бүү хэл машин тэрэг хүртэл хийж өгнө. Би тоглоомоор дутдаггүй байсан даа. Тоглоомууд маань эвдрэхээр засаж янзлах, дуурайлгаж хийх гэсээр мужаан дарханы жоохон дөртэй болсон биз.

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 6)

Гадаадын жуулчдын өмнө нүүр тахалдаг “Модерн Номадс” сүлжээний олон рестораны интерьерийг чамайг хийсэн гэсэн. Яаж яваад дотоод засал руу орчихдог байна даа?

Байнга нэг төрлийн юм хийх залхуутай шүү дээ. Уран бүтээл хийж байгаа хүнд шинэ талбар, шинэ сорилт их чухал. Өөрийгөө сорих гэж яваад л авдар сав, цэргийн дуулга, илд сэлэм, дурсгалын багаас эхлээд монгол зоогийн газрын дотор засал хүртэл хийж үзсэн. Би “Модерн Номадс” сүлжээ зоогийн газрын олон салбарын интерьер заслыг хийсэн. Энэ компанийг үүсгэн байгуулагч М.Есөнмөнхтэй тэр үеэс хойш хамтран ажиллаж байна. Түүний байгуулсан олон рестораны интерьер дээр ажилласан даа. Нийслэлээс гадна Дархан, Эрдэнэт, Зүүн Хараа, Цогтцэций гээд дотооддоо, Бээжин, Эрхүү, Улаан-Үд гээд хөрш оронд байгуулсан ресторануудын дотор засал чимэглэл дээр ажилласан даа.

Бүгд өөр өөр загвараар зассан уу?

Тэгэлгүй яах вэ. Байршил, хэмжээний онцлогоосоо хамаараад бүгд өөр шийдэлтэй байх ёстой. М.Есөнмөнх захирал надад үндсэн санаагаа хэлээд “Жинхэнэ монгол хийц донжтой байх ёстой. Бусдыг нь өөрөө мэдээд хий” гэсэн. Энэ нь нэг талаас асар их хариуцлага, нөгөө талаас сэтгэх, бүтээх ховор боломж юм. Уран бүтээлийн бүрэн эрх чөлөөтэй ажиллахаас илүү сайхан юм юу байх билээ. Интерьерийн энэ ажил надад мэргэжилдээ илүү гүн орох, уран бүтээлчийн хувьд өсөж хөгжихөд маань их тустай болсон гэж би боддог.

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 7)

Чиний шүтдэг, дуурайдаг монголын болон гадаадын урлагийн ямар мастерууд байна. Нэрлээч хө...

“Амьд шүтээн өөртөө бүү бүтээ” гэсэн үг байдаг. Францын зураач Пол Гоген хэлсэн гэдэг. Үнэн үг байх шүү. Онцолж шүтдэг, дуурайдаг уран бүтээлч гэхээсээ илүү уран сэтгэж, сэтгэл гаргаж урласан гоё сайхан юманд би дуртай. Тэр нь ямар ч эд байж болно. Сайхан зураг, баримал, хийц сайтай малгай гутал, донжийг нь олсон эмээл хазаар, зөв зангидсан байшин тавилга, эвийг нь олоод мушгисан төмөр гэх мэтээр ер нь бодол сэтгэл, ур чадвараа дайчлан хийсэн бүтээл бүр сайхан. Цаг үеэ дагаад сонирхдог, таашаадаг зүйлс маань бас өөрчлөгдөнө. Юм юм өөрчлөгддөг биз дээ.

Юм юм өөрчлөгддөг... Гэхдээ огт өөрчлөгддөггүй юм чамд бий юу?

Өөрчлөгддөггүй юм уу?... Хүн “хоёр сэтгэлтэй, хоёр гартай” байх ёсгүй гэж уран дархан өвөө маань хэлдэг байсан. Энэ зарчим өөрчлөгдөх ёсгүй гэж би боддог. Би худалч хүнд дургүй. Хүн найдвартай, за гэвэл ёогүй байх ёстой. Хийсэн ажлыг минь хараад “энэ хүн залхуурч”, эсвэл “энэ хүний сэтгэл нь дутаж” гэж битгий бодоосой гэж хүсдэг. Өөр юмгүй дээ.

Velin сэтгүүл: "Монгол Донж" Уран бүтээлч Г.Даваабаатар (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх