Хайх

Velin сэтгүүл: Н.Сүхбүрэн болон түүний эргэцүүллийн ертөнцийн тусгал болсон бүтээлүүд

Velin сэтгүүл: Н.Сүхбүрэн болон түүний эргэцүүллийн ертөнцийн тусгал болсон бүтээлүүд

Text: Э.Амартүвшин


Зураг: Г.Луубат

Velin сэтгүүлийн намар-өвөл 2022 дугаарын онцлох артист буланд нийтлэгдсэн барималч, керамик артист Н.Сүхбүрэнгийн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.

Наймдугаар сарын бүгчим агаарт нозоорч суусан энгийн л нэг ажлын өдөр өнгөрч байлаа. Тэрхүү хэвийн өдөр, хэвийн уур амьсгал үдээс хойш гэхэд өөрчлөгдөж, сэтгүүлчид, дизайнерууд, ерөөс редакц бүхэлдээ урлаг, гоо зүйн талын хэлэлцүүлгээр амьсгалж байсан юм. Учир юу вэ гэвэл, хурлын өрөөний өргөн ширээн дээр барималч, керамик артист Н.Сүхбүрэнгийн “Сэнтий” нэртэй бүтээл заларч, захирал бээр тэрхүү бүтээлийн гоо сайхан, утга санааг тайлбарлан байснаас үүдсэн хэрэг. Тэр өдрөөс л миний бие Сүхбүрэнтэй биечлэн уулзаж, дотоод ертөнцийнх талаар ярилцаж, бусдад түгээх эрмэлзлийн дөл асаж эхэлсэн билээ.

Ямартай ч сэтгүүлийн шугамаар түүнтэй уулзах талаар холбогдож, тэрээр ярилцах саналыг минь уриалгахан хүлээн авч, бид Соёлын төв өргөөний зүүн бөөрөнд байрлах Café 78 нэртэй газар уулзахаар боллоо. Улбар өнгийн борооны шүхрүүд, мөн өнгийн сагстай хуучны унадаг дугуйг чимэглэл болгон ашигласан, үзэсгэлэнт гадаа талбай бүхий энэхүү кафе нь керамик уран бүтээлч хүнтэй ярилцаж суухад тун чиг тохирсон газар гэлтэй.

Velin сэтгүүл: Н.Сүхбүрэн болон түүний эргэцүүллийн ертөнцийн тусгал болсон бүтээлүүд (фото 1)
«Сэнтий»,57 x 32 x 30см, керамик

Би бээр түүнтэй ярилцахдаа бэлдэн элдэв сайт, сэтгүүл дээрх ярилцлага, ерөөс керамик урлагийн талаар унших үеэрээ энэ нь тийм ч зүйтэй зүйл биш юм гэж бодов. Урьдаас тогтсон аливаа онол, энд тэнд ярьсан ярианаас нь тэр хүний талаар зураглалыг толгойдоо үүсгэн, үүнийгээ ярилцагчид тулгах нь зохимжгүй бөгөөд, түүнийг илүү хувь хүн талаас нь, энгийн байдлаар ярилцах нь зүйтэй гэж бодсоноо Сүхбүрэнд учирлахад тэрээр надтай бүрэн санал нийлж байгаагаа илэрхийлсэн юм. Чухамдаа түүний бүтээлүүдээр дамжуулан Сүхбүрэн гэдэг бие хүнийг таних зорилго тавьсан учраас түүний амьдралд тохиолдсон зарим үйл явдлууд, тэдгээрийг хэрхэн эргэцүүлсэн болоод бүтээлд нь хэрхэн шингэсэн талаар ярилцлаа. Нэгэнт би ярилцлагадаа “сайн” бэлдээгүй учраас керамик урлагийн талаар түүнээс тайлбар сонсохоор лавлан асууж яриагаа эхлүүллээ. “Хорвоо ертөнц бүрэлдэхдээ ус, гал, агаар, шороо, төмөр гэсэн таван махбодоос бүрэлдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнөөс гадна хорхой шавж, амьтан ургамал бүгдэд уг таван махбод оршдог юм. Керамик бүтээл хийхэд бид эхлээд байгалиас шороо авна, түүнийгээ усаар зуурна, дараагаар нь агаарт хатаагаад галд шатаана. Эцэст нь төмрөөс гаргаж авдаг паалангаар бүрээд бүтээл бий болдог. Хүний бүтцэд энэ таван махбод шингэсэн байдаг учраас өөрийн эрхгүй ижил махбодоор бүтсэн керамик бүтээлд татагдаж байдаг. Хүнтэй адил төвшний оршихуй болохоор хүнд, хүний гоо сайхныг мэдрэх мэдрэхүйд ойр байдаг гэсэн үг” хэмээн тун ул суурьтай бөгөөд сонирхолтой тайлбар өгч байна. Керамик урлаг нь анх хүний ахуйн хэрэглээнд илүү нэвтэрсэн бөгөөд урлагийн бүтээл болохын хувьд хамгийн эртний төрлүүдийн нэг хэр нь одоог хүртэл суурь аргачлалаа өөрчлөөгүй гэдгийг мөн онцлов.

Тэрээр бүр хүүхэд байхаасаа л баримлын шавраар тоглох дуртай байсан гэнэ. “Надад уран бүтээлч болъё, эсвэл өөр юм хийе гэсэн бодол төрж байгаагүй. Цэргийн хүн болно гэж хүүхэд байхаасаа ярьсаар цэрэг болчихдогтой адил. Багадаа боддог байснаасаа сүртэй их хазайсан юмгүй”. Мөн керамик нь шороогоор бүтдэг, материалын хувьд нарийн деталь хийхэд эмзэг байдаг учраас уран бүтээлчээс ур ухаан, цаг хугацаа, сахилга бат, овсгоо шаарддаг зэрэг нь түүний сэтгэлийг татсан юм санж. Тиймдээ ч өнгөц харахад тэр бүтээл урлаад байгаа юм шиг боловч үнэндээ бүтээл түүнийг урлаад байгаа юм шиг мэдрэгддэг тухай ярьсан нь ихэд сонирхол татав. Уран зураачид тухайлбал, бүтээлийнхээ үндсэн тойм зургийг гаргаад түүнийгээ байнгын засварлаад явах боломжтой байдаг бол Сүхбүрэнгийн хувьд тийм биш гэнэ. Тойм зураглалаа тэрээр гар утас дээрээ зөвхөн шинж чанарууд илтгэсэн түлхүүр үгсээр гаргаад бүтээх явцдаа ямар нэгэн хэв авалгүйгээр, бүрэн төсөөллөөрөө урладаг юм гэнэ. Өөрөөр хэлбэл, өөрийн бүтээлээ дахин урлаж чадахгүй, бүтээл бүр нь дахин давтагдашгүй байдаг гэлээ.

Цаашлаад бид түүний урласан бүтээлүүд дээр ярилцаж эхлэв. Сүхбүрэн өөрийгөө аливаа нэгэн зорилт, консепт гэхээс илүү мэдрэмждээ хөтлөгддөг уран бүтээлч байх хэмээн дүгнэж байна. “Spirit of Gobi фестивальд оролцохоор 2020 онд Дундговь аймгийн Цагаан суваргад анх очиход цаанаа л нэг гэр орон шиг, эхийн сэтгэл мэт дулаахан, зөөлөн уур амьсгал бүхий, цаагуураа эхийн шинж агуулсан мэт сэтгэгдэл төрж байсан. Дараа оных нь фестиваль Бага газрын чулуу орчимд болоход тэс эсрэгээрээ байсан гэж хэлж болно. Маш догшин, эрх дураараа юм шиг ширүүн салхитай, юу ч хийсэн сороод авчихмаар хүчирхэг, бүх зүйл нь бүрдчихсэн, дүүрэн байгаа нь эрэгтэй шинжийг илтгээд байна уу гэж мэдрэгдэж билээ. Тэдгээр байгалийн чулууны өвөрмөц тогтоц нь шөрмөслөг эрэгтэй хүний товойсон судас шиг санагдаад, цаашлаад чулууг газрын судас юм байна гэж ойлгоод, тэрхүү амь амьдрал гүйж байгаа судасны талаар, газрын судас нь чулуу юм бол тэнгэрийн судас юу байж таарах талаар эргэцүүллүүдээ, мэдрэгдсэн мэдрэмжүүдээ ‘Холбоос’ нэртэй бүтээлээрээ илэрхийлсэн” хэмээв. Ерөөс миний хувьд уран бүтээл нь хэрхэн бүтсэн, чухамдаа юу мэдрээд, юу олж хараад, юун дээр дөрөөлж тийм бүтээл урласан талаар мэдэх хүсэлтэй байсныг тэрээр ойлгон “Хангай газар яагаад ч юм их дүүрэн байдаг. Гоё сайхан нь нүдэнд илхэн учраас хүн ажаад хараад таашаачихдаг. Харин говь бол хүний төсөөлөл, мэдрэхүйн чөлөөт орон зай шиг санагдсан. Гоо сайхан нь нуугдмал ч юм шиг, мэдрэхийн тулд хүний оюун хөдөлмөрлөх шаардлага үүсдэг бололтой” гэж байгалийн гоо сайхны талаар харьцуулан өгүүлсэн нь түүний аливааг ажиглах гярхай хэр нь өвөрмөц чадварыг илтгэх шиг.


"Надаас гарч буй мэдрэмж нь л энэ болохоор ийм тийм гээд тодорхойлж арай чадахгүй байна. Тодорхойлчихвол энэ бүхэн зогсчих ч юм билүү"


Velin сэтгүүл: Н.Сүхбүрэн болон түүний эргэцүүллийн ертөнцийн тусгал болсон бүтээлүүд (фото 2)
«Дээл», 75 x 33 x 24 cм, керамик

Сүхбүрэнг бүр цэцэрлэгийн хүүхэд байхад нь телевизийн нэвтрүүлэгчид ирээд “Энэ хорвоод сайн хүн, муу хүн хоёрын аль нь их байдаг вэ” гэж асуусан гэнэ. Тэрээр энэ асуултад юу гэж хариулж байснаа сүүлд гэнэтхэн эргэн санаад одоогийн байгаа үзэл бодолтойгоо харьцуулахад онцын ялгаа гараагүй болохыг хэлж байна. Хариулт нь “Сайн хүн, муу хүн гэж байхгүй. Сайн хүн ч муу юм хийдэг, муу хүн ч сайн үйл хийдэг” гэсэн утгатай байж. Сайн нь муугаа тодотгодог, муу нь сайнаа тодотгодог. “Сайн муу нэгэн цул” нэртэй бүтээлийн сэдвийг энэ санаанаас олж байжээ. Байгалиас, амьдралаас авсан мэдрэмжүүд, мартагдсан дурсамжууд, хүнээс суралцсан зүйлс зэргээс түүний бүтээлийн өвөрмөц нэрс урган гардаг байна. Тэрээр бүтээлүүдийнхээ нэрийг бусдын өмнө тийм ч ач холбогдолтой биш гэж үздэг бөгөөд үзэгчтэй холбох гүүр төдий зүйл гэдгийг мөн хэллээ. Үзэгч өөрөө бүтээлээс нь юу мэдрэх нь чухал ба харилцан ярилцаж, түүнээс нь байнгын суралцах нь өөрт нь зайлшгүй байх ёстой чанар гэж үздэгээ мөн нэмж байна. Энэ нь бидний ярианы үеэр байнгын ажиглагдаж байсан юм. Тэрээр нүд рүү минь эгц харангаа өөрийнхөө бодол санааг хэлчхээд араас нь миний бодлыг асуун, харилцан ярилцаж байлаа. Ярилцагч, яриа авагч этгээд хоорондын зааг бүдгэрэн байх нь надад туйлын хачирхалтай хэр нь тухтай мэдрэмж төрүүлж байсан билээ.

Хүний нүд рүү нь харж, нүдээрээ холбогдож ярилцах дуртай гэж байгаа ч бүтээлүүдийнх нь нүд яагаад нээгддэггүй болох нь миний сонирхлыг ихэд татав. “Магадгүй нүдээ нээх цаг нь болоогүй байгаа байх. Нүдээ нээчих л юм бол нэг л болохоо байчих ч юм шиг. Үзсэн хүмүүс заримдаа үхчихсэн хүн шиг, сүнс сүүдэр шиг эвгүй, эсвэл нээгээгүй нь төгс харагддаг, зарим нь бүр нүдээ аньчихсан юм шиг хэр нь дотроо гүйгээд байдаг, цоо ширтээд байдаг гэхчлэн янз бүрээр ярьж л байдаг. Ингэж янз бүрээр ойлгох нь надад таалагддаг учраас нүд нь нээлттэй болчихвол өөр хүмүүсийн дураараа мэдрэх эрх чөлөөнд нь хаалт хийчих мэт санагддаг. Өөрөөр бол мэдэхгүй юм. Надаас гарч буй мэдрэмж нь л энэ болохоор ийм тийм гээд тодорхойлж арай чадахгүй байна. Тодорхойлчихвол энэ бүхэн зогсчих ч юм билүү” хэмээн яг л байгаа мэдрэмжээ цэвэр үнэнээр нь уудлан байлаа.

Velin сэтгүүл: Н.Сүхбүрэн болон түүний эргэцүүллийн ертөнцийн тусгал болсон бүтээлүүд (фото 3)
«I am Inside, Out Side», 54 x 35 x 22 cм, керамик

Сүхбүрэн зүгээр л ганцаараа уран бүтээл хийгээд байхаас илүүтэйгээр мэдсэн сурснаа, хийсэн бүтээснээ бусадтай хуваалцах хэрэгтэй гэж үздэг учраас үүнийхээ хүрээнд 10 гаран жил бага насны хүүхдүүдэд керамик зааж байсан аж. Ингэхдээ тэднийг уран бүтээлч болгох гэж мэрийлгүй, зүгээр л урлаг ойлгодог, хүндэлдэг, сайн үзэгч л бэлдэхэд хангалттай гэж бодож заадаг байсан гэнэ. “Үзэгчгүй галерей, үзэгчгүй театр байдаг бол урлаг, соёл яаж хөгжих билээ” гээд удахгүй нээхээр төлөвлөн байгаа галерейдаа тогтмол сургалт зохион байгуулах тухайгаа дэлгэж байна. Хэдийгээр нийгэм, улс нийтээрээ хэцүү байгаа нь үнэн ч гэлээ бүгд дор бүрнээ чадах зүйлээ хийцгээж байвал бидний амьдрал сайжрах юм гэж тэр боддог аж. Сургалт зохион байгуулах санаа нь мөн л энэ бодлынх нь нэг биежилт болох бололтой. “Жеки Чаны тоглосон нэг кинон дээрээс дэлхийгээр хэрэн хэсэж байгаад нутагтаа эргээд ирэхэд нутаг улс нь байхгүй болчихсон байдлыг харах надад үнэхээр хүнд тусаж байсан. Энэ талаар ярих бүрд шар үс босдог шүү. Үүнээс хойш өөрийн эх орон, соёл, зан заншил зэргийг эрхэмлэн хайрлах болсон”. Энэ нь зөвхөн монгол хүний тухайд биш, аль ч улсын иргэн өсөж төрсөн эх орондоо хайртай байх хэрэгтэйг түүнд ойлгуулж байжээ. Тэрээр мөн сургуулиа төгсөөд сайн дураараа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд багшилж байжээ. “Тэдгээр хүүхдүүдийн аливааг харах өнцөг надад маш сонирхолтой байсан юм. Тэд гадаад орчинд гэхээс илүү дотоод орчиндоо төвлөрөх хандлагатай байдаг л даа. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдал нь ч мөн ердийн хүүхдийг бодвол эрх чөлөөтэй, юунд ч баригдаагүй юм шиг ажиглагдсан. Ер нь тэр үед ажилласан туршлага маань уран бүтээл гэлтгүй бүх л зүйлд хандах хандлага, хүмүүжилд минь хүчтэй нөлөөлсөн” хэмээн дурслаа.

“Бага хүү маань гуравхан сартай байхад бид гэр бүлээрээ зуслангийн байшин түрээслээд нэгэн зуныг өнгөрөөж үзсэн юм. Уран бүтээл хийхэд орчин үнэхээр чухал юм билээ. Аравдугаар сард нь угтаа бол керамикийн техник, арга технологиуд гэхчлэн мэргэжлийн онцлогоо шингээсэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байсан ч ойн захад байрлаж байсан уур амьсгал өөрийн эрхгүй бүтээлүүдэд шингээд, байгальтайгаа их л ойртсон, сайхан үзэсгэлэн гарсан” хэмээн бүтээл туурвих тэрхэн цаг мөч хийгээд орчны талаар миний сониучирхсан асуултад жишээгээр хариуллаа. Хүүхдүүд нь балчир учраас өдөржин завгүй, шөнөдөө босож бүтээл дээрээ ажиллаж байсан ба шөнийн аниргүйг цоорхой дээврээс доош хувин руу дусах бороон дуслуудын чимээ эвдэж, үүр цайхад харин бөглүү ойгоос сонсогдох “кук кук” гэсэн хөхөөн дуу орчныг нь бүрдүүлж байсан гэнэ. Бүтээлүүдэд харин байгалийн болон Сүхбүрэнгийн дуу хоолой хоорондоо сүлэлдсэн, аль алиных нь элемент тэнцүүхэн шингэсэн ба тэрээр дахин тийм орчинд ажиллах талаар бодож л яваа гэлээ.

“Аливаа агуу зүйлс бүгд л энгийнээс эхтэй. Юу ч бай улам л хөгжсөөр эргээд энгийн төрхдөө л ирдэг болов уу”. Уран бүтээлчид хийсэн бүтээлээ өөр нэгэнд худалдахад харамсал ч юм уу төрдөг болов уу хэмээн би боддогоо түүнд хэлэхэд “Энэ бол гутал ч юм уу, иддэг талхаа дэлгүүрээс аваад гарч байгаа шиг зүйл биш юм. Зарж байгаа хүнтэйгээ би заавал уулздаг. Бүтээл авъя гэсэн хүнтэй уулзахаар яагаад тэр бүтээлийг авах гээд байгаа, сонирхоод байгаа нь мэдрэгдээд ирдэг. Заримдаа бүр охиноо нөхөрт гаргаж байгаа юм шиг ч санагдах үе бий шүү” хэмээн салаалсан утгатай хошигнож байна.


“Урлагийн бүтээл эмэгтэй хүн хоёр бол салшгүй зүйлс. Эмэгтэй хүн өөрөө гоо сайхны бэлгэдэл ч юм шиг байдаг учраас тэр биз"


Гэр бүлийн тухайд тэрээр эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг гэнэ. Түүний эхнэр Х.Энхномин зураач бөгөөд Сүхбүрэн түүнийг анх оюутан байхдаа сургууль дээрээ хараад л өнгөрч байсан ба төгссөнийхөө дараа хоёул хувь заяаны зам мөр нь ерөнхйи боловсролын “Монгени” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр тус тусын мэргэжлээр багшлахаар очсон шинэхэн багш нарын дүрээр эргэн огтлолцсон аж. Тухайн үед Энхноминд сургуулийн зүгээс тусад нь уран зургийн кабинет гаргаж өгсөн ч Сүхбүрэнд хараахан боломжгүй байсан аж. Иймд Сүхбүрэн түрдээ ирээдүйн эхнэрийнхээ кабинетад хичээлээ ээлжлэн орох болж, энэ л үед тэдний харилцаа дотносож байжээ. Одоогоор Сүхбүрэнгийн хувийн урлан засвартай байгаа учраас эхнэрийнхээ урлангийн нэг хэсэгт бүтээлээ урлаж байгаа нь анх танилцсан үеийнх нь дүр зургийг санагдуулж байсан билээ. Сүхбүрэнгийн хэлж байгаагаар тэдэнд ижил зан чанар ч ихтэй, өөр зан чанар ч элбэг байдаг нь нэгнийхээ дутууг нөхөөд байгаа шиг санагддаг гэнэ. Тэрээр өөрийн амьдралд байгаа зүйлсээс бүтээлийнхээ санаа, сэдлийг авдаг талаар өмнө дурдсан билээ. Тэгвэл уг ярилцлагын эхэнд дурдсан “Сэнтий” нэртэй бүтээл эхнэрийгээ ээж хүн болсноос хойш хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарсан эргэцүүллээс ургасан билээ. “Амьдрал дээр эхнэр нөхөр боловч уран бүтээлийн талбар дээр бол хүйсгүй мэт байдаг. Энэ нь эр, тэр нь эм гэж ялгахын арга байдаггүй”.

Түүний бүтээлүүдэд дүрслэгддэг өндөр хамартай, шөвгөр царайтай, нүдээ аньсан, бясалгаж байгаа мэт даруу дүртэй эмэгтэй хүний талаар лавлалаа. “Урлагийн бүтээл эмэгтэй хүн хоёр бол салшгүй зүйлс. Эмэгтэй хүн өөрөө гоо сайхны бэлгэдэл ч юм шиг байдаг учраас тэр биз. Би өөрөө эмэгтэй хүний байгаа байдлаас жижиг хэр нь нарийн нандин зүйлсийг ажиглаж хараад байдаг. Илүү хөдөлгөөнгүй хэр нь эрхэмсэг байдал, нандин, нууцлаг ааль мөн бүтээлүүдээс ажиглагддаг байх. Өмнө хэлсэнчлэн, хүний сэтгэлийн хөдөлмөрлөх чадамжийг ихэсгэх тухай л юм даа. Аливаа юмыг далдлаад нуух тусам хүн өөрийн эрхгүй улам л татагддаг байх”. Таван хүүтэй айлын бага хүү, эцгийн талаасаа цэргийн хүмүүс байсан, одоо харин хоёр хүүтэй зэрэг нь түүний амьдралд эмэгтэй хүний орон зай тодорхой хэмжээгээр дутагдаж байсан ч байж магадгүй талаар тэрээр эргэцүүлж байсан гэнэ. Охин дүүтэй, эсвэл эгчтэй байсан бол уран бүтээлийнх нь илэрхийлэмж эрс өөр байх байсан гэж боддогоо ч мөн нуусангүй. Хэн ч бай өглөө болгон өөрийгөө толинд харж таардаг учраас хүссэн хүсээгүй бүтээлд нь өөрийнх нь дүр шингэсэн байдаг ч юм шиг.

Velin сэтгүүл: Н.Сүхбүрэн болон түүний эргэцүүллийн ертөнцийн тусгал болсон бүтээлүүд (фото 4)
«Чулуу, уул, ус», 80 x 58 x 46 cм, керамик

Энэ хүртэл ярилцсан ярианаасаа, цуглуулсан мэдээллээсээ ажиглахад Сүхбүрэн туйлын даруу, төлөв түвшин, сүнслэг бөгөөд хүлцэнгүй нэгэн гэж ойлгогдож байв. Гэвч хүн л болж төрсөн хойно уурлах, бухимдах үе байдаг биз гэж бодоод асуухад тэрээр өөрийгөө өдөр тутмын амьдрал дээрээ их түргэн ууртай, үе үе дүрсхийн асдаг нэгэн гэдгээ хэлэв. Тэр зан нь харин шударга бус зүйлс дээр ч юм уу илэрдэг гэх бөгөөд түргэдэж байгаа эсэхийг эхнэр нь хянаад, хазаарлаад явдаг гэдгийг хөгжилтэй нь аргагүй тайлбарлалаа. Надад тийм гэгээлэг нэгэн гэж санагдсан учир нь, тэрээр уран бүтээлтэйгээ холбогдох үедээ аль чадахаараа бүхий л ааш авираа хязгаарладаг ажээ. Тэгсэн ч залуу хүн, эр хүн болоод тэр үү сахилгагүйтэх үеүд нь бүтээлд нь зарим талаараа тодорхой элемент маягаар шингэсэн байдгийг ч дурдлаа.

Урлагтай ойр, тэр дундаа уран бүтээлч хүмүүс ер нь өөртэйгөө ажиллаж дадсан, туршлагатай хүмүүс байдаг шиг санагддаг юм. Өөрийн дотоод ертөнц тийш байнга өнгийн суудаг уран бүтээлч Сүхбүрэн ч мөн адил өөрийн “бие хүн”, “би”-гээ илүү өөр түвшинд таньсан нэгэн болох нь түүний уран бүтээлээс мэдрэгддэг нууцлаг хэр нь амар амгалан шинжээс харагддаг. Тэрээр өөрийн уран бүтээлүүдтэй ижил тайван дөлгөөн нэгэн ажээ. Надад эргэцүүллүүдээ ярьж өгөх бүрийд урлаг гэдэг зарим талаараа түүх өгүүлэх процесс болохыг мэдэрч байлаа. Их сургуульд сонссон гоо зүйн лекцүүд дээр урлаг хүнийг хүмүүжүүлдэг, соён гэгээрүүлдэг гэж заадаг байсныг төдийлөн ухаж ойлгодоггүй явсаар мартах шахсанаа энэхэн мөчид би санаад, тэрхүү тайлбарын биежилт болсон уран бүтээлч өмнө минь суугааг анзаарсан юм.

Сүхбүрэн арван хоёрдугаар сард багшдаа зориулан шавь нарынх нь үе үеийн төлөөлөл болсон 4-5 уран бүтээлчтэй хамтарч үзэсгэлэн гаргах гээд бэлтгэж байгаа аж. Тэрээр надтай ярилцсан ярианыхаа дүгнэлт болгож “Цаашдаа юмаа хийгээд л явахаас хойш даруу дөлгөөн байж, буй бүхэнд талархаж явах хэрэгтэй” хэмээн өөртөө ч, надад ч инээмсэглэл дүүрэн хэлээд үзэсгэлэндээ бэлдэхээр эхнэрийнхээ урлан тийш явлаа.

Velin сэтгүүл: Н.Сүхбүрэн болон түүний эргэцүүллийн ертөнцийн тусгал болсон бүтээлүүд (фото 5)
«Чулуу салхинд үл итгэхүй», 100 x 30 x 26 cм, керамик

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх