Хайх

“Хүн өөртэйгөө ярилцаж эхлэх үед оюун санаа нь хөгждөг” - Зураач С.Саранцацралттай хийсэн ярилцлага

“Хүн өөртэйгөө ярилцаж эхлэх үед оюун санаа нь хөгждөг” - Зураач С.Саранцацралттай хийсэн ярилцлага

She's Mercedes Mongolia төслийн хүрээнд

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Б.Болдбаатар (March Nine Media)

С.Саранцацралт зураачийн урлан руу анх удаа очиж үзэж буй миний хувьд өгсөн хаягийн дагуу хайгаад алхаж байтал нэгэн хэвийн саарал байшингууд дундаас тод цэнхэр өнгийн хашлагатай үлгэрийн гэмээр өнгөлөг байшин шууд л нүдэнд тусч энд л бүтээлч хүний орон зай байгаа нь ойлгомжтой байлаа. Хашааны хаалгыг тогшиж амжаагүй байтал С.Саранцацралт гараад ирчихсэн өвлийн хүйтэнд намайг угтах гээд хүлээгээд зогсож байв. Ингээд бид хоёр урлан руу алхан ороход, босго давав уу, үгүй юу миний нүд эргэлдэн юун дээр анхаарлаа тогтоохоо мэдэлгүй тэрхэн зуур оюун санаа маань энэ өнгөлөг, үзэсгэлэнтэй, хачирхалтай орчинд уусан алга болов. Энэхүү хоёр давхар урлангийн кобальт цэнхэр хананууд, тэдгээр хананууд дунд байрших нарийн хийцтэй уран баримлууд, цонхны тавиураас өлгөгдсөн төмөр пиджак бүхий арт объектууд, дээд давхарт заларсан томоохон бурхан, хажууханд нь харагдах морины толгойн дүрстэй бүтээл, ажлын ширээн дээрх зураачийн гэр бүлийнх нь фото зургууд, энэ тэнд наасан нууцлаг франц үгс мөн мэдээж хэрэг урлангийн дийлэнх зайг эзэлсэн гайхалтай уран зургууд гээд тэр олон жижиг деталь, булан тохоо бүрд нь байрших өвөрмөц эд, зүйлсийг нь удаан гэгч нь тойрч үзэж харах хүсэл өөрийн эрхгүй төрж байлаа. Энэ үед С.Саранцацралт машины дугуйтай дүйцэхүйц аварга том чихрийн таваг хоёр гараараа тэвэрчихсэн "Чихэр амсаарай" хэмээн инээмсэглэн зогсож байв. Нэг чихэр сонгоод авах гэтэл "Хоёр атга дүүрэн ав, гараас нь асгарах гээд байвал цамцныхаа хормойг тосоод дүүргээд ав" гэж шаардсан юм. Анх удаа л ийм том чихрийн таваг хараад жоохон хүүхэд шиг гайхаж баярласан би ярилцлагаа халуун дулаан мэдрэмжээр дүүрэн эхлүүллээ.

Монгол улсын төрийн шагналт зураач, уран барималч С.Саранцацралтыг бүгд мэддэг, түүний бүтээлүүдийг андахгүй тул олон зүйл нуршиж бичихээс илүүтэй түүнтэй хийсэн ярилцлагыг ийнхүү шууд эхлүүлж түүний ертөнцөд умбахыг урьж байна. Тэрээр яг л урлан шигээ бусдаас өөрийн үзэл бодол болон стиль имижээрээ ялгарч, чихрийн таваг шиг ээ сэтгэл дүүргэн дулаан мэдрэмж өгдөг төдийгүй уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд тулгараад буй чухал сэдвүүдийг хөндөж эргэн тойрныхныг сэрээж чаддаг нэгэн билээ.

Энэ ч утгаараа Mercedes-Benz брэнд олон улсад хэрэгжүүлдэг "She's Mercedes Mongolia" төслийнхөө ээлжит төлөөлөгчөөр С.Саранцацралтыг сонгож бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгөх үүднээс түүний түүхээс хуваалцах энэ ярилцлагыг бидэнтэй хамтран зохион байгууллаа.

“Хүн өөртэйгөө ярилцаж эхлэх үед оюун санаа нь хөгждөг” - Зураач С.Саранцацралттай хийсэн ярилцлага (фото 1)

Таныг хоёр, гурван настайгаасаа л зурж эхэлсэн гэж уншиж байсан. Хүүхэд байхдаа та юу зурах дуртай байсан бэ?

Янз бүрийн л юм. Гэхдээ аавтайгаа маш ийм (Ред. тэмдэглэл - Хоёр гараа атгаж үзүүлэв), ер нь л аавын охин байсан учраас аавыгаа л их зурдаг байсан.Тухайн үед аав Ленинградын Нисэхийн Академид сурдаг байсан болохоор ээжтэйгээ аавыг хүлээгээд суугаа дүр зургаа зураад л аавдаа захидал болгон явуулдаг байлаа.

Хүүхэд насныхаа хамгийн аз жаргалтай нэг дурсамжаас хуваалцаач?

Хүүхэд нас бүхэлдээ л аз жаргалтай байсан. Хамгийн гоё нь аав өвөл, зуны амралтаараа ирэх тэр мөч. Бас ажлаа тараад ирэх үе нь. Аавыгаа л их хүлээдэг, бушуу ирээсэй гэдэг хүүхэд байсан. Яагаад гэхээр дандаа миний амийг авардаг байсан юм. Жишээ нь усанд орсны дараа ээж миний өмсөх дургүй, хатгасан материалтай ноосон цамцыг намайг даарчихна гээд заавал өмсүүлнэ. Би өөдөөс нь яаж ч чадахгүй өмсөх болно. Тэгээд л бушуухан аав ирээсэй гээд залбирдаг. Хүлээж байгаад аав үүдээр ороод ирэнгүүт л тайлаад шидчихдэг байсан. Юу ч болж байсан үргэлж намайг хамгаалдаг, хэзээд л миний талд ордог байсан хүн дээ.

Та багаасаа л их эрх чөлөөтэй өссөн үү?

Ер нь л их эрх чөлөөтэй хүүхэд байсан. Аав англи хэл сурах гээд үгээ цээжлээд словарь бариад сууж байхад нь цамцыг нь сөхөөд нуруун дээр нь зураг зурчихдаг байсан.

Таны бодлоор хүүхэд урлагт хайртай, бүтээлч сэтгэлгээтэй болоход гэр бүлийн нөлөөлөл хэр их байдаг бол?

Мэдээж гэр бүлийн нөлөөлөл байлгүй яах вэ. Ээж аав нь хүүхдээ аль болох чөлөөтэй байлгаж бодож, сэтгэж, хийж байгаа зүйлийг нь дэмжинэ гээд энэ бүхэн маш их нөлөөтэй. Гэхдээ яг авьяас ирнэ гэдэг бол урьд наснаасаа дамжиж ирдэг, бүр тийм өгөгдөлтэй зүйл. Тэр өгөгдлийг гол нь сайн олж харах хэрэгтэй гэж боддог. Би урьд насандаа зураг зурдаг байсан байх. Багаасаа л барагтаа юм надад таалагддаггүй, гутал, цамц гээд нэг юм авахаараа заавал л өөрчилмөөр санагддаг. Зүгээр байж байхдаа л өөрийнхөө тэр байгаа өрөө, юмсыг ерөөсөө байгаагаар нь хүлээж авдаггүй. Өөрөө л тэрийг өөрчилж засахгүй бол таалагдаж өгдөггүй. Үргэлж л зураач болно гэж ярьдаг, багын л өөрийгөө жинхэнэ зураач юм шиг бодчихсон хүүхэд байсан. Заавал зургийн л сургуульд орно гээд өөр мэргэжил сонирхож, бодож ч байгаагүй. Гоё зураг зурна, том том баримал хийнэ л гэж боддог байсан.

Багын л креатив сэтгэлгээ тань хүчтэй хөгжчихсөн байсан байх нь ээ.

Тийм ээ. Эмээ маань их гоё үлгэр ярьж өгдөг байсан. Тэр үлгэрүүд уран бүтээлч болоход маань маш их нөлөөлсөн гэж боддог. Тэдгээрийг сонсоод цааш нь ургуулаад л, бодоод, сэтгээд байж байдаг. Тэр үед одоогийнх шиг анимэ гэх мэт янз бүрийн юм байдаггүй байсан шүү дээ. Зурагтай ном ч бараг ховор. Харин эмээ их олон хэлтэй, төв архив номын санд ажилладаг орчуулагч хүн байсан. Ганц монгол ч биш Япон, Хятад үлгэрүүд их ярьж өгдөг. Намайг дөнгөж л тавдугаар ангид байхад Инжаннашийн "Хөх Судар"-г уншиж өгч байсан. Хуучин Монгол хэлнээс шууд бид нарын хэллэгээр уншаад өгчихдөг байсан юм. Цаашлаад Лувсанданзаны "Алтан товч", бүүр сүүлд (Хятадын Гурван Улс - тодруулах) гээд олон төрлийн ном уншиж өгдөг байлаа. Зарим нь сонирхолтой, зарим нь сонирхолгүй. Сонирхолгүйг нь өөр юм бодоод өнгөрөөчихөөр дараа нь уншсан номынхоо тухай надаас асууна. Хариултыг нь мэдэхгүй байхаар "Тэгвэл чамд үлгэр ярьж өгөхгүй ээ. Юм тогтоохгүй хүүхдэд юу ярьж өгдөг юм" гээд л. Ярьж өгснийг нь сайн тогтоогоод хэлчих юм бол урам ороод "Өө хэлсэн юм ийм сайн тогтоосон юм бол ахиад нэг сонин үлгэр ярьж өгье" гэдэг.

Дурсамжаа сөхөөд үзэхэд таны харж байсан хамгийн анхны урлагийн бүтээл юу байсан бэ? Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрүүлж байсан бэ?

Бага байхад үзэж харах юм их бага. Яг дагуулж яваад үзүүлэх музей, галерей гэдэг юм байгаагүй. Сүүлд намайг дөрөвдүгээр ангид орсон байхад аав Занабазарын музейг үзүүлж байсан юм. Тэндээс "Ногоон Дарь Эх"-ийн хэлбэр, "Цагаан Дарь Эх"-ийн нүд маш их таалагдсан. Яг тэр царай, тэр нүд нь үргэлж бодогддог, дараа нь зураг зурахаараа тэр нүдийг төсөөлж адилхан адилгүй хамаагүй зурдаг байсан. Дараа нь Цэвэгжав гуайн гээд өөр зураачдын бүтээлүүдийг үзүүлж байсан л даа. Гэхдээ үнэнийг хэлэхэд сэтгэл хөдөлж байгаагүй ээ. Хэт реалист юм миний сэтгэлийг татдаггүй. Харин жоохон сонин, эвдэрсэн, модерн стилийн юманд их дуртай байсан юм шиг байгаа юм. Яг нэг байгаа юмыг байгаагаар нь харахад сонирхолгүй. Харин тэр байгаа юмыг нэг өөр болгоод хийчихсэн юм л их гоё санагддаг байсан.


"Би нэг л юмыг өөрчлөхгүй явдаг. Тэр нь юу вэ гэхээр, "Хүний дотоод хүн гэдэг хэн юм бэ?", "Юу юм бэ?" гэх асуултууд бүх уран бүтээлд минь тусгагдсан байгаа"


Таны бодлоор урлаг цаг хугацаанд захирагддаг уу? Таны уран бүтээл цаг хугацааны хэрээр хэр их өөрчлөгдсөн бэ?

Захирагдана шүү дээ. Урлагт үе үеэ дагаад янз бүрийн урсгалууд, "измууд" үүсдэг. Хамгийн сүүлд харин контемпорари урлаг дэлхийд ноёрхож байна. Контемпорари урлаг бол өөрөө одоо цагийн урлаг юм. Яг бидэнд таарсан хурдацтай. Бидний оюун санаанд маш их зохицсон урлаг. Миний хувьд ч хаа байсан 20 настай Саранцацралт мөн өнөөдөр 60 настай Саранцацралт хоёрын хооронд би хэдэн саяар өөрчлөгдсөн. Хүн секундэд гурав, дөрвөн зуун мянга өөрчлөгддөг гэдэг шүү дээ. Хүний эс хүртэл үхээд шинээр хуваагддаг. Арьс хүртэл үхээд шинээр төлжиж байдаг. Үүнийг бид анзаардаггүй л болохоос алхам тутамд, секунд, секундээр хүн өөрчлөгдөж байдаг.

Зарим нэг гадны судлаачид таныг нэг урсгалаас нөгөө урсгал руу зовлонгүй хялбархан шилжиж чаддаг онцлогтой гэж хэлсэн байдаг. 

Судлаачид янз янзаар л хардаг. Хэрвээ сайн анзаарч судлах юм бол тэр дотор яг нэг амин сүнс нь л яваад байгаа болохоос тэр хэлбэр дүрс, агуулга гээд бүх юм өөрчлөгдөж байгаа. Өвснөөс "Чи яагаад ногоон юм бэ? Тэгсэн мөртлөө яагаад ингээд шарлачхав аа?" гээд асуухаар өвс хариулахгүй шүү дээ. Энэ нь зүгээр байгалийн жам юм. Үүний адил би ч мөн байгалийн жамаар ингээд л зарим хэсгүүд нь үхээд, зарим хэсгүүд нь дахиж шинээр төлжиж ургаад л явж байна. Тухайн үед надад санагдсан, бодогдсон мэдрэгдсэн болгоныг би илэрхийлээд, энэ бүхэн надаар дамжуулан урсаад гарч байна. Гэхдээ уран бүтээлдээ би нэг л юмыг өөрчлөхгүй явдаг. Тэр нь юу вэ гэхээр, "Хүний дотоод хүн гэдэг хэн юм бэ?", "Юу юм бэ?" гэх асуултууд бүх уран бүтээлд минь тусгагдсан байгаа.

Та хамгийн сүүлд, 2019 онд гаргасан "Оюун санаагаа аваръя" нэртэй үзэсгэлэнгээрээ дамжуулан нийгмийн хэт хэрэглээ, хоосон тансаглал, хог хаягдал зэрэг сэдвүүдийг хөндөж, эх дэлхийгээ хайрлахыг уриалсан. Таны бодлоор уран бүтээлч хүн нийгмийн идэвхтэн байх ёстой юу?

Контемпорари урлаг гэдэг өөрөө өнөө цагийн урлаг учраас артистуудыг өөрийн эрхгүй нийгэмд болж байгаа сайн, муу зүйлсийг гаргаж тавиулдаг. Одоо цагийн артистууд урландаа чимээгүй суух аргагүй болчихсон. Би жишээ нь урландаа чимээгүй, хэнтэй ч уулзахгүй, аз жаргалтай юмаа хийгээд сууж байгаад үүдээр гарахад л дүүрэн хог хаячихсан байна. Энэ их хогийг би уран бүтээлээрээ л хэлэхгүй бол өөр хаана очиж, юу хэлэх билээ дээ. Хүний харах мэдрэмж хүчтэй учраас урлагаар дамжуулж хэлбэл хүртэц нь сайн байдаг. Тэр хог хаягдлын талаарх бүтээлүүд маш олон залуучуудын сэтгэлд шингэсэн байсан. Жишээ нь нэг залуу надад "Дэлгүүрээс авсан сэндвичээ идчихээд цаасыг нь яг гудамжинд хаях гэснээ таны бүтээлийг санаад хогийн сав хайсан" гэж хэлж байсан нь миний хувьд уран бүтээл хийсний хамгийн том шагнал юм шиг л санагдсан.

“Хүн өөртэйгөө ярилцаж эхлэх үед оюун санаа нь хөгждөг” - Зураач С.Саранцацралттай хийсэн ярилцлага (фото 2)

Хог хаягдал, хэрэглээгээ багасгах нь бидний зүгээс хийж болох хамгийн наад захын алхам. Харин цаашилбал, бид өнөөгийн нөхцөл байдалд бодит өөрчлөлт авчрахын тулд өөр юу хийж чадах вэ?

Ерөөсөө л өөртэйгөө харьцаад ирэхлээр ойлгоно. Бид нар өөрсдийгөө ажиглахгүй байгаа учир хэрэгцээгээ хэтэрхий их болгож байна. Өөрсдийгөө ажиглахгүй байгаа учир хаяж байгаагаа ч мэдэхгүй байна. Эх орноо хайрлахгүй, өөрийгөө хүндлэхгүй байгаагаа ч анзаарахгүй байна. Өөрийгөө хүндэлнэ гэдэг чинь зүгээр нэг гэрээ гоё цэвэрлээд, англи хэл сураад, боловсролоо дээшлүүлээд, өөртөө гоё юм аваад л болчихдог юм биш. Тэр талаараа бол бид мундаг соёлтой байна. Ийм хэрнээ яг хэрэлдэх болохоороо нөгөө "п" гэдэг үгээ хэлнэ, хогоо шууд шийдээд л явчихна. Эх орон гэхээр л нэг л их томоор бодоод, эх орноо хамгаална гээд ярьж дуулаад байхдаа биш. Ядаж өөрийнхөө хогийг л авна гэдэг чинь эх орондоо хайртай байгаагийн шинж. Маш жижиг өчүүхэн юмнаас л эхэлнэ шүү дээ.

Орчин үеийн нийгэм өөрөө ийм материалистик учраас нэг нэгнээ дагаад бодлогогүй зүйлс их авдаг, бас хийдэг байх.

Тийм. Бид зүгээр л явж байгаад ямар гоё гутал вэ гээд авчихдаг. Гэтэл гэрт нь 20,30 өмсдөггүй гутал байж байдаг. Тэр өмсдөггүй гутлуудаа ийш тийш ах дүү нартаа тараагаад л, өөртөө шинээр аваад л байдаг. Харин үүний оронд илүү өөрийгөө хянаж, бүх талаар нь ажиглаж сурах хэрэгтэй. Энэ нь өөрийнхөө хүсэл зорилгыг мохооно гэсэн үг биш юм. Зүгээр дэлгүүрт ороод миний шүүгээнд ийм, ийм гутал байгаа юм чинь заавал үүнийг авах шаардлагагүй гэдэг ч юм уу. Эсвэл илүү хоол авчхаад дараа нь хаяж асгахгүй байхын тулд хэмжээндээ л авах гэх мэт. Хүн өөрийгөө ажиглаад ирэхээрээ аажмаар ийм насанд хүрээгүй жоохон хүүхэд шиг зуршилтай байхаа больчихдог. Хог хаяж, бие биенээ хүндлэхгүй байж, тунирхаж, хэрэлдэж, аашилж байна гэдэг ер нь насанд хүрээгүй хүүхдийн л гаргадаг зан авир шүү дээ. Танихгүй хүнд дураараа аашилж, гэр бүлийнхэндээ гаргаж байгаа мэт эрх зангаа гаргана гэдэг. Оюун санаа нь нярай байгаагийн л шинж гэж би боддог.

Оюун санаагаа хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ?

Би одоо өөрийнхөө туршлагыг ярилаа гээд чи миний туршлагыг мянга хэрэгжүүлээд болохгүй. Хүн болгон өөр байдаг гэдэг нь үүнд оршдог. Хүн болгон адилгүй. Би олон мундаг гэгээрсэн хүний туршлагыг хэрэгжүүлээд надад болдоггүй. Би зөндөө туршиж үзсэн. Тэгэхлээр хүн яг чин сэтгэлээсээ оюун санаагаа хөгжүүлэхийг хүсэж, үүний тулд маш их юмыг орхиж чадах юм бол харин өөрт нь арга барил ургаж гарч ирдэг. Хүчээр юмнаас татгалзах биш харин цаанаасаа л оюун санаагаа хөгжүүлэхгүй бол энэ матриксаас гарч чадахгүй гэдгээ маш сайн ухамсарласан үед ойлгоно. Нөгөө л өвчин зовлон, идэх уухтайгаа зууралдаад л байсан цагт бид матриксаас гарч чадахгүй. Хүмүүс өөрсдөө ухамсартай гэж боддог ч үнэндээ ухамсаргүй үйлдлүүд маш олон хийдэг. Жишээ нь, коронавирус гээд энэ өвчин зовлон ихтэй үед хүүхэд төрүүлэх нь зөв үү. Би үүнд санаа зовсондоо "Намайг төрүүлэх апп" гэдэг бүтээлийг хийсэн. Хүүхэд өсгөх материаллаг орон зай нь байна уу, боловсрол олгох мөнгө нь байна уу? Цэцэрлэг сургуульд айлын хүүхдийн юм горьдуулахгүй байлгах бололцоо нь чамд байна уу, та хоёрын хайр сэтгэл үнэхээр баталгаатай юу, та хоёрын эрүүл мэнд асуудалгүй юу? Энэ олон асуудлыг шийдэж байж тэр сүнсийг авчрах гэж байна шүү дээ. Ихдээ 80 -100 жилийн амьдралыг бүтээх гэж байгаа юм чинь хариуцлагатай хандах хэрэгтэй шүү дээ.

Эргэн тойрныхноос бас их шахалт ирдэг нь нөлөөлдөг болов уу. "Хэзээ хүүхэдтэй болох юм бэ? Болох цаг нь болсон шүү дээ" гэх мэт нэг нэгнийхээ хувийн асуудалд орох нь энгийн үзэгдэл болчихож.

Яг тийм. Монголчууд бие биенээ устгадаг. Арван найзаас ес нь хүнтэй суугаад хүүхэд гаргачхаараа нөгөөх рүүгээ чичилдэг. Хүний хувийн амьдрал руу шууд давшилж ордог. Найзынхаа хувийн амьдралд оролцохдоо ичихээ больсон. Тэр хүн яагаад заавал тэд нарыг дуурайж нөхөр гарч ирээгүй байхад хаа хамаагүй хүнтэй суух ёстой юм бэ. Хүн бүрийн цаг хугацаа ондоо шүү дээ. Бие биенээ дуурайж, яарч явж байгаад таарч тохирохгүй хүнтэй суугаад амьдрал нь уруудахаар нөгөө найзууд нь чив чимээгүй болчихно. Бүр тэр салчихсан байна гээд амны зугаа болгож ярьдаг. Хичнээн гоё найзалж байсан ч яг чамд өөртөө хэлдэг шиг тийм үгсийг хэлэхгүй. Ер нь хүнд найдах хэрэггүй. Тэд өөрсдийнхөө гоё гэж бодсон юмыг чамд тулгахаас биш чамайг бол мэдэхгүй. Өөртөө л найдахгүй бол хэн ч чамд чиний үнэнийг хэлж өгөхгүй.


"Бид өөрсдийгөө ажиглахгүй байгаа учир хэрэгцээгээ хэтэрхий их болгож байна"


Таны хувьд үр хүүхдүүд, хань ижил гээд хүн хоорондын харилцаан дээр баримталдаг гол зарчим тань юу вэ?

Би ерөөсөө хүний дотоод хэрэгт оролцдоггүй. Хүүхдүүдийнхээ ч тэр. Тэд өөрсдийн гэсэн ертөнцтэй болчихсон, өөрсдийнхөөрөө баярлаад явж байхад нь би заавал ээж нь гээд насан туршдаа дарамтлах шаардлагагүй. Нас биед хүртэл нь өвдүүлэхгүй, эрүүл саруул өсгөж, сургуулийнх нь барааг харуулчихсан бол миний үүрэг дууссан. Би ч бас өөрийнхөөрөө чөлөөтэй баймаар байна. Дандаа хүмүүсийг удирдаж, хүмүүст сургаал айлдаж явмааргүй байна. Тиймээс л дотоод хэрэгт нь оролцдоггүй. Нөхөртэйгөө ч бас би санаа нэгдээд л хамт амьдарч байгаа болохоос заавал өөрийнхөөрөө байлгана гэсэн зүйл байхгүй. Тэр хүний орон зай гэж юм байна. Бодож санах, үзэж харах зүйл байхад би хүний эрхийг боож болохгүй. Дотоод амьдрал руу нь оролцохгүй л бол хэрүүл үүсэхгүй, муудалцахгүй шүү дээ. Хэрвээ тэр хүн алдвал тэр алдаан дээрээсээ суралцана, алдахгүй бол сайн л байна. Алдахгүй байгаасаа гээд эргэн тойрныхоо хүмүүсийг дотроо ерөөгөөд сууж байхаас өөр яах билээ дээ.

Ингээд ярилцаад суухад та их тайван, юмыг байгаагаар нь хүлээж авдаг хүн юм. Тэр тайвшралыг та хаанаас олдог вэ?

Тайвшралыг би ухаарлаас олдог. Ямар нэгэн хөгжим сонсох, бариа бариулах гэх мэт тайвшрах арга хэрэгслүүдийг хайдаггүй. Надад бол тэдгээр нь түр зуурынх санагддаг. Угаасаа л түр зуурынх шүү дээ. Хүн тухайн үедээ архи уугаад мансуураад л нээх гоё асуудлаа мартлаа гэхэд архи нь гарангуут дахиад нөгөө асуудал нь урдаас гараад ирдэг. Тэгэхлээр асуудлыг үндсээр нь арилгахын тулд зүгээр л өөрөө ухаарах ёстой. Жишээ нь алхам тутамд л бухимдмаар юм гардаг. Эхлээд шууд бухимдал төрдөг. Тэр үед би яагаад үүн дээр бухимдчихав, яагаад би үүнд бухимдах ёстой юм, ер нь би бухимдах ёстой юм уу, үгүй юм уу гээд өөртөө дүн шинжилгээ хийгээд бодохоор тэр нь үнэндээ бухимдаад байх юм юу ч байдаггүй. Би хүмүүсийг хог хаялаа гэж уурлаад байх ч шаардлагагүй. Тэртээ тэргүй хаях ч болно, хаясаар ч байх болно. Харин цаг хугацааны явцад хүмүүсийн оюун санаа болон хувь хүний хөгжил нь сайжрахад угаасаа хаяхгүй болно шүү дээ. Одоо оюун санаа нь дорой байхад би мянга хашхирч, бархирч, уурлалаа гээд би өөрөө л хохирно. Тэгснээс зүгээр л би уран бүтээлээрээ үзүүлээд л тэгээд чимээгүй харж л байя. Тэгж байтал та нарын үеийн ухамсартай хүүхдүүд гарч ирж байгаа юм чинь шал өөр болно. Тэр нь дамжиггүй.

“Хүн өөртэйгөө ярилцаж эхлэх үед оюун санаа нь хөгждөг” - Зураач С.Саранцацралттай хийсэн ярилцлага (фото 3)

Эргээд таны уран бүтээлийн сэдэв руу ороход, бүтээл туурвих үйл явц яг юунаас эхэлдэг вэ?

Юу ч байж болно. Урлаг гэдэг өөрөө их сонин, санаа ч их сонин орж ирнэ. Орж ирсэн ч бүтээгдээгүй санаанууд зөндөө байна. Харин зарим нь орж ирэнгүүтээ шууд л бүтээл болчихдог. Санаа ороод ирэхээр эхлээд зурахыг нь зураад, юм тэмтэрч барих хэрэгтэй бол барихыг нь бариад толгойдоо байршуулдаг. Тэгээд толгойдоо боловсруулаад л яваад байна. Тэгж байтал яг ханачихсан, цаашаагаа явахгүй дууссан мэт болоод ирдэг. Бүрэн болчихлоо гэсэн мэдрэмж төрдөг гэсэн үг. Тэр үед харин түүнийгээ бүтээл болгох нь цаг хугацааны л асуудал. Гол нь тэр санаа орж ирж, тэрийгээ толгойдоо байршуулах нь л их сонин.

Та бүтээл дээрээ ажиллахдаа хөгжим сонсдог уу?

Заримдаа сонсоно, заримдаа сонсохгүй. Заримдаа бүр чив чимээгүй өөрийгөө хоослох хэрэгтэй санагддаг. Хөгжим сонсоод зургаа зурдаг хүмүүс байдаг. Би бол бараг сонсдоггүй талдаа. Гэхдээ бүр хааяа зурж байснаа гэнэт яг тэрийг сонсмоор байна гэсэн бодол орж ирдэг. Тэр үедээ янз бүрийн дуу сонсоно. Залуудаа бол рок урсгалын хөгжим сонсох дуртай байсан. Маш чанга, түргэн хэмнэлтэй, орилсон дуунуудад дуртай байсан. Харин сүүлдээ төрөл бүрийн дууг хооронд нь хольж сонсох дуртай болсон. Классик дууг рок дуутай, эсвэл уртын дууг бүр зөөлөн аялгуутай гээд бүгдийг нь хольчихдог. Ингээд сонсохоор яг зураг шиг санагддаг юм. Зураг өөрөө харахад зүгээр л ингэж харагдаж байгаа боловч мэргэжлийн хүнд бол хаана нь хашхируулах уу, хаана нь уртын дуу болгох уу, хаана нь зөөлөн сарны сонат явуулах уу гээд нэг формат дээр бүх төрлийн нюансууд явагдаж байдаг.


"Би гуниглаад ирэхээрээ өөрт одоо байгаа бүх зүйлийг тоочдог"


Та урлагаар дамжуулж нийгэм, эх дэлхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэж байна. Харин урлаг өөрөө танд юугаар тусалдаг вэ?

Урлаг бол угаасаа миний нэг эд эс болчихсон. 2-3 настайгаасаа зурж эхлээд 20 настайгаасаа мэргэжлийн түвшинд зурдаг болсон гэхээр одоо бараг 40 жил зурчихлаа. Тэгэхээр энэ нь яг миний эд эс, гар хөл, арьс гэдэг шиг надаас хэзээ ч салахгүй юм болчихсон. Энэ урлаггүйгээр би цаашдаа оршин тогтноход их хэцүү болсон. Орших уу, эс орших уу болчихсон байна шүү дээ. (Ред. тэмдэглэл - Инээв). Өглөө сэрээд л хийсэн ажлуудаа харах, эсвэл урлан руугаа орж ямар нэгэн зүйл хийхгүй бол нэг л дутуу. Тийм болохоор юм хийсэн ч бай, хийгээгүй ч бай урландаа орж ирээд энэ хавиар эргэлдээд, нэг юм шүүрдээд гарахаараа санаа амарчихдаг.

Уран бүтээлийн хувьд та ирээдүйн төлөвлөгөө гаргадаг уу?

"Аз жаргалтай амьдрахын тулд одоо цагтаа амьдар" гэдэг шиг.

Яг зөв. Би бага зэрэг гуниглаад ирэхээрээ өөрт одоо байгаа юмаа бодож, бүгдийг нь тоочдог. "Бүх юм надад байхад би яагаад байгаа юм бэ?" гээд тунгааж үзээд л зүгээр болчихдог. Би өөрөө өөдрөг талдаа хүн л дээ. Эргэн тойронд болж байгаа коронавирус зэрэг зүйлсийг ч бас заавал хэдэн хүн өдөрт үхэж байна гээд худлаа тоолж суух шаардлага байхгүй. Угаасаа л зогсох цаг нь болохоор зогсоно. Салхи шиг гэх юм уу даа. Би нэг тийм бүтээл хийх гээд бодоод байгаа юм. Салхи хаашаа хөтөлнө би тийшээ л явна. Урагшаа явсан ч надад гоё, хойшоо явсан ч гоё. Хаашаа ч явсан надад аз жаргалтай. Дээшээ хөөрлөө гээд баярлаж сагсуурахгүй, доошоо уналаа гээд уйлж гунихгүй. Ийм санаа бодогдоод байгаа юм.

Энэ санааг бодохоор ямар нэгэн тодорхой өнгө төсөөлөгдөж байна уу?

Өнгө бас хөдөлгөөн.

Таны бүтээлүүдээс харахад цэнхэр өнгө таны хувьд их онцгой мэт санагддаг.

Би цэнхэр өнгөнд багаасаа их дуртай. Үргэлж цэнхэр өнгийг сонгодог, нэг харахад л цэнхэр өнгийн юм барьж авах жишээтэй. Тэгээд сүүлд нь хараад байхад ихрийн ордныхон цэнхэр өнгийн хүмүүс юм байна лээ. Анх манайхан чинь тод өнгөөр юм зурдаггүй, социализмын үед хэтэрхий тод байна гээд л дардаг. Болж л өгвөл завсрын өнгийн бүрсгэр юмсыг онцолж багш нар заадаг байсан. Бүр цаанаасаа тод өнгө хэрэглүүлдэггүй. Энэ нь тухайн үед цаагуураа хүний далд ухамсрыг дандаа гунигтай, хүний эрхшээлд, өөртөө итгэлгүй байлгах гэж байсан бодлого юм шиг байгаа юм. Нэг хүн юм хэлэхээр сүрэг хонь шиг дагаад явдаг тийм хүмүүсийг бий болгох гээд. Харин тод өнгөтэй юмс дунд өөрийнхөөрөө, дураараа, захирахад хэцүү хүмүүс гарч ирнэ шүү дээ. Би болохоор яг л тийм байсан. Ийм муухай үхмэл юм хийхгүй гээд тод өнгөөр зурах дуртай.

Харин яг одоо та юун дээр ажиллаж байна вэ?

Ирэх нэгдүгээр сард контемпорари гоёл чимэглэлийн үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. Бөгж, ээмэг, зүүлт гэх мэт. Бүтээлүүдээ бэлэн болгочихсон, одоо үзэсгэлэнгийн зохион байгуулалтын ажлууд л үлдсэн. Нэг загвараас нэг ширхэг л худалдаалагдах юм.

Ямар материал түлхүү ашигласан бэ?

Янз бүрийн л материалууд байна. Одоо жишээ нь энэ гэхэд хөөрхөн бөгж байгаа биз дээ? (Ред. тэмдэглэл - Ширээн дээрээсээ нэг гайка олоод хуруундаа зүүв). Яагаад энэ бөгжийг би зүүж болохгүй гэж. Заавал алмаз гэхээр үнэтэй, бусад юм үнэгүй биш шүү дээ. Бид нарын эргэн тойронд харагдаж байгаа бүх юм чинь үнэ цэнтэй. Яагаад заавал зэвтэйг муухай гээд байгаа юм. Үүнийг өөр өнцгөөс харвал бас гоё байж болох байгаа биз дээ. Хүн болгон хоорондоо адилхан юм зүүх чинь юу нь сонирхолтой юм. Ямар ч сонирхолгүй шүү дээ.

Гоёл чимэглэл гаргах санаа хэзээ төрсөн бэ?

Багаасаа л шүр сувд гээд янз бүрийн юм хэлхдэг хүүхэд байсан. Ээмэг, бөгжний хоббитой. Гоё чулуу шүр сувд олдохгүй юм чинь янз бүрийн юм оролдоод, нэг хэлбэрт оруулснаа ахиад нөгөөдхөө хөвөөд өөр болгоод, бараг л насаараа иймэрхүү жижиг сажиг зүйлс оролдож өөртөө сонин чимэглэл хийгээд зүүчихдэг байсан. Харин сая ковидын үеэр ингэж байхаар үзэсгэлэн гаргая гэж шийдсэн.


"Хүнд гай болохгүй л байвал хөгжиж эхэлж байгаагийн шинж. Хүүхдүүддээ тэгж л сургах хэрэгтэй. Чадвал тусал, чадахгүй бол битгий гай бол"


Хувцсаа бас та өөрөө янз бүрээр загварчилж өмсдөг үү?

Дэлгүүрээс аваад шууд өмсөнө гэж бол байхгүй. Заавал өөрийнхөө санаанд тохируулж өөрөө янзалдаг. Энэ жишээ нь даашинз байхад нь доод талыг нь аваад хаячихсан. Тэгээд ийм хөөрхөн хантааз болчихсон. Ингээд л юмнуудыг заавал оролдож, өөрчилж байж өмсдөг. Бага байхад л 45-ын гутал гээд ангийнхантайгаа адилхан гутал өмсөх болчихно. Тухайн үед өөр сонголт байхгүй болохоор өөр ямар ч аргагүй. Тийм болохоор гутлаа будчихдаг байсан. Будаг олдохгүй байсан ч шал буддаг улаан өнгийн будгаар будчихна.

Танд бас шүршдэг будгаар будчихсан цагаан машин байсан гэж дуулсан юм байна?

Тэр чинь миний энэ сандлын машин байхгүй юу. (Ред. тэмдэглэл- Өөрийнхөө сууж буй сандал руу заав). Тэр машин дээр шүршчихсэн будагтай юм наагаад, доод хэсэгт нь шилний будгаар цус гоожиж байгаагаар хийж байсан. Анх 2001 онд жолооч болсныхоо дараа авсан хайртай машин маань байгаа юм. Солонгосын Матиз гээд их жижигхэн машин. Тухайн үед тийм жижиг машин байдаггүй байсан тул их хөөрхөн стильтэй санагдаад авч байсан. Тэр машиныг маань хүмүүс "Оргилболдын пүүз" гээд нэрлэчихдэг байлаа. Тэр жижиг машиндаа хажуудаа жижигхэн террьер нохойгоо суулгаад хаашаа л бол хаашаа ёстой их явж өгдөг байсан даа. Харин одоо тэр машинаараа баримал хийх гэж байгаа. Битүү толиор бүрсэн баримал хийх гээд бүх сандлуудыг нь гаргаад тавьчихсан чинь нөхөр маань надад гоё сандал хийж өгье гээд ийм дугуйтай сандалтай болсон. Залхуу хүрэхээрээ түшлэгийг нь унагаагаад дээшээ хараад хэвтчихдэг.

Амьдралдаа хийж байсан хамгийн зөв сонголт тань юу байсан бэ?

Надад ер нь буруу шийдвэр гэж байдаггүй. Харамсах нэг ч зүйл байхгүй. Надад л таарсан юмнуудыг бурхан надад өгсөн шиг санагддаг. Үүнээс илүү байсан бол би тэрийг нь дааж чадах байсан юм уу, доор байсан бол би түүнд нь бас тохирч чадах байсан юм уу, би мэдэхгүй. Яг л надад таарсан нөхөр, надад таарсан хүүхдүүд, надад таарсан уран бүтээл, нохойнуудыг ч хүртэл яг надад таарсан нохойнууд өгдөг дөө.

Та амьтанд их хайртай, олон амьтанд тусалж бас үрчилж байсан. Нохойнууддаа их өхөөрдөм нэрс өгдөг юм байна лээ. Одоо тантай нохойнуудаас нь хэн, хэн амьдарч байгаа вэ?

Одоо Хандаа, Тод-Магнай, Чингүүнээ гурав байна. Бүгд хүний насаар бол бараг 100 настай. Нэг нь 18-тай, нэг нь 15-тай, бас 12-той гээд.

She's Mercedes төсөл нь салбар салбарын эмэгтэйчүүдийн амжилтын түүхээс хуваалцаж тэдэнтэй нийгэмд тустай сэдвийн хүрээнд яриа өрнүүлэх зорилготой билээ. Та энэ төслийн хүрээнд ямар гол мессежийг хүргэмээр байна вэ?

Гол хүргэмээр байгаа зүйл бол хувь хүний хөгжил. Оюун санааны хөгжилтэй олон хувь хүн нэгдвэл илүү сайхан нийгэм үүснэ. Жишээ нь Мьянмарт болдог бясалгалын төв байдаг юм. Тэнд очоод бясалгал хийхэд тэнд дандаа ухамсартай хүмүүс цуглардаг учир ариун цэврийн өрөөнд нь ороход дөнгөж сая цэвэрлээд гарчихсан мэт байдаг. Хүн бүр дор бүрнээ цэвэрлээд гардаг, дараагийн хүнд цэвэрхэн орчин үлдээдэг. Цэвэрлэгч тэнд байдаггүй. Мөн хооллохдоо ч өөрийнхөө идэх чинээгээрээ авч хэн ч асгах, үлдээх ёсгүй байдаг. Идэж дуусчхаад өөрийнхөө аягыг угаагаад, ширээ сандлаа янзлаад тавьчихна. Тэнд аяга угаадаг хүн бас л байхгүй. Ухамсартай хувь хүмүүс нийлчихээрээ ухамсартай нийгэм бүтнэ гэдэг л энэ юм. Хүнд гай болохгүй л байвал хөгжиж эхэлж байгаагийн шинж. Хүүхдүүддээ тэгж л сургах хэрэгтэй. Чадвал тусал, чадахгүй бол битгий гай бол.

“Хүн өөртэйгөө ярилцаж эхлэх үед оюун санаа нь хөгждөг” - Зураач С.Саранцацралттай хийсэн ярилцлага (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх