“Хэзээ ч битгий бууж өг” - Гэрэгэ Системс ХХК-н Н.Энхжаргалтай хийсэн ярилцлага
She's Mercedes Mongolia төслийн хүрээнд
Саяхныг хүртэл Монголчууд бид төрийн үйлчилгээ авахын тулд шаардлагагүй олон алхам хийж, цаг заваа үрэн стрессдэг байсан асуудлыг “Гэрэгэ Системс” ХХК технологийн тусламжтай шийдэж Гэрэгэ Киоскийг нэвтрүүлснийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тус компани нь мөн улсын хэмжээнд коронавирусын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулан PCR шинжилгээний хариуг олгодог “ЭрүүлМн” системийг боловсруулснаас гадна аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх Гэрэгэ Пос, Гэрэгэ Апп зэрэг Монголын нийгэмд хэрэгтэй олон дэвшилтэт шийдлүүдийг хүргэдэг. Энэ ч утгаараа Mercedes Benz брэнд олон улсад хэрэгжүүлдэг “She’s Mercedes Career & Entrepreneurship" төсөлдөө “Гэрэгэ Системс” ХХК-н үүсгэн байгуулагчдын нэг, ТУЗ-ын гишүүн Н.Энхжаргалыг сонгон, төлөөлөгчөө болголоо.
Дэлхий даяар хэрэгжиж буй “She’s Mercedes” төсөл нь салбар салбарын эмэгтэйчүүдийн өвөрмөц амжилтын түүхээс хуваалцан яриа өрнүүлэх байдлаар бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгч, нэг нэгнээ дэмжих хүчирхэг нийгэмлэгийг үүсгэх зорилготой юм.
Н.Энхжаргал нь Европын хамгийн эртний, нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Хайделбергийн их сургуульд хөгжлийн эдийн засагч мэргэжлээр суралцаж, 2004 онд ажлын гараагаа MCS компанид эхлүүлж байсан. MCS-ийн "Интерпресс" ХХ-н гүйцэтгэх захирлаас эхлээд “Спирт Бал Бурам” ХХК-д маркетинг хариуцсан дэд захирал, "Эм Си Эс Холдинг" ХХК-н төслийн удирдагчаар ажиллаж, дараагаар нь өөрийн консалтинг компанийг байгуулан 70 гаруй байгууллагад зөвлөхөөр ажилласан туршлагатай. Одоо харин тэрээр технологийн бизнес эрхэлж, эрчүүд давамгайлдаг энэ салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож, Монголын нийгэмдээ өөрчлөлт авчрах зорилгоор ажиллаж байна.
Юуны өмнө гэр бүлийнхээ болон залуу насны сонирхлуудынхаа талаар хуваалцаач? Таны энтрепренер сэтгэлгээнд хэн, эсвэл юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
Манай гэр бүлд бизнес хийдэг хүн ерөөсөө байгаагүй. Манай өвөө элчингийн зөвлөх, эмээ намын Төв Хороонд, харин ээж маань улсын ганц даатгалын компанийн гадаад харилцаанд ажилладаг жирийн л айл байсан. Ер нь л социализмын үеийн хотын нэгэн сайхан боловсролтой сэхээтэн айл байсан даа. Зах зээлийн үе болоход айлууд хувиараа хөдөлмөр эрхэлж, хувийн компаниуд байгуулж байсан бол манайд тийм юм байгаагүй болохоор яг бизнес хийнэ гэсэн ойлголт надад ч байгаагүй. Тийм ч учир нэлээн хожуу шийдвэр гаргасан байх. Оюутан болохдоо Герман явбал гоё, докторын зэрэг хамгаалбал гоё гээд л ойлгочихсон. Тэгээд л энэ зорилгодоо маш олон жилийг зарцуулсан. Бакалавраас эхлээд докторын зэрэг хүртэл. Докторын дипломын ажлаа эхлүүлээд дуусгаагүй л дээ. Заавал хамгаалах шаардлагагүй гэх шийдвэрийг өөрөө гаргасан. Гэхдээ Германд нийт долоон жил сурахдаа эдийн засгийн чиглэлээр бүр анхан шатнаас нь суралцаж, бакалаврын зэрэг хамгаалж, хөгжлийн эдийн засгийн чиглэрээр магистрын зэрэг хамгаалсан. Эргээд харахад, нэгэнт академик карьер хөөхгүйгэээс хойш докторын зэрэг горилоход цаг зарахын оронд бизнесын чиглэлээр нэр хүндтэй сургуульд мастерын зэрэг хамгаалдаг ч байж уу гэж бас боддог л юм. Хувийн хэвшилд ажиллаж эхэлснээр надад ер нь ямар ажил илүү тохиромжтой, сонирхолтой юу, юунд дуртай юм гэдгээ илүү ойлгосон учир “доктор цолтой болох” гэсэн мөрөөдөл маань замхарсан юм болов уу даа. Хүн ер нь аль болох л эрт юунд дуртай, илүү авьяастай гэдгээ мэдчихвэл цаашдын амьдралд нь хэрэг болохгүй зүйлд үнэтэй цаг заваа зарцуулахгүй, дуртай зүйлээ илүү эрт эхлүүлж, илүү амжилтанд хүрэх юм байна гэдгийг сайн ойлгож авлаа. Гэхдээ яг л амьдралын зурсан зургаараа, өөрийнхөө алдаа оноон дээрээ суралцаад л “Нээрээ ингэвэл зүгээр юм байна” гээд хэн нэгнээс үлгэр жишээ авалгүй өөрийнхөөрөө л явж байна.
Та багадаа технологийн салбарт ямар нэгэн байдлаар сонирхолтой байсан уу? Энэ салбар луу яагаад орсон бэ?
Ёстой үгүй. Тэгж худлаа яримааргүй байна (инээв). Гэхдээ ерөнхийдөө арван жилд хүний нэг авьяас харагддаг даа. Би бүх хичээлдээ онц сурдаг хүүхэд байсан ч миний илүү авьяас бол гарцаа байхгүй нийгмийн талын болон хэлний чиглэлийн хичээлүүд байсан юм. Орос хэл уран зохиолын хичээлийн багшаараа дэвтэртээ “5+” тавиулж, “умница” гэж магтуулдаг сурагч байсан. Шинжлэх ухааны хичээл буюу хими физикт бас их сайн, дуртай байснаа санадаг юм. Харин тооны хичээлийн хувьд бол хийх ёстой даалгавраа хийдэг, онцоо авдаг, тэрнээс учиргүй дурлаад илүү бодлого бодоод олимпиад гэж явдаг байгаагүй ээ үнэнээ л хэлье. (Инээв - ред. тэмдэглэл). Англи, Герман, Франц, мөн Орос сургуульд суралцаж байсан учир Орос хэлтэй. Хэлийг бол нэг сурахдаа дээд зэргийн сайн сурдаг гэж хэлж болно.
Германд сурч байхдаа Герман-Монгол орчуулгыг төрийн айлчлал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд ч, төрийн тэргүүн, ерөнхийлөгчийн орчуулга хийх хэмжээнд сурсан байлаа. Монголоос Германд зохион байгуулагдаж буй бүхий л албан ёсны юман дээр орчуулга хийдэг байлаа. Нийгмийн ухааны тал руу илүү сонирхолтой, нийгмийн сайн сайхны төлөө ажиллана гэсэн мөрөөдөлтэй байсан учир эдийн засаг, тэр дундаа хөгжлийн эдийн засаг чиглэлээр Германд суралцсан. Ингээд суралцаж байхдаа, ялангуяа докторын сургалтанд эконометрик, статистикийн хичээл гээд маш их тоо үздэг байсан тул тэр бүгдийг сураад явж байсан нь магадгүй яг одоо технологийн салбарт бүр нарийн инженерчлэл, код бичих гэх чиглэлийн зүйлсийг тодорхой хэмжээгээр ойлгож, багтайгаа ойлголцоход нэмэр болдог болов уу гэж боддог. Харин кодоо бичээд, тэр том системуудын загварчлалыг гаргаж, оюун ухаанаа дээд цэгт нь ажиллуулж ачаалах нь ямар хэцүү, ямар их авьяс чадвар шаардсан ажил вэ гэдгийг маш сайн мэддэг учир үүнийг чаддаг инженерүүд, хөгжүүлэгчдийг хүндэлж, биширч явдаг даа.
Харин Гэрэгэ Системс компанийг манай гэр бүлийн хүн үүсгэн байгуулсан. Өөрөө IT-гийн мэргэжилтэн юм. Би илүү бизнес хөгжил, маркетинг талын ажлуудад нь анхаардаг. Гэхдээ яг технологийн компанид над шиг нэг “ийм” хүн хэрэгтэй гэж боддог шүү. Яагаад гэхээр бид энэ технологийг хамгийн гол нь хэрэглэгчдэд зориулж хийж байгаа шүү дээ. Тэгэхээр над шиг технологийн нарийн мэдлэггүй жирийн иргэнд тэр хийсэн технологийн бүтээгдэхүүн нь, эсвэл програм нь ойлгомжтой байгаа эсэхийг бид сайтар туршиж, судалдаг. Би компани дотроо хамгийн их “Должин эмээгийн” асуултууд тавина, өөр өнцгөөс харах гэж үзнэ. Технологийн мэргэжилтнүүд чинь өөрсдөө маш толгой сайтай хүмүүс болохоор би хурал дээр байнга хэлдэг. “Хүн болгон та нар шиг ухаантай биш, технологийг хурдан ойлгоно гэж байхгүй ээ. Должин эмээд энэ чинь ойлгогдохгүй байна. Должин эмээ байтугай Энхжаргалд ч ойлгогдохгүй байна” гэж хэлдэг юм \инээв\. Тэгэхээр тэр бол бас их чухал. Өөр өнцгөөс, жирийн иргэний нүдээр юмаа харж хийдэг гэсэн үг. Манай Гэрэгэ Киоскуудыг та мэдэх байх. Ашиглахад маш хялбар, хэн ч ашиглачихна. Манай Киоскийн зөвлөхүүдийн тал хувь нь насаараа улсын бүртгэлийн ажил хийсэн тэтгэвэрт гарсан эгч нар байдаг. Тэтгэвэрт гарсан хүн энэ бүтээгдэхүүнийг ийм амархан ашиглаж байхад танд ч гэсэн айх зүйл байхгүй гэсэн мессежийг иргэдэд хүргэхийг зорьдог.
Та хувийн бизнесээ эхлүүлэхээс өмнө Германд төгсөж ирээд MCS группийн "Интерпресс" ХХК, "Спирт Бал Бурам" ХХК, мөн "М-Си-Эс Холдинг" ХХК гээд хэд хэдэн компанид ажиллахдаа их баялаг, ахиц дэвшилттэй карьерыг бүтээж чадсан. Таны амжилтад ямар зан чанар тань хамгийн ихээр нөлөөлдөг вэ?
Энэ асуултыг надаас өмнө өөр нэг сэтгүүлч яг ингэж миний карьер туж л өсөөд байсан мэт асууж байхад би “Дэвшиж ч явсан, унаж ч явсан” гэж хариулж байсан. Дандаа өсөөд байсан гэхээр худлаа болчихно. “Интерпресс” ХХК дээр бол тодорхой хэмжээгээр ганц хоёр жилийн дотор борлуулалтыг нь хоёр гурав дахин өсгөж, ашигтай ажилладаг болгосон. “Чингис Хаан” цуврал комикс гэх мэт гоё гоё шинэ номууд зах зээл дээр гаргаад, Монголын бүхий л том компаниуд, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан. Дараа нь магадгүй дэвшсэн болоод “Спирт Бал Бурам” ХХК-д очсон байх. Тухайн үед Монголын хамгийн том компани байсан. MCS групп дотроо ч тэр, Монголдоо ч тэр. Гэхдээ яг архины бизнес дээр би бүтэлгүйтсэн. Нэгдүгээрт би өөрөө яг цэвэр маркетингийн хүн биш. Хоёрдугаарт би архи огт уудаггүй. Хүн ер нь яг карьер хийхдээ том компанид орчихвол гоё харагдана ч гэдэг юм уу тийм бодолтой байх нь маш буруу. Дотроо би өөрөө архийг үзэн яддаг, ерөөсөө уудаггүй. Тэгэхээр би яаж энэ бүтээгдэхүүнийг олигтой сурталчлах билээ дээ. (Инээв). Үүнийг мэдээж хамт ажиллаж байсан захирлууд анзаарч боловсон байдлаар надад тохирох албан тушаал биш гэдгийг хэлж өөр компани руу шилжүүлж байсан. Энэ бол миний хувьд маш эмзэглэлтэйгээр төгссөн карьер. Гэхдээ нөгөөтээгүүр хэрвээ би ийм бүтэлгүйтэлтэй тулгараагүй байсан бол хувийн бизнес хийхгүй байх байсан. Тэгэхээр бүх юм цаанаасаа учиртай.
Та тэр үед л хувийн бизнес эхлүүлэх шийдвэрийг гаргаж байсан уу?
"Барын сүүл байснаас Батганын толгой байсан нь дээр" гэдэг чинь яг л миний тохиолдол юм. (Инээв - ред. тэмдэглэл). Хүн таван жил янз бүрийн ажил хийж үзэхэд хаана хамгийн сэтгэл хангалуун гэдгээ мэдээж мэдэрнэ. Том компани илүү олон хүнтэй, олон даргатай, дээрээ олон шийдвэр гаргагчтай болохоор хувь хүн өөрөө шийдвэр гаргая гэсэн ч эрх мэдэл нь байдаггүй. Харин хэдий жижиг ч гэсэн өөрийн компанийн шийдвэрийг өөрөө гаргаад, тэр шийдвэрийнхээ эзэн нь болоод явах нь надад илүү зохих юм байна гэдгийг мэдсэн. Бас би яагаад заавал хөгжлийн эдийн засаг чиглэлээр сурсан гэхээр би нийгэмдээ хэрэгтэй хүн болох мөрөөдөл багаасаа тээсэн юм шиг байгаа юм. Тийм нийгмийн талын ажлуудад яалт ч үгүй их татагддаг. Энэ чиглэлээр суралцаж дуусаад би олон улсын байгууллагуудад ажиллахыг мөрөөддөг байсан. Болж өгвөл Монголдоо эсвэл аль нэг оронд тодорхой хэмжээнд өөрчлөлт хийхийг хүсдэг.
Одоо харин та өөрөө томоохон компанийг удирдаж байна. Эмэгтэй удирдагчийн хувьд та өөрийн дуу хоолойг хүргэхэд ямар нэгэн бэрхшээлтэй тулгардаг уу?
Эмэгтэй болон эрэгтэй ажилтны хувьд ярихад, ялангуяа энэ технологийн салбарт бүгд өөр өөрийн гэсэн онцгой давуу талтай байдаг. Яг технологийн тал дээр шийдэл олох, тэр процессыг ойлгох зэрэг дээр эрчүүд гарцаагүй давамгай илүү гэж боддог. Эмэгтэйчүүд харин харилцаа тогтоох, бусдыг ойлгож мөн бусдад ойлгуулах тал дээрээ гаргууд, байгалиас заяасан авьяастай. Манай компанийн хувьд ч мөн төрийн болон хувийн байгууллагуудтай харьцах, бүтээгдэхүүнээ танилцуулах, олон нийтэд хүргэх тал дээр дийлэнх нь эмэгтэйчүүдээс бүрдсэн баг ажилладаг. Би хэтэрхий ерөнхий хүрээнд ярьж байж магадгүй. Гэхдээ яг л тал талын давуу талуудаараа “нийлэн” багаараа ажиллаж байж амжилтад хүрнэ гэж боддог.
Та Монголын бизнес орчин дахь жендерийн эрх тэгш байдлын талаар ямар бодолтой байдаг вэ?
Биднийг анх Киоскийн компани гэж боддог байж байгаад сүүлийн үед PCR шинжилгээ хийдэг компани гээд ойлгосон хүмүүс ч байдаг. Маш товчоор хэлэх юм бол бид технологийн компани. Програм хангамж болон hardware буюу тоног төхөөрөмжтэй нь хамт хөгжүүлдэг компани гэсэн үг. Үүгээрээ бид магадгүй бусад төлбөрийн систем хөгжүүлдэг, төрөл бүрийн апп хийдэг компаниудаас ялгаатай. Ер нь бол software болон hardware-г зэрэгцүүлж хийнэ гэдэг өөрөө технологийн хувьд их хүнд. Жишээ нь Samsung, Apple зэрэг компаниуд гар утсаа програмтай нь хийж, мөн төхөөрөмжүүд давхар боловсруулж байгаагийн адил. Манай компанийн гол үндэс нь бид нар төхөөрөмжүүдээрээ дамжуулж бүх насны, орлогын бүх түвшний хүмүүст хүрч байгаа. Төхөөрөмжүүдийн цаана Гэрэгэ платформ гээд нэг л платформ байна. Киоск маань 70% нь төрийн үйлчилгэн дээр төвлөрчихсөн. Гэхдээ үүнээс гадна хувийн компаниуд, нэгж зарах операторууд бас байдаг. Гэрэгэ Посын хувьд банкны постой адилхан атлаа smart учир андроид үйлдэлтэй, дотроо төрөл бүрийн функцтэй бөгөөд жижиг аж ахуйн нэгжүүдийг чиглэсэн. Киоскон дээр байгаа олон үйлчилгээнүүд Пос дээр мөн байдаг. Дээрээс нь Посыг ашиглан дэлгүүрт худалдан авалт хийхэд карт уншуулна, мөн хамгийн том давуу тал нь кассын машин хэрэггүй. Жишээ нь зах дээр байгаа худалдаачдад яагаад кассын машин байдаггүй вэ гэхээр тэд худалдаж авч чадаагүйдээ биш харин банкны ПОС машин, цаана нь дахиад НӨАТ-ын баримт гаргадаг давхар машин, кассын машин гээд олон төхөөрөмж болгоныг хооронд нь холбох, тэр олон юмыг зохицуулах хэрэг гардаг. Энэ нь төвөгтэй, ойлгомжгүй, цаг үрсэн, ядаргаатай ажил болдог. Харин манай Пос тэр бүгдийг өөртөө нэгтгэж, маш хялбар шийдлийг олгодог. Нэг бараа ирлээ гэхэд бар кодыг нь уншуулна, тоо ширхгийг нь биччихнэ. НӨАТ-ын баримт гаргачихна. Посыг бид нар өөрсдийнх нь десктоптой холбочихно. Тустай кассын програм хэрэггүй. Хүний хөдөлмөрийг маш энгийн, амархан болгосон гэсэн үг юм.
Энэ онд бид олон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, ялангуяа зах дээр байгаа худалдаачдад Гэрэгэ ПОС-оо нийлүүлэх их том ажил дээр төвлөрч байна. Энэ нь эргээд манай эдийн засагт ч их хэрэгтэй. Учир нь зах дээр хамгийн их эдийн засгийн эргэлтэд ороогүй, бүртгэгдээгүй, НӨАТ-ын баримт гараагүй мөнгө эргэлдэж байдаг. Мэдээж худалдаачид эхэндээ баримт гаргана гэхээр тэгвэл үнээ ч бас нэмэх хэрэгтэй болно гээд дургүйцнэ. Гэхдээ Пос авснаар дуртай үедээ хуруугаа уншуулаад л зээл авч болно, дөрвөн операторын нэгж зарах эрхийг авах боломжтой байна, хэрэгтэй хүнд нь Гэрэгэ Киоск дээр байдаг бүхий л төрийн болох хувийн хэвшлийн үйлчилгээг үзүүлчихнэ, тэрнээсээ манайхаас шимтгэл авна. Өөрөөр хэлбэл борлуулдаг бараанууд дээрээ нэмээд “цахим үйлчилгээ” гэсэн нэмэлт “бараа”-тай болж, нэмэлт орлого хийх боломжтой болох давуу талтай болно гэсэн үг. Энэ утгаараа эдийн засагт их хэрэгтэй бүтээгдэхүүн учир манай улсын санхүүгийн салбарын төрийн байгууллагууд ч гэсэн бидний ажлыг дэмжин ажиллах дуртай байна гэж бид найдаж байгаа. Нэг талаасаа иргэд ПОС-оо ашиглан борлуулалтаа бүртгэхэд НӨАТ хэмээх “нэмэлт” зардал гарч байгаа юм шиг санагдавч борлуулалтаа бүртгэснээрээ ЗГ-ийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдах, нэгж болон бусад цахим бүтээгдэхүүн борлуулж нэмэлт орлого олно, орлого зарлагаа ПОС-оороо цэгцтэй бүртгэснээрээ банк санхүүгийн байгууллагуудаас зээл авахад хялбар болно гэх мэт төр ч тэр, иргэн ч тэр аль аль нь “win-win” хамтарч ажиллана гэсэн үг юм. Бид Гэрэгэ ухаалаг ПОС дээрээ ганц л удаа сошиал хуудсаараа зар явуулсан гэхэд аль хэдийнэ 300 ширхэг захиалга ирчихсэн байна.
Хүн янз янзын аргаар бизнес хийдэг. Компани ажиллуулж байгаагийн гол зорилго нь мөнгө хийхийн тулд байх нь элбэг л дээ. Гэхдээ манай хамт олны хувьд бол мөнгө нэгдүгээр зорилго биш. Их баян тансагдаа тэгж ярьж байгаа юм биш. Гэхдээ өнөөдөр манайх шиг компанийнхаа орж ирж байгаа орлогын 20 хувийг нь өдөртөө шууд ажилчдадаа тараадаг өөр компани Монголд байхгүй болов уу. Манай ажилчдын 60% нь компанийг анх үүсгэн байгуулсан өдрөөс хойш тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүс байдаг. Тэд өдөртөө 20-30 мянган төгрөгийг Киоскийнхоо орлогоосоо нэмэгдэл болж авдаг. Хэрвээ энэ компани баян болох юм бол энэ компанид ажилладаг хүн бүр үүнээс хүртэх ёстой, үүнд жолооч уу менежер уу ялгаа байхгүй. Дээрээс нь бид үйлчилгээгээ иргэдэд зориулж хийж байгаа учир юуны өмнө иргэдэд хэрэгтэй зүйл хийчихвэл эргээд тэр хүмүүс маань ашиглана. Иргэдэд хэрэгтэй гэдгээ юугаар илэрхийлж байна вэ гэхээр яг нийгмийн хүлээж байсан, цагийг нь хэмнэж, амьдралыг нь хялбарчилж өгсөн зүйлийг хэлнэ. Бид цар тахлын энэ хүнд үед эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон иргэдийн цаг завыг хэмнэсэн, PCR-ын шинжилгээг автоматжуулсан ЭрүүлМН шийдэл болон эерэг тохиолдлуудын бүртгэлийн ТандалтМН шийдлүүдээрээ маш их бахархдаг. Өнөөдөр 2,7 сая хүн энэ системээр үйлчлүүлсэн байна. Бүхэл бүтэн улсын хэмжээнд коронавирусын эсрэг тэмцэлд бид хувь нэмрээ оруулсан байна. Нийгэмд хэрэгтэй гээд яриад байгаа нь хүнд таалагдах гэж биш харин гарц байхгүй тохиолдолд шийдлийг нь хүргэдэг, өөрчлөлтийг авчрахыг л хэлдэг болов уу. Манай уриа ч бас тийм. Яг одоо бид энэ Замын -Үүдэд нүүрлээд байгаа энэ их хүндрэл, хүнд суртал, авилгалын асуудлыг бид хэрхэн яаж шийдэж чадах вэ гээд ярилцаж байна. Энэ бүхний шийдэл нь мэдээж технологи. Удахгүй энэ чиглэлд бас нэг шийдлийг Засгийн Газарт танилцуулна гэсэн бодолтой байна. Технологийн ачаар ард түмний амьдралыг хялбар болгох, амар болгох тэр чиглэлээрээ ажиллаад, үүнийхээ хүрээнд хийж байгаа зүйлс маань иргэдийн аж амьдралыг хэрхэн хөнгөвчилж буйг харж, баярлаж, хийж байгаа ажлаараа бахархаад л явж байна даа. Хажуугаар нь мөнгө орж ирвэл мэдээж сайн хэрэг.
Таны сурч байсан Герман улс бол Mercedes Benz-ийн өлгий нутаг. Таны хувьд олон дурсамж энэ улстай холбогдож явдаг нь гарцаагүй. Та She's Mercedes төслөөр дамжуулан эмэгтэйчүүддээ хандан юуг уриалмаар байна вэ?
“Хэзээ ч битгий бууж өг” гэх үгийг би хэлэх их дуртай. Яагаад гэхээр Гэрэгэ ч гэсэн тийм амар босчихсон биш. Бид хоёр энэ бол гайхалтай санаа гээд л шууд л хөрөнгө оруулалтаа олоод үүсгэчихсэн юм биш. Бид хөрөнгө оруулагчдаа олохоосоо өмнө өөрсдөө маш их өр зээл тавьж, амьдардаг байраа зарж, ерөөсөө л тэгээс ч биш бүр хасахаас эхэлж байсан. Асар их өртэй мөртлөө би нэмээд л бас нэг таньдаг хүний банк бус байгууллагаас 25,000 доллар зээлж, түүгээрээ хамгийн анхны хоёр Киоск машиныг урд захиалан хийлгэж байсан. Анхны тест машиныг хийнэ гэдэг их үнэтэй ч бид үүнийг хийж байж л үр дүнд хүрнэ гээд л яаж ийж байгаад мөнгө олоод л хийсэн. Эрдэнэбат за ерөөсөө больё гэж байхад би “үгүй ээ хийе, үүнээс өөр алдах юм байхгүй ээ. Өр л бол өр, 20 мянган доллараар илүү байна уу, бага байна уу ялгаагүй. Айх юу байсан юм бэ” гээд л зоригжуулж байснаа санадаг юм. Тэр шийдвэртээ би их баярладаг. Яагаад гэхээр хийгээд тавьчингуут хүмүүс ойлгож байгаа юм. Тэрнээс өмнө мянга яриад, хөрөнгө оруулагчид болон хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад мянга тайлбарлаад хүмүүс ойлгохгүй байсан. Одоо бидэнд ямар нэг байгууллагыг Гэрэгэ Киоск дээр үйлчилгээгээ гаргаачээ гэж ятгах шаардлагагүй болсон. Хэрэгцээ нь байгаа учир бүгд өөрсдөө бидэнтэй холбогдож, киоск дээр гарах хүсэлтээ тавьдаг болсон. Гэрэгэ ПОС-ын хувьд бараг маркетинг шаардлагагүйгээр хэрэгцээтэй бүтээгдэхүүн болсон байна. Тэгэхээр эмэгтэйчүүд тооцоо муу байж магадгүй, гэхдээ илүү аймшиггүй, зоригтой байдаг болов уу гэж бодох болсон \инээв\. Болохгүй байлаа гэхэд бууж өгдөггүй тийм тууштай зан бас эмэгтэй хүнд их чухал гэж боддог.
Бизнесээ эхлүүлж байсан түүхээ бодоход Карл болон Берта Бенз нарын түүх их ойр санагддаг юм. Карл Бенз бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн тулд маш олон жилийг зарцуулсан ч эцэст нь хэн ч түүнд итгэхгүй, морь л хамгийн хүчтэй хэмээн “өөрөө явдаг машиныг” нь ойлгоогүй байдаг. Гэтэл түүнийг бууж өгөхийн даваан дээр эхнэр Берта Бенз хоёр хүүгийнхээ хамт машиныг нь унаад анхны холын аялалд гарсан байдаг. Тэр машиныг явна гэж хэн ч итгэхгүй, хэнд ч энэ бүтээгдэхүүн хэрэггүй гэсэн үзэлтэй байхад тэрээр анхны аяллыг хийн бүтээгдэхүүнээ сурталчилж өгсөн их энтерпренер сэтгэлгээтэй хүн байсан байгаа юм. Ингэж нөхрийнхөө сэтгэлийг сэргээж, урам зориг өгсөн байдаг. Түүн шиг би бас компани дотроо бусаддаа эхэлсэн зүйлийнхээ үр дүнг үзтэл явах эрч хүч, урам зоригийг “өгөгч” байхыг хүсдэг. Би тэр кодыг бичээд, ийм мундаг бүтээлийг хийгээгүй ч тодорхой хэмжээгээр нөхрийнхөө хийсэн бүтээлийг амьдрал дээр гаргаад, олонд танигдаж, амжилттай ажиллахад нь хувь нэмрээ оруулдаг гэж найддаг.
Миний хувьд Монголд бол хүндэлж явдаг хоёр эмэгтэй байдаг юм. Нэг нь С.Оюун гишүүн, нөгөөх нь “Ногоон нүдэн лам”-ын зохиогч Ц.Оюунгэрэл эгч. Надад Оюунгэрэл эгчтэй илүү ойрхон ажиллах боломж гарч байсан юм. Германд төгсөж ирээд удаагүй байтал Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан комисс байгуулагдаж би тэнд нь сангийнх нь гүйцэтгэх захирлаар ажиллаж, харин Оюунгэрэл эгч Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, манай санг хариуцан ажилладаг байлаа. Миний бичсэн албан бичгүүдийг улаан бал барин засдаг байсан маш боловсролтой хүн. Оюунгэрэл эгч нэг ярилцлагадаа ярьсан байсан, карьерынхаа хажуугаар хүүхдүүдээ өсгөхдөө бараг гэртээ 20 оюутан амьдруулсан гэж. Ажил амьдралын балансаа хэрхэн яаж тааруулдаг тал дээр маш сайхан зөвлөгөө өгдөг, Идрээгийн подкаст дээр бол маш тодорхой ярьдаг даа. Яг бүх юмыг зэрэг амжуулж хийнэ гэдэг маш хэцүү. Танд ч 24 цаг, надад ч 24 цаг байна. Чи нэг бол хүүхэдтэйгээ, үгүй бол ажил дээрээ байна. Тэгэхээр үүн дээр нуугаад л, би бүх юмыг ганцаараа чаддаг гэвэл маш худлаа. Маш сайн арын фронттой, сайн менежменттэй байх хэрэгтэй. Манайх нэг биш дандаа хоёр, гурван хүүхэд асрагчтай гэрээтэй байж, хооронд нь ээлжүүлж, тэд нарыгаа бас хичээл ном, ар гэртээ анхаарал тавьж ажиллах боломж гаргаж ажилладаг айл юм. Жишээ нь оюутнууд дандаа манай хүүхдийг хараад сууна гэж байхгүй шүү дээ. Тэр хүүхдүүд өөрсдөө гэрийн даалгавраа хийнэ, онц сурна, амралтын өдрүүдээр амарна. Манай хүүхэд асрагчид дандаа онц сурдаг, ажилсаг, маш мундаг охидууд байдаг юм. Анхнаасаа сургуулиа төгсөөд, банкинд ажилд ороод, нэг нь гэр бүл болоод хүүхдээ хүлээгээд сууж байна, бараг л дүү нар маань болж дээ. Мөн том хүүг маань дөрвөн сартай байхад манайд ирж хүүхдүүдийг маань өсгөлцсөн Туяа эгч маань ажил гэрийн амьдралын балансыг хангахад хамгийн их тус нэмэр болж байсныг үүнд онцгойлон дурдмаар байна.
Би мөн Оюун гишүүний ярилцлагыг уншиж байхад яг орой 18:00 цагт хамаг ажлаа зогсоогоод л гэртээ харьдаг гэж байсан юм. Тэр бол надаас хэд дахин илүү ажилтай УИХ-ын гишүүн хүн байхдаа өгсөн ярилцлага шүү дээ. Тэгэхэд л оройны зургаан цаг гэхэд ямар ч төрийн ажил байсан, юу ч байсан болж өгвөл хаагаад л гардаг, гэртээ цагаа зориулдаг, ямар ч амралтын өдөр ажил хийдэггүй, зөвхөн хүүхдэдээ зориулдаг байгаа юм. Ажил дээрээ ирчихээд хүүхдээ бодоод л, хүүхэдтэйгээ байхдаа ажлаа бодоод л байх нь их буруу. Тэгэхээр яг ажлын цагаараа зөвхөн ажлаа хийхийг хичээдэг. Гэхдээ арын фронт чинь маш сайн хамгаалагдсан, сайн туслах хүмүүстэй байх ёстой. Мөн гэртээ байх үедээ ажил хийх ёсгүй. Гэхдээ надад оройдоо и-мэйл бичих, эсвэл ажлаасаа унших гээд авчирсан баримтуудаа унших, судлах зэрэг зүйлс амжуулах үе бий. Амралтын өдрөөрөө аль болох хэзээ ч ажлын уулзалт товлодоггүй, орой аль болох оройтохгүйг хичээдэг. Ингээд хувааж чадвал ер нь гайгүй дээ. Амралтын өдрөөрөө хүртэл ажил хийж байгаа хүмүүс маш хайран шүү дээ. Хүүхдүүдээ яаж том болж байгааг анзаарахгүй завгүй байна гэдэг. Ялангуяа би бага насны хүүхдүүдтэй учир зургаан нас хүртэл нь нэлээд их цаг зав зарцуулж, сайн төлөвшүүлэх хэрэгтэй гэж боддог.