Хайх

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан

Text: Э.Цовоо


Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод өөрийн гэсэн онцлог, давуу талтай ресторанууд шил дараалан нээгдэж, тэр хэрээрээ амт чанар болоод үйлчилгээ, орчноороо өрсөлдөх болсон билээ. Харин энэ удаа бидний анхаарлыг ховор нандин амтаараа алдартай, дэлхий дахинд өндөр үнэлэгддэг Япон орны хоолнуудыг жорынх нь дагуу орц найрлагыг нь алдагдуулалгүй, эх орных нь уламжлалт аргаар бэлтгэж, тав тухтай орчинд зооглох боломжийг олгоод буй Nipponian Room ресторан татсан юм.

Тиймээс үүд хаалгаа нээгээд удаагүй ч найрсаг үйлчилгээ, таатай орчин, гоёмсог интерьер дизайн, амтлаг хоолны цэсүүдээрээ онцгойрч буй Nipponian Room рестораныг уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ.


ЦЭВЭР ЦЭНГЭГ АГААРТ ОРШИХ ТАВ ТУХТАЙ БАЙРШИЛ 

Nipponian Room ресторан нь хотын төвөөс ердөө зургаан км зайд буюу Бага тэнгэрийн аманд орших Ayan Zalaat зочид буудалд байрладаг. Энэхүү дээд зэрэглэлийн зочид буудал нь амтат зоогуудыг мэдрэх боломжтой олон улсын ресторануудаас гадна зочдын бүхий л хэрэгцээг нэг дор хангаж чадахуйц алжаал тайлах спа, саун, усан бассейн, фитнес төв, мини кино театр гэхчлэн олон төрлийн үйлчилгээг санал болгодог давуу талтай. 


ОРЧИН БА ИНТЕРЬЕР

Үүдээр орох төдийд л таныг Япон улсын уламжлалт хэв маягийг хадгалсан атлаа контемпорари стилийн гоо зүй шингэсэн саруулхан, тав тухтай орчин угтаж авах болно. Тэр дундаа рестораны тааз, ханын хүрээ, ширээ гэхчлэн тавилгууд нь уламжлалт япон хэв маягийг хадгалсан энгийн модон бүтэцтэй ба том, дөрвөлжин хэлбэртэй дүүжин гэрлүүд нь тус улсын алдарт цаасан дэнлүүг санагдуулам аж. Түүнчлэн өнгө зохицлын хувьд бор шаргал, хүрэн өнгө давамгайлсан байдал нь сэтгэлд дулаан мэдрэмжийг төрүүлж байлаа. 

Харин хоолны ширээнүүд нь зайтай байрласан тул зочдод тав тухтай орчныг бүрдүүлж өгөхийн зэрэгцээ заалны төв хэсэгт орших кимоно тэргүүтэй сонирхол татам декорууд нь рестораны гол концепцтой төгс зохицож чаджээ.


ЯПОН СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛСОН ДОТООД ЗАСАЛТАЙ VIP ӨРӨӨНҮҮД

Хэрэв та их хотын завгүй хэмнэлээс түр хугацаанд ангижирч, Япон орны уламжлалт уур амьсгалыг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсвэл Nipponian Room рестораны VIP өрөөг сонгохыг зөвлөж байна.

Энэхүү VIP өрөө нь бизнес уулзалт, гэр бүлийн хүлээн авалт, найз нөхдийн баярын зоогт хамгийн тохиромжтой бөгөөд Япон соёлын илэрхийлэл болсон, өвөрмөц мэдрэмжийг танд шууд л өгөх болно. Бийрээр зурсан мэт ханын чимэглэл, дулаан мэдрэмж төрүүлэм модон тавилгууд, нарийн хийцтэй болор гэрэл нь тус өрөөг гоёмсог орчинтой болгосон байв. Харин хоолны ширээний хувьд намхан загвартай атлаа доороо үйлчлүүлэгчдийн тав тухтай байдалд тохирсон, хөлөө унжуулж болох зайтай байсан нь тун ухаалаг шийдэл болжээ. 

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан (фото 4)

NIPPONIAN ROOM РЕСТОРАНЫ ОНЦЛОХ ХООЛНУУД

Мэдээж хэрэг, рестораны амин сүнс нь тухайн зоогуудыг бэлдэж, цэсийг нь бүтээдэг ерөнхий тогооч байдаг билээ. Харин Nipponian Room рестораны ерөнхий тогоочийн үүргийг 41 жилийн мэргэжлийн туршлагатай Таканори Фукуда хэмээх эрхэм гүйцэтгэдэг. Тэрээр 2011 он хүртэл эх орондоо буюу Япон улсад мэргэжлээрээ ажилласан бөгөөд дараа нь Хятад, Сингапур, Вьетнам зэрэг орнуудын дээд зэрэглэлийн алдартай ресторануудад уригдан ажилласан туршлагатай юм. 

Ингээд тус рестораны санал болгодог онцлох зургаан зоогийг танилцуулж байна. 

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан (фото 5)

Сүши, сашими

1980 оноос эхлэн дэлхий нийтэд түгж, ихэд алдаршсан хоолны нэг бол мэдээж япон сүши билээ. Харин Nipponian Room ресторан нь хамгийн өндөр чанартай, шинэхэн материалыг сонгож сүшигээ бэлтгэхийн зэрэгцээ хоолны үзэмжид чухалчлан анхаарч, урлагийн бүтээл мэт гоёмсог байдлаар таваглаж өгдөг байна.

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан (фото 6)

Japanese Salmon Carpaccio

Энэхүү хоолны гол утга учир нь яргай загасыг хэрхэн хэрчихээс шалтгаалдаг бөгөөд мах хэдий чинээ нимгэн байна, тэр тусмаа амттай гэж үздэг байна. Харин Nipponian Room рестораны хувьд сайн чанарын, шинэхэн яргай загасыг стандартын дагуу ижил хэмжээтэй хэрчиж, буурцгийн сүмстэй хослуулан бэлтгэдэг ба ингэснээр яргай загас аманд ороод хайлж буй мэт амтлаг мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан (фото 7)

Chicken Teriyaki

Терияки сүмсээр амталсан, чийглэг, зөөлхөн тахианы махтай энэхүү хоол нь өдрийн хоолонд идэхэд тун тохиромжтой зоогуудын нэгээр дурдагддаг билээ. Харин Nipponian Room рестораны хувьд тахианы цээж махнаас илүүтэй тахианы гуяны, зөөлөн махыг сонгож тус хоолыг бэлтгэдэг ба чинжүү, мөөг, яншуй гэхчлэн ногоонуудаар амтлан баяжуулдаг байна.


BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан (фото 8)

Assorted Tempura

Темпура хэмээх хоолыг анх 16-р зууны үед Япон улсад үүссэн гэж үздэг. Энэхүү зоогийг сам хорхой, загас, холимог ногоо гэхчлэн төрөл бүрийн орцуудыг ашиглан хийдэг бөгөөд шаржигнасан, шүүслэг амтаараа тун алдартай билээ.

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан (фото 9)

Pan-Fried Beef Tenderloin, Sweet Wasabi Soy Sauce

Бага гал дээр шарсан зөөлөн, шүүслэг үхрийн мах болон өвөрмөц содон амттай япон сүмсний хослол болсон тус хоолыг бид Nipponian Room рестораны заавал амтлах ёстой сонголт гэж тодорхойлно. Энэхүү хоолыг бэлтгэхдээ үхрийн гол махыг төмөр тогоонд шарж, шүүслэг, зөөлөн болгох бөгөөд дээр нь sweet wasabi soy sauce буюу васаби болон буурцгийн сүмсний холимгийг нэмж исгэлэн атлаа чихэрлэг амтыг бүрдүүлж өгдөг байна.

BURO. Dining Guide: Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nipponian Room ресторан (фото 10)

Matcha Vanilla Strawberry Ice Cream

Мэдээж хэрэг амттай сайхан хоолны дараа сэтгэл сэргээм амттан идэх нь хамгийн таатай зүйлсийн нэг. Тэгвэл Nipponian Room ресторан нь алдарт ногоон цайны орцтой, ванилийн амттай, гүзээлзгэнээр чимэглэсэн мөхөөлдсийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Энэхүү амттан нь хэт нялуун биш учир хоолны дараа зооглоход хамгийн зөв сонголт байх болно.


Nipponian Room

Хаяг: БЗД, 11-р хороо, Дүнжингарав 1 гудамж, Бага тэнгэрийн амын зүүн талд 

Захиалгын дугаар: 8598 9999 

Facebook: Ayan Zalaat

Instagram: @ayanzalaat

Ажиллах цагийн хуваарь: Мягмар-Бямба, 09:00-17:00 (Ням, Даваа гарагт амарна)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх