Хайх

Хоол хүнсэндээ огт глютен хэрэглэхгүй байх нь зөв шийдвэр мөн үү?

Text: Buro.Mongolia


Сүүлийн жилүүдэд орон орны хүмүүс “gluten-free” гэх бичигтэй бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэх нь олширчээ. Энэ нь эрүүл мэндэд тустай юу? Яг ямар тохиолдолд глютенээс татгалзах хэрэгтэй байдаг вэ? Эдгээр болон бусад асуултуудад ОХУ-ын биологийн шинжлэх ухааны мэргэжилтэн Анна Попенко хариуллаа.

Глютен гэж яг юу вэ? Ямар хүнсэнд агуулагддаг вэ?

Хоол хүнсэндээ огт глютен хэрэглэхгүй байх нь зөв шийдвэр мөн үү? (фото 1)

Глютен буюу цавуулаг нь улаан буудай, хөх тариа, арвай зэрэг түлхүү үр тарианд агуулагддаг ургамлын уургийн бүлэг юм. Гэхдээ "нуугдмал" цавуулаг гэж бас бий. Энэ нь хиам, үйлдвэрийн амттан, зайрмаг, тараг, бяслаг, майонез гэх мэт маш олон бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд эдгээр нь мэдээж эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Ерөнхийдөө глютен нь гурилан зуурмагийг барьцалдуулж, хөвсгөр болгодог гол орц юм. Түүнчлэн глютен агуулсан бүхэл үр тарианы хүнс хүний биед хэрэгцээтэй эслэг, аминдэм, эрдэс бодис зэргээр баялаг тул маш тэжээллэг байдаг билээ. 

Нэмж дурдахад, олон тооны судалгаагаар бүхэл үр тариа нь цусан дахь "муу" холестерины түвшинг бууруулж, цусны даралтыг хэвийн болгож, зүрх судасны тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай болох нь батлагджээ.


Тэгвэл глютен нь ямар тохиолдолд сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Сүүлийн үед яагаад хүмүүсийн дунд глютенээс татгалзах практик олшроод байгаа талаар та бодож үзсэн үү? Хариулт нь энгийн. Учир нь глютены орцод хоёр төрлийн уураг байдаг - глиадин болон глютеин. Глиадин гэх уураг нь цавуулгыг шингээж чаддаггүй байдал үүсгэдэг целиак өвчнийг хүндрүүлдэг байна. Хэдий ийм удамшлын аутоиммун төрлийн целиак өвчтэй хүмүүс бага байдаг ч (Дэлхийн хүн амын гурваас бага хувьд илэрдэг) уг өвчнийг дутуу үнэлж яагаад ч болохгүй юм.

Целиак өвчин нь суулгах, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, хий гарах, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг ба эдгээр нь илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах нь зүйтэй билээ. Мөн хангалттай хэмжээгээр шим тэжээлтэй хүнс хэрэглэхгүй байгаагаас үүдэлтэй биеийн ерөнхий байдал доройтох, гэнэтийн жин хасалт, үргүйдэл зэрэг шинж тэмдгүүд целиак өвчинтэй хамааралтай байх магадлалтай юм. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд нь мөн целиакийн бус цавуулагт мэдрэмтгий байдлын үед илэрдэг шинж тэмдгүүдтэй төстэй байж болохыг анхаараарай.


Целиак өвчинг хэрхэн илрүүлэх вэ?

Хоол хүнсэндээ огт глютен хэрэглэхгүй байх нь зөв шийдвэр мөн үү? (фото 2)

Тусгай шинжилгээний тусламжтайгаар тухайн хүн целиак өвчинтэй аль эсвэл цавуулагт хэт мэдрэмтгий эсэхээ тодорхойлох боломжтой билээ. Тодруулбал, нарийн гэдэсний салст бүрхэвчийн шинжилгээний үр дүнд эмч целиак өвчнийг өдөөдөг тодорхой эсрэг биет ихэссэн байхыг тогтоох юм бол тэрээр зохих оношийг тавих болно. Харин целиак өвчний шинжилгээний хариу сөрөг гарвал целиакийн бус цавуулагт мэдрэмтгий байдал тухайн хүнд үүссэн байх өндөр магадлалтай юм. Харамсалтай нь одоогоор уг төрлийн эмгэгийг илрүүлэх тусгай шинжилгээ байхгүй билээ.

Түүнчлэн генетикийн шинжилгээгээр целиакийн өвчнийг оношилж болдог. Энэ төрлийн шинжилгээ нь удамшлын шалтгаанаар цавуулаг шингээж чадахгүй байгаа эсэхийг тогтоодог байна. Мөн хэрэв тухайн хүний хооллолтод асуудал байгаа бол эртнээс хоол хүнсэндээ анхаарахад нь тусалдаг юм. Одоогийн байдлаар HLA-DQA1 болон HLA-DQB1 гэх хоёр чухал ген нь хүний бие организм глютенд ямар хариу урвал үзүүлэхийг, мөн цавуулгыг шингээх үйл явцыг хариуцдаг гэдэг нь тодорхой байгаа билээ.

Энэ хоёр ген нь мэдрэхүйн нэг хэсэг болох эсийн дархлааг танихад оролцдог уургийг кодолдог байна. Генийн үйл ажиллагаанд өөрчлөлт ороход дагаад мэдрэхүйн хэлбэр өөрчлөгддөг бөгөөд ингэснээр глютен тус уурагтай давхцах нөхцөл байдал үүсдэг. Энэ нь бие организмын дархлааны тогтолцооны хурц хариу урвалыг буюу аутоиммун төрлийн урвалыг үүсгэж, улмаар целиак өвчинг бий болгодог билээ.

Хэрэв шинжилгээний хариу тухайн хүнийг цавуулаг шингээх чадваргүй буюу целиак өвчинтэй гэж тогтоосон бол мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж, нэмэлт үзлэгт хамрагдах хэрэгтэй билээ. Целиак өвчинтэй гэж оношлогдсон хүмүүсийн хувьд цавуулаг агуулаагүй хоолны дэглэм барих нь цорын ганц сонголт юм.


Өөр ямар тохиолдолд глютенээс татгалзах нь зүйтэй вэ?

Хоол хүнсэндээ огт глютен хэрэглэхгүй байх нь зөв шийдвэр мөн үү? (фото 3)

Целиак өвчин болон цавуулагт хэт мэдрэг байдлаас гадна үр тарианы харшлын урвал гэж бас байдаг. Гэсэн хэдий ч улаан буудай болон бусад үр тарианы харшилтай бол биеийн хариу урвал нь зөвхөн цавуулагтай холбоотой гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл харшлыг үр тарианд агуулагддаг глютенээс өөр олон орц үүсгэж болно.

Түүнчлэн глютен нь целиак өвчин болон харшил үүсгээгүй байсан ч бага эрчимтэй явагддаг биеийн тогтолцооны үрэвсэл үүсэх шалтгаануудын нэг байж болдог. Энэ тохиолдолд өвдөлт болон өтгөний асуудал гарч ирдэггүй хэдий ч уг үрэвсэл нь жингийн хэлбэлзэл, сэтгэцийн эрүүл мэнд, дархлааны тогтолцооны төлөв байдалд нөлөөлдөг юм.

Энэ тохиолдолд бидний гэдсэнд байдаг бифидо болон лактобактери ач тусаа хүргэх болно. Тодруулбал, эдгээр бактери нь цавуулгыг задалж, үрэвслийн урвал үүсгэдэг глиадин уургыг үүсэхээс сэргийлнэ. Гэхдээ энэ нь хүний биед хангалттай хэмжээний бифидо болон лактобактери агуулагдаж байгаа тохиолдолд л боломжтой юм. Өөрөөр хэлбэл бичил биетний тэнцвэрт байдал алдагдаагүй байхад үйлчлэх билээ. Үүнийг бичил биетний шинжилгээгээр шалгаж болдог. Уг шинжилгээ нь цардуултай хоол хүнс хэрэглэх нь гэдэсний төлөв байдалтай холбоотой эсэх, эсвэл шалтгаан нь өөр зүйлтэй холбоотой эсэхийг харуулдаг байна.


Дээр дурдсан асуудлууд ажиглагдаагүй тохиолдолд

Хэрэв глютен хэрэглэснээр таны эрүүл мэндэд хохирол учраагүй бол цавуулаг агуулаагүй хоолны дэглэм барих шаардлагагүй хэмээн олон эмч, хоолны мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн өдөр тутмын хооллолтоосоо үр тариа хасах нь хоолны дэглэмийг нэгэн хэвийн болгож, үр тарианы бүтээгдэхүүнд агуулагддаг эслэг, аминдэм, эрдэс бодисын бие дэх хэмжээг бууруулдаг. Тиймээс өдөр тутамдаа эдгээр шим тэжээлийг хангалттай авч байгаа эсэхээ хянах хэрэгтэй юм. Түүнчлэн сүүлийн үед цавуулаггүй бүтээгдэхүүнүүд улам хүчээ авч байгаа хэдий ч ихэнхдээ эдгээр нь илүү их өөх, тос, элсэн чихэр агуулдаг ба фолийн хүчил болон төмрийн агууламж багатай байдаг. Мөн эдгээр нь ердийн гоймон, талхнаас илүү үнэтэй байдаг. Тиймээс эрүүл мэндийн асуудалгүй  хүмүүст цавуулгаас татгалзах нь ямар ч утга учиргүй билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх