Хайх

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ

Text: Э.Цовоо


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны дөрөвдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.


ХОНЬ

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 1)

Дөрөвдүгээр сарын 7-нд Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх ба энэ үеэр амьдралд тань үүсээд байсан үл ойлголцол, зөрчилдөөн шийдвэрлэгдэж эхэлнэ. Цаашлаад 12-ны өдөр бүтэн сар жинлүүрийн ордод гарна. Бүтэн сар нь ямар нэгэн зүйл дуусгавар болж, аливаа зүйлийн эхлэлийг тавих боломжийг олгодог гэдгийг мартуузай. Мөн тус өдөр Сугар гараг урагшлах хөдөлгөөн хийх ба энэ үеэс эхлэн өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх, хүссэн зүйлээ худалдан авах, шинэ юмс сурч мэдэх хэрэгтэй. Нөгөөтээгүүр өөрийн харилцаа хандлага дээрээ анхаарч, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй.

Сарын дундад Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийх ба энэ үйл явдал нь таны амьдралд маш олон өөрчлөлтийг өгнө. Иймд өөртөө итгэлтэй байж, шинээр төрсөн бүтээлч санаагаа хэрэгжүүлж, бусдад өөрийгөө батлан харуулаарай. 19-ний өдөр нар үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр эрүүл мэнд, хоол хүнс, санхүүгийн асуудал, ажил карьертай холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Сарын сүүлээр буюу 27-ны өдөр шинэ сар үхрийн ордод гарснаар танд санхүүгийн шинэ эх үүсвэрийг бий болгох боломж олдоно.


ҮХЭР

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 2)

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөнийг загасны ордод хийнэ. Ингэснээр санхүүгийн асуудлууд тань зөв чиглэлд орж, шийдвэрлэгдэх боломжтой болно. 12-ны өдөр сар битүүрч жинлүүрийн ордод гарах ба энэ үеэр эрүүл мэндтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Нөгөөтээгүүр тус өдөр Сугар гараг урагшлах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр өөрийн зорилго тэмүүлэл, санхүүгийн байдал, хэтийн төлөвлөгөө зэргээ тодорхойлж, ухаалаг алхам хийхийг хичээгээрэй.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр танд өмнө нь төлөвлөж байсан ажлуудынхаа эхлэлийг тавих боломж олдоно. Цаашлаад 18-нд Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийж байгаа бөгөөд энэ үеэр өөрийн дотоод хүнээ сонсож, уур бухимдал стрессээ хянаж, гэр бүлийн амьдрал дээр үүсэж болзошгүй маргаанаас зайлсхийгээрэй. Харин сарын сүүл буюу 27-ны өдөр шинэ сар үхрийн ордод буюу таны ордод гарснаар санхүүгийн үүд хаалга тань нээгдэх шинжтэй байна.

ИХЭР

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 3)

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийснээр та шинэ боломжуудыг олж харж, амьдралыг илүү өөдрөгөөр харж эхэлнэ. Харин 12-ны өдөр бүтэн сар жинлүүрийн ордод гарах үеэр илүү зоригтой алхмууд хийж, бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлэхийг хичээгээрэй. Мөн тус өдөр Сугар гараг урагшлах хөдөлгөөнийг хийх бөгөөд энэ нь таныг харилцаа холбоо, ажил карьер, санхүүгийн байдал зэрэг дээр тань эерэг өөрчлөлтүүдийг өгөх болно.

Сарын дундад Буд гараг байршлаа сольж хонины ордод ирснээр танд шинэ харилцаа, шинэ ажил, шинэ бүхний эхлэлийг тавих таатай боломжийг олгож байна. Ангараг гараг арслангийн орд руу 18-ны өдөр шилжих хөдөлгөөн хийнэ. Ингэснээр ажил болон гэр бүлийн асуудал анхаарлын төвд орж эхлэх учир дорвитой шийдвэрүүдийг гаргаж, аливаа асуудалд ухаалгаар хандахыг хичээгээрэй. Сарын сүүлд буюу 30-ны өдөр Сугар гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр зорилго зорилтууд тань илүү тодорхой болж, аливаа үл ойлголцлуудыг засаж залруулахад таатай үе ирснээр дөрөвдүгээр сар өндөрлөж байна.

МЭЛХИЙ

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 4)

Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Буд гараг урагшлах хөдөлгөөнийг загасны ордод хийнэ. Ингэснээр өмнө тань тулгараад байсан аливаа асуудлын гарц гаргалгаа тун хялбархан олдоно. 12-ны өдөр сар битүүрэх үед гэр бүлийн дотоод уур амьсгал дээрээ илүү анхаарал хандуулж, үр хүүхэдтэйгээ сайтар ярилцахыг хичээгээрэй. Мөн энэ өдөр Сугар гараг урагшлах хөдөлгөөн хийх учир бусадтай эвтэй харилцаж, үл ойлголцол үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Буд гараг хонины орд руу урагшлах хөдөлгөөн хийснээр ажил, амьдрал болон санхүүтэй холбоотой зүйлсээс үүдэн та бага зэрэг стресс мэдрэх хандлагатай байна. Иймд энэ үеэр мөнгө санхүүгээ зөв тооцоолж, үрлэг зарлагаа хянаарай. 19-ний өдөр нар байршлаа сольж үхрийн орд руу орох үеэр дотоод хүнээ сайтар сонсож, ирээдүйн төлөвлөгөөгөө тодорхойлоорой. Сарын сүүлээр шинэ сар гарах үеэр ухаалаг шийдвэр гаргаж чадвал санхүүгийн үүд хаалга тань нээгдэж, азтай боломжуудаар тэтгэгдэж эхэлнэ.

АРСЛАН

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 5)

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Санчир гараг таны ордод эерэг холбоосыг үүсгэж өгнө. Ингэснээр ажил, карьер дээр тань эерэг өөрчлөлтүүд ирэх боловч сэтгэл санааны хувьд бага зэрэг тогтворгүй болж, стресс мэдэрч магадгүй. Цаашлаад 7-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үеэр санхүүгийн байдал тань дээшилж, эрч хүчээр цэнэглэгдэж эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бүтэн сар жинлүүрийн ордод гарахын зэрэгцээ Сугар гараг урагшлах хөдөлгөөнийг загасны ордод хийнэ. Ингэснээр та харилцаа холбоо, хайр сэтгэлийн тал дээр илүү шийдэмгий болж эхлэх бөгөөд хостой арслангийн ордныхон хайрттайгаа илүү сайн ойлголцох боломж бүрдэнэ. Харин ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцах, болзох боломж өндөр байна.

Сарын дундад Буд гараг шилжих хөдөлгөөн хийснээр тулгамдаад байсан асуудлуудын гарц гаргалаа олдож, та амьдралыг илүү өөдрөгөөр харж эхэлнэ. Харин сарын сүүлээр буюу 27-ны өдөр шинэ сар үхрийн ордод гарснаар аз завшаан, гайхалтай зүйлсээр дүүрэн боломжууд таны амьдралд тохиох хандлагатай байна.

ОХИН

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 6)

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөнийг загасны ордод хийнэ. Ингэснээр та амьдралаасаа ямар хүмүүсийг явуулах хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авах болно. Харин 12-ны өдөр бүтэн сар жинлүүрийн ордод гарснаар санхүүгийн байдал тань дээшилж эхэлнэ.

Сарын дундад Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр гэнэт ядрах, стресс мэдрэх магадлалтай учир дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, өөрийгөө амраах хэрэгтэй. Мөн энэ үеэр сэтгэлийн хөөрлөөр, огцом шийдвэр гаргахгүй байх, олон ажлыг нэгэн зэрэг төлөвлөхгүй байхыг анхааруулж байна. 19-ний өдөр нар үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр охины ордныхон урам зоригоор тэтгэгдэж, өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авна. Сарын сүүлээр шийдвэрлээгүй байсан асуудал, ажлууд эргэн анхаарлын төвд орж ирэх учир ажлаа сайтар төлөвлөж, ухаалаг шийд гаргаарай.

ЖИНЛҮҮР

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 7)

Дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн ажил үйлс дээр тань саад болоод байсан асуудлууд аажмаар багасаж эхэлнэ. Нөгөөтээгүүр 7-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх ба энэ үеэр эрүүл мэндээ анхаарах шаардлагатай. 

Сарын дундад буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр хэтийн зорилгоо тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргаж чадвал таны өмнө гайхалтай боломжууд нээгдэх болно. Харин 19-ний өдөр нар үхрийн орд руу орох үеэр дотоод оюун санаагаа чөлөөлж, айдсаа даван туулж чадвал таны бодсон санасан бүх зүйл саадгүй бүтэх хандлагатай байна. Сарын сүүлээр шинэ сар үхрийн ордод гарснаар дотоод сэтгэл зүй, оюун санаагаа чөлөөлж, өөртөө амралт өгөхийг хичээгээрэй.

ХИЛЭНЦ

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 8)

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөнийг хийх бөгөөд таны амьдралд тулгараад байсан асуудлууд цэгцэрч, илүү тэнцвэртэй болж ирнэ. Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сар жинлүүрийн ордод битүүрнэ. Энэ үеэр дотоод хүнээ сайтар сонсож, зөн совингоо дагахыг хичээгээрэй. Мөн энэ өдөр Сугар гараг урагшлах хөдөлгөөнийг хийж байгаа ба үр хүүхэдтэй хилэнцийн ордныхон тэдэндээ анхаарал хандуулахын зэрэгцээ та өөрийнхөө дуртай зүйлд цаг зав гаргахыг хичээгээрэй.

Сарын дундад буюу 16-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр чухал уулзалт зохион байгуулах, гэрээ хэлэлцээр хийх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Харин 27-ны өдөр шинэ сар үхрийн ордод гарах үеэр шинэ хобби туршиж үзэх, шинэ зүйл сурах, шинэ хүнтэй танилцахад тун таатай. Сарын сүүлд буюу 30-ны өдөр Сугар гараг хонины орд руу эргэн орж ирэх ба энэ үеэр санхүүгээ сайтар хянаж, үрлэг зарлагаа тооцоолох шаардлагатай.

НУМ

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 9)

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Санчир гараг Тэнгэрийн ван гарагтай эерэг холбоосыг тогтооно. Энэ үеэр өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонсож, зоригтой шийдвэр гаргаж чадвал нумын ордныхныг маш амжилттай, гайхалтай боломжууд хүлээж байх болно. Цаашлаад 7-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх ба орон гэртэй холбоотой саад бэрхшээлүүдийн гарц гаргалгаа олдоно.

Сарын дундад бүтэн сар гарах үеэр өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ эргэн нэг харж, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байна вэ гэдгээ дахин тунгаавал зохистой. Мөн энэ өдөр Сугар гараг урагшлах хөдөлгөөн хийж байгаа ба нумын ордныхны хувьд хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Дөрөвдүгээр сарын 16-нд Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэхүү шилжих хөдөлгөөний үеэр гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Цаашлаад сарын сүүлээр Ангараг гараг арслангийн орд руу орсноор урт хугацааны турш бодож төлөвлөж явсан зүйлийнхээ эхлэлийг тавих боломж олдоно. Нөгөөтээгүүр эрүүл мэнддээ анхаарч, ажил дээрээ хянамгай байх хэрэгтэй гэдгийг гараг эрхэс танд сануулж байна.

МАТАР

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 10)

Дөрөвдүгээр сарын 4-нд Санчир гараг Тэнгэрийн ван гарагтай эерэг холбоосыг тогтоосноор матрын ордныхны харилцаа холбоо, санхүүгийн байдал, итгэл үнэмшил гэхчлэн зүйлс дээр эерэг өөрчлөлтүүд гарна. Харин 12-ны өдөр сар жинлүүрийн ордод битүүрэх ба энэхүү үйл явдал нь таны ажил карьерт эерэг өөрчлөлтийг авчрахын зэрэгцээ та хийж буй ажлаасаа гайхалтай үр шимийг хүртэх болно.

Сарын дундад буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр өмнө нь анзаараагүй үлдээсэн чухал зүйлсийг олж харахын зэрэгцээ дуусгаагүй байсан ажлуудаа цэгцлэх боломж олдоно. Мөн гэр бүлийн харилцаа илүү халуун дулаан болж ирнэ. Харин ганц бие матрын ордынхон шинэ харилцаа үүсгэхэд тун таатай үе ирж байна. Цаашлаад нар үхрийн орд руу орох үеэр зоригтой шийдвэр гаргах, бусдыг манлайлах зэрэг үйл хэрэг идэвхэжнэ. Харин аливаа асуудлыг даван туулахын тулд бусдад худал хэлэх, заль мэх ашиглахаас зайлсхийгээрэй.

ХУМХ

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 11)

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Санчир гараг Тэнгэрийн ван гарагтай эерэг холбоосыг тогтоож байна. Энэхүү үйл явдал нь хумхын ордныхны амьдралд тохиолдоод байсан саад бэрхшээл, аливаа асуудлыг туулахад таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх болно.

Цаашлаад сарын дундад бүтэн сар гарснаар өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх, өөртөө цаг гаргах боломж олдоно. Дөрөвдүгээр сарын 18-нд Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр ажил үйлс тань цэгцэрч, санхүүгийн үүд хаалга тань нээгдэх болно. Нөгөөтээгүүр энэ үеэр бусадтай зөрчилдөж, маргаан үүсгэхээс зайлсхийгээрэй. Мөн гэр бүлийн хүнтэйгээ харилцах харилцаан дээрээ илүү анхаарал хандуулж, хамтрагчдаа халуун дулаан хандахыг хичээгээрэй. Харин сарын сүүлээр санхүүгийн байдалдаа илүү анхаарч, үрлэг зарлагаа сайтар тооцоолох хэрэгтэй. 

ЗАГАС

Дөрөвдүгээр сарын зурхай: Зорилго тэмүүллээ тодорхойлж, ухаалаг шийдвэр гаргах үе ирлээ (фото 12)

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Буд гараг загасны ордод буюу таны ордод урагшлах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр ажил, карьер дээрээ илүү шийдэмгий алхмуудыг хийх хэрэгтэй.

Сарын дундад буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр харилцаа холбоо, санхүүгийн байдал дээр тань эерэг өөрчлөлтүүдийг татаж өгнө. Харин 18-ны өдөр Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд эрч хүч тань нэмэгдэж, бусадтай өрсөлдөх хүсэл тэмүүллээр жигүүрлэгдэнэ. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр нар үхрийн орд руу орох үеэр шинэ санаа, төлөвлөгөө боловсруулах, цаашлаад түүнийгээ ажил хэрэг болгох, хүмүүстэй хамтран ажиллахад таатай үе тохиож байна. Харин сарын сүүл буюу 27-нд шинэ сар үхрийн ордод гарахад та хийж буй ажлаа илүү өргөжүүлж, нэмэлт орлоготой болох боломжтой. Мөн энэ өдөр аливаа зүйлсийн эхлэлийг тавихад нэн тохиромжтой учир хийхийг хүсэж байсан ажлаа заавал эхлүүлээрэй.


Энэ сарын онцлох өдрүүд:

Дөрөвдүгээр сарын 7
Буд гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 9
Нар үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 12
Бүтэн сар жинлүүрийн ордод гарна. Сугар гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 16
Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 18
Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 27
Шинэ сар үхрийн ордод гарна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх