Хайх

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг

Нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм өндөр үнээр зарагдсан уран бүтээлүүд

Text: Buro.Mongolia


"Salvator Mundi" буюу “Дэлхийг аврагч”, Леонардо Да Винчи (450,3 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 1)

2017 онд Christie's компанийн дуудлага худалдаагаар Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн уг уран зураг 450,3 сая ам.доллараар худалдаалагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоосон билээ. Удаан хугацааны турш устаж, үгүй болсон хэмээн тооцогдож байсан "Salvator Mundi" бүтээлд хөх өнгийн өмсгөлтэй Есүс Христ баруун гараараа адислаж, зүүн гартаа бөмбөлөг барьснаар дүрслэгдсэн байна. Энэхүү уран зургийн дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 100 сая ам.доллараар тогтоосон бөгөөд оролцогчид 19 минутын турш үнэ хаялцсаны эцэст уг бүтээл нь 450,3 сая ам.доллараар эзэндээ очсон гэдэг.

Эргэн сануулахад, Оксфордын их сургуулийн эрдэмтэн, түүхч Мэттью Ландрус уг зургийг Леонардо Да Винчигийн туслах Бернардино Луини зурсан болохыг мэдэгдэж байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

“Intercharge” буюу “Солилцоо”, Виллем де Кунинг (300 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 2)

Энэхүү зураг нь Нидерланд гаралтай зураач Виллем де Кунингийн бүтээсэн анхны абстракт хэв маягийн бүтээлүүдийнх нь нэг билээ. Уран бүтээлч тус ер бусын гэгч бүтээлдээ дайны дараах үеийн гутамшигт бодит байдлыг тусган харуулсан хэмээн онцолж хэлж байсан удаатай. “Intercharge” зураг нь 2015 онд Citadel гэх хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кеннет Гриффинд 300 сая ам.доллараар зарагдсан юм.

“The Card Players” буюу “Хөзөр тоглогчид”, Поль Сезанн (250 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 3)

Францын алдарт зураач Поль Сезан эрчүүдийн хөзөр тоглож буй таван уран зургийн цувралыг бүтээсэн билээ. Тус цувралын дөрөв нь Metropolitan Museum of Art, Musée d’Orsay, Courtauld, Barnes Foundation зэрэг дэлхийн томоохон музейд дэлгэгдсэн бол тав дах нь 2011 оныг хүртэл Грекийн тэрбумтан, уран бүтээл цуглуулагчийн эзэмшилд байсан юм. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө уг бүтээлээ Катар улсын хааны гэр бүлд зарсан байна.

“Nafea faa ipoipo” буюу “Чи хэзээ гэрлэх вэ?”, Поль Гоген (210 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 4)

Уран бүтээлч Поль Гоген анх Парист үнэт цаасны ажил хийдэг эгэл жирийн нэгэн байсан билээ. Гэвч тэрээр хотын уйтгартай уур амьсгал, амьдралын хэв маягаасаа залхан, Таити арал руу удаан хугацаагаар аялсан юм. Өмнө нь амьдарч байсан газраас нь эсрэг тэсрэг уур амьсгалтай арал дээр Поль өөрийн хувь заяагаа тодорхойлж чадсан бөгөөд улмаар зураач болохоор шийдсэн гэдэг. “Nafea faa ipoipo” зурган дээр Таити арлын хоёр бүсгүйг дүрсэлсэн бөгөөд нэг нь нутгийн уламжлалын дагуу цэцэг зүүсэн нь удахгүй нөхөрт гарах гэж буйг илэрхийлжээ. Тус бүтээлийг 2015 онд мөн л адил Катар улсын хааны гэр бүл 210 сая ам.доллараар худалдаж авсан юм.

“Number 17A” буюу “Дугаар 17А”, Жексон Поллок (200 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 5)

Жексон Поллок бол хамгийн алдартай абстракт экспрессионист зураачдын нэг билээ. Энэхүү бүтээлийг зурахын тулд тэрээр шалан дээр зотон даавуугаа байрлуулж, дээрээс нь өнгө өнгийн будаг цацжээ. Мөн аалзны тор мэт дүрсийг бийрээр биш харин модны мөчрөөр зурсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Тус зургийг “Intercharge” бүтээлийн хамтаар АНУ-ын тэрбумтан Кеннет Гриффин худалдан авсан байна.

“No. 6 (Violet, Green and Red)” буюу “Дугаар зургаа” (Нил ягаан, ногоон болон улаан), Марк Ротко (186 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 6)

Орос гаралтай АНУ-ын зураач Марк Ротко энэхүү абстракт бүтээлээ 1951 онд зурж байсан билээ. Тус уран зураг нь түүний бусад бүтээлүүдийн адил тэгш бус шугамтай, тод болон бараан өнгөнүүдээр дүрслэгдсэн юм. Дмитрий Рыболовлев энэхүү бүтээлийг 186 сая ам.доллараар худалдаж аван өөрийн урлагийн бүтээлийн арвин цуглуулгадаа нэмсэн байна.

“Wasserschlangen II” буюу “Усны могойнууд II”, Густав Климт (183,8 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 7)

Австрийн зураач Густав Климт энэхүү сонирхолтой тосон уран зургаа 1907 онд бүтээсэн билээ. Тэрээр энэхүү бүтээлдээ эмэгтэй хүний бие организмын эмзэг байдал болон ижил хүйстнүүдийн харилцааны сэдвийг тусгасан юм. “Wasserschlangen II” бүтээл нь анх Венийн торгоны үйлдвэрийн эзэн, нацистууд, Густавын хууль бус хүүхэд зэрэг хүмүүсийн эзэмшилд байсан бөгөөд хожим нь ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыболовлев нэрээ нууцалсан нэгэн хүнд худалдаалсан байдаг.

“Pendant portraits of Maerten Soolmans and Oopjen Coppit” буюу “Мартен Соолманс, Опьен Коппит нарын хөрөг”, Рембрандт ван Рейн (180 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 8)

Нидерландын нэрт мастер, сонгодог үеийн гол төлөөлөгчийн нэг Рембрандтын уг хос хөрөг 1877 оноос хойш баян чинээлэг Ротшильд гэр бүлийн өмч байсан юм. Хожим нь хоёр хөрөг зургийг Францын Луврын музей болон Нидерландын үндэсний музей хамтран худалдаж авсан бөгөөд 160 сая евро буюу тухайн үеийн ханшаар 180 сая ам.долларын үнийг хувааж төлсөн түүхтэй.

“Les Femmes d’Alger” буюу “Алжир эмэгтэйчүүд” цувралын “O Хувилбар”, Пабло Пикассо (179,4 сая ам.доллар)

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 9)

Пабло Пикассогийн энэхүү өвөрмөц зургийг Катар улсын хааны гэр бүл 2015 онд худалдаж авсан бөгөөд тус хувилбар нь 15 ширхэг цуврал цуглуулгын нэг билээ. Урлагийн мэргэжилтнүүд энэхүү хувилбарыг цувралын шилдэг бүтээлээр тооцдог байна.

“Nu couché ” буюу “Хэвтэж буй нүцгэн эмэгтэй”, Амедео Модильяни (170,4 сая ам.доллар) 

Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг (фото 10)

Энэхүү олны дунд шуугиан дэгдээж байсан уран зургийг Италийн зураач Амедео Модильяни 1917 онд зурсан билээ. Тухайн үедээ хэт эрээ цээргүй хэмээн ад үзэгдэж байсан уг бүтээл бүтэн зууны дараа 170,4 сая ам.доллараар үнэлэгдэж, 2015 онд Christie's дуудлага худалдаагаар Хятадын бизнесмен Лю Йицяны гарт очсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх