Michel & Amazonka брэндийн дизайнер Амазонкагийн Playtime-д зориулан гаргасан бүтээлч ажил
PLAYTIME EDITION 2022
Монголын загвар төдийгүй хөгжмийн ертөнцөд үргэлж л шинэ соргог мэдрэмж, өнгө аясыг бий болгож түүчээлсээр ирсэн Michel & Amazonka брэндийн дизайнер Амазонка (Ч.Нямханд) Playtime хөгжмийн наадмын 20 жилийн ойд зориулан нэгэн бүтээлч ажлаа танилцууллаа. Бүтээлч ажлынхаа хүрээнд тэрээр домогт Хурд хамтлагийн Цогоо, сүүлийн үед өвөрмөц дүр төрх, хөгжмийн хэмнэлээрээ танигдаж буй уран бүтээлч 168, загварын Velin сэтгүүл болон Buro. Mongolia-ийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, Nisvanis хамтлагийн Амгаа, Playtime наадмын үүсгэн байгуулагч, продюсер, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдорж, Growl of Clown хамтлаг гээд Монголын хамгийн сор болсон эрхмүүдийг урьж оролцуулан нэгэн сонирхолтой зураг авалт хийжээ.
Амазонка нь өмнө нь Starfish хамтлагийн дуучин байсан бөгөөд 2006-2009 оны хооронд Playtime фестивальд оролцож байсан билээ. Тэрээр хөгжим болоод загварт чин сэтгэлээсээ хайртай төдийгүй уг хоёр салбар нь салшгүй оршин тогтнож байдаг гэдгийг илэрхийлэх зорилгоор ийнхүү өөрийн санаачилгаар нэгэн мэдрэмж хөглөсөн бүтээлч ажлаа хийж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ зурагчин Төмөрбаатар, мэргэжлийн мейкап артист Наранбилэг болон Matrix салоны Амараа гэсэн баг бүрэлдэхүүнтэй зураг авалтад оролцох гол дүрүүдээ судалж, сонгожээ. “Зураг авалтад оруулахыг хүссэн бүх хүмүүсээ оролцуулж, тэдэнтэйгээ хамтарч ажилласандаа маш их баяртай байна. Бүх талаараа олон төрлийн хүмүүсийг хамарсан ажил болсон. Мөн бүх дүрүүддээ амьд хөгжмийн рок уур амьсгалыг шингээж чадсан” хэмээн тэрээр хуваалцлаа.
Ангууч (Б.Баттөр, Холимог тулааны тамирчин)
Г.Билгүүн (Модель)
Зарим дүрүүдийн онцлогийг тайлбарлахдаа Амазонка “Ангууч болон Билгүүн хэрэв гаднын рок одууд байсан бол ингэж л харагдах байсан байх гэсэн төсөөллөө буулгахад үнэхээр л бид өөрсдийн биеэ ийм гоё авч яваад, хөгжим бүтээвэл дэлхий ч биднийг олж харах юм шиг санагдсан” хэмээсэн юм.
О.Төмөрбаатар (Зурагчин)
“Харин Төмөрбаатарын зургийг ихэнх хүмүүс хүчирхийлэлтэй холбоотой гэж харсан. Гэхдээ тийм биш. Залуус хөгжмийн аян дээр хоорондоо хөөрч ноцолдоод, нэг ёсондоо барилдаж кайф мэдэрч байгааг харуулсан. Энэ нь mosh буюу рок тоглолт дээр олон хүн цугларч, бие биетэйгээ түлхэлцэж буй мэт харагддаг бүжиг юм. Энэ бүжгээс маш их адреналин мэдэрдэг тул та бүхэн ч мөн энэ бүжгийг оролдоод үзэхэд илүүдэхгүй, их хөгжилтэй байдаг шүү”.
У.Нинж (Модель)
“Michel & Amazonka-с гаргаж байгаа Mishka Zonka хүүхдийн хувцасны брэндийн бяцхан модель охин олны анхаарлыг их татсан. Playtime бол хүүхдэд ээлтэй, насны хязгааргүй хөгжмийн наадам бөгөөд энэ жил тусгайлан хүүхдийн хэсэг нээгдэж байгаа учраас хүүхэд cover дээр байх нь зөв гэж бодсон”.
Tomi, Jerry (Моделиуд)
“Tomi болон Jerry эгч дүүс бол Playtime наадамтай салшгүй холбоотой ажилладаг өвөрмөц дүр төрхтэй ба бүтээлч байдлаараа бидний хайрыг их татсан хүмүүс. Дизайнер юу хүсэж байгааг мэдэрч, мэргэжлийн түвшинд ажилладаг, чадвартай залуус билээ”.
Ө.Содгэрэл (Velin, Buro. Mongolia)
“Содгэрэл эгч маань хэр баргийн сурталчилгаанд ороод байдаггүй, олон газар түүнийг өөрийн сурталчилгаандаа оруулж чаддаггүй ийм үнэ цэнтэй хүн окей гэсэн хариуг өгөхөд итгээгүй. Бидэнд итгээд оролцсонд нь үнэхээр их баярласан".
Б.Ерөөлт (Tattoo artist)
“Бүтээлч ажил гэдгийг ойлгохгүй хүмүүс шууд утгаар нь Ерөөлтийн зургийг хараад ‘Энэ одоо Playtime-д явах биш, дайнд явах гэж байгаа юм биш үү’ гэж шүүмжилсэн. Хүмүүсийг доргиож, сэтгэлд нь хүрэх хөгжмийг хийнэ гэдэг алаан байдаг гэсэн төсөөллийг буулгах гэсэн цаад санаа байгаа юм шүү”.
Б.Энэрэл (Интерьер дизайнер)
Б.Мишээл (Модель)
Д.Төмөрцог (Хурд)
Б.Нинж (Модель)
Л.Энх-Амгалан (Nisvanis)
Д.Гэрэлмаа (Жүжигчин, DJ)
Ц.Нацагдорж (Playtime наадмын үүсгэн байгуулагч)
Амазонка (Дизайнер)
Харин The colors хамтлагийн гишүүн Г.Тогтууны cover зургийг орчин үеийн залуусын сонирхолд илүү нийцүүлж, сонирхолтой байлгах үүднээс мультимедиа моушн дизайнер Нямдаваатай хамтарч 3D хөдөлгөөнд оруулжээ. Уг зураг нь олны зүгээс их хандалт авч, загвар болон хөгжмийн хоршлыг улам бүтээлч байдлаар илэрхийлж чадсан юм.
"Зураг авалтаа хараад бүгд жаргалтай байсан. Жаргаж ажиллана гэж юу болохыг мэдэрсэн" - Амазонка.
Сэтгэл булааж, бишрэл төрүүлэх энэхүү зураг авалт нь үгээр илэрхийлж, үсгээр бичиж боломгүй мэдрэмжүүдийг бэлэглэж, зураг тус бүр нь залуу үеийн хүчтэй төлөөлөл, шинэ үеийн өвөрмөц бүтээлч сэтгэлгээг илэрхийлж, бидний гал цогийг бадрааж чадлаа.
Арт директор & Стилист: Амазонка
Зурагчин: Төмөрбаатар
Нүүр будалт: Наранбилэг (Anara’s Makeup)
Үс засалт: Амараа (Matrix)