Хайх

Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ

Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ

“Би өөрчлөгдөж байгаа. Тэр нь ч надад таалагдаж байна”

Interview: Ө.Тодгэрэл


Стилист: Ө.Содгэрэл
Үс: М.Баяржаргал
Нүүр будалт: О.Наранбилэг
Зураг: О.Төмөрбаатар

Загвар, гоо сайхан, амьдралын хэв маягийн талаар бичих, жилд хоёр удаа гарах, 200-с дээш нүүр бүхий Velin хэвлэмэл сэтгүүлийн анхны дугаарын Cover Star Б.Ялгуунтай хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Velin сэтгүүлийн хоёр дахь дугаар худалдаанд гарсан бөгөөд Good Price сүлжээ дэлгүүр, Internom-ын салбар дэлгүүрүүд болон Shoppy.mn сайтаас худалдан аваарай.

Яг одоо цайны цаг буюу өдрийн нэг цаг өнгөрч байна. Ялгуун бид хоёр ярилцлагаа хийнгээ шинэ газар туршиж үзэх зорилгоор манай ажлын долоон давхарт байрлах Lantern рестораны тусгай хаалттай хэсэгт суулаа. Цэлгэр том цонхнуудаар нар тусаж, гадаа ч зун гэмээр халуун өдөр байсан хэдий ч бид хоёул үл ялиг даарч, хэн хэн нь маш бээрэг гэдгээ олж мэдлээ. “Миний гар үргэлж л хүйтэн байдаг. Чинийх бас тийм үү? Төмөр ихтэй хоол хүнс ид гэдэг юм байна лээ” гээд найз залуугийнхаа хар бомберыг өмсөн ирсэн тэрээр бомбероо тайлалгүй мөрөн дээрээ тохож захиалгаа өгөхөөр хоолны цэс рүү харлаа.

Сэтгүүлч хүний хувьд ярилцлага хийх гэж буй хүнээсээ шалтгаалан хааяа сандрах, эсвэл бие барих гээд төрөл бүрийн мэдрэмж авдаг ч Ялгуунтай уулзахын өмнө найзтайгаа уулзах гэж байгаа мэт л тайван, бүр таатай гэж хэлж болом хүлээлттэй байсан юм. Энэ нь бидний анхны хэвлэмэл сэтгүүл, анхны дугаар, анхны cover story гээд хамгийн хариуцлагатай, чухал ярилцлага гэдгийг ухаарч байсан ч нэг л тийм хөнгөн мэдрэмжээр дүүрэн байлаа. Үүний учир нь би Ялгуунтай өмнө нь нэгэн зураг авалт дээр хамтран ажиллаж байсны хувьд түүнийг багахан хэмжээнд таньж амжсан юм. Тэр үед өвөл болох дөхчихсөн, цаг агаар хүйтэн, харин бид бүхэл өдрийн турш гадаа, тухгүй орчинд зураг авалтаа хийсэн. Тэгэхэд Ялгуун үргэлж инээмсэглэсээр ажлаа маш мэргэжлийн түвшинд гүйцэтгэж дуусгасан нь сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Ер нь тэрээр хамт байхад тайван, юу ч ярьсан чөлөөтэй, цаанаасаа л дулаан мэдрэмж өгдөг нэгэн.

Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ (фото 1)

Ингээд түүний дотоод ертөнц рүү өнгийх зорилгоор яриагаа зурхай гэх хөнгөн сэдвээр эхлүүлэхэд, “Манай найз Ниймаа зурхайн ордуудын талаар ярьсаар байгаад би сүүлдээ итгэдэг болчихсон. Нээрээ сүүлд би аураны талаар судалдаг болоод, саяхан өөрийнхөө аураг үзүүлсэн” хэмээн хуваалцахын зэрэгцээ хонины орд болохоо хэллээ. “Аурагаа үзүүлэхэд намайг энергийн донор гэж тодорхойлсон. Тэгэхээр олонд хандсан юм хийвэл илүү тохиромжтой юм билээ. Жүжигчин, багш, эсвэл телевизийн ажил ч юм уу. Өнгөний хувьд одоогоор хөх ягаан өнгө давамгайлж байна лээ, гэхдээ энэ нь өөрчлөгдөөд явдаг гэсэн” хэмээн Ялгуун тайлбарласан юм. Хөх ягаан өнгө нь оюун ухаан хүчтэй байгааг, зөн совин болон мэдрэмжээ дагадгийг илтгэхээс гадна бие даасан байдлыг ч бас хэлнэ. Ялгууны ээж багад нь ажлаар АНУ-ыг зорих хэрэг гарснаар тэрээр эмээ, өвөө дээрээ өсөж, 17 нас хүрмэгцээ загвар өмсөхөөр гадагшаа явж, биеэ дааж эхэлсэн. “Би ер нь л ганцаараа байгаад сурчихсан, өөрийгөө болгоод л явчихдаг”.

Загварын салбар хатуу, моделийн мэргэжил өрсөлдөөнтэй, ганцаардмал, хааяа бүр токсик гэх ойлголтууд түгээмэл ч Ялгууны амнаас гомдоллосон үг ярилцлагын турш нэг ч унасангүй. “Мэдээж гэрээ санана, хааяа зүгээр л залхана. Тэр олон сонгон шалгаруулалтад яваад яг юу ч хийгээд байгаа юм гэж бодох үе байна. Гэхдээ тэр үед би олон найзтай, тэдэнтэйгээ ч хамт цагаа таатай өнгөрүүлдэг байсан болохоор айхтар шаналаад байгаагүй. Би тийм төрлийн хүн биш юм байна лээ. Заримдаа манай өрөөний охид утсаар яриад гэрээ санаж байна гээд уйлдаг байсан. Би тэгэхэд нь тэгвэл яагаад ирсэн юм бол гэж гайхдаг. Миний хувьд ганцаардсан үедээ гараад дэлгүүр хэсээд, хотоор алхаад л өөрийгөө сатааруулчихдаг байлаа” гэв. Энэ мөчид бидний захиалсан хоол ирж, хэсэг даарч байсан Ялгуун одоо л дулаацсан бололтой гадуурх хувцсаа тайлаад тавилаа. Тэрээр дотор нь нэг мөртэй энгийн цагаан майка, Salvatore Ferragamo-гийн хар шулуун өмд болон Acne Studios-ийн богино түрийтэй өсгийгүй хар арьсан гутал өмсөж, натурал бор өнгийн чёлкатай үсээ задгай тавьж нүүрээ будаагүй харагдлаа. Ер нь л Ялгууныг мэдэх хүмүүс түүний натурал, "tomboy" төрхийг андахгүй байх. Гэхдээ Ялгуун сүүлийн үед стиль нь ч тэр, зан ааш нь ч тэр өөрчлөгдөж байгааг дурдсан бөгөөд тэр талаар өрнүүлсэн сонирхолтой яриаг харин хэдэн доголын араас үргэлжлүүлье.

Хавчтай ногооны салаат, яргай загас болон хийжүүлсэн ус захисан тэрээр үргэлжлүүлэн анх загвар өмсөж байсан үеэ дурслаа. “Тэр үед нас бага, юмны учрыг сайн мэддэггүй байсан. Төв агентлаг миний орлогоос 30%-ийг нь авна. Үүнээс гадна өөр улс руу очиж ажиллахаар бол тухайн оронд харьяалагдах агентлагтаа бас тодорхой хувь өгнө, бас жишээ нь Европт засгийн газарт 20%-ийн татвар төлнө. Ингээд гар дээр ойролцоогоор 40% л ирнэ. Тэгээд болоогүй портфолио, комп карт гэх мэт янз бүрийн материал гаргаж өгнө гээд нэмэлт төлбөрүүд авна. Туршлагагүй, залуу моделиуд бол ашиглуулдаг гэх юм уу” хэмээн ярих ч өөрт нь тэр үед аялах нь хамгаас гоё, энэ бүхэн тийм ч чухал байгаагүй гэлээ. “Ер нь би дандаа л азтай байсан юм шиг. Үргэлж гоё охидтой нэг гэрт хуваарилагдаж, хөөрхөн найзуудтай болдог байсан. Заримтай нь одоо ч найзууд хэвээр”.

Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ (фото 2)
Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ (фото 3)

Мэдээж загварын салбар охидыг буруу зүйлс рүү уруу татах, ямар нэгэн дарамт үзүүлэх, сэтгэлзүйн хувьд хүнд байлгах зэрэг асуудлууд үргэлж байсаар ирсэн, энэ нь салбарын нэгэн хар бараан тал гэдгийг Ялгуун хүлээн зөвшөөрсөн ч бүх юм үргэлж өөрөөс нь л шалтгаалдгийг онцолж хэлсэн юм. “Өөрөө ямар бодолтой байна гэдэг л чухал. Буруу хүнтэй уулзсан ч цаанаасаа энэ болохгүй хүн байна, одоо харих ёстой юм байна гэсэн мэдрэмжээ сонсож чаддаг бол асуудал үүсэхгүй. Яах вэ санамсаргүйгээр буруу нөхцөл байдалд орсон тохиолдлууд байдаг байх. Би азтай байж сайн хүмүүстэй учирдаг байсан, бас хажуугаар нь зөн совингоо ч сонсож чаддаг байсан”.

Анх 16 насандаа ангийн найзаа дагаад загварын агентлагт бүртгүүлсэн Ялгуун хамгийн анхны зураг авалтаараа шууд л Гялбаа сэтгүүлийн нүүр дээр гарч, төд удалгүй зүгээр л уйдсандаа оролцсон сонгон шалгаруулалтдаа тэнцэж, Ariunaa Suri-гийн Японд болох шоунд алхахаар болсон байдаг. “Гэнэт л баахан миний нүүртэй сэтгүүлүүд гараад, манай найзууд баяр хүргэж эхэлсэн. Дараа нь анхны удаагаа загвараар гадагш аялахаар болж тэр үед л энэ мэргэжилд дурлачихсан” хэмээн ярин суух Ялгууны нүд гялалзаж загварт чин сэтгэлээсээ хайртай болох нь илт байлаа. “Би ер нь урлагийн хүмүүстэй хамт байх дуртай. Загварын салбарынхан нээлттэй, гоё сэтгэхүйтэй хүмүүс байдаг, гоё зүйлс ч бүтээдэг. Харин би нэг хэсэг нь болоод хамтдаа тэр зүйлийг бүтээж байгаа минь надад хамгийн гоё”.

Хэдхэн жилийн өмнө Ялгуун Монголоос олон улсад гарч, тансаг зэрэглэлийн салбарт амжилт үзүүлж явсан хоёр гуравхан моделийн нэг байсан. 2016 болон 2017 онуудад түүний карьер эрчимтэй өсөж Миланы IMG Models-той гэрээтэй ажиллан, компаниас олгох жолоочийн хамтаар нэг өдрийн дотор Gucci, Dior зэрэг бүх л том брэндүүдийн сонгон шалгаруулалтад оролцож, нэг орноос нөгөө рүү нисдэг байсан завгүй үе нь саяхан мэт. Ингэж явахдаа тэрээр Stella Jean, Situationist брэндүүдийн тайзнаа алхаж, Marco de Vincenzo брэндийн зураг авалтад оролцож, тэдгээр зургууд нь Vogue дээр нийтлэгдэж байсан гээд багагүй амжилт гаргасан. Үүнээс гадна Индонезийн Elle, Harper`s Bazaar, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн зураг авалтад орж, Сингапурт зохиогдсон Chanel-ийн шоуны тайзнаа гарсан бөгөөд маш олон орнуудад амьдарч, ажиллаж, туршлага хуримтлуулсан. Мөн мэдээж Монголдоо байж болох бүхий л өндөрлөгт хүрсэн. Гэсэн ч түүнд илүү том мөрөөдөл байсан бөгөөд нэг мөчид нэг л хөгжихгүй, урагшлахгүй байгаа мэт зогсонги байдал мэдрэн загвараас түр завсарлага авахаар шийдсэн байна.

“Анх Миланд очихдоо их амбицтай байсан. Өдөржингөө кастингуудаар явж, кастинг бүрд 200 гаран моделийн хамт оролцдог байсан. Тэгэхэд ‘үгүй’ гэх хариулт авсаар сүүлдээ уйлах нь холгүй байсан үе бий. IMG-тэй гэрээ хийхээсээ өмнө олон жил энэ салбарт ажилласан байсан, Миланы дараа ч Грек, Турк, Тайланд, Солонгос гээд багагүй хугацаанд аялж, ажилласан. Тэгээд нэг л үед хэтэрхий удаан явсан мөртлөө юманд хүрэхгүй байгаа юм шиг санагдаж, шантарч эхэлсэн” хэмээн Ялгуун ярьсан юм. Гэхдээ түүнийг завсарлага авахад хүргэсэн нь шантрах гэхээс илүүтэй өөрийгөө давхар өөр чиглэлээр хөгжүүлэх хүсэл нь байжээ.

Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ (фото 4)

“Би үргэлж л өмнөхөөсөө илүү дээшилж, өөрийгөө хөгжүүлж, шат ахиж байхдаа сэтгэл хангалуун байдаг. Арван жилээ төгсөөд шууд загвараар явчихсан. Тийм болохоор тав, зургаан жил загварт ажилласны дараа одоо суръя гэсэн бодолтой Монголдоо ирсэн. Одоо зорилгодоо хүрч хичээлээ дуусгах нь хамгаас чухал байна. Энэ мэргэжлээрээ ажиллаж үзэхийг ч бас төлөвлөж байна. Гэхдээ загварыг би хаяхгүй. Энэ хүсэл мөрөөдлөө мартаагүй. Эхнээсээ хийх ёстой зүйлсээ хийгээд явна аа. Би эхлүүлсэн зүйлээ заавал дуусгана. Харин загвараар ажиллах, олон улсад гарах боломжууд ирээдүйд гарч ирэх байх гэж бодож байна” гэв. Ялгуун АССА буюу олон улсад итгэмжлэгдсэн, мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг авахаар одоо гурав дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд түүний нэг өдөр төв талбайн хажууд байрлах хичээлийн танхим болон гэр хоёрын хооронд л өнгөрөх болжээ. Зөвхөн нягтлан гэлтгүй байгууллагын бүтэц, эрх зүй, аудит гээд олон чиглэлд суралцаж байгаа тул зэргээ авсны дараа аудит гүнзгийрүүлж үзэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.


"Би өөрийнхөө явах замаар яваад тодорхой амжилтад хүрсэн. Тийм болохоор би өөрөө л хийж байгаа юмандаа итгэлтэй, аз жаргалтай байх юм бол хүмүүсийн юу гэх нь хамаагүй"


“Яг үнэндээ их хэцүү юм байна өө. Сүүлд би бага зэргийн сэтгэл гутралд орсон. Манай үеийнхэн бүгд мундаг ажил хийж байхад би одоо хүртэл сураад л. Би ийм хөгшин оюутан байснаас цаг тухайд нь хичээлээ төгсөөд дуусгачихдаг байж гээд хэсэг хугацаанд өөрийгөө гоочилж, хямарсан. Сүүлдээ ‘Ер нь хэнд хамаатай юм бэ? Би өөрийнхөө явах замаар яваад тодорхой амжилтад хүрсэн. Тийм болохоор би өөрөө л хийж байгаа юмандаа итгэлтэй, аз жаргалтай байх юм бол хүмүүсийн юу гэх нь хамаагүй’ гэж бодоод тоохоо больсон. Найз залуу маань бас энэ үед их дэмжсэн”.

Ялгууны хувьд ямар ч нөхцөл байдлыг харьцангуй өөдрөг нүдээр хардаг нь ярилцлагын явцад анзаарагдаж байсан юм. Нэг хөнгөн жишээ дурдахад, спиритуал зүйлсэд нэлээд сонирхолтой тэрээр нэгэн удаа Найрамдлын зүгт байдаг 10 хоногийн чимээгүй бясалгалд явсан гэнэ. Бясалгал хийхээр очсон хүмүүс утас, зурагт, ном гээд юу ч үзэж, уншиж болохгүйгээс гадна хоорондоо харилцаж болохгүй, үг дуугарах ч хориотой байж. Хэцүү байсан байхдаа гээд асуутал Ялгуун “Маш л их өлссөн. Өлссөөр л байгаад ирсэн” хэмээн инээгээд “Бусдаараа бол дасчихдаг юм байна лээ” гэсэн хэнэггүй хариулт өгсөн юм.

Ер нь л ингэлээ, тэглээ гэж гомдоллохгүй бүгдийг хатуужилтай даваад гарчихдаг нь түүний онцлог зан чанар бололтой. Тэрээр хүүхэд насаа дурсахдаа “Аав маань намайг дөнгөж нэг настай байхад өнгөрсөн. Гэхдээ би хэтэрхий жоохон байсан болохоор миний ой дурсамжид байдаггүй. Аавын фигурыг өвөө нөхчихсөн. Би царай, галбирын хувьд аавыгаа дуурайсан, зан ааш харин ээж шиг. Ээж маань залуудаа загвар өмсдөг байсан. Өндөр, царайлаг, бас хүмүүстэй хялбар ойлголцчихдог. Бид хоёр яг л найзууд шиг их дотно харилцаатай. Би мөн хоёр хөөрхөн дүүтэй, том нь Унгар улс руу сурахаар явчихсан, харин бага нь дөнгөж долоон настай. Би одоо цаг зав гарахаар дүүгээ л очиж эрхлүүлэх дуртай. Бас ээжийн минь нөхөр Баттөр ахдаа их хайртай” хэмээн гэр бүлээ танилцуулсан юм. Мөн өвөө, эмээ дээрээ эрхэлж өссөнөө инээмсэглэн ярьж, хүссэн бүхнээ хийдэг байснаа хэлэв. “Эрэгтэй хүүхдүүдтэй нийлээд л гадаа тоглож байдаг байсан. Сагсны секцэд бас явдаг, ер нь л нэлээд сахилгагүй хүүхэд байсан” гэлээ. Энэ ташрамд дурдахад, Ялгуун гэх нэрийг баатрын цол гэх билэгдэлтэйгээр түүний аав өгч байжээ.

Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ (фото 5)
Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ (фото 6)

Одоо харин Ялгуун чөлөөт цагаараа найз залуу болон хоёр нохойн хамт ууланд алхах дуртай. Найзлаад гурван жил болж байгаа тэд хамт амьдардаг бөгөөд Ялгууны хэлснээр “бие биеэ нөхөж” чаддаг аж. “Манай найз залуу зарчимч, би болохоор арай тайван. Бас их гэр бүлсэг, харин би багаасаа ганцаараа амьдарсаар тийм ч гэр бүлсэг биш байсан. Одоо би түүнээс гэр бүлтэйгээ ойр дотно байх үнэ цэнд суралцаж байгаа. Бүгд ойр ойрхон уулзаж, хамт хоол идээд их гоё дотно байдаг. Ер нь л найз залуу маань намайг их сайн ойлгож, дэмждэг” хэмээн хуваалцлаа. Хосууд одоо Бьёрн нэртэй америк акита, Бэмби нэртэй бельги малинос үүлдрийн ноходтой ба тэднийгээ яг л хүүхэд шиг хайрладаг. “Манай нохдын ертөнц зөвхөн бид хоёр гэж бодохоор л дэндүү хөөрхөн санагддаг. Бид хоёр авч тэжээгээгүй байсан бол өөр ямар ч хүн тэжээх байсан юм билээ. Хоёулаа нэг настай, ердөө гурван сарын л зөрүүтэй. Яана аа, хүүхдээ ярьж байгаа юм шиг” гээд инээв. Ялгуун бүх л чөлөөт цагаа нохдодоо зориулж, нохойн хандивт ч идэвхтэй оролцож, цаашид ч амьтдын асрамжийн газруудад туслаад явах зорилготой. Хүүхдийн хувьд харин гурван хүүхэдтэй болохыг хүсдэг ба “Охид ханьдаа хөөрхөн юм чинь том нь хүү байгаасай” гэлээ. “Хичээлээ дуусаад хоёр жилийн дараанаас хүүхэдтэй болно гэж төлөвлөж байна. Би хүүхдээсээ салж чаддаггүй ээж болох байх аа. Нохойгоо хүртэл гөлөг байхад нь хүнд үлдээж чаддаггүй байсан юм чинь”.

Харин ярилцлагын эхэнд дурдсан сэдэв рүү эргээд очиход, саяхан 26 нас хүрсэн Ялгуун сүүлийн үед багагүй өөрчлөгдөж байгаа юм байна. “Би өмнө нь илүү хэнэггүй байсан. Одоо харин хүлээцтэй, гэр бүлсэг болоод байна. Ирээдүйгээ ч их бодож байна. Хувцсан дээр ч хүртэл хэзээ ч туфли өмсөхгүй гэж боддог байсан мөртлөө сүүлд эмэгтэйлэг хувцасламаар санагдаад, даашинз, юбка л хардаг болчихсон. Энэ нь ч надад таалагдаж байгаа. Гэхдээ би өөрийгөө 100% олоогүй”.


“Гол нь загвар ч бай, юу ч бай зөв зүйл хийгээд явж байна гэсэн бодол байвал би аз жаргалтай юм байна гэдгээ ойлгосон."


“Гол нь загвар ч бай, юу ч бай зөв зүйл хийгээд явж байна гэсэн бодол байвал би аз жаргалтай юм байна гэдгээ ойлгосон. Өмнөх жилийнхээсээ нэг шат ахиад л яваад байвал болох нь тэр. Байгаа бүхэндээ аз жаргалтай, сэтгэлзүйн хувьд тайван, хайртай хүмүүстэйгээ хамт хөгжилдөж, урдах хийх ёстой юмаа хийж, хайрлах ёстой хүмүүсээ хайрлаж, бүгдийг нь тохируулаад, хүнд гай болохгүй, туслах хүндээ туслаад явж байвал л болоо. Түүнээс биш ийм амжилтад хүрч, мөнгөтэй болно гэдэг ч юм уу тийм бодол байхгүй. Дотроо тайван байж, хүмүүст ч гэсэн тайван, гоё мэдрэмж өгөхийг л хүсэж байна”.

Өнөөдрийн байдлаар Ялгууны хуваарь хичээл, шалгалтаар дүүрэн ч хааяа ганц, хоёр зураг авалт амжуулчихдаг, бас спортоо орхилгүй эрүүл мэнддээ анхаарсаар явна. “Би пилатисд орчихсон. Маш их үр дүн гарч байгаа. Өмнө нь балет, бокс гээд явж үзсэн ч нэг сар яваад л хаячихдаг байсан. Харин энэ удаад өөрийнхөө насан туршийн юмаа олчих шиг боллоо”.

Velin Cover Story: Б.Ялгуун амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ (фото 7)

Мөн тэрээр саяхнаас нэгэн шинэ хоббитой болсон талаараа “Нэхмэлийн утсаар хөнжил, эсвэл жижигхэн сав урлах ч юм уу. Тийм ч хэцүү биш, гэхдээ нямбай хийх шаардлагатай болохоор их цаг ордог. Би давгүй авьяастай юм байна лээ” хэмээн хуваалцсан юм.

Найз нөхдийн хувьд танилын хүрээ өргөн ч цөөн хэдэн дотнын найзтай, өөртэй нь ижил тайван, гэгээлэг хүмүүст татагддаг. Бас бодлын хүчинд итгэдэг, заримдаа Ногоон Дарь Эхийн тарни тавиад хүслээ бодон дотроо дагаж дуулдаг. “Эерэг зүйлс бодохоор биелээд байх шиг санагддаг. Би бас лаанд их дуртай. Сүүлд аураны лаа авчихсан. Долоон чакра дээрээ лаагаа бариад гүнзгий амьсгал авдаг. Үхэхээсээ өмнө заавал хаа нэг тийшээ өөрийгөө олох спиритуал аялал хийнэ гэж бодож байгаа”.

Гэхдээ загвараа орхихгүй биз дээ?

Мэдээж орхихгүй ээ, загвараас хэсэг холдчихоор л санаад байдаг.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх