Хайх

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд

Oasis, Blackpink, Бейонсе болон бусад

Text: Ц. Усанболор


2025 он урлагийн ертөнцөд онцгой жил болох төлөвтэй. Хамтлаг, дуучид шинэ цомгоо танилцуулахын зэрэгцээ шүтэн бишрэгчидтэйгээ аялан тоглолтоороо уулзахаар бэлтгээд байна. Coldplay, Metallica, Шакира, Blackpink, Билли Айлиш, Дуа Липа зэрэг дэлхийн хөгжмийн акулуудын тоглолтууд мянга мянган үзэгчдэд мартагдашгүй мөчүүдийг бэлэглэх нь гарцаагүй биз ээ. Ингээд энэ оны хуваарьт багтсан топ аялан тоглолтуудыг танилцуулж байна.


Кендрик Ламар, SZA – Grand National Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 1)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны дөрөвдүгээр сарын 19 – наймдугаар сарын 9

Хамрагдах улс орнууд: АНУ, Канад, Герман, Шотланд, Англи, Нидерланд, Франц, Уэльс, Португали, Испани, Итали, Польш, Швед.

Grand National Tour нь дуучин Кендрик Ламар болон SZA нарын хамтарсан аялан тоглолт юм. Энэхүү аялан тоглолт нь Ламарын зургаа дахь студийн “GNX” цомог болон SZA-ийн анхны “Lana” цомгийн сурталчилгааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа билээ. Тоглолт АНУ-ын Миннеаполис хотоос эхэлж, Шведийн Стокгольм хотод өндөрлөнө.


Кэти Перри – The Lifetimes Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 2)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны дөрөвдүгээр сарын 23 – арванхоёрдугаар сарын 7

Хамрагдах улс орнууд: Мексик, АНУ, Австрали, Канад, Чили, Аргентин, Бразил, Хойд Ирланд, Шотланд, Англи, Бельги, Герман, Дани, Франц, Унгар, Польш, Чех, Итали, Арабын Нэгдсэн Эмират.

Дөрвөн жил завсарлага авсны дараа Кэти Перри эргэн ирж, "143" нэртэй долоо дахь цомгоо танилцуулсан билээ. The Lifetimes Tour нь түүний тав дахь аялан тоглолт бөгөөд Мексикийн Мехико хотоос эхэлж, арванхоёрдугаар сарын 7-нд Арабын Абу-Дабид өндөрлөнө.


Бейонсе – Cowboy Carter Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 3)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны дөрөвдүгээр сарын 28 – долоодугаар сарын 26

Хамрагдах улс орнууд: АНУ, Англи, Франц.

Бейонсе энэ жил Grammy-ийн "Оны Шилдэг Цомог" шагнал хүртсэн "Cowboy Carter" хэмээх найм дахь цомгоо сурталчлах зорилгоор аялан тоглолт хийхээр болсон билээ. Тэрээр тоглолтоо Калифорни мужийн Инглвуд хотод нээж, Невадагийн Парадайс хотод өндөрлүүлэх юм. 


Post Malone – The Big Ass Stadium Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 4)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны дөрөвдүгээр сарын 29 – ёсдүгээр сарын 14

Хамрагдах улс орнууд: АНУ, Канад, Румын, Венгр, Чех, Австри, Польш, Словак, Герман, Литв, Дани, Итали, Швейцар, Франц, Англи, Нидерланд, Испани, Португали.

Post Malone зургаа дахь студийн "F-1 Trillion" цомгийн сурталчилгааны хүрээнд "The Big Ass Stadium" хэмээх аялан тоглолтоо эхлүүлж байна. Тоглолт дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 44 удаагийн тоглолтоос бүрдэх аж.


Guns N’ Roses – Because What You Want & What You Get Are Two Completely Different Things Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 5)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны тавдугаар сарын 1 – долоодугаар сарын 31

Хамрагдах улс орнууд: Өмнөд Солонгос, Япон, Тайван, Тайланд, Энэтхэг, Бахрейн, Саудын Араб, Гүрж, Турк, Португали, Испани, Итали, Чех, Герман, Англи, Дани, Норвег, Швед, Финлянд, Литв, Польш, Унгар, Серби, Болгар, Австрали, Люксембург.

Америкийн хард рок Guns N’ Roses хамтлаг 2025 оны тавдугаар сарын 1-нд Инчон хотоос аялан тоглолтоо эхлүүлэхээр товложээ. Энэхүү тоглолт нь хамтлагийн шинэ бөмбөрчин Исаак Карпентерийн оролцож буй анхны аялан тоглолт гэдгээрээ онцлог юм.


Женнифер Лопес – Up All Night: Live in 2025

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 6)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны долоодугаар сарын 1 – наймдугаар сарын 7

Хамрагдах улс орнууд: Турк, Египет, Испани, Унгар, Итали, Польш, Румын, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Армени.

Женнифер Лопес зургаан жилийн дараа тав дахь бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт Египетийн Шарм Эль-Шейх хотоос эхэлж, Туркийн Истанбул хотод өндөрлөх ба нийт 17 удаагийн шоунаас бүрдэж байгаа билээ.


Oasis – Oasis Live 25 Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 7)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны долоодугаар сарын 4 – арваннэгдүгээр сарын 23

Хамрагдах улс орнууд: Уэльс, Англи, Шотланд, Ирланд, Канад, АНУ, Мексик, Өмнөд Солонгос, Япон.

Олон жил завсарласны дараа Oasis хамтлаг эргэн нэгдэж, фенүүддээ зориулан "Oasis Live 25" хэмээх аялан тоглолтыг хийх гэж байна. Тоглолтын билет борлуулагдаж эхлээд удалгүй хэдхэн цагийн дотор дууссан нь тэдний эрэлт хэр өндөр байгааг харуулсан билээ.


Blackpink – Blackpink 2025 World Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 8)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны долоодугаар сарын 5 – 2026 оны нэгдүгээр сарын 18

Хамрагдах улс орнууд: Өмнөд Солонгос, АНУ, Канад, Франц, Итали, Испани, Англи, Япон.

К-поп ертөнцийн гол төлөөлөгч Blackpink хамтлаг дөрөв дэх удаагийн аялан тоглолтоо хийх гэж байна. Өмнөд Солонгосын Гоян цэнгэлдэх хүрээлэнд эхлэх тоглолт нь Японы Токио хотод өндөрлөх ба нийт 10 хотын 10 цэнгэлдэх хүрээлэнг доргиохоор болжээ.


Леди Гага – The Mayhem Ball Tour

2025 онд дэлхийг донсолгох аялан тоглолтууд (фото 9)

Үргэлжлэх хугацаа: 2025 оны долоодугаар сарын 16 – арванхоёрдугаар сарын 12

Хамрагдах улс орнууд: Канад, Англи, Швед, Итали, Испани, Герман, Нидерланд, Бельги, Франц, Австрали.

Леди Гага энэ жил "Mayhem" нэртэй шинэ цомгоо гаргаж, найм дахь удаагийн аялан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт Канад улсаас эхэлж, Австралид өндөрлөх бөгөөд уг аялан тоглолт нийт 57 шоу тоглолтоос бүрдэх юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх