
Эрэгтэй загварын чиг хандлага: “Эршүүд”
Энэ өвлийг хүрэм, цувгүйгээр төсөөлшгүй
Аль ч загварын эзэнт гүрэн өөрcдийн боломжоор хүрээгээ тэлдэг жамтай. Улс орон бүрд нэрийн дэлгүүрээ нээхээс гадна зочид буудал, гэр ахуйн тансаг зэрэглэлийн тавилга, арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүн танилцуулж, тэр ч бүү хэл өөрсдийн нэрийн амттан зуушийг хүртэл толилуулж байна. Угтаа хүний хэрэглээ гэдэгт агаар хүртэл багтдаг хойно.
Ийнхүү бүх талаар бидэнд нөлөөлөн дан ганц эмэгтэй загвар гэлтгүй эрэгтэй хувцасны загварыг ч ямагт тодорхойлсоор байдаг. Эрчүүдийн хувцасны хувьсал анх өсгийтэй шаахай, чамин хиймэл үс, уруулаа хүртэл тод өнгөөр буддаг байсан 18-р зууны үеийг бодвол их өөрчлөгдсөн. Гэсэн ч энэ олон жилийн өөрчлөлтийн хувьсалд эрэгтэй хүнийг тодорхойлох чухал илэрхийлэл бол яах аргагүй Хүрэм байсаар иржээ. Смокинг хослол, ямар ч бүсгүйчүүдийн хараа булаах цэрэг хүрэм, цув гээд тоочоод байж болох олон жишээ бидэнд бий.
Эдүгээ цагийн эрэгтэй хувцасны шинж нэг талаараа хүйс харгалзахаа больсон авч нөгөө талаараа эрэгтэй хүний эршүүд байдлыг алдагдуулалгүй хадгалдаг бичигдээгүй дүрэм байсаар ирсэн. Энэ жилийн загварын орднуудын толилуулж буй 2025 оны намар-өвлийн цуглуулгууд эрэгтэйчүүдийн оршихуйд бас нэгэн өнгийг нэмлээ.
Дизайнерууд юнисекс хэв маягаас зугтаж эрэгтэй хүний биеийн галбирыг улам тодотгох эршүүд загварууд гаргасныг түүвэрлэн хүргэж байна. Энэ өвлийг эрчүүд хүрэм, цувгүйгээр төсөөлшгүй биз ээ.








