
Трампын тарифын бодлого хувцас загварын салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
Трампын бодлого БНХАУ-д хамгийн дээд тарифыг тогтоов
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ээлжит шийдвэрүүд түнш орнуудаа гонсойлгосоор байна. Тэрээр өмнөх саруудад хэд хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулсны нэг нь импортоор орж ирэх бүх бүтээгдэхүүнээс 10 хувийн татвар авах шийдвэрийг баталсан төдийгүй түүхий эд, хувцас бараа материалын үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг зарим улс орнуудад онцгой гаалийн татварыг нэмэлтээр ноогдуулсан билээ. Тухайлбал, АНУ-д хоёр дахь гол хувцас экспортлогч орон болох Вьетнам улсад 46%, Камбожид 49%, Бангладешд 37%, мөн Европын Холбооны улсуудад 20%-ийн татвар тус тус ноогдуулсан байна. Харин БНХАУ-ын хувьд Дональд Трамп онцгойлон "чангалж" байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нд дахин мэдэгдэл гаргаж, тус улсад ноогдуулсан байсан 54%-ийн татварыг 50%-иар нэмж нийт 104%-ийн татвар авах шийдвэр гаргаснаа зарлалаа.
АНУ нь хувцас загварын салбарын хамгийн том хэрэглэгчдийн нэг юм
АНУ нь өөрөө нийт хувцасныхаа 98%-ийг импортоор оруулж ирдэг, дэлхийн брэндүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөөтэй хамгийн том хэрэглэгчдийн нэг. Ийм ч учраас Трампын шийдвэр загварын салбарыг бүхэлд нь цочролд оруулсанд гайхах зүйлгүй юм. Өнгөрөгч пүрэв гарагийн гаалийн татвар нэмэх тухай мэдэгдлийн дараа зах зээл дээрх тансаг зэрэглэлийн брэнд группүүдийн хувьцаа ээлж дараалан унасан байна. Тухайлбал, Их Британийн Burberry брэндийн хувьцаа эхлээд 10%-иар, дараа баасан гарагт дахин 6%-иар буурчээ. Үүнтэй зэрэгцэн Gucci, Saint Laurent зэрэг брэндүүдийг эзэмшдэг Kering групп, мөн Dior болон Louis Vuitton нарын толгой LVMH группийн хувьцаанууд унасан байна.
Tomorrow London Holdings Limited компанийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Стефано Мартинеттогийн онцолсноор, "Хувцас урлал нэг газарт үйлдвэрлэгдэх боломжгүй, сайн чанарын даавууг Итали улсаас авчирч, тоноглолуудыг Хятад улсаас, бас бус нэмэлт оруулга, түүхий эдийг Солонгос улсаас авчирч, Турк улсад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг шүү дээ" гэжээ.
Тансаг зэрэглэлийн брэндүүд АНУ-д үйл ажиллагаагаа тогтвортой авч үлдэхийн тулд нэмэлт татварыг нийт зардалдаа шингээх байдлаар бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Улс орнууд Трампын мэдэгдлийг хэрхэн хүлээж авав?
Nike брэнд нь Америк улсын үндэсний брэнд бөгөөд Вьетнам улсад үйлдвэрлэлээ эрхэлдэг. 2024 оны тооцооллоор Nike вьетнамд гутлынхаа 50%-ийг үйлдвэрлэсэн байна. Дөрөвдүгээр сарын 5-нд Вьетнам улсын эрх баригч намын дарга То Лам шинээр ноогдуулсан бараа бүтээгдэхүүний 46%-ийн татварыг 45 хоногоор хойшлуулахыг Трампаас хүссэн захидлыг Bloomberg мэдээлжээ. Цаашлаад улс орнууд АНУ-тай гаалийн татварын талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаагийн дотор Тайваний Ерөнхийлөгч Лай Чинг хоёр орны бараа нийлүүлэлтийн тарифыг тэглэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хамгийн өндөр татвар тогтоолгосон БНХАУ дөрөвдүгээр сарын 9-нд хариу мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан “АНУ тарифын бодлогыг ашиглан манай улсад дарамт шахалт үзүүлсээр байна. БНХАУ түүний энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд иймэрхүү дээрэнгүй хандлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Харин Трампын үзэж буйгаар БНХАУ худалдааны зах зээлд давуу эрхтэй тоглож байгаа нь шударга бус бөгөөд энэхүү удаан хугацаанд үргэлжилсэн тэнцвэргүй байдлыг залруулах хэрэгтэй гэнэ.
АНУ болон бусад орны хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө
Дотоодын хувцас үйлдвэрлэлийг дэмжих гэсэн Трампын бодлого эргээд тус улсын хэрэглэгчдэд хүндээр нөлөөлөх хандлагатай байна. Учир нь Азийн орнуудаас ирэх түүхий эд, хувцасны нэмэлт тоноглол, туслах материал өндөр үнээр нийлүүлэгдэх нь АНУ-д үйлдвэрлэгдэх эцсийн бүтээгдэхүүний өртгийг нэмэх юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АНУ-аас гаргасан энэхүү шийдвэр нь туслах материалын жижиг үйлдвэрлэгчдээс авхуулаад гар урлалын бизнес эрхлэгчдэд нөлөөлж, цаашлаад тансаг зэрэглэлийн брэндүүдийн үнийг 52%-иар өсгөх магадлалтай гэсэн байна. Энэ нь дээд давхаргын худалдан авагчдад төдийлөн нөлөөлөхгүй ч өргөн хүрээний хэрэглэгчид харин тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнээс татгалзахад хүрч болзошгүй юм. Үүнийг дагаад мөн дуураймал бараа ихээр үйлдвэрлэгдэж эхлэх эрсдэлтэй байна.
"Трампын шийдвэр хувцас загварын салбарыг 50 жилээр ухрааж байна, цаашид европын дизайнеруудын хувцас Европтоо, америк дизайнеруудынх Америк улсдаа төвлөрөх боллоо" хэмээн Стефано Мартинетто нөхцөл байдлыг дүгнэн хэлжээ.