Grandmaster брэндийн өвлийн капсул цуглуулга худалдаанд гарлаа
Олон халаастай карго өмд, сорочка цамцны эсгүүртэй богино хүрэм болон бусад чанартай, чөлөөт загварууд
"Хот, хөдөө газрын аль алинд нь хурц ба хүчтэй байдлаар уусах атлаа өмссөн хүндээ зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлэх зорилготой, дээд зэргийн чанартай загварууд" хэмээн Grandmaster брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер О.Анхбаяр өвлийн улирлын шинэ капсул цуглуулгаа тодорхойллоо.
Үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч дотоодын салбар дахь тэргүүлэх брэндүүдийн нэг болж чадсан Grandmaster-ын хувьд чанар гэдэг нь нэн тэргүүнд тавигддаг үнэ цэнэ юм. Брэндийн хоёр дахь цуглуулга ч бас үүний баталгаа болж, материал ба хийцийн хувьд өндөр шаардлага хангаж, хэрэглэгчдийн ая тухыг эрхэмлэн бүтээгджээ. Шинэ загварууд юуны түрүүнд өөрийн гудамжны, чөлөөт хэв маягтай дизайнаараа анхаарал татах ч, загвар бүр нь хэрэглээний хувьд нарийн бодлогын дагуу хийгдсэн нь том давуу тал болсон байна. Тухайлбал брэндийн танилцуулсан шинэ карго өмд нь бөөр, нуруу дэмжих залгаа бүс ба өндөр суулттай. Мөн дулаан дотортой, олон том халаастай, цас ба шороо оруулахгүйн үүднээс шагай хэсгээрээ бариу гэх зэрэг эрс тэрс цаг агаарт нийцсэн, ямар ч нөхцөлийг харгалзсан онцлогтой. Түүнчлэн цуглуулгын бас нэгэн үндсэн загвар болох богино гадуур хүрэм нь сорочка цамцны эсгүүрээр хийгдсэн өвөрмөц шийдэлтэйн хажуугаар үслэг дотортой, удаан эдлэгдэх материалтай, дулаахан гэх зэрэг олон практикт тустай чанаруудтай юм.
Grandmaster-ын шинэ цуглуулгад мөн ноолууран материалтай цамц ба малгай багтсаныг тусгайлан онцлох нь зүйтэй болов уу. Тансаг зэрэглэлийн ноолуур ба гудамжны стилийн сонирхолтой эв нэгдэл болж чадсан ханцуй хэсгээрээ Grandmaster логотой унисекс загварын свитер болон beanie малгай нь нэгэн зэрэг тансаг, дулаан, гудамжны cool дүр төрх бүрдүүлж чадна.
Харин цуглуулгад зориулагдсан зураг авалтыг өөрийн урлагийн шийдэлтэй, өгүүлэмжтэй гэрэл зургуудаараа танигдсан Билгүүн Хироши хариуцан ажилласан байна.
Шинэ цуглуулга Grandmaster брэндийн On'n Off продакшны байранд орших албан ёсны дэлгүүр дээр худалдаалагдаж эхэлсэн байна.