Хайх

Бюрогийн уншигчид GRANDMASTER-ын О.Анхбаярыг 2017 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Бюрогийн уншигчид GRANDMASTER-ын О.Анхбаярыг 2017 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Санал асуулгын дүн

Text: Ө.Тодгэрэл


"Таны бодлоор 2017 оны шилдэг дизайнер хэн бэ?" санал асуулгад оролцсон 14 дизайнераас GRANDMASTER брэндийн О.Анхбаяр уншигчдын саналаар тэргүүн байр эзэллээ

Саяхан GRANDMASTER нэртэйгээр хоёр дах нэрийн маркийг үүсгэн байгуулсан, олонд S.M.O.K брэндийн дизайнер гэдгээрээ илүүтэйгээр танигдсан О.Анхбаярыг Бюро 24/7-гийн уншигчид 32%-ийн саналаар оны шилдэг дизайнераар нэрлэлээ. О.Анхбаяр өөрийн хоёр брэндээрээ дамжуулан Монголын чөлөөт, гудамжны хувцасны загварыг хөгжихөд багагүй хувь нэмэр оруулж буй нь ийнхүү олны таашаал ба талархлыг хүртжээ.

О.Анхбаяр 2013 онд S.M.O.K брэндийг үүсгэн байгуулснаар Монголын үндэсний хэв шинжийг гудамжны загвар, хип хоп урсгалтай хослуулж чадсан анхны дизайнеруудын нэг болсон. Брэндийнхээ үүд хаалгыг нээсэн даруйдаа их хотын залуусын сонирхлыг татаж чадсан тэрээр өөрийн хийж буй зүйлдээ маш итгэлтэй, хэн нэгэнд таалагдах гэж хичээдэггүй, уран бүтээлдээ үндэсний хэв маяг, залуучуудын хүсэл сонирхлыг хамтатгаж чаддаг мэдрэмжтэй нэгэн юм. Хятадад кино урлаг, Солонгост график дизайнераар сурч байсан О.Анхбаяр мөн дизайнерын ажлын хажуугаар уран бүтээлчид ба томоохон байгууллагуудын логог хийн, нэрийг нь өгч байсан олон талын авьяастай билээ.
Түүний өнгөрсөн оны сүүлээр үүсгэн байгуулсан GRANDMASTER брэнд бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн зах зээл рүү чиглэсэн хэтийн зорилготой, хувцас загвараас гадна уран зураг, дуу хөгжим зэрэг урлагийн ертөнцүүдийг өөртөө нэгтгэн шингээсэн, шинэлэг брэнд юм хэмээн О.Анхбаяр Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан.

Бюро 24/7-гийн зүгээс уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгад 2017 онд хамгийн багадаа нэг шинэ цуглуулга танилцуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нийт 14 дизайнер оролцсон. Өнгөрсөн 2016 онд уншигчдаас хамгийн олон саналыг авч байсан, мөн 2017 оны турш маш үр бүтээлтэй ажиллаж, дэлхийн загварын улирлын системтэй хөл нийлүүлэн олон гайхалтай цуглуулга гаргасан Michel & Amazonka брэндийн дизайнерууд Ч.Мишээл, Ч.Нямханд нар 22%-ийн саналаар хоёрдугаар байрыг эзэлсэн байгаа. Харин жагсаалтын гуравт Монголын шинэ мянганыхны дуу хоолой болоод буй 93//KiDULT-ын дизайнерууд М.Нямсүрэн, Б.Батжаргал нар 16%-ийн саналаар бичигдлээ.

Бюрогийн уншигчид GRANDMASTER-ын О.Анхбаярыг 2017 оны шилдэг дизайнераар нэрлэлээ (фото 1)

Дашрамд дурдахад энэхүү санал асуулга нь уншигчиддаа дизайнеруудын ажлыг дахин нэг сануулж буй нийтлэлийн нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн албан ёсны шалгаруулалт биш юм. Бюрогийн сонголтоор нэр дэвшигдсэн Torgo Salon, ARIUNAA SURI, Muse Art House, Futuristic Type, Tsolo Munkh, Monalun, Хайрын Хурим, Michel & Amazonka, O Couture, Mandkhai, GRANDMASTER, Ovdog, 93// KiDULT, Queen Fashion House брэндүүдийн дизайнерууддаа энэ 2018 ондоо илүү ихийг хийж бүтээж, урам зоригоор дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх