Санал асуулга: 2017 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ?
Таны саналаар
Монголын Бюро 24/7 үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр уншигчдынхаа дунд "Таны бодлоор өнгөрч буй оны шилдэг загвар зохион бүтээгч хэн бэ" гэх санал асуулга явуулдаг уламжлалтай болсон. Уншигчид 2015 онд Торго салоны О.Болдыг шилдэг дизайнераар нэрлэж байсан бол, 2016 онд олонхын саналыг Michel & Amazonka маркийг хөгжүүлэгч эгч, дүү дизайнер Ч.Мишээл, Ч.Нямханд нар авсан билээ.
Тэгвэл урд, урдынхаас илүү идэвхтэй, олон шинэ цуглуулга, загварын шоутай өрнүүн жил болсон 2017 онд аль дизайнер олон нийтийн сонирхол, таашаалд илүү их хүрч чадсан бол? Мэдээж Монголд болоод гадаад улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа дизайнерууд бүгд хоорондоо өөр, өөр хэв маяг, зорилтот хэрэглэгчидтэй билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд тэд бүгд тус бүрдээ загварын чиг хандлага, монголын онцлогийг харгалзсан дүр төрх санал болгосон. Харин бид энэ удаад илүү шударга байх үүднээс өнгөрсөн онд хамгийн багадаа нэг шинэ цуглуулга танилцуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулсан дизайнеруудыг уг санал асуулгад хамрууллаа.
Энэ 2017 оны хувьд Монгол загвар зохион бүтээгчдийн шинэ загварын гарааг "Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо"-ны гишүүд болох Michel & Amazonka, Muse Art House, Queen Fashion House маркууд Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн финалын загварын шоуны хүрээнд тусгай капсул цуглуулгуудаараа нээсэн байгаа. Тус холбооны бас нэгэн гишүүн Monalun марк долдугаар сард анхны бие даасан загварын шоугаа зохион байгуулж, "Нүүдлийн тогоруу" цуглуулгаа танилцуулаад авсан. Мөн уг холбоо нь саяхан Ovdog, 93//KiDULT гэх шинэ гишүүдийн хамтаар "Who are you wearing?" шоуг зохиож, марк тус бүр намар-өвөл 2017/18 улирлын цуглуулгуудаа дэлгэсэн билээ. Ерөнхийдөө Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо энэ жил маш идэвхтэй ажиллаж, дотоодын загварын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Түүнчлэн энэ онд S.M.O.K брэндийн дизайнер гэдгээрээ бидэнд танигдсан О.Анхбаяр дэлхийн загварын тавцанд гарах зорилтот, гудамжны хувцасны GRANDMASTER маркийг үүсгэн байгуулж, анхны загваруудаа толилуулсан байгаа. Tsolo Munkh брэндийн дизайнер М.Цолмандах есдүгээр сарын сүүлээр Парис хотод шинэ цуглуулгаа уламжлал ёсоор худалдан авагчиддаа танилцуулсан. Харин Ariunaa Suri брэнд шинэ цуглуулгууд бүтээхийн хажуугаар олон улсын "Silk Road Fashion Gala" ёслолоос шилдэг дизайнер өргөмжлөл хүртэн томоохон амжилт гаргасан билээ. Түүнээс гадна ноолууран хувцсыг орчин үеийн хандлагатай шинэ дизайнаар хөгжүүлж буй Mandkhai маркийн дизайнер Ж.Мандхай улирлын цуглуулгуудаа Лондонд гаргасаар байна.
O Couture маркийн дизайнер Д.Отгонжаргал хоёр загварын шоу, дөрвөн цуглуулга гаргасан бол, "Хайрын Хурим" салон бүсгүйчүүдийн мөрөөдлийн хуримын даашинзыг урлахын зэрэгцээ наадмын капсул цуглуулга гаргаад амжсан. Мөн Torgo салоны О.Болд уламжлал ёсоор оны сүүлээр Haute Couture загварын шоугаа амжилттай зохион байгууллаа. Эцэст нь монгол залууст футуристик хэв маяг нэвтрүүлдэг Futuristic Type маркийн И.Мөнхтуяа "Цаг хугацаагаар аялагч" хэмээх шинэхэн бүтээлч ажлаа Бюро 24/7-гоор дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ.
Дашрамд дурдахад энэхүү санал асуулга нь уншигчиддаа дизайнеруудын ажлыг дахин нэг сануулж буй нийтлэлийн нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн албан ёсны шалгаруулалт биш юм. Мөн энэ төрлийн санал асуулга нь дэлхийн олон орны дижитал сэтгүүлүүдэд өргөн хэрэглэгддэг нийтлэлийн төрөл бөгөөд хугацаагүйгээр манай цахим хуудсанд байрших болно. Таны зүгээс мөн санал болгох дизайнер байвал сэтгэгдлээр үлдээхийг хүсье.
Ингээд та бүхэнд саналаа оновчтой өгөхөд тань нэмэр болох үүднээс бид дизайнеруудын 2017 онд танилцуулсан загваруудыг эргэн дурсаж байна.
93// KIDULT
М.Нямсүрэн, Б.Батжаргал
Muse Art House
Г.Цас
Michel & Amazonka
Ч.Мишээл, Ч.Нямханд
Monalun
Б.Номунгэрэл
Queen Fashion House
Д.Энхмаа
Ovdog
Д.Овдогмид
GRANDMASTER
О.Анхбаяр
Tsolo Munkh
М.Цолмандах
Mandkhai
Ж.Мандхай
ARIUNAA SURI
Ариунаа Сүри
O Couture
Д.Отгонжаргал
Хайрын Хурим
Б.Ууганцэцэг
Futuristic Type
И.Мөнхтуяа
Torgo Salon
О.Болд
Санал өгөх хэсэг
Та саналаа өгөхдөө доорх зургийн цомгийн баруун ба зүүн сумыг даран сонголтуудаа харж, сонгохыг хүссэн дизайнерынхаа зурган дээр дараарай. Таны санал зургийн аль ч хэсэгт дарсан идэвхжих тул санамсаргүй санал өгөхөөс болгоомжлоорой.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт