Monalun брэндийн анхны бие даасан загварын шоу болж өнгөрлөө
“Нүүдлийн тогоруу” 2017 оны зуны капсул цуглуулга
Анхны бие даасан загварын шоундаа зориулж Monalun брэндийн үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл төрөлх улсынхаа өв соёлыг дээдэлж, эртний бөгөөд орчин үеийн хоёр ертөнцийг нэгтгэсэн ид шидийн уур амьсгал бий болголоо. Улаанбаатар хотын төв хэсэгт орших Чойжин Ламын сүм музейд хүрэлцэн ирсэн зочдын нэг хэсэг нь Монгол улсын түүх ба соёлыг харуулах уран барилгыг бишрэх зуур нөгөө хэсэг нь сүм доторх дахин давтагдашгүй үнэт бүтээлүүдийг судалж, харин бусад нь хоорондоо сонирхолтой яриа өрнүүлж, бүгд загварын шоу эхлэхийг тэсэн ядан хүлээлээ.
Гэрэл асан загварын шоу эхэлмэгц тайзнаа сүрлэг шар далавч бүхий өдөн оруулгатай загвараар гоёсон модель Б.Цэрэндолгор гарч ирэн, цуглуулгын "Нүүдлийн тогоруу" нэрийн төгс илэрхийлэл боллоо. Аз жаргал, урт удаан наслахын бэлгэ тэмдэг гэгддэг тогоруу шувууны эрхэмсэг байдал цуглуулгын загвар бүрт шингэсэн байлаа. Эмэгтэйлэг эсгүүр, тод өнгө, өд ба хатгамал бүхий чимэглэл гэх зэрэг хөнгөн бөгөөд уян зөөлөн шинж тэмдгүүдээр тодорхойлогдох цуглуулгын загварууд үнэн хэрэгтээ өмссөн эзнээ өөртөө итгэлтэй, хүчирхэг харагдуулж байсан нь үнэхээр гайхалтай. Үүнд л дизайнер Б.Номунгэрэлийн онцгой ур чадвар оршдог мэт санагдана. Тэрээр өөдрөг сэтгэлгээтэй, гэгээлэг, хөнгөн загваруудын ачаар эмэгтэй хүнийг хүчирхэг, өвөрмөц болгож чаддаг юм.
"Нүүдлийн тогоруу" цуглуулгад тогоруу шувууны эрх чөлөөтэй, эрхэмсэг байдлаас гадна мөн өрнө дорнын нууцлаг аяс шингэсэн байлаа. Үдшийн урт даашинз, сул загварын өмд ба топноос бүрдэх өдөр тутмын хослол, орчин үеийн уур амьсгалд оруулсан монгол үндэсний дээл зэрэг нь бүгд гар урлал бүхий нарийн хатгамалтай байж, торгон материалаар хийгдсэн нь тэрхүү нууцлаг уур амьсгалыг бий болгож байсан юм. Мөн мэдээж хэрэг Monalun брэндийг зугаатай аксесуаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Өндөр өсгийттэй хослуулсан тод өнгийн оймс нь хувцаснуудыг илүү дэггүй харагдуулж, дулаан өдрүүдэд хэрэгжүүлж болох зугаатай санаа өгч байлаа.
Үндсэн элементүүд: Өдөн оруулгатай даашинз, юбка ба дээл, монгол үндэсний захтай топ ба сул эсгүүртэй өмдний хослол, торгон материалтай юбка, тэгш бус хэмтэй газар шүргэсэн юбка, хонхон ханцуйтай топ
Үс засалт ба нүүр будалт: Япон маягийн дээш овоолсон үс, ягаан өнгө давамгайлсан нүүр будалт
Үндсэн өнгөнүүд: Шар, хар, улаан, цагаан, нил ягаан, цэнхэр
Стилистик аргачлал: Үндэсний уламжлалт эсгүүр ба хээг орчин үеийн загварт оруулах, тод өнгийн оймсыг өндөр өсгийттэй хослуулах
Аксесуар: Тод өнгийн оймс
Бүтээлч санааны эх үүсвэр: Mongolia's Next Top Model тэмцээний ялагч Б.Цэрэндолгорт зориулан бүтээсэн хувцас, тогоруу шувуу, Монгол улсын өв соёл, өрнө дорнын хэв маяг