Санал асуулга: 2015 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ?
Таны саналаар
Улаанбаатарт өөрийн маркаа бий болгон, урландаа шинэ загварууд бүтээж, хүмүүст бэлэн хувцас санал болгож буй дизайнерууд улам олон болсоор. Харин тэд дундаас хэнийх нь загвар танд илүү таалагддаг вэ? Өнгөрсөн он урд урдынхаасаа илүү олон загварын үйл явдалтай болж өнгөрсөн. Дизайнерууд тус бүрдээ загварын чиг хандлага, монголын онцлогийг харгалзсан дүр төрх санал болгосон билээ. Тэгэхээр дизайнеруудын загварыг таашааж, хувцасны материал, оёдлыг нь шинжиж, биед эвтэйхэн сууж байгаа эсэхийг нь хэрэглэж үзсэн уншигчидтайгаа хамтарч 2015 шилдэг дизайнерыг тодруулах нь шудрага байх болов уу? Мэдээж хүн бүрийн таашаал өөр ч гэлээ чанартай, загварлаг зүйлс л олон хүний сэтгэлийг татдаг шүү дээ.
Бидний сонгосон есөн дизайнераас долоо нь энэ жил өөрийн загвараа тайзнаа толилуулж, бүтэн цуглуулга гаргасан байна. Эргэн сануулахад Баярмаа Баярхүү хоёрдугаар сард /Нью-Йоркод/, Michel & Amazonka зургаадугаар сард, Моналун арваннэгдүгээр сард, O Couture, Торго арванхоёрдугаар сард өөрсдийн шоугаа танилцуулсан билээ.
Дашрамд дурдахад энэхүү санал асуулга нь уншигчиддаа дизайнеруудын ажлыг дахин нэг сануулж буй нийтлэлийн нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн албан ёсны шалгаруулалт биш юм. Мөн энэ төрлийн санал асуулга нь дэлхийн олон орны дижитал сэтгүүлүүдэд өргөн хэрэглэгддэг нийтлэлийн төрөл бѳгѳѳд хугацаагүйгээр манай цахим хуудсанд байрших болно. Таны зүгээс мөн санал болгох дизайнер байвал сэтгэгдлээр үлдээхийг хүсье.