Бюро 24/7 тойм: Michel & Amazonka, хавар-зун 2018
“Evolution”
Michel & Amazonka брэнд улирал урьтаж явдаг дэлхийн загварын системтэй хөл нийлүүлэн хавар-зун 2018 цуглуулгаа танилцуулж байна. "Evolution" буюу "Хувьсал" хэмээн нэрлэгдсэн шинэ цуглуулга дээр ажиллахдаа эгч дүү дизайнерууд мэргэжлийн багшийнхаа хэлсэн "Аливаа зохиомж нь хэллэг, ритм, тэнцвэр гурваас бүрддэг" гэх үгсийг үндэс болгожээ. Загварууд дээрх нэгж хэсгүүдийг хэсэгчлэн харвал хоорондоо уялдаа бүхий хэлбэр дүрснүүдээс бүрдсэн нь ажиглагдаж, хоорондоо нэгдсэнээр хүмүүний хувьсан өөрчлөлт рүү тэмүүлэх, нэгэн хэвийн байхаас зайлсхийх зан чанарыг билэгдэж байгаа юм.
Нэгэн хэвийн байхаас зайлсхийхийг хүссэн хүн бүр Michel & Amazonka брэндийн абстракт хэлбэр дүрс, нарийн ажиллагаа бүхий хээ хатгамал, тод өнгөнүүдийн гэнэтийн хослолоор дүүрэн өвөрмөц ертөнц рүү уусан орж болно. Энд "өдөр тутмын хувцас" гэх ойлголт өөр түвшинд хүрч, энгийн байдал ор тас мартагдана.
Тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой загварууд дундаас тод улаан өнгийн, сул эсгүүртэй өдөн куртка юуны түрүүнд анхаарал татна. Ч.Мишээл ба Ч.Нямханд нар өөрийн орон зай болоод хэмнэлдээ зөв байхыг билэгдэн куртканы ар хэсэгт луужингийн дүрсийг гоёмсогоор хатгаж урласан нь хувцас загвар гэдэг зүйл сүнслэг байх боломжтойг харуулсан гэлтэй. Дизайнерууд энэхүү курткаг цуглуулгын бас нэгэн онцлог загвар болох бамбагар юбкатай хослуулж, хүйтэн өдрүүдийг загварлаг байдлаар даван туулахыг санал болгосон байгаа.
Цуглуулгын "Хувьсал" гэх нэрийг шууд утгаар нь ойлгохыг хүсвэл брэндийн алдарт бомбер хүрэмний загвар хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно. Энэ удаад бомбер хүрэмнүүд бага зэрэг oversize өмсгөлтэй, дөрвөлжин мөртэй болсон бөгөөд энэ нь 1980-аад оны power dressing стилийг орчин үеийн хэв маягт оруулсан сонирхолтой шийдэл болжээ. Түүнчлэн дизайнерууд алтлаг өнгийн гялтганасан бомбер хүрэмний хувилбар гаргасан нь сүүлийн үед хүчээ аваад буй диско хэв маягийг хөндөж, цуглуулгад рок-н-ролл, дэггүй аяс нэмж өгсөн байлаа.
Харин шинэ цуглуулгын даашинзуудын хувьд дизайнерууд деталь бүр дээр онцгой анхаарал хандуулж, өмсөхөд эвтэйхэн бөгөөд бусад хувцаснуудтай хослуулахад хялбар байх шинж чанаруудыг шингээж өгчээ. Тухайлбал гүн хөх өнгийн даашинзын гарын тохойн хэсэг босоо байршилтай дугуй дүрсээр чимэглэгдсэн нь нэгэн зэрэг хөдөлгөөн хорихгүй байх мөн энгийн эсгүүрийг дэгжин уур амьсгалд оруулах гэсэн давуу талуудыг бий болгож чадсан байна.
Мөн гурван өөр түүхий эд бүхий гурван давхар даашинзыг тус бүрд нь өөр загварын хувцаснуудтай эсвэл нэгдсэн байдлаар нь өмсөж болох шинэлэг шийдлийг Michel & Amazonka танилцуулж, худалдан авагчдынхаа шүүгээг улам баялаг болгохоор зорьжээ.