Санал асуулга: 2016 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ?
Таны саналаар
Бюро 24/7 өнгөрсөн 2015 онд уншигчдынхаа дунд "Таны бодлоор 2015 оны шилдэг загвар зохион бүтээгч хэн бэ" гэх санал асуулга явуулахад Торго салоны О.Болд хамгийн олон хүний санал авсан юм. Тиймээс бид яг тэр мөчөөс хойш шинэ цуглуулга гаргаж, загварын шоу хийсэн дизайнеруудыг 2016 оны санал асуулгадаа оруулж байна. Мэдээж Монголд болоод гадаад улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа дизайнерууд бүгд хоорондоо өөр, өөр хэв маяг, зорилтот хэрэглэгчидтэй билээ. Гэвч өнгөрч буй 2016 онд гарсан цоо шинэ загваруудаас аль нь олон нийтийн сонирхол, таашаалд илүү их хүрч чадсаныг бид энэхүү санал асуулгаар нээн харахыг зорьлоо.
Дэлхийн тавцанд гэхэд 2016 онд "British fashion awards" наадмаас Олон улсын шилдэг дизайнераар Balenciaga брэндийн Демна Гвасалия тодорч, LVMH Prize тэмцээнээс дизайнер Грейс Уэльс Боннер шилдэгээр шалгарч, Америкийн CFDA fashion awards-с Марк Жейкобсыг шилдэг эмэгтэй хувцасны дизайнераар нэрлэсэн байгаа. Хамгийн гол нь эдгээр олон улсын хэмжээний шалгаруулалтад ч мөн адил өөр, өөр урсгал чиглэлээр ажилладаг загвар зохион бүтээгчид оролцож, хэн нь олон нийтээс илүү сайн үнэлгээ авч чадсанаараа өрсөлддөг билээ.
Энэ 2016 оны хувьд Монгол загвар зохион бүтээгчдийн шинэ цуглуулгын гарааг дизайнер Баярмаа Баярхүү нээж, хоёрдугаар сард Нью-Йорк хотноо намар-өвөл 2016 цуглуулгаа танилцуулсан. Түүний дараа Futuristic Type марк Берлиний Альтернатив долоо хоногт шинэ цуглуулгаараа оролцсон юм. Tsolo Munkh брэндийн дизайнер М.Цолмандах есдүгээр сард Парист шинэ цуглуулгаа уламжлал ёсоор худалдан авагчиддаа танилцуулсан. Түүнээс гадна ноолууран хувцсыг орчин үеийн хандлагатай шинэ дизайнаар хөгжүүлж буй Mandkhai маркийн дизайнер Ж.Мандхай улирлын цуглуулгуудаа Лондонд гаргасаар байгаа. Мөн Байкалийн загварын долоо хоногт Michel & Amazonka, Monalun, 93//KiDULT маркууд намар-өвөл 2016-2017 цуглуулгуудаа амжилттай танилцуулсан юм.
Улаанбаатарт 2016 он хамгийн олон загварын шоу болсон жилээр тодорч байна. Эхний шоуг гуравдугаар сард Говь брэндийн хавар-зун 2016 шоу нээсэн бол хамгийн сүүлийнхийг The Muse Art House-ын дизайнер Г.Цас арванхоёрдугаар сарын 11-нд толилуулсан юм. Энэ хугацаанд ГОЁО брэнд, Yamá брэнд зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниуд, Монголын Дизайнеруудын Нэгдсэн Холбооны нэгдсэн шоу, Японд танигдсан Yavuu брэндийн дизайнер Б.Явууцагааны Улаанбаатар дахь анхны шоу, Queen Fashion House-ын танилцуулга шоу, Торго салон, дизайнер Б.Отгонжаргалын кутюр шоу, Гоёл наадам, Урлах Эрдэм дээд сургуулийн загварын шоу зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Түүнчлэн шинэ залуу дизайнеруудаас О.Анхбаяр 2016 онд S.M.O.K маркийг шинэ чиглэлд хөгжүүлэхэд илүү анхаарч ажилласан байгаа.
Одоо харин эдгээр энэ онд идэвхтэй ажилласан загвар зохион бүтээгчдээс хэнийх нь бүтээл танд илүү их таалагдсаныг тодруулцгаая. Энэхүү санал асуулга нь ямар нэг албан ёсны шалгаруулалт, өргөмжлөл биш ба дизайнеруудын энэ онд бүтээсэн ажлыг эргэн сануулах зорилготой юм. Санал асуулгад мөн үндэсний томоохон компаниудыг оруулаагүй бөгөөд өөрсдийн маркаа бие даан хөгжүүлж байгаа дизайнеруудыг илүү онцоллоо.
Таны санал зурагны аль ч хэсэгт дарсан идэвхижих тул санамсаргүй санал өгөхөөс болгоомжлоорой.