Хайх

Бюро 24/7 тойм: ГОЁО, намар-өвөл 2016-17

Бюро 24/7 тойм: ГОЁО, намар-өвөл 2016-17

Нүд баясгаж, сэтгэл тайвшруулна

Text: Ө.Тодгэрэл


Хүн бүрийн сэтгэлд багахан ч болов уу гуниг авчирсан намрын өдрүүд Гоёо брэндийн шинэ цуглуулгаар амь орлоо

Юуны өмнө Гоёо брэнд бидэнд өөлөх зүйлгүй, цэмцгэр цуглуулга танилцуулсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Монголын ноолуурын брэндүүд хэдхэн жилийн өмнө нэг л хэвийн, хуучинсаг гэмээр загвар бүтээдэг байсан. Өнөөдөр харин ийм орчин үеийн дүр төрхтэй болж, дэлхийн загвартай хөл нийлүүлэн алхаж байгаа нь үнэхээр бахархмаар санагдлаа.

Загварын шоу бүхэлдээ цуглуулгын ерөнхий утга санаагаа илэрхийлсэн, маш нэгдмэл болж чаджээ. Чулуун хананы урд засагдсан загварын тайз, тайван уур амьсгал бүрдүүлэх ASEM Club House, ноолууран цэцгэн доторх модон урилга гээд энэ бүхэн нэг л зүйлийг илтгэж байлаа. Тэр нь мэдээж хэрэг байгаль орчин ба түүний энгийн бас сэтгэлд дулаахан гоо үзэсгэлэн юм.

Бюро 24/7 тойм: ГОЁО, намар-өвөл 2016-17 (фото 1)

Бюро 24/7 тойм: ГОЁО, намар-өвөл 2016-17 (фото 2)

Жиоржио Спина тэргүүтэй Гоёо брэндийн дизайнерууд энэ улиралд байгальтайгаа бүрэн уусахаар шийдэж, модны холтосны хүрэн өнгө, хад чулууны зөөлөн хөх туяа, цахирмаа цэцгийн ууссан ягаан өнгө ба элсний шаргал өнгө давамгайлсан загварууд урлажээ.

Цуглуулга дахь байгалийн сэдэв нь зөвхөн өнгө гэлтгүй, мөн гантиг чулуу ба навчсын хээгээр илэрлээ. Загварын шоуг нээж гарч ирсэн топ модель Э.Одгэрэлийн өмссөн сул загварын, задгай энгэртэй хүрэн ягаан өнгийн цамц тэрхүү байгалиас сэдэвлэсэн хээний хамгийн тод жишээ юм.

Гоёо брэнд минимал уур амьсгалтай загваруудаа үргэлжлүүлэн гаргаж байгаа нь үнэхээр оновчтой сонголт юм. Дэлхийн хамгийн нарийн, бас үнэтэй материал болох ноолуурыг илүү дутуу зүйлээр баяжуулах шаардлага байгаа гэж үү? Дизайнерууд ямар нэгэн чимэглэл эсвэл чиг хандлагад санаа зовнихын оронд, хувцасныхаа эсгүүр ба сууцад илүү анхаарлаа хандуулж ажилласан нь загвар бүрээс нь илт харагдлаа. Цэвэр хэлбэр, дөрвөлжин эсгүүр, шулуун оёдолтой, цэмцгэр атлаа биед эвтэйхэн хувцаснууд орчин үеийн эмэгтэйн хэрэгцээнд төгс нийцнэ.

Бюро 24/7 тойм: ГОЁО, намар-өвөл 2016-17 (фото 3)

Хамгийн гол нь цуглуулгын хувцаснууд тэгш бус хуваалт, кимоно эсгүүр, гэнэтийн хайчилбарууд, торго ба элгэн материал бүхий оруулга гэх зэрэг этгээд элементүүдээр дүүрэн байлаа. Үүнээс гадна спорт, чөлөөт хэв маягтай сайтар хосолсон нь минимал дүр төрхийг улам шинэлэг, сонирхолтой болгож өгчээ. Тиймээс богино тайралттай, трапеци хэлбэрийн кюлот өмд, бор шаргал өнгийн комбинзон, ханцуйгүй урт топ зэрэг загваруудыг бүх насны эмэгтэйчүүд амьдралын ямар ч нөхцөлд тохируулан өмсөх бүрэн боломжтой.

Харин эрчүүдэд зориулж дизайнерууд нэлээд энгийн, сонгодог загварууд бэлдсэн байлаа. Гүн хөх, хром мэт саарал, гичний шар өнгө бүхий сүлжмэл цамцнууд нь олон төрлийн сүлжээсийг нэг дор хослуулснаас гадна, байгалийн дүр төрхийг илэрхийлэх сүлжээс шингээсэн онцлогтой болжээ. Мөн эрэгтэй цуглуулгаас гол ажиглагдсан зүйл бол хамар шүргэм урттай хоолойтой цамцнууд байсан юм.

Эцэст нь хэлэхэд бидний эргэн тойрон дахь загварын ертөнц өдөр бүр шинэчлэгдэж, дизайнерууд аль болох хээ хатгамлаар баялаг, тод өнгөтэй, этгээд пропорцтой загварууд танилцуулах болсон энэ үед энгийн зүйлээс гоо үзэсгэлэн олж хардаг минимал брэндүүд байдаг нь азтай хэрэг биш гэж үү. Юм бүхэн тэнцвэртэй байх ёстойн адил загвар ч бас хааяа тайван бас энгийн байх нь хамгаас үзэсгэлэнтэй харагдах юм.

цааш үзэх