М.Цолмандах: Хүн үрээ хайрлаж буй мэт бусдыг хайрлана гэдэг гайхалтай
Бюро 24/7 ярилцлага
Хүн, хүнээс ондоо өвөрмөц зүйлийг бүтээсэн энэ зүрх 1976 оны гал луу жил, арслангийн ордонд төрсөн. Тийм болоод ч тэр үү Цоло Мөнхийн загваруудад хуурай хар өнгө ноёрхоно. Түүний моляж ажиллагаатай авангард байдал барууны загваруудаас өөр, хаанаас нь ч харсан монгол уур амьсгал шууд илтгэдэг. Алтайд төрсөн, зураач Мөнхийн охин Цолмандах анх 14 нас хүртлээ тамирын багш ээжээсээ үлгэр дуурайл авч, циркчин болохыг мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөлдөө төвлөрч, тэнгэр ширтэн хэвтэхэд дэргэд нь адуу өвс зажлахаас өөр чимээ үл гарна. Энэ бол түүний зүрх амар амгалангаар дүүрэн байгаа дүр зураг бөгөөд дараа нь тэр Парисын хувцас загварын ертөнц рүү цойлон орж ирсэн, амжилт амталсан зүрх болсон юм.
Цоло аавынхаа гишгэсэн мөрөөр замнаж, дүрслэхийн чиглэлээр сурахыг хүсч байсан ч эхлээд хуульч мэргэжил эзэмшчээ. Дараа нь тэр 30 насандаа Парис руу магистр хамгаалахаар явахдаа гэнэт сургуулиа өөрчилж, улмаар францын хувцас загварын сургуулиуд дотроо сор нь болсон L'Atelier Chardon Savard их сургуулийн шилдэг төгсөгч болсон юм. Цаашид түүх гайхалтай өрнөх болно. Тэр Encens, Jalouse, Schon!, Marie Claire сэтгүүлүүдэд өөрөө болон, өөрийнхөө загваруудаар гарч чадсан. Жишээ нь 2014 оны загвар нь /бөө, цамын манжлага мэт олон санжлагатай загвар/ Giorgia Armani, Fendi, Pierre Cardin нарын 2014 оны савхи, ноосон хувцаснуудтай хамт нэг төрх бүрдүүлэлт болсон байна. Тэгвэл яаж дөнгөж сургуулиа төгссөн дизайнерыг ингэж олон жил оршин тогтносон хүчирхэг брэндүүдтэй нэг түвшинд "түлхэж" өгдөгийг Цоло бидэнд ярьлаа. Мөн өөрөө яаж тэр "1000-д нэг тохиох одыг шүүрч авсан" тухайгаа ч өгүүлсэн. Ингээд бидний болон залуу фэйшн дизайнеруудын асуултанд дизайнер Цоло Мөнх юу гэж хариулсныг танд хүргэе.
Цоло Мөнх: Та цай уух уу, кофе уух уу? Би танай сэтгүүлийн тухай өвөл, арванхоёрдугаар сард анх мэдсэн. Манай эгч нэг өдөр "Цоло чи 2015 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ гэсэн санал асуулгад орчихсон байна" гээд надад анх үзүүлсэн юм.
Бюро 24/7: Тийм ээ, тэр их сонирхолтой санал асуулга болсон шүү. Зарим хүмүүс бидэнд баярлаж, зарим нь бүр уурласан гээч. Бидний санаа нь хүмүүс дизайнеруудаа мэддэг, ялгаа, заагийг нь таньдаг байгаасай гэсэндээ нэг талбарт гаргаж ирсэн. Түүнээс хооронд нь өрсөлдүүлэх гэсэн зорилгогүй л дээ. Монголын бүх дизайнер хоорондоо өөр.
Цоло Мөнх: Тийм шүү. Би бас тэндээс ганц, хоёрхон хүн л мэддэг байсан бол Монголд өөр олон дизайнер гарч ирж байгааг мэдэж авсан.
Бюро 24/7: Тэдгээр дизайнеруудаас таныг бид уншигчидтайгаа уулзуулж амжаагүй байсан болохоор сэтгэл өндөр байна. Хүмүүс таныг Францад гэнэт л хүчтэй гараад ирсэн, тэнд өөрийн загваруудаа борлуулдаг гэж ойлгодог. Тэгэхээр та одоо жилд хэдэн цуглуулга гаргаж, хэдэн загвартай байлгахаар ажиллаж байна вэ?
Цоло Мөнх: Хамгийн сүүлийн цуглуулга 40-45 орчим хувцастай байгаа. Яагаад ийм цөөхөн хувцастай байна вэ гэвэл, нэгдүгээрт би загварын шоу хийдэггүй. Хоёрт одоогоор би өрсөлдөгч брэндүүдийнхээ дэргэд санхүүгийн чадамжийн хувьд жижигхэн байна л даа. Уг нь бол бусад брэндтэй миний хувцас үнийн нэг түвшинд борлуулагддаг. Загваруудаа танилцуулсан фэйшн зураг авалт нь ч яг адил өндөр түвшинд хийгдэж, гол, гол сэтгүүлүүдэд нийтлэгддэг.
Бюро 24/7: Та тэгвэл хаана загварын шоугаа хийхийг хүсдэг вэ? Энэ бас хэзээ болох бол?
Цоло Мөнх: Би өөрийхөө загварын шоуг Парист хийхийг мөрөөддөг. Нью-Йоркод таван мянган евро төлөөд л оролцох санал олон ирсэн ч би сонгоогүй. Анх ийм санал ирэхэд надад тодорхой мэдлэг, туршлага байгаагүй. Дөнгөж гарч ирсэн "шинэ" дизайнерт аль хувилбар нь ашигтай вэ гэдгийг хүмүүсээс бас зөвлөж асуусан. Тэгэхээр минийх шиг авангард урлагийн төрөлд хамаарах загварыг Парисаас өөр газар танилцуулаад ямар ч ашиггүй гэдгийг би ойлгосон. Гол нь цаашдаа тасралтгүй загварын шоу хийж, уран бүтээлээ танилцуулж, захиалгаа үйлдвэрлэх хүчин чадалтай болох хэрэгтэй. Түүний тулд боловсон хүчин болон санхүүгийн тогтвортой байдал шаардагддаг.
Бюро 24/7: Загвар зохион бүтээгч нь өөрөө үйлдвэрийн эзэн байх шаардлагатай байдаг нь монголын л онцлог юм даа. Өөрийн загвараараа хүмүүст хүрч чадлаа ч цаашаа явахад загвар бүтээхээс өөр ажил хийсээр хамаг цаг тарамддаг байдал танд ч бий бололтой.
Цоло Мөнх: Тийм ээ. Ерөөсөө бүх салбарт ийм байна шүү дээ. Одоо харахад загварын салбарт хүүхдүүд чадалтай байв ч зорилгодоо үнэнч биш, туйлбаргүй байна. Миний хувьд хамтрагчид, ажилтнууд маань надтай хамт хөгжиж, шинэчлэгдэж, байнга уул өөд мацаж байхыг хүсдэг.
Бюро 24/7: Таны загварууд арьс, савхин дээр төвлөрдөг учраас харин материалын хомсдол харьцангүй бага тусдаг уу?
Цоло Мөнх: Үгүй дээ. Би гэр бүлийн шалтгаанаас болоод нутагтаа ирээд, энд арьс маш их байхыг харж, "Энэ материалаар хийвэл болох юм байна" гээд 300 арьс захиалсан. Гэтэл бүх арьс нь нэг хэвийн биш, зузаан нимгэн арьснууд ирсэн. Манайд одоогоор гадаадад гаргах хэмжээний арьс боловсруулдаг үйлдвэр байхгүй. Өөр нэг асуудал нь арьс болосвруулдаг бодисны эвгүй үнэрээс болж би бүтэлгүйтсэн, харилцагч дэлгүүрээ алдсан тохиолдол бий. Одоо харин "Мон Ирээдүй" компани надад тусгайлан арьс нийлүүлдэг. Мөн би өөрийн загвартаа тохирох арьсыг олж, арьсан дээр дахин эффект хийж, зүйх аргаар ажилладаг.
Бюро 24/7: Эсгүүрийн дээд урлаг гэгддэг моляжийн аргаар бүтсэн хувцаснууд бараг л кутюр загварт тооцогддог. Зургаар хувцас хийх, шууд ажиллах хоёрын ялгаа юу вэ?
Цоло Мөнх: Аз болж би зохион бүтээх талын мэдлэгтэй. Зурахаа хүрвэл аягүй сайн зурдаг ч гол нь хувцас яг зураг шиг ээ гарах нь ховор. Гоё зураг зурчихаад түүнийгээ моляж аргаар гүйцээж хийхэд өөр, сонирхолтой хэлбэр гарч ирдэг. Кутюрын хувьд гэвэл би Парист л кутюр гэж албан ёсоор хэлэгдэх ёстой. Үүний тулд Францын нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй загварын орд үүсгэж, кутюр нэр ашиглах эрхтэй болно. Харин миний загварыг тийм гэж ойлгодог хүмүүс амьдралд ч, загварын ертөнцөд ч бий гэдгийг мэдэж байгаа бол би түүнийг заавал авах гэж зүтгээд яах вэ дээ.
Бюро 24/7: Парист мэдээж өрсөлдөөн маш их байгаа. Түүнийг та ил, далд ямар байдлаар мэдэрч байв. Тэр өрсөлдөөнийг та хэрхэн давж өөрийн зорилгодоо хүрнэ гэж боддог вэ?
Цоло Мөнх: Ер нь би далдыг нь их мэдэрдэг. Монголд суурин байгаад, зургаан сар тутамд нэг удаа Парист очдог учраас мэдээллээс хоцорсон байдлаа найз нөхөд, танил дизайнеруудтайгаа уулзаж, кофе уухдаа нөхөж авдаг. Тэнд алхам тутамдаа хувцас загварынхантай уулзаж явахдаа далд өрсөлдөөн ямар их юм бэ гэдгийг мэдэрдэг. Тэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахгүй ч дотроо бидний дунд хүчтэй явагддаг. Мөн би хязгаарлагдмал хүрээний хүмүүс ордог үдэшлэгүүдэд оролцож, загварын мэргэжлийн шүүмжлэгч нарын бичвэрийг уншдаг. Жишээ нь би Лорен Домброёвич гэдэг хүний шүүмжийг унших асар дуртай. Тэнд өрсөлдөөнд төвийх гэсэн дизайнеруудыг хариуцсан Тотем, Station Service, Avenue Montaigne зэрэг чухал, хэвлэл хариуцсан товчоонууд /BUREAU de PRESSE/ бий. Тэднээр "түлхүүлж", хол явахын тулд дизайнерууд сарын 5-10 мянган евро төлдөг. Хэрэв чи таалагдах юм бол тэд чам дээр өөрсдөө хүрээд ирнэ. Тэд бүгд намайг үнэгүй "түлхэж" өгч байсан.
Бюро 24/7: Бид тантай ярилцахад зориулж зарим дизайнеруудаас асуулт авсан юм. Эдгээр асуултын өмнө та нэг зүйлийг хэлэхгүй юу. Дизайнер болохыг хүсдэг хүн бүрийн мөрөөдөл болсон Парист суралцахын тулд юуг хамгийн түрүүнд мэдэж байх хэрэгтэй вэ?
Цоло Мөнх: Зөв сургуулиа ол. Тэнд сурахыг хүсч байгаа хүмүүст би өөрийнхөө сурч, төгссөн L'Atelier Chardon Savard сургуулийг санал болгох байна. Францын бусад олон сургууль академик сургалттай байдаг бол манай сургууль хүнийг зөвхөн бүтээлч тал руу зүтгүүлдэг. Мөн хүмүүс бүтээлийн 50 хувийг авьяас, 50 хувийг хөдөлмөр бүрдүүлдэг гэдэг ч миний хувьд чиний бүтээл цул хөдөлмөрөөс бүрдэх болно.
Бюро 24/7: Дизайнер Ч.Мишээл таныг "Маш өвөрмөц, гайхалтай хүн" гэж боддог гээд, "Та хар өнгөтэй хувцас үргэлжлүүлж хийх үү? Үүнээс огт эсрэг өнгийн хувцас хийх үү?" гэж асуусан.
Цоло Мөнх: Ер нь бол миний хэзээ ч орж болохгүй өнгө бол неон, пламастерь өнгөнүүд. Би хүрэхэд ч тэр, харахад ч тэр примитив, хуурай өнгө их ашигладаг. Ийм өнгийг голдуу байгаль дээр ч юм уу, байгалийн гаралтай эд зүйлээс харж, хүрч, мэдэрч болно. Миний худалдан авагчид ийм мэдрэмжийг надаас хүсдэг.
Бюро 24/7: Ч.Мишээл мөн яагаад заавал "дарк" өнгө гэж асуусан.
Цоло Мөнх: Хар өнгө бол маш хүчтэй өнгө. Яагаад гэвэл миний дотор тийм хүч байна. Хүчийг би хараар гаргадаг. Тэгэхдээ хар өнгө бол муухай хүйтэн биш, дулаан өнгө.
Бюро 24/7: Тэгвэл таныхаар хүйтэн өнгө гэж юу вэ?
Цоло Мөнх: Ямар зүйл дээр яригдаж байгаасаа болно. Хувцас нь өөрөө аягүй гоё дулаан өнгөтэй ч өмссөн хүн нь хүйтэн бол тэр хүйтэн байна.
Бюро 24/7: Michel & Amazonka маркийн Ч.Нямханд тантай, хүмүүс дизайнерын шинэ загварыг бага худалдаж авдаг тухай ярилцаж байсан гэсэн. Таны хувцсыг монгол хүмүүс худалдаж авахгүй байгаад та харамсдаг уу?
Цоло Мөнх: Харамсдаггүй. Надад монголд дэлгүүр байхгүй, миний урлан дээр худалдан авагч хүлээж авдаг ямар ч шинжгүй байгааг чи харж байгаа байх. Урлаг ойлгодог, өөрийнхөөрөө байдаг хүмүүс гарч ирсэн тохиолдолд л би хувцсаа зарна. Тийм хүмүүс одоохондоо алга. Ихэнх нь хиймэл байгаа. Дотроо их хоосон, гаднаа мөнгөний чадамжтай гэдгээ харуулах гэсэн хүмүүст цаг алдаад хэрэггүй. Тийм биш хүмүүс аяндаа гараад ирнэ. Тэгэхдээ тэр хүмүүс масс байхгүй нь ойлгомжтой. Тэгэхдээ надаас цуглуулга болгож, хувцасны шүүгээгээ чимэглэж авдаг монгол хүмүүс бий. Миний дөрөв, таван хувцсыг худалдаж авсан нэгэн урлагийн сургуулийн захирлын гэрт очтол хувцаснуудыг маань баримал шиг ханандаа өлгөчихсөн, гэрэл өгчихсөн, яг л музей шиг байсан. Тийм зүйл харахад маш гоё санагдсан.
Бюро 24/7: Та хамгийн ихдээ 300 ширхэг хувцасны захиалга авсан гэсэн. Тэгэхээр таны загварыг авсан хүмүүс голчлон хаана байна вэ?
Цоло Мөнх: Жилд өвөл, зун гэсэн хоёр улиралд дунджаар 500 хувцас хийсэн байлаа гэхэд эдгээр хувцаснууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Тэгэхдээ ийм дарк, гламураас эсрэг өнгө аястай хувцсыг өмсдөг эмэгтэй хүн цөөхөн. Тэр 300 хувцсыг дунджаар 10 улс худалдаж авлаа гэхэд Итали, Англи, Египт зэрэг орнуудад тус бүр 30 бий.
Гэгээрэх гэдэг нь завилж сууж бясалгаад, гэнэт хөөрч нисдэг, далдыг хардаг ид шидийг олж авах биш юм байна. Хүн болгоны дотор, бас надад байдаг муу сэтгэл, муу дадал буюу нисваанисын гурван хорыг багасгаж, сайхан зөв сэтгэл, зөв үйлдэлтэй байхыг би маш их хичээдэг.
Бюро 24/7: Таны хувцсыг худалдаалж байгаа дэлгүүрүүд бас сонирхолтой, нэг төрлөөр дагнасан байдаг уу?
Цоло Мөнх: Миний хувцас асар үнэтэй байдаг ч би үүндээ тэгтлээ баярладаггүй. Харин загварыг маань авч байгаа хүмүүс цөөн ч гэлээ хэдэн үеэрээ дамжсан урлагийн өндөр мэдрэмжтэй, өөрийн гэсэн ертөнцтэй хүмүүс байдаг. Тэд бүх талын өргөн мэдлэгтэй, үргэлж шинэ юмыг хайж байдаг хүмүүс. Тэд Парист л худалдан авалт хийх гэж очдог. Дэлхийд минийхтэй адил төрлийн хувцас борлуулдаг дэлгүүр 50 орчим бий. Эдгээрээс надтай харилцдаг дэлгүүрүүдийг цахим хуудаснаас маань хараад, сайтаар нь зочлоод үзэх юм бол чи фэйшн ертөнцийг өөрөөр хардаг болно. Дизайнерууд, хувцаснууд, интерьер заслыг нь харж болно. Эдгээр дэлгүүрт хувцсаа тавихад шалгалт авч байгаа юм шиг их юм болдог. Хэдэн жил оршин тогтнож байна, үнэхээр энэ стиль, концепц оо алдахгүй явах уу гэдгийг хардаг. Хэрэв би мөнгөнд дуртай байсан бол эмжээр, хамжаартай хувцсыг монголд хийгээд үнэхээр хөрөнгөжиж чадах байсан ч тийм зүйл болоогүй.
Бюро 24/7: Никел Ганба брэндийн Г.Дашням таны хувцсыг өмссөн явахыг харсан юм байна. Та эрэгтэй цуглуулга үргэлжлүүлэн гаргах уу?
Цоло Мөнх: Эрэгтэй хувцас хийдэг байсан. Тэгэхдээ бас миний хувцаснууд хүйсийн ялгаагүй загвартай. Би ер нь цаашид тийм цуглуулга хийхийг мөрөөддөг ч одоо бэлэн биш байна.
Бюро 24/7: Дараагийн асуултыг Kidult маркийг үүсгэж буй дизайнер Niima асуусан. Niima "Таныг "Францад яг орчинд нь байсан, маш том лэйбэлтэй байх" гээд, лейблийн зүгээс ирдэг дэмжлэгийн талаар сонирхохыг хүссэн.
Цоло Мөнх: Дизайнерыг дэмжиж өгдөг хоёр үндсэн хэсэг байдаг. Эхнийх нь хувцсыг нь борлуулж өгдөг агент бол хоёр дах нь хэвлэл хариуцсан товчоо байдаг. Европт хувцас хийсэн болгоны загвар зарагддаггүй. Авьяастай бол чамайг "Chasseur de tête" буюу "мэргэжилтний ангууч" олж харна. Энэ хүмүүс чамайг хэвлэл болон борлуулагчтай холбож өгдөг. Намайг олсон тэр хүн бол асар буянтай, асар өндөр мэдрэмжтэй хүн.
Бюро 24/7: Та энэ түүхээсээ хуваалцаач
Цоло Мөнх: Миний анх оролцож, амжилт гаргасан Festival de Hyères бол маш чухал тэмцээн. Түүх нь гэвэл би сургуульд нэгдүгээр курст 120 оюутантай хамт сурч эхэлсэн. Төгсөхдөө 45 болж үлдсэн. Манай сургуулийн гоё нь төлбөртэй сургууль мөртлөө уран бүтээлч, сор гаргаж авах зорилгоор оюутнаа жил бүр шигших системтэй явдаг. Төгсөлтийн шоуны үеэр над дээр тайзны ард нэг хүн ирээд Festival de Hyères-д ялах боломж чамд байна гэж хэлсэн. Ингээд би тэр Festival de Hyères-д оролцсон 350 дизайнераас шалгарсан хоёр хүний нэг болсон.
Бюро 24/7: Та үзэгчдийн шагналыг хүртсэн. Мэдээж тэр нь жирийн хүмүүс биш шоунд хүрэлцэн ирсэн загварын мэргэжилтнүүд байсан. Харин моделиудаа тас хараар будах санааг та хаанаас олсон юм бэ?
Цоло Мөнх: Би тэгэхэд хувцсаа хар арьстай охидуудад л өмсгөмөөр санагдсан. Тэгтэл хоёр дизайнер арван моделийг хуваах болсон тул ингэж хараар будахаас өөр аргагүй болсон. Будаг нь L`Oréal-ын хар крем байсан. Хүрэхэд арилна гэх юм байхгүй. Festival de Hyères-д бусад дизайнеруудаас ялгарч чадсанаар намайг дэмжигч борлуулалтын агентлаг болон хэвлэлийн товчоотой болж, анхны цуглуулгаасаа 130 хувцасны захиалга авч чадсан. Тэр үед борлуулалтын агент маань надад "Мянган оддын дундаас нэг одыг нь чи атгасан шүү" гэж хэлсэн. Тэд бол өөрсдөө ашиг олж чадна гэж үзсэн дизайнеруудаа "Энэ хүн зургаан сар тутамд шинэ санаа, шинэ бүтээл гаргаж чадна" гэж итгэж сонгодог. Надад ч асар их үүрэг, хариуцлага ирж байна гэсэн үг.
Бюро 24/7: Би одоо таниас Futuristic Type маркийг үүсгэгч, дизайнер И.Мөнхтуяагийн асуухыг хүссэн нэг зүйлийг асууя. Та анх 130 хувцасны захиалга авахдаа загвараа хэрхэн үнэлж байсан бэ? Дизайнерууд өөрийнхөө бүтээлийг үнэлэхдээ юуг анхаарах хэрэгтэй бол?
Цоло Мөнх: Яг үнэнийг хэлэхэд манай монголд өндөр үнэ их харагддаг. Би анхны цуглуулгад орсон луутай өмдөө 50 еврогоор зарна даа гээд зогсож байтал өнөө мэргэжилтнүүд орж ирээд, хэдэн цаг ажилласан, ямар материал орсон гэдгийг асууж, дараагийн цуглуулгадаа энэ бүхнийг маш нарийн бичих хэрэгтэй гэж зөвлөсөн. Үүнд маркетингийн үнэ бас шингэнэ. Тэд намайг "түлхэж" өгөхдөө огтхон ч шинээр гарч ирсэн дизайнер гэлгүйгээр, шууд л өндөр түвшний брэндүүдтэй зэрэгцүүлж, яг л энэ түвшинд байсан юм шиг ярьж, үзүүлэх болно гэсэн. Тэгээд л өнөө луутай өмдний бөөний үнийг 480 евро гэж тогтоосон. Дараа нь дэлгүүрт очихдоо 1440 евро болж хувирсан. Тэгэхээр Улаанбаатарт 1,2-1,5 сая төгрөгөөр үнэлж байгаа дизайнер эхлээд судалгаа хийх хэрэгтэй байх. "Би олон улсын түвшинд гарсан уу?, гарсан бол би H&M-ийн шатлалд байх уу, эсвэл дундаж байх уу, үгүй бол бүр дээш Dior, Armani-тай адил үнийн түвшинд загвараа борлуулах юм уу" гээд олон асуулт тавих ёстой.
Бюро 24/7: Таны хувцасны зургууд Encens, Elle зэрэг сэтгүүлүүдэд гарснаас гадна мөн францын алдарт зурагчин Николагийн дуранд олон удаа бууж, Монголд хүртэл зураг авалт хийсэн. Та хоёр анх яаж танилцсан юм бэ?
Цоло Мөнх: Намайг Никола зураг авалтанд оролцооч ээ гэж гурван удаа фэйсбүүк хаягаар маань бичсэн. Би өнөө хүний үнэ цэнийг мэдэхгүй болохоор хариу өгөхгүй байсан чинь дөрөв дэх дээр нь намайг загнаад, "Чи хариулдаггүй, яасан их эд вэ?" гэхэд нь л хэн гэдгийг нь сураглаж олж мэдсэн. Тэгэхдээ Монголд хийгдсэн зураг авалт Никола бид хоёрын хэнд ч тэгтлээ таалагдаагүй. Цаг хугацааны хувьд давчуу, яарч зураг авах хэцүү байсан учраас дахиж авна гэж ярилцсан.
Бюро 24/7: Таны хувьд тэгвэл амжилт гэж юу вэ?
Цоло Мөнх: Нэг хурдан мөнгө олохыг л хүмүүс амжилт гэж хэлээд байх шиг. Миний хувьд би өөрөө амжилттай яваа юм шиг байх нь амжилт. Бусад хүмүүс яаж дүгнэх хамаагүй.
Бюро 24/7: Та сая надад франц хэл дээр Буддын тухай ном уншиж байгаа, өөрийнхөө сонирхдог сэдвийг бусдад танилцуулдаг байх үүднээс өөрөөр харж байгаа гэсэн. Ер нь таны амьдралын туйлын зорилго юу юм бэ?
Цоло Мөнх: Би урд насандаа хийж гүйцээгүйгээ л хийж яваа гэж боддог.
Бюро 24/7: Тэгэхээр та гэгээрэх гэж оролддог уу?
Цоло Мөнх: Гэгээрэх гэдэг нь завилж сууж бясалгаад, гэнэт хөөрч нисдэг, далдыг хардаг ид шидийг олж авах биш юм байна. Хүн болгоны дотор байдаг, надад бас байдаг муу сэтгэл, муу дадал буюу нисваанисын гурван хорыг багасгаж, сайхан зөв сэтгэл, зөв үйлдэлтэй байхыг би маш их хичээдэг. Өнөөгийн энэ монголын ёс зүйгүй нийгэм, хүмүүсийг хараад асар их бухимддаг. Энэ бухимдлаас гарах арга зам миний хувьд Буддагийн сургааль, түүний тухай ном уншиж, нэвтрүүлэг сонсож, ажлаа хийж, тайвширч бодох юм. Буддагийн тухай нэгэн номонд "Хүн өөрийн үрийг хайрлаж байгаа мэт бусдыг тэгж хайрлаж чадваас гэгээрнэ" гэж бичсэн байдаг. Би чамд охин үрээ хайрлаж байгаа юм шиг хандана гэхээр гоё байгаа биз дээ. Тэгэхээр гэгээрнэ гэдэг тийм амар биш. Гэхдээ чи үүнийг бодох, ингэх юмсан гэж хүсэхийн төдийд гэгээрэхийн төлөө жаахан ч гэсэн алхам хийнэ гэсэн үг. Миний хувьд энэ улирал захиалга гайгүй байгаа болохоор ганц удаа амралтаа аваад, нутаг руугаа явъя гэж бодож байгаа. Нутгаа маш их санаж байна.