Байкалын загварын долоо хоног: Michel & Amazonka Намар-Өвөл 2016/2017
Backstage 11
Michel & Amazonka маркийн дизайнер Ч.Нямханд, Ч.Мишээл нар аль хэдийнэ арваннэг дэх цуглуулгаа хийчихсэн байна гэж бодохоор цаг хугацаа өршөөлгүй хурдан өнгөрч байгаа мэт санагдана. Анх 2013 оноос хойш эгч, дүү дизайнерууд өөрсдийн загваруудаа гаргаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд хийсэн цуглуулгынхаа хэсгээс Байкалын загварын долоо хоногт толилууллаа.
Тэд "Backstage 11" гэж нэрлэсэн шинэ цуглуулгадаа гоёлын даашинз, үндэсний дээл, пиджак, үслэг захтай богино пальто, торон цээживч зэрэг загварууд оруулж, тус бүрт нь сонирхолтой нэр өгчээ. Багваахай, Шидэт ягаан халаас, Нуур, Цэцгэн бороо, Лаванда, Хар шидтэн, Монгол, Зефир зэрэг нэртэй эдгээр загварууд нь романтик хэрнээ минимал өнгө аястай болжээ. Гялалзсан чимэглэлтэй материалыг олон давхарлах аргачлалаар гаргаж авсан өнгөний хослол нь гарын үсэг, нуурын бидрээ мэт давтагдашгүй хээ үүсгэж байна. Үслэг пон поноор хийсэн цэцэг, халаас зэрэг нь гоёлын даашинзуудыг илүү романтик бас дулаахан өнгө аястай болгож өгчээ.
Дизайнер эгч дүүс үндэсний хэв маягтай загваруудаараа хүмүүсийн талархлыг хүлээж чадсан. Тэд энэ удаад ердийн загвартай монгол дээл хийж, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн өмссөн зохисон загвартай байлгахыг эрмэлзсэн байна. Ингэснээрээ тэд Монгол гэхээрээ өөр ямар нэгэн чимэглэл, хээ хуар орсон байдаг туйлшрамтгай хувилбаруудаас татгалзаж, энгийн хэрнээ загварлаг төрхийг санал болгожээ. Backstage 11 цуглуулгад мөн гялалзсан материалаар хийсэн оймс, цагаан нүдний шил зэрэг аксесуар орсноос гадна конус хэлбэрийн ханцуй зэрэг сонирхолтой загварууд багтжээ.
Michel & Amazonka маркийн шинэ цуглуулга 20 загвараас бүрдсэн бөгөөд тэд Байкалын загварын долоо хоногт оролцож буй бусад дизайнеруудын адилаар 10 загварыг тайзан дээр гаргасан байна.