Демна ба Гурам Гвасалия: “Би түүнгүйгээр, тэр надгүйгээр Vetements-ийг бүтээж чадахгүй байхсан”
Buro 24/7 ярилцлага
Гүрж улсаас гаралтай Демна Гвасалия Москвад ирээгүй 25 жил болсон нь ярианы явцад илэрлээ. Тэр энэ олон жилийн дараа Оросын нийслэл хот руу дүүтэйгээ ирэх болсон шалтгаан нь тэдний хайртай дуучин Земфирагийн тоглолт байж. Тэд удаан хугацааны турш нутагтаа амьдраагүй ч, орос хэлээр чөлөөтэй ярьдаг хэвээрээ байв. Ярилцлагаа орос хэлээр явуулахыг хүссэн Демна ойр, ойрхон англи үгс хэрэглэж, тохиромжтой орос үгнүүдийг олох гэж удаан бодлогошрох нь их байлаа.
Гвасалия ах дүүсийн гол онцлог нь тэдний нэг нь шинэ санаа сэтгэгч бол нөгөөх нь бизнес хөгжүүлэгч аж. Бүтээлч үүргийг Демна харин бизнес үүргийг Гурам хариуцдаг юм. Тэдний ярианы хэв маяг нь хүртэл хоорондоо эрс ялгардаг нь энэхүү ярилцлагаас мэдэгдэх болно. Демна өөрийн бүтээдэг цамцнууд дээрх лоозон шиг захирангуй бас огцом хэллэгүүд хэрэглэж байсан бол, Гурам илүү зөөлөн зантай, үзэл бодлоо эвтэйхнээр илэрхийлж байлаа. Гурам ахынхаа өгсөн ярилцлага бүрийг олонд дэлгэгдэхээс нь өмнө "цэвэрлэж" заншсан бөгөөд энэ удаагийн ярилцлагын үеэр ч мөн адил зарим үгсийг нь "хасна шүү" хэмээн Демнад сануулга өгч байв. Ах дүүсийг ажиглаад байхад Демнагаас дөрвөн насаар дүү Гурам жинхэнэ том ах нь мэт санагдлаа.
Та хоёр зөвхөн Земфирагийн тоглолтыг үзэх зорилгоор Москва хотод хүрэлцэн ирээд байна уу?
Демна Гвасалия: Тийм ээ. Би Земфираг 16 наснаасаа эхлэн сонсож байна. Тэр нэг төрлийн миний анхны хайр юм. Түүний "Ромашки" болон бусад бүх дуунд би дурласан. Бид Ренататай эртнээс нөхөрлөж ирсэн бөгөөд бүр Земфиратай нэг удаа "скайп"-аар дамжуулан караокедож байсан удаа ч бий. Тиймээс би энэ тоглолтыг үнэхээр алгасаж чадсангүй. Тэгээд ч би Москвад ирээгүй бараг 25 жил болж байна.
Гурам Гвасалия: Бас ОХУ-д анх удаагаа ирж байгаа шүү дээ.
Д.Г: Тийм ээ, би өмнө нь ЗХУ байхад нь ирж байсан ч, ОХУ болсноос нь хойш анх удаагаа ирж байна. Намайг 1989 онд Москвад ирэхэд "Березка" нэртэй дэлгүүр байсныг би сайн санадаг юм. Надад тэндээс adidas-ын хослол авч өгөхөд би их баярлаж, хослол руугаа ма-а-а-ш удаан ширтэж байж билээ. Намайг энэ сайхан хот руу дахин урьсанд би их баяртай байгаа.
Земфира маш ховор ярилцлага өгдөг ч саяхан тэр Numero сэтгүүлд онцгой боломж олгосон байна билээ. Тэр хайртай дизайнеруудаа дурдаж байхдаа таны нэрийг онцолсон байсан.
Д.Г: Түүнд Vetements-ийн загварууд таалагддаг шүү.
Үнэндээ Оросын ихэнх алдартнууд таны бүтээсэн хувцсыг өмсөх дуртай байдаг шүү. Саяхан нэгэн хөгжилтэй явдал болсныг бид дуулсан юм байна. Манай дотоодын нэгэн дуучин Vetements-ийн "Титаник" киноны дүрстэй малгайтай цамц өмсөн олны нүдэнд гарахад хэвлэлийнхэн таны брэндийг таниагүй байсан...
Д.Г: Би энэ мэдээллийг харсан юм байна! Хэвлэлийнхэн тэрхүү дуучныг 1990-ээд оны сургуулийнхаа хуучин малгайтай цамцыг өмссөн гэж бичсэн байсан. Надад энэ нь харин ч бүр их таалагдсан гээч! Би ийм л зорилгоор хувцаснууд бүтээдэг юм шүү дээ. Хүмүүс миний хувцсыг хараад анхандаа ямар брэнд, ямар учиртай болохыг нь ойлгодоггүй нь надад таалагддаг. Сэтгүүлчид тэр малгайтай цамцыг хараад ямар дизайнерынх бол гэж хайж олохыг ч бодолгүй, шууд л ямар нэгэн хуучин сургуулийн хувцас байна хэмээн таамагласан байсан. Энэ нь үнэхээр догь явдал юм. Миний хувьд ч бас тэрхүү цамц эртний үеийг санагдуулсан, винтаж маягийн загвар шиг санагддаг.
Таны ихэнх бүтээлүүд эртний, өсвөр насны дурсамжуудыг сэргээдэг. Үүнээс үүдээд танаас нэг зүйл асуух гэсэн юм. Зарим хүмүүс таныг хэвшил болсон эсгүүрийг эвдсэн, "үзэмжгүй" зүйлийг үзэсгэлэнтэй болгодог дизайнер гэж ярьдаг бол, бусад нь таныг хувцсаараа дамжуулан хувийн түүхээ өгүүлдэг дизайнер гэцгээдэг. Харин түүний хувьд аль нь илүү үнэний ортой бэ?
Д.Г: Аль нь ч биш юм шиг ээ. Бидэнд мэдээж хэрэг бүтээлч санааны тодорхой хэдэн эх үүсвэр бий. Миний хувьд ЗХУ-ын сургуулийн дүрэмт хувцас их сайхан санагддаг. Манай баг хамт олноос Лотта Волкова болон бусад ажилтнуудын хувьд ч гэсэн адилхан байдаг байх. Цуглуулгын ихэнх хувцаснуудад бидний амьдралын намтар шингэсэн байдаг ч, цуглуулга бүхэлдээ ямар нэгэн нэгдмэл сэдэв агуулдаггүй юм. Бид ердөө л өөрт таалагдсан, ямар нэгэн хувийн чанартай утга агуулсан хувцас бүтээдэг. "They speak to me, they speak to people I know." Бид күүл байх гэж хичээдэггүй, өөрсдийгөө күүл гэж боддоггүй. Би дотроо өөрийн танил хүмүүсээ төсөөлж, "Тэд юу өмсөхийг хүсэх байсан бол оо?" хэмээн эргэцүүлж, цуглуулгаа бүтээдэг. Бидний бэлэн болсон цуглуулга олон хүнд нэгэн зэрэг таалагдаж байвал энэ нь бидний хувьд маш том магтаал юм.
Та хувцаснуудаа өөрийн амьдарч байсан, мөн өсч торнисон орчин болон цаг үетэйгээ уялдуулан бүтээдэг байтал танаас тэс ондоо түүхтэй хүмүүс тэрхүү хувцаснуудыг өмсөх дуртай байдаг нь танд сонирхолтой санагддаг уу? Таны хувцсыг ихэвчлэн маш дэгжин, загварлаг, street style од бүсгүйчүүд өмсдөг шүү дээ.
Д.Г: Энэ нь хачирхалтай санагддаг ч, намайг их урамшуулдаг юм.
Мирослава Дума: Улирал бүр шинэ трендийн араас хөөцөлддөг тэдгээр загварлаг бүсгүйчүүдийн анхаарлыг та бараг өөрийн мэдэлгүйгээр татсан байх. Тэд ихэвчлэн Valentino эсвэл Gucci сонгодог байсан бол, одоо таныг онилдог болжээ.
Д.Г: Тийм ээ, тэд одоо Vetements өмсөх болсон. Үнэндээ тэдгээр бүсгүйчүүд бидний зорилтот бүлэгт багтдаггүй байсан. Гэхдээ тэд одоо яг л Рианна, Канье эсвэл Жастин Бибер шиг бидний тогтмол хэрэглэгчид болсон шүү.
Бүтээлч хүмүүс шаналж байх үедээ хамгийн шилдэг бүтээлээ гаргадаг. Хүний сэтгэл санаа өөдрөг байх үед тэр юм бүтээхээсээ илүү зугаа цэнгэлийн талаар боддог.
М.Д: Энэ их гайхалтай үзэгдэл юм шүү. Таны зорилтот бүлэгт багтдаггүй байсан хэрэглэгчид одоо таны хамгийн үнэнч шүтэн бишрэгчид болжээ.
Д.Г: Өнөөдөр Instagram сүлжээ их чухал үүрэг гүйцэтгэх болсон. Ямар нэгэн алдартан Vetements-ийн хувцсыг өмсөж, зургаа даруулангуут түүний шүтэн бишрэгчид шууд л манай маркийг сонирхож эхэлдэг. Тэд бидний хийдэг юмыг үнэлж, Vetements брэндийг таньсандаа биш, харин тэдний шүтээн ийм сонголт хийсэн болохоор л анхаарлаа хандуулдаг. Тэд шүтээнийхээ өмссөн малгайтай цамцыг хаанаас ч хамаагүй олж авахыг хүсдэг. Үүнд би эсвэл Vetements брэнд тун бага үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнийг удирдах боломжгүй юм.
М.Д: Та энэ онцлогийг өөрт ашигтайгаар эргүүлэх бодол бий юу? Өөрөөр хэлбэл та яг одоо анхаарлын төвд, алдрынхаа ид үед байгаа шүү дээ. Энэ боломжоо та хэрхэн ашиглах бодолтой байна?
Г.Г: Энэ бүх зүйл нь аз тохиосон томоохон давлагаа юм. Яг л серфингийн тавцан дээр зогсож, давлагаан дээгүүр гулсаж буйтай адилхан гэсэн үг. Давлагаа унаж эхлэхэд та нэг бол амжилттайгаар өөр давлагаа руу шилжинэ, үгүй бол унана!
Д.Г: Би дараагийн хорин жилийн турш хүн бүрт таалагдах малгайтай цамц бүтээхийг хүсэхгүй байна. Бид өөрсдийгөө шинэчлэх асуудал дээр яг одоогоор ажиллаж байгаа. Дараагийн улирлаас эхлэн бид хуваариа өөрчлөнө. Мөн зургаадугаар сард Vetements кутюр долоо хоногийн нээлтийн шоу дээр оролцож, цуглуулгаа танилцуулах болно. Ерөнхийдөө дараа улирал бидний хувьд их чухал үе мөч байх болно. Vetements-ийг томоохон өөрчлөлтүүд хүлээж байгаа.
М.Д: Та энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Д.Г: Энэ талаар ярихад одоохондоо арай эрт байна аа! (Инээв) Эхлээд нэг бүлгээ дуусч байж, дараагийнх руу орох хэрэгтэй.
Тэгэхээр товчхондоо бол зөвхөн шоуны хуваарь гэлтгүй бусад олон зүйл өөрчлөгдөх нь ээ тийм үү?
Д.Г: Их зүйл өөрчлөгдөнө. Бид зарим хувцаснуудынхаа элементүүдийг авч үлдэх ч, маркийн арилжааны болон бүтээлч хэсгүүд хуваагдаж, хязгаартай болно. Орчин үед дизайнерууд зургаан сарын дотор ихийг амжуулах боломжтой болсон. Чамд олны анхаарлыг татаж, тэрхүү анхаарлын төвд удаан хугацаанд оршин тогтнох боломж хангалттай олон бий. 15 жилийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулбал өнөөдөр бүх зүйл илүү хялбар болсон. Vetements маркийн хувьд одоо бүтээлч арга барилаа өөрчлөх цаг ирсэн гэж би үзэж байна. Энэ нь их хүнд даалгавар юм.
Та саяхан маркийнхаа үйл ажиллагааг шинэчилж, тусгай эрэгтэй шугам үүсгэсэн байсан. Яагаад заавал одоо ийм алхам хийхээр болсон бэ? Одоо цагт эмэгтэйчүүд эрэгтэй, харин эрчүүд эмэгтэй хувцас санаа зоволтгүй өмсөж, хүйсийн хоёрдмол хандлага ноёрхож байгаа шүү дээ.
Д.Г: Майк, малгайтай цамц гэх зэрэг тодорхой хэдэн зүйлс юнисекс байж болно. Тэдгээр хувцсыг залуучууд ч, бүсгүйчүүд ч өмсөх боломжтой юм. Харин тухайлбал жийнсэн өмдийг бид төрөл бүрийн биеийн галбиртай бүсгүйчүүдэд тохируулан нарийн хэмжүүрийн дагуу бүтээдэг. Бид нэг ширхэг жийнсийг бүтэн долоо хоногийн турш оёдог шүү. Эрчүүдийн галбир тэс ондоо тул тэдэнд өөр эсгүүр хэрэгтэй. Бид дэлгүүрийн манекен эсвэл 0 размер өмсдөг залуучуудад биш, харин жинхэнэ бодит эрчүүдэд зориулж хувцас бүтээхийг хүссэн. Хэрэгдэгчдийн зүгээс өндөр эрэлт байсан болохоор л бид тусгай эрэгтэй шугам гаргахаар шийдсэн.
Эрэлт хэрэгцээний талаар дурдахад таны загварууд манай улсад үнэхээр өндөр эрэлттэй байдаг шүү. Саяхан дотоодын нэгэн дэлгүүрт хэрэглэгчид Vetements-ийн цувыг авахын тулд зүгээр ч нэг мөнгөө өгөөд авах биш, харин бүр олон үе шаттай даалгавар биелүүлж байгаа харагдсан. Тэд цув худалдан авах "эрхийг" олж авахын тулд эхлээд тодорхой хэмжээний үнийн дүнд өөр бараа авч, "шилдэг худалдан авагчдын" жагсаалтад багтаж, дараагаар нь тэрхүү жагсаалтаасаа сонгогдож байсан ...
Г.Г: Юуны улмаас ийм зүйл болох болсныг би ерөнхийдөө таамаглаж байна. Сүүлийн үед загварын зах зээл дээр дамын наймаачид их үүсээд байна. Тэд улирлын хамгийн хит хувцаснуудыг олноор нь урьдчилан худалдан авч, хэрэглэгчдэд үнэ нэмж зарах болсон. Үүнээс үүдээд зарим дэлгүүрүүд худалдан авагчдынхаа шалгуурыг өндөрсгөж, луйварчдад биш, харин Vetements-ийн үнэнч хэрэглэгчдэд бараа олгохыг хичээж байгаа.
Таны хувьд бусдаас онцгой байх, эрэлт ихтэй байх нь их чухал гэж байсан. "Хэрвээ ямар нэгэн хувцас зарагдалгүйгээр хямдрал хэсэг рүү шилжвэл энэ нь бүтэлгүйтэл гэсэн үг" гэж та өмнөх ярилцлагууддаа дурдаж байсан. Тэгэхээр дээр дурдсан "цув худалдан авах эрх" гэх мэт түүх Vetements-ийн эргэн тойрон дахь шуугианыг ихэсгэж, олдоход хэцүү зарим хувцаснууд брэндийн нэрийг олонд илүү их таниулахад нөлөөлж байгаа гэж та боддог уу?
Д.Г: Үнэндээ манай хамгийн элбэг бас боломжийн үнэтэй зүйлс, хамгийн их шуугиан дэгдээдэг шүү.
Хамгийн элбэг бас боломжийн үнэтэй гэдэг нь тухайлбал DHL-ийн футболк уу?
Д.Г: Тийм ээ, футболк бас цув. Учир нь эдгээр загварууд зах зээл дээр хаа сайгүй зарагдаж, хүмүүсийн нүдэнд ойр, ойрхон өртөж байгаа төдийгүй мөн боломжийн үнэтэй тул хэрэглэгчид шууд л худалдаж авдаг. Ийм төрлийн хувцаснуудын эргэн тойронд л шуугиан дэгддэг юм. Бид брэндээ илүү олонд таниулах зорилгоор санаатайгаар хиймэл шуугиан үүсгэдэггүй. Бүх зүйл зөнгөөрөө явагддаг.
Футболк бас цув гэх зэрэг хэт их амжилт олж, хаа сайгүй тархсан загваруудыг цахим сүлжээний хэрэглэгчид meme болгон хувиргаж, хошигнож байгаа харагдсан. Танд энэ нь тааламжгүй санагддаг уу?
Д.Г: Миний бодлоор хүмүүс үнэндээ цувны загварыг биш, харин 135 еврогийн цув худалдан аваад, хичээнгүйлэн street style зураг авахуулж буй хүмүүсийг шоглож байгаа байх. Тухайлбал саяхан Бруклины нэгэн 16 настай хүү хаа сайгүй Vetements өмссөн залуучуудыг харж залхсаны эцэст нэгэн хөгжилтэй төсөл хийж, цахим сүлжээгээр цацсан байсан. Хэрвээ хүмүүс миний долоо хоногийн турш ажиллаж байж бүтээсэн, төгс суулттай жийнсийг шогловол би үүнд санаа зовниж эхлэх байх. Харин энэ бол ердөө л цув шүү дээ.
Г.Г: Дашрамд дурдахад бидний DHL-ийн футболкийг DHL компаний ерөнхий захирал өөрийн биеэр өмсөж, селфи зургаа авдаг гээч. Энэ футболкийг гарснаас хойш түүнээс зөвхөн бизнес чиглэлийн гэлтгүй мөн загварын сэтгүүлүүд ярилцлага авдаг болсонд тэр их баяртай байгаа.
Д.Г: DHL футболкийн загварыг би маш гэнэтийн байдлаар сэдсэн шүү. Би өдөр бүр ажил дээрээ Гурамыг "DHL-ийн үйлчилгээний хөлс хэтэрхий үнэтэй байна", эсвэл "Одоо DHL явуулахаа боль" гэж ярихыг сонссоор байгаад нэг өдөр л ердөөсөө DHL-тэй холбоотой ямар нэгэн загвар хийе гэж шийдсэн.
Г.Г: Бид DHL компани руу хандаж, санаагаа танилцуулахад тэдэнд их таалагдсан. Дараагаар нь бид тэдний логог ашиглах албан ёсны эрхийг олж авсан. Бид түүнчлэн Levi's ба Champion брэндүүдийн логог ашиглах онцгой эрх эзэмшдэг шүү. Хүмүүс ийм зэргийн футболк бүтээхэд ердөө л өнгийн даавуун дээр логог хэвлээд болоо гэж боддог ч, цаана нь ямар их хүч хөдөлмөр орсон байдгийг ойлгодоггүй.
Таны намар-өвөл 2016 улирлын сүүлийн цуглуулгын талаар ярилцах гэсэн юм. Энгэр дээрээ бичигтэй загварууд хүн бүрийн анхаарлыг татаж чадсан...
Д.Г: Тийм ээ, "You Fuck'n Asshole"
Бас "May The Bridges I Burn Light The Way" бичигтэй загвар их таалагдсан.
Д.Г: Энэ миний хамгийн дуртай хэллэг юм. Ирээдүй рүүгээ урагшлахын тулд өнгөрсөнтэй холбох гүүрийг шатааж замаа гэрэлтүүлэх хэрэгтэй гэдэг энэ хэллэг их удаан хугацааны турш миний амьдралын уриа байлаа. Би энэ хэллэгийг цуглуулгадаа оруулахыг их хүссэн. Харин "Fuck'n Asshole" бичиг бол өөр нэг хүний санаа байсан юм.
Г.Г: Америкийн ихэнх худалдааны төвүүд болон онлайн дэлгүүрүүд бидний загварыг хэтэрхий өдөөн хатгасан хэмээн үзэж, борлуулах боломжгүй байгаа.
Д.Г: Ерөнхийдөө намар-өвлийн цуглуулга ийм төрлийн зурвасуудаар дүүрэн байсан шүү. Энэ нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нэгэн арга байсан юм. Манай брэндийн хамт олон тухайн үед бүгд их ууртай, таагүй сэтгэгдэл ихтэй байсан. Тэд бүгд өөрийн гэсэн хэллэгийг цуглуулгад оруулсан байгаа. Бид тэдгээр хэллэгийг өөрсдөө зохиосон юм биш, харин цахим сүлжээнээс хайж олсон юм. Бидний сэтгэлийг илэрхийлэх үгсийг өөр хүмүүс урьдчилан хэлчихсэн байсан. "They spoke to us, but they were not our words."
М.Д: Та бүхэн бүтээлч санааны эх үүсвэрээ цахим сүлжээнээс олсон хэдий ч, бэлэн болсон бүтээгдэхүүн ч бас цахим сүлжээгээр хүчтэй тархаж байна.
Г.Г: Энэ цуглуулгын талаар нэг зүйл нэмж хэлэхэд "Бүтээлч хүмүүс шаналж байх үедээ хамгийн шилдэг бүтээлээ гаргадаг". Хүний сэтгэл санаа өөдрөг байх үед тэр юм бүтээхээсээ илүү зугаа цэнгэлийн талаар боддог. Харин сэтгэл санаа муу байхад...
Д.Г: Сүүлийн цуглуулга хамгийн хувийн шинжтэй болсон. Бидний цуглуулгад уур бухимдал, гутрал, сэтгэл зовнил гэх зэрэг зүйлс шингэсэн байгаа. Гэхдээ бид загварын шоугаа хийгээд дуусах мөчид бүх сөрөг бодол хаашаа ч юм алга болчихсон байсан. Үүний дараа зөвхөн сайхан дурсамжууд л үлдсэн.
Хувийн сэтгэл хөдлөлөө шингээсэн цуглуулга тань шүүмжид өртөхийг харах хэцүү байдаг уу? Энэ удаад загварын шүүмжлэгчид нэлээд хоёрдмол хандлагатай үнэлгээ өгсөн байсан.
Д.Г: Би үнэндээ аливаа шүүмжийг сэтгэлд ойр хүлээж авдаггүй юм өө.
М.Д: Та өөрт чинь хандаж ирсэн шүүмжүүдийг ер нь уншдаг уу?
Д.Г: Уншдаггүй. Би шүүмжлэгчид, блогерууд, эсвэл сэтгүүлчдэд зориулж хувцас хийдэггүй.
Г.Г: Ихэнхдээ хүмүүс манай хувцсыг худалдан авах боломжгүй болохоор л шүүмжилж эхэлдэг. Гэхдээ тэдэнд манай брэндийн ямар нэгэн хувцас олдмогц, тэд шууд л Instagram хуудсандаа нийтлэж, VETEMENTS логог аль болох олонд харуулах гэж хичээдэг.
М.Д: Хүмүүс хэтэрхий их зав чөлөөтэй, эсвэл эрэлт хэрэгцээгүй байгаа мэт санагдаж сэтгэлээр унах үедээ виртуал орчинд умбаж, сөрөг зүйлс хийж эхэлдэг. Тэд олон нийтийн сүлжээг ашиглан бага ч болов уу хүмүүсийн анхаарлыг өөр лүү гээ татахыг хүсдэг.
Д.Г: Тэр хүмүүсийн ажил - шүүмжлэх, харин миний ажил - бүтээх. Би утга агуулсан хувцас бий болгохыг хүсдэг. Тэр л чухал. Харин хувцсаа бүтээснийхээ дараа шүүмжлэгчид юу гэж хэлэхийг уншиж суух нь миний хувьд утгагүй юм.
М.Д: Үнэндээ би ч бас дизайнеруудыг гадны шүүмжид санаа зовнихыг хараад гайхдаг байсан. Би Жейсон Вуг Америкчуудын хамгийн хайртай дизайнеруудын нэг байсан үеийг сайн санадаг юм. Түүний урласан даашинзыг тэргүүн хатагтай тангараг өргөхдөө өмсөж байсан. Ву загварын шоуныхаа дараа үргэлж найз нөхөддөө зориулж оройн зоог зохион байгуулдаг байсан юм. Хүмүүс түүнд баяр хүргэж, хамт цэнгэлдэж, сайхан уур амьсгалтай байх үед Ву ширээн доор утсаа гарган ирж, загварын шүүмжлэгчдийн сэтгэгдлийг уншдаг байсан. Тэдгээр хэдхэн шүүмж нь түүнийг үнэхээр их сэтгэлээр унагаж байсныг би харж байсан. Гурав эсвэл дөрөвхөн шүүмжлэгчдийн үзэл бодол цуглуулгын нийт амжилт, борлуулалтад нөлөөлнө гэж үү? Үгүй л болов уу.
Д.Г: Saint Laurent-д Эди Слиман ирэхэд хүн бүр түүнийг шүүмжилж, асар том шуугиан дэгдэж байсан. Юуны түрүүнд тэр үед The New York Times-ийн загварын шүүмжлэгч Кэти Хорин маш сөрөг нийтлэл бичиж байсан. Гэхдээ энэ бүхнийг үл хамааран Слиманы удирдлага доорх Saint Laurent борлуулалтаа дөрөв дахин нэмж, том амжилт олсон шүү дээ.
М.Д: Тийм ээ, Saint Laurent одоо Kering группийн хамгийн хурдацтай өргөжиж буй брэндээр тодроод байна. Тэгэхээр загварын шүүмж энэ салбарт ямар ач холбогдолтой юм бэ?
Г.Г: Зарим тохиолдолд шүүмж нь амжилтын нэгэн илрэл байдаг. Энэ нь чи яг одоогийн байдлаар хүмүүст сонирхолтой байна аа гэсэн үг юм. Онлайн тавцангууд аль болох шуугиан тарьсан мэдээ бэлтгэж, олон уншигчид татахыг хүсдэг. Сэтгүүлчид хэний ч мэдэхгүй брэндийн тухай нийтлэл бэлдэхгүй шүү дээ. Тэр нийтлэлийг хэн ч нээж уншихгүй.
Д.Г: Тухайлбал намайг хэвлэл мэдээлэлд арьс өнгөөр ялгаварлагч, нацист, Сталины үзэл бодлыг дэмжигч гэх зэрэг үндэслэлгүй үгсээр тодорхойлон бичсэн байсан. Гэтэл би хэзээ ч тийм бодол тээж үзээгүй, тийм үйлдэл ч хийж байгаагүй. Бүх зүйл ер нь хүмүүсийн сэтгэлгээнээс хамаардаг юм байна билээ. Бид загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтыг Instagram сүлжээгээр дамжуулан хийж дуустал ихэнх моделиуд Зүүн Европоос сонгогдсон байсан. Бид тэднийг арьс өнгөөр нь шалгаруулж аваагүй, бид ердөө цуглуулгын уур амьсгалд хамгийн ихээр тохирох нүүр царайг л сонгосон.
Зөндөө олон аймшигтай зүйлс тохиосон ч би үргэлж юу хүсч байгаагаа тодорхой мэдэж, хэзээ ч мартдаггүй байлаа.
Та дизайнер мэргэжлийнхээ ихэнх үеийг "сүүдэрт" өнгөрүүлсэн гэж хэлж болно. Таны ажлын эхэн үеийн болон хувийн амьдралын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бараг олддоггүй. "Сухумид төрсөн" ба "Антверпийн академид элссэн" гэх үе шат хооронд тантай юу тохиолдож байсан бэ?
Д.Г: Юу тохиолдож байсан бэ гэж үү? Тэр үед дайн болж байсан. Бөмбөгдөлтөөс хорогдох байр, нуранги, сүйрэл гээд л аймшигтай жилүүд өнгөрсөн. Миний төрөлх Гүрж улсад хүртэл намайг дүрвэгч хэмээн нэрлэж байсан үе ч байлаа. Өөрөөр хэлбэл үндэстэн ястны олон талт асуудлыг би 12 настайгаасаа ойлгож эхэлсэн. Зөндөө олон аймшигтай зүйлс тохиосон ч би үргэлж юу хүсч байгаагаа тодорхой мэдэж, хэзээ ч мартдаггүй байлаа. Би үнэндээ их шүтлэгтэй хүн л дээ. Бурхан намайг өнөөдөр үргэлж мөрөөдөж ирсэн нөхцөл байдалд минь авчирсанд үнэхээр их талархаж явдаг. Би өглөө бүр сэрж, баяр баясгалантайгаар ажилдаа явдаг. Энэ нь Vetements ч бай, Balenciaga ч бай хамаагүй ээ.
Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг үргэлж загвартай холбохыг хүсдэг байжээ. Гурам та хоёр багаасаа л нэг нь бизнес тархи, нөгөөх нь сэтгэгч тархи байх үүргээ хувааж авсан уу?
Д.Г: Тийм ээ, бүх зүйл анхнаасаа тодорхой байсан шүү!
Г.Г: Демна жоохон байхдаа картон цаасан дээр хүүхэлдэй зурж түүнийгээ хайчилдаг байсан юм. Бид хоёр нийлээд тэдгээр хүүхэлдэйг ашиглан загварын шоу хийж тоглодог байлаа. Би тэр шоуны тасалбарыг зардаг үүрэгтэй байсан гээч. Бид эцэг эх, хамаатан саднаа цуглуулан үзэгчдийнхээ суудлыг байнга дүүргэдэг байж билээ.
Д.Г: Гурам бүр анхнаасаа л, таван настай байхаасаа эхлээд "Демна бид хоёр хамт ажиллана, би түүний захирал болно!" гэж хэлдэг байсан. Харин одоо түүний зөгнөл биелсэн, тэр захирал нь шүү дээ.
Г.Г: Бид амьдралынхаа нэг мөчид бие, биенээсээ хагацаж, өөр орнуудад амьдрах болсон юм. Би Лондонд, харин Демна Парист амьдарч байсан. Гэхдээ тун удалгүй амьдрал биднийг эргэн нийлүүлсэн.
Д.Г: Би Парист амьдарч байх үедээ Гурамд цуглуулга хийдэг болсноо хэлсэн юм. Харин тэр "Би нэг сонирхоод үзнэ ээ" гэж хариулж байсан. Тэр миний цуглуулгыг харсныхаа дараа хүмүүстэй уулзаж, миний цуглуулгыг танилцуулна гэж хэлсэн юм. Би Гурамыг над дээр ирэхээс өмнө Vetements-ийг зүгээр л сонирхлоороо хийдэг байсан. Тэр үед энэ нь миний хувьд чухал төсөл эсвэл бизнес мэт санагддаггүй байлаа.
Г.Д: Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ зарим нэг нөхцөл байдлууд хоорондоо огтлолцсоны үр дүнд бий болсон зүйл юм. Бид зөв газар, зөв цагт оршиж байсан. Мэдээж хэрэг Демнад авьяас чадвар бaйгаа нь ойлгомжтой л доо. (Энэ үед Демна инээв.) Гэхдээ бид зөв давалгааг барьж чадсан юм. Тэр үед хүмүүс Демнагийн санал болгох зүйлийг хүлээж авахад бэлэн болсон байсан. Бид яг л зөн совингоороо мэдэрсэн мэт зөв алхам хийсэн. Зарим тохиолдолд логик сэтгэлгээ хангалтгүй байдаг. Хүн таамагладаг ч, Бурхан зохицуулдаг.
Д.Г: Би түүнгүйгээр, харин тэр надгүйгээр Vetements-ийг бүтээж чадахгүй байх байсан (Гурам руу заав.).
М.Д: Хэрвээ та хоёр төрөлх нутагтаа үлдсэн бол өнөөдрийн энэ амжилтыг олж чадах байсан болов уу? Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин ч мөн адил орос гэр бүлээс гаралтай АНУ руу шилжин нүүсэн хүн байдаг. Тэр зарим ярилцлагадаа түүнийг ЗХУ-с АНУ руу шилжүүлэн авчирсан эцэг эхдээ их баярлаж явдгаа дурдсан байсан. Учир нь төрөлх нутагтаа тэр өөрийнхөө санааг хэзээ ч хэрэгжүүлж чадахгүй байсан байх.
Г.Г.: Хуучны Зөвлөлтийн орнууд ба Европын орнуудын хооронд мэдээж хэрэг том ялгаа байгаа. Хамгийн том ялгаа нь ЗХУ-ын орнуудад бүх зүйлийг холбоо сүлжээ, танил тал харж шийддэг байсан юм. Чи танилынхаа тохой татахгүй бол амжилтанд хүрэх боломжгүй буюу боломж хязгаарлагдсан байдаг. Харин чи Европд амьдардаг бол чиний холбоо, сүлжээ хэнд ч хэрэггүй. Чи хүн бүрийн нүдэн дээр нүцгэн зогсож байгаатай л адил. Чамайг аврах гол зүйл бол чиний авьяас чадвар л байх болно. Чи төсөлдөө асар их хөрөнгө оруулалт хийсэн ч, энэ нь үнэн хэрэгтээ огт тус болохгүй. Санхүүгийн хязгааргүй боломжтой хэрнээ яаж хичээгээд ч амжилтад хүрч чадаагүй хүмүүсийг би харсан. Учир нь тэдэнд авьяас байгаагүй. Мэдээж хэрэг аливаа төслийг эхлүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй ч чи өөрийгөө бодитоор дүгнэж, чамд тэрхүү зах зээл дээр тогтож үлдэх боломж бий юу гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ЗХУ-ын орнуудад хэтэрхий их хязгаар бий. Энд чи заавал ямар нэгэн намд элсэж, "дээвэртэй" байх хэрэгтэй бөгөөд тэрхүү улс төрийн намаас их олон зүйл хамаардаг. Харин "дээвэргүй" бол чамайг нүд ирмэхийн зуур дараад авчихдаг. Баруунд бүх зүйл эсрэгээрээ байдаг. Тэнд чи өөртөө л найдаж, чиний амжилт чамаас л шалтгаалдаг. Энэ нь тэс ондоо бодит байдал юм!