Бюро 24/7 тойм: 93//KiDULT, намар-өвөл 2017/18
Маркийнхаа эргэн тойронд тодорхой нэгэн сэтгэлгээтэй өвөрмөц соёл бий болгож чадсан 93//KiDULT
Загварын ертөнцөд яг одоо гудамжны хувцасны жинхэнэ тэсрэлт болж байна. Олон жилийн түүхтэй хүндэт Balenciaga ордны цуглуулгад ийм олон төрлийн өдөн куртка, эсвэл Zara, Topshop гэх зэрэг дэлгүүрүүдийн тавиур дээр ийм олон юүдэнтэй цамц байхыг бид сүүлд хэзээ харсан билээ дээ? "Гудамжны хувцас" гэх ойлголт сүүлийн үед загварын салбарыг бүхэлд нь эзэгнэж байна. Хип-хоп урсгал, скейтборд нийгэмлэг ба хэнэггүй хувцасласан залуус high fashion гэх ойлголттой тэмцэж, хязгаарыг нь тэлж, шинэ давлагаа үүсгээд байна. Гэхдээ хамгийн гол нь streetwear буюу гудамжны хувцас гэдэг нь хувцас загвар гэхээсээ илүү тодорхой нэгэн сэтгэлгээ ба хандлагатай холбоотой зүйл юм. Үүнд л уламжлалт болон гудамжны хувцасны брэндүүдийн хамгийн том ялгаа оршдог. Гудамжны хувцасны брэндүүд хэрэглэгчиддээ брэндийнхээ нэрийг биш, харин өөрсдийн бий болгосон соёлыг санал болгодог юм.
Энэ үзэгдлийг бид 93//KiDULT маркийн шинэ цуглуулгаас олж харах боломжтой. Монголын streetwear салбарыг хөгжүүлж, өөрийн гэсэн байр сууриа олсон энэхүү залуу марк богино хугацаанд өөрсдийн өвөрмөц соёлыг бий болгож, олон нийтийн сүлжээний ачаар дотоодын хэрэглэгчдийн сонирхлыг татаад амжсан. Ерөнхийдөө олон нийтийн сүлжээ гэдэг нь шинэ мянганыхны өөрсдийгөө илэрхийлэх, хувийн стилиэ харуулах нэгэн төрлийн цонх болж өгсөн. Үүнийг ч сайн ойлгосон 93//KiDULT марк өөрийн өвөрмөц дүр төрхийг ухаалгаар тодорхойлж, маркийн хувцсыг өмссөн хүн бүрт тэрхүү соёлын нэгэн хэсэг болох боломжийг олгож байгаа харагддаг.
Аравдугаар сарын сүүлээр Монголын мэргэжлийн дизайнеруудын холбооноос зохион байгуулсан "Who are you wearing" загварын шоуны үеэр 93//KiDULT өөрийн үндсэн зорилго, онцлог ба зан чанарыг маш сайн тодорхойлж чадсан. Маркийн дизайнерууд М.Нямсүрэн ба Б.Батжаргал нар зөвхөн загвар гэлтгүй дуу хөгжим, орчин үеийн залуусын хандлага ба нийгмийн уур амьсгалыг шингээсэн нэгдмэл цуглуулга танилцуулж чадсан нь тайзнаа эгшиглэх цоглог ая, загвар өмсөгчдийн этгээд сонголт болон ерөнхий зохион байгуулалтаас илт харагдана. Тэд намар-өвөл 2017/18 улиралд зориулж залуусыг өдөр тутамдаа илүү зоригтой хувцаслахыг уриалснаар улаан, цэнхэр, шар гэх зэрэг тод өнгөтэй, геометрийн хэлбэр дүрснүүдтэй анхаарал татам загварууд гаргалаа. Орчин үеийн залуус загварлаг харагдахын тулд гангалах шаардлагагүй болсныг 93//KiDULT хувцаснуудаараа илэрхийлсэн юм. Гангалахдаа биш, харин өөрийгөө зоригтойгоор илэрхийлэхэд бүх нууц оршиж байгаа гэлтэй.
Цуглуулгын онцлох загварууд болох геометрийн хэлбэр дүрснүүд, диагональ ба долгиолсон зурааснуудаар олон өнгөнүүдэд хуваагдсан урт, богино oversize өдөн куртканууд, эдгээртэй хослуулан өмсөж болох ижил материал бүхий бамбагар шоортнууд нэгэн хэвийн хүйтэн өдрүүдэд өнгө нэмэх нь гарцаагүй. Дизайнерууд энэ удаад мөн энгийн даавуун материалыг гялтганасан эффекттэй гоёлын материалтай хослуулсан, гадуур хувцсыг том хэмжээтэй цацгаар чимсэн, спорт хослолыг гоёлын уур амьсгалд оруулсан гээд хэд, хэдэн зоригтой шийдлүүд танилцуулаад авлаа. Харин цуглуулгын аксесуарын хувьд 93//KiDULT сүүлийн үед эрчимтэй дэлгэрч буй 1990-ээд оны паска цүнхийг өөрсдийн хэв маягт оруулан олон тасалгаанаас бүрдсэн нэг цүнх биш харин хэсэг, хэсгээр нь задалсан багц цүнх урласан нь тун сонирхолтой санаа болжээ.