Бюро 24/7 тойм: Michel & Amazonka, Muse Art House ба Queen Fashion House
Гурван өөр ертөнц
On'n Off продакшны ордон нэгэн үдшийн турш Монголын "Загварын вант улс" болж хувирлаа. Тайзан дээр гарахдаа бэлдэж буй загвар өмсөгчид, моделиудад хувцсаа өмсгөж буй дизайнерууд, дахин давтагдашгүй төрх бүрдүүлж буй нүүр хувиргагчид ба стилистүүд, эхний эгнээнд суусан загварын редактор ба мэргэжилтнүүд гээд энэхүү үдэш бүхэлдээ загвараар амьсгалж байлаа. Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэг Монголын загварын салбарыг дэлхийн стандарт руу нэгэн том алхмаар ойртуулж өгснийг үгүйсгэх хүн үгүй биз ээ. Нэгэн зорилгын төлөө нэгдэж чадсан дотоодын мэргэжилтнүүд дор бүрдээ ямар их чадвар, нөөц бололцоотойг үзэгчид та бүхэн харсан байх. Хүмүүс бүгд хүчээ нэгтгэсэн үед илүү том амжилтанд хүрдгийг энэ нэвтрүүлэг бидэнд үзүүллээ.
Хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан финалын загварын шоунд шилдэг 16 оролцогч нэг дор цугларч, Michel & Amazonka, Muse Art House болон Queen Fashion House маркуудын Mongolia's Next Top Model-д тусгайлан зориулсан капсул цуглуулгыг амилуулсан байгаа. Харин топ гуравт үлдсэн Т.Номин-Эрдэнэ, Ю.Балжидмаа ба Б.Цэрэндолгор нар сугалааны журмаар тодорхой нэг капсул цуглуулгын нүүр царай болж, тэдэнд зориулсан онцгой загвараар гоёлоо.
Michel & Amazonka
Michel & Amazonka маркийн дизайнер Ч.Нямханд, Ч.Мишээл нар энэ удаад нэгдмэл цуглуулга гэхээсээ илүү тус бүрдээ өөр сэдэвтэй, бие даасан арван загвар тайзан дээр гаргалаа. Шоуны салхийг хагалсан эхний загварыг тэд нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгорт зориулсан бөгөөд түүний эрч хүчийг илэрхийлэх зорилгоор улаан өнгийн оруулгатай хар өмдөн хослол урласан байв. Дизайнерууд уг загварыг бүтээхдээ топ моделийн цагаан шаргал үсийг төсөөлөн, пиджакны захыг цайвар өнгийн үслэг оруулгаар чимж, энгэр дээр нь алтлаг тэмдэг зүүжээ. Харин сул эсгүүртэй өмдний хувьд гэвэл энэ нь өнгөрсөн жилээс хүчээ авч эхэлсэн хажуугаараа судалтай трендийг агуулсан, спорт ба сонгодог хэв маягийн нэгдэл юм. Үүнээс харахад дэлхийн болон Монголын дизайнерууд 1970-аад оны спорт хувцас ба эртний цэргийн өмсгөлөөс санаа авч, орчин үеийн гудамжны стильд хөрвүүлсэн хэвээр байна.
Тайзан дээр нийт арван загвар гарснаас гурав нь Michel & Amazonka маркийн өмнөх улирлын үслэг хормойтой дээл, хамба хилэн материалтай нарийн мөртэй даашинз ба хоёр хэсгээс бүрдсэн мэт харагдах коктейль даашинз байлаа. Бусад шинэ загварууд харин эмэгтэйлэг гэхээсээ илүү хэмжээс ба пропорцтой тоглолт хийсэн, олон төрлийн материал хослуулсан, өвөрмөц шийдэлтэй болжээ. Энэ дундаас Т.Номин-Эрдэнийн танилцуулсан улаан ба алтлаг өнгийн хатгамалтай өмд ба үслэг малгайнаас бүрдсэн төрх хамгийн ихээр нүдэнд туслаа. Английн цэргийн өмсгөлийг санагдуулах энэ төрх бага зэрэг рок-н-ролл, дүрсгүй мэдрэмж төрүүлж байснаараа онцлог юм.
Дизайнер эгч дүүс түүнчлэн авангард маягийн пропорцыг тун чадварлагаар эмэгтэйлэг стильд оруулсан нь цагаан өнгийн хонхон даашинз, үндэсний хээтэй бөмбөгөр ханцуйтай топ ба цэцгэн хатгамалтай гүн цэнхэр өнгийн хүрмээс харагдах болно.
Ч.Нямханд ба Ч.Мишээл нар зөвхөн хувцас гэлтгүй, мөн төрөл бүрийн аксесуар урлаж, тайзан дээр "бүрэн" төрх гаргадаг болсон нь их таалагдлаа. Гялтганасан материалтай мөнгөлөг бээлий, цацган унжлагатай цагирган ээмэг, шигтгээгээр чимэглэсэн гар цүнх, үндэсний хээтэй тирко зэрэг нь тухайн төрхийг илүү чамин, төрөлдөө ганц болгож байлаа.
Muse Art House
Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн финалын загварын шоунд 1920-иод оны "Gatsby" уур амьсгал авчирсан дизайнер Г.Цас энэ удаад шилдэг гурван оролцогчийн тачаангуй төрхийг бидэнд харууллаа. Хагас гэрэлтэх материал ба цацагтай деталиар тодорхойлогдох түүний капсул цуглуулгын нүүр царайгаар Ю.Балжидмаа тодорчээ. Дизайнер түүнд зориулж газар хүрсэн урттай хар өнгийн, хагас гэрэлтэх цацагтай даашинз урласан нь загвар өмсөгчийн төгс бие галбир, эмэгтэйлэг төрхийг илэрхийлж байлаа.
Монголын үндэсний хэв маягийг өдөр тутмын хувцсанд нэвтрүүлж, уламжлалаа алдахгүйн зэрэгцээ загварлаг байх боломжийг олгож байгаа дотоодын цөөн дизайнеруудын нэг бол Г.Цас юм. Тэр өмнөх цуглуулгадаа онцолж байсан монгол үндэсний босоо захтай дээл маягийн урт даашинзыг энэ удаад илүү шинэлэг байдлаар загварчилсан байлаа. Гялалзсан шигтгээгээр бүрхэгдсэн торон ханцуй болон толин бүтэцтэй чулуу ба шүрээр чимэглэгдсэн тоорцог малгай даашинзыг илүү үдшийн уур амьсгалтай, хээнцэр болгожээ. Ингэхэд үндэсний тоорцог малгайг титэм мэт гоёмсог аксесуар болгох санаа үнэхээр сонирхолтой биш гэж үү? "Тоорцгийг яагаад заавал даавуун материалаар хийх ёстой гэж?" хэмээн дизайнер Г.Цас бидэнд тайзны ард хэлсэн юм. Үнэхээр л гоёл чимэглэлд онцгой анхаарал хандуулан ажилладаг дизайнер хэвшмэл байдлыг эвдэж чадсан санагдана.
Цуглуулгад мөн сонгодог эсгүүртэй даашинзуудаас гадна, хэд хэдэн авангард хэлбэр дүрс үзэгдлээ. Давхарлаж өмсөх зориулалттай, бөмбөгөр ханцуйтай, зээгт наамлаар баялаг даашинзууд илүү адал явдалд дуртай, зоригтой бүсгүйчүүдийг чиглэжээ. Muse Art House маркийн шоуны үеэр үзэгчдийг гайхшруулсан өөр нэгэн зүйл бол шүүгч, хөтлөгч Нора Дагвагийн тайз дээр гарсан сюрприз юм. Нора Дагва "Eden" нэртэй этгээд төрх бүхий даашинзыг амилуулж, үзэгчдийг яг л шидэт буга мэт ховсдож байлаа.
Queen Fashion House
Загварын шоуны хаалтыг Queen Fashion House хүчирхэг төрх илтгэсэн загваруудаараа хийлээ. Өмнөх улиралд бүхэлдээ даашинз ба юбканаас бүрдсэн тун эмэгтэйлэг цуглуулга гаргасан дизайнер Д.Энхмаа энэ удаад эмэгтэй хүний эрч хүч, шийдэмгий төрхийг онцолсон байна. Намар-өвөл 2017 улирлын капсул цуглуулгыг Т.Номин-Эрдэнэ төлөөлсөн бөгөөд тэрээр тайзан дээр хагас цэргийн атлаа ялдам дүр төрхтэй гарч ирлээ. Д.Энхмаагийн цуглуулга цэргийн сэдэвтэй байсан ч тэрээр ширүүн хэв маягтай хүрмийг унтлагын загвартай торон даашинзаар "зөөллөж" өгсөн нь оновчтой сонголт болжээ. Мөн сонгодог эсгүүртэй пальто, савхин хүрмийг тэрээр гинж, толин чулуу, савхи зэрэг элементүүдээр чимэглэж, бэлхүүс тодотгосон бүс нэмж өгснөөр загвар өмсөгчдийн ерөнхий пропорц тэнцвэртэй харагдаж байлаа. Түүнчлэн Ю.Балжидмаагийн өмссөн твид пальто 1990-ээд он ба Коко Шанелийн дэлгэрүүлсэн алдарт трендийг өгүүлж байсан ч хадаастай арьсан бүсний ачаар цуглуулгын бусад хувцастай уусан нэгдэж, цуглуулгад өнгө нэмж өгчээ.
Queen Fashion House-ын цуглуулгад багтсан цэргийн берет малгай ба арьсан материалтай корсет бүс гэх аксесуаруудад онцгой анхаарал хандуулмаар санагдлаа. Хэрэв та сүүлийн хэдэн улиралд тренд болсон энэхүү корсет бүсийг өөрийн болгохыг хүсвэл тачаангуй хэв маягаар биш, харин бөмбөгөр ханцуйтай цамц ба өргөн өмд, эсвэл гадуур хувцсыг бүслэх аргаар ашиглаж, өвөрмөц шийдэл гаргахыг санал болгож байна. Харин берет малгайг заавал цэргийн сэдэвтэй хувцас гэлтгүй, спорт эсвэл бага зэрэг рок загвартай хослуулж болох юм.