Хиппи өнгө аяс шингэсэн Saint Laurent-ийн шинэ цуглуулга
Улирлын хамгийн үзэсгэлэнтэй цуглуулгын нэгийг Энтони Ваккарелло урлалаа
Saint Laurent загварын ордны бүтээлч захирал Энтони Ваккарелло шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Saint Laurent-д ирсэн цагаасаа хойш рок тоглолтыг санагдуулам гайхалтай шоунуудыг зохион байгуулсаар ирсэн Энтони Ваккарелло энэ удаа ч бас дуу болон гэрлийн гайхамшгийг харуулсан загварын шоуг толилуулсан юм.
Дизайнер Энтони Ваккарелло Saint Laurent загварын ордны үүсгэн байгуулагч Ив Сен-Лораны 1976 онд урлаж байсан хиппи уур амьсгалтай "Russian Collection" гэх цуглуулга болон брэндийн алдарт Le Smoking загвараас бүтээлч сэдэл авсан цуглуулгыг урлажээ. Бермуда шоорт, тэйлор хүрэм, барууны хэв маягтай түрийтэй гутал, хурц захтай сорочка, нэвт гэрэлтэх цамц, намирсан даашинз, саатай утсаар хатгаж чимэглэсэн даашинз зэрэг загварууд шоуны эхэн хэсэгт танилцуулагдсан юм. Харин төгсгөл хэсэгт гялалзсан материалаар урласан хослол, мини даашинз, комбинзон зэрэг загваруудыг Стелла Теннант, Наоми Кэмпбелл тэргүүтэй загаар өмсөгчид толилууллаа. Сонирхуулахад Энтони Ваккареллогийн өмнөх цуглуулгуудад хурц эсгүүр, бариу загварууд ноёрхдог байсан бол энэ удаа илүү зөөлөн "хэмнэлтэй", романтик өнгө аястай цуглуулгыг бүтээсэн нь тод ажиглагдсан юм.