Ойрооc харцгаая: Ирээдүйн олдвор мэт Dior-ийн эрэгтэй загварууд
Хавар-зун 2020
Dior загварын ордны эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Ким Жонс 2020 оны хавар-зуны улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Цуглуулга бүрдээ онцгой уран бүтээлчидтэй хамтрахыг зорьдог Ким Жонс энэ удаад Америкийн контемпорари уран бүтээлч Даниел Аршамтай хүчээ нэгтгэсэн байна. Бүр тодруулбал дизайнер түүний “Ирээдүйн олдворууд” хэмээх үзэсгэлэнгээс бүтээлч сэдэл авчээ. Даниел Аршам бол орчин үеийн эд зүйлсийг археологийн олдвор мэтээр ахин бүтээдэг нэгэн юм. Тэрээр шоунд зориулан "Dior" гэсэн үг бүхий инстялляцыг урлаж, загвар зохион бүтээгч Кристиан Диорын ажлын өрөөг цагаан гантиг чулуун эртний олдвор мэтээр дүрсэлжээ.
Бариу загварын тэйлор хослол, торгон нөмрөг, органза материалтай нэвт гэрэлтэх цамц, өндөр суудалтай өмд, тренч цув, элсэн цөлд өмсөхөд зориулагдсан мэт харагдах юүдэнтэй хүрэм, Toile de Jouy уран сайхны хээтэй комбинзон зэрэг цэмцгэр байдал ноёрхсон, кутюр суурьтай өдөр тутамд зориулсан загваруудыг Ким Жонс урлажээ.
Мэдээж Dior-ийн эрэгтэй аксесуарын дизайнер Юн Аны шинэ загварууд ч бас тайзнаа хамт танилцуулагдсан бөгөөд тэр дунд футурист хэв маягтай гар тээш, "эмээлийн цүнх" загварын үүргэвч, жижиг хэмжээтэй гар цүнх, гантиг чулуун хүзүүний зүүлт зэрэг баялаг гоёл чимэглэлүүд багтсан байлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт