Raf Simons, хавар-зун 2020 цуглуулга
Шинэ цуглуулга ямар далд утга санааг илэрхийлсэн бэ?
Дизайнер Раф Симонc шинэ улиралд зориулан нямбай хийцийн хүрэм, богино шоорт, өргөн загварын сорочка, лабораторийн ажилтныг санагдуулам хүрэм, ноолууран цамц зэргээс бүрдсэн цуглуулга урласан байлаа. Цуглуулга бүрээрээ далд утга санааг илэрхийлэхийг зорьдог тэрээр энэ удаад Америк улсад дургүйцлээ илэрхийлсэн юм. Тухайлбал "STONE(E)D AMERICA" гэх үг хэд хэдэн загвар дээр харагдсан ба загварын шоуны аянд "Худал хуурмаг медиа...Корпорац Америк... Фашист Америк" гэх үгс сонсогджээ. Сонирхуулахад өнгөрөгч оны арванхоёрдугаар сар хүртэл Calvin Klein брэндийн бүтээлч захирлын албыг хашсан Раф Симонc гэрээний хугацаа дуусахаас өмнө брэндийг орхисон юм. Харин түүний шинэ цуглуулга түүнийг Calvin Klein-д ажиллаж байх хугацаандаа уран бүтээлчийнхээ хувьд хайрцлагдмал байдал мэдэрч байсан гэдгийг илэрхийлэх мэт байлаа. Түүнчлэн хэд хэдэн төрхийг зузаан бээлийгээр чимсэн нь химийн хортой нөхцөлд байгаа мэт харагдсан бөгөөд үүгээрээ ирээдүйд тохиох зүйлсийг зөгнөсөн байх хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт