Хайх

Хуримын загварын долоо хоног дээр үзэгдсэн шилдэг даашинзнууд

Хуримын загварын долоо хоног дээр үзэгдсэн шилдэг даашинзнууд

Хавар 2023 цуглуулга

Text: Buro.Mongolia


Нью-Йорк хотод уламжлалт ёсоор хуримын загварын долоо хоног амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд минимал хийцтэй, илүү дутуу детальгүй загварууд онцгойрсон юм.


ЭНГИЙН АТЛАА ЧАМИН ХАРАГДУУЛАХ ЗАГВАРУУД

Хамгийн энгийн хэр нь галбирт төгс сууж, сүйт бүсгүйн эмэгтэйлэг байдлыг тодотгох энэхүү загвар нь орчин үеийн бүсгүйчүүд дунд өндөр эрэлт үүсгээд байна. Ерөнхийдөө гоёл чимэглэл бага байх тусмаа сайн гэх хандлага загварын салбарт удаан хугацаанд зонхилох төлөвтэй байгаа юм. Гэхдээ төрхөө илүү сонирхолтой болгохыг хүсвэл Galvan брэндийн адил даашинзны нарийн мөрний хэсгийг сувдан чимэглэлээр гоёж болно.


ХОЁР БАЙДЛААР ӨМСӨЖ БОЛОХ ХУВИРДАГ ДААШИНЗ

Их Британийн Halfpenny брэнд сүйт бүсгүйн тав тухтай байдлыг чухалчилж, хуримын үндсэн ёслол дээр газар шүргэсэн урт хормой болон ардаа бантик хэлбэрийн том чимэглэлтэй даашинзыг санал болгож, харин зоог барих үеэр эдгээр элементүүдийг авах боломжтой, хоёр байдлаар өмсөж болохуйц илүү биед эвтэйхэн загварыг урлажээ.


ХООЛОЙТОЙ ДААШИНЗ

Хуримын даашинз яагаад хоолойтой байж болохгүй гэж? Сүүлийн үед дизайнерууд хоолойтой мини болон макси урттай хуримын даашинзнууд урлаж эхэлсэн юм. Тэд хуримын даашинзаа сонгохдоо зүгээр нэг хувцасны шүүгээнд он удаан жил хадгалагдах биш, харин хэзээ ч гаргаад өмсөх боломжтой загварт хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.


НӨМРӨГТЭЙ ДААШИНЗ

Амьдралынх нь хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг болох хуримын ёслолоороо сүйт бүсгүй бүр хамгийн үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Үүний тулд хаанаас нь ч харсан нүд булаам, гоёмсог эсгүүртэй даашинз чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгвэл одоогоос алхах бүрд намирах сүрлэг нөмрөгтэй хуримын даашинз эрчээ авч эхэлж байна. Уг төрлийн даашинзыг хэд хэдэн брэндүүд онцолсон бол Monique Lhuillier брэнд минимал хийцтэй, намирсан урт нөмрөгтэй торгон загвар толилуулсан юм.


КЛАССИК ЗАГВАРУУД

Дизайнерууд хэзээ ч хуучиршгүй сүрлэг хормойтой урт даашинз сонгохдоо хажуу хэсгээрээ гүнзгий оноотой загваруудыг анхааралдаа авахыг зөвлөж байна. Шинэ цуглуулгуудын оноотой урт даашинзнууд эмэгтэйлэг, ялдам байдлыг харуулж, биед эвтэйхэн, хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхаар хийгджээ.


БҮХ БИЕИЙН ХЭСГИЙГ ДАЛДАЛСАН БОСОО ХООЛОЙТОЙ ДААШИНЗ

Илүү дутуу детальгүй, минимал хийцийн даашинзанд дурлагч бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу! Биеийн галбирыг төгс тодотгож, эрхэмсэг байдлыг нь тодруулах урт ханцуйтай, босоо хоолойтой макси даашинз бүсгүй бүрд сайхан зохицно гэдгийг дизайнерууд онцоллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх