Doja Cat, Кайли Женнер, Ким Кардашьян нарын дурлаж буй шилэн цүнх
Энэ жилийн “It” цүнх
Францын Coperni брэнд өөрсдийн нэрийн хуудас болсон “Swipe” цүнхнийхээ шилэн хувилбарыг намар-өвөл 2022 цуглуулгынхаа загварын шоуны үеэр танилцуулсан билээ. Шоу зохион байгуулагдаж дууссан даруйд тус цүнх нь цахим орчинд өргөнөөр танигдаж, хэрэглэгчдийн дунд өндөр эрэлт тогтоож чадсан юм. Рэппер Doja Cat, дуучин Tинаши нар л гэхэд саяхан болж өнгөрсөн Грэммигийн ёслол дээр уг цүнхээр төрхөө чимсэн бол Кайли Женнер Instagram хуудсандаа “Swipe” шилэн цүнхнийхээ зургийг нийтэлж, харин Ким Кардашьяан Coachella наадам дээр зохион байгуулагдсан Revolve брэндийн үдэшлэгт мөн л энэхүү цүнхийг аксесуараараа сонгосон байсан юм.
Coperni нь тус цүнхийг Нью Йорк төвтэй Heven брэндтэй хамтран гаргажээ. Heven бол Бреанна Бокс, Питер Дюпон хосуудын цар тахлын эхэн үед өлгийдөн авсан залуу брэндүүдийн нэг бөгөөд футуристик хэв маягтай шилэн декоруудаараа маш хурдацтай танигдаж эхэлсэн юм. Улмаар тэдний урладаг бүтээлүүд Coperni-гийн бүтээлч захирлууд болох Себастьен Мейер, Арно Вайан нарын хараанд өртөж тус хамтралын эхлэл тавигдаж байжээ.
“Swipe” цүнхний шилэн хувилбарын туршилтын загварыг ердөө хоёрхон өдрийн дотор гаргаж, улмаар нэг сарын дараа л гэхэд эцсийн хувилбараа танилцуулсан байна. Түүнчлэн шилэн цүнх бол өндөр ур чадвартай дархан +1000 гаруй градусын зуухтай харьцаж байж бэлэн болдог амаргүй ажлуудын нэг гэдгийг брэндийн үүсгэн байгуулагчид Vogue сэтгүүлд онцолсон юм.