Торгоны Зам 2018: Monalun брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа
Уламжлалт болон орчин үеийн нэгдэл
Монголчууд бидний гарал үүслийг сануулсан Богд хааны ордон музей гэх түүхэн, гайхамшигт газар долоодугаар сарын 9-ны өдөр нэг үдшийн туршид өнгөрсөн ба одоо цагийн гүүр боллоо. Энэ өдөр Monalun брэнд хоёр дахь бие даасан загварын шоугаа амжилттай зохион байгуулж, шинэ цуглуулгаа танилцуулсан юм. Шоунд хүрэлцэн ирсэн зочдод уйдах зав байсангүй. Тэд музейн ховор нандин үнэт дурсгалуудыг үзэн, орчин үеийн дижитал урлаг сонирхохын зэрэгцээ, цам харайх ёслол, амьд хөгжмийн тоглолт гээд зуны налгар үдшийг гоё сайхан зүйлсээр хүрээлүүлэн өнгөрүүлсэн юм. Мөн мэдээж хэрэг дизайнер Б.Номунгэрэлийн урласан шинэ загваруудтай танилцаад авлаа.
Цуглуулгын хувьд Monalun брэндийн онцлог болсон тод өнгөнүүд, эмэгтэйлэг бөгөөд эрхэмсэг хэв маяг, хүчирхэг мэдрэмж гээд нэрийн хуудас болсон бүх элементүүд шинэ загваруудад шингэжээ. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хараа булаасан зүйл бол брэндийн хамт олны гурван сарын туршид гар аргаар оёсон хувцасны ханцуй, энгэр, хормой зэргийг чимсэн үндэсний аястай, өнгөлөг хатгамлууд байсан юм. Уламжлалт болон орчин үеийн нэгдэл эндээс тод харагдана. Эдгээр жижиг деталиудад шингэсэн нарийн хийц, чанар нь сонгодог эсгүүрийг дахин давтагдашгүй болгож, гарал үүслээрээ бахархахын зэрэгцээ орчин үеийн өвөрмөц шийдлээр хувцаслах нэгдсэн боломжийг олгож байлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт