Даашинзны дотуур цамц өмсөх, аксесуар давхарлах болон бусад намар-өвлийн хувцаслалтын санаанууд
Монгол дахь брэндүүдтэй хамтрав
Намар ба өвлийн жавартай өдрүүдэд дуртай хүн үгүй мэт санагдах ч загварын салбарынхны хувьд энэ нь эсрэгээрээ маш сэтгэл догдлом үе юм. Яагаад гэж үү? Учир нь хүйтэн улиралд бид илүү олон төрлийн хувцаснаас сонголтоо хийж, тэдгээрийг хооронд нь бүтээлч байдлаар зохицуулах боломжтой байдаг. Өвөл гэхээр хар бараан өнгө төсөөлж, нэгэн хэвийн уйтгартай хувцаслалтад баригдах учиргүй гэдгийг загварын мэргэжилтнүүд үргэлж сануулдаг. Мэдээж бодит амьдрал дээр Монголын "ааш нь олдохгүй" цаг агаарт тохируулан, бүрхэг тэнгэрийг үл хамааран өнгөлөг мөн цаг үетэйгээ нийцсэн загварлаг хувцаслана гэдэг нарийн мэдрэмж шаардсан амаргүй ажил гэдэгтэй маргах зүйл үгүй.
Гэхдээ ямар ч нөхцөлд хувцаснуудыг хооронд нь хялбархан зохицуулчихдаг, хичээл зүтгэл гаргалгүй үргэлж загварлаг харагдаж чаддаг хүмүүс байдгийн тод жишээ бол Ө.Содгэрэл юм. Өглөө бүр ажилдаа өчигдрийнхөөсөө тэс өөр өнгө аястай, шинэ төрхтэй орж ирдэг тэрээр яг л хамелеон мэт олон дүрд хувирдаг ч хэзээ ч өөрийн өөдрөг энергиэ алддаггүй. Тэр тусмаа хүйтэн өдрүүдэд ч тэрээр үргэлж гэрэлтэж байдаг нь бидэнд энэхүү нийтлэлийг бэлдэх сэдэл өглөө. Хамгийн гол нь бид түүнийг зөвхөн Монголд худалдаалагдаж буй шинэ загваруудаас сонголтоо хийн хэрхэн өвлийн нэгэн хэвийн хувцаслалтыг өөрийн цэмцгэр, сонирхолтой стильд оруулдгийг харуулахыг хүссэн юм.
Содгэрэлтэй хамт шоппинг хийх үед тэрээр юуны түрүүнд тансаг зэрэглэлийн эдлэлүүдийг масс зах зээлийн загваруудтай хослуулж аль нэг хэв маягт баригдалгүй тухайн үеийнхээ мэдрэмжийн дагуу хүссэнээрээ загварчилдаг нь анзаарагдсан юм. Мөн хувцас олон давхарлах ур чадварыг төгс эзэмшдэг нь түүний стилийн үндэс байлаа. Yamā брэндээс ноолууран цамц сонгохдоо л гэхэд свитерийн гадуур задгай энгэртэй ноолууран цамц давхарлаж, сүүлд бүхий л брэндүүдийн тайзнаа харагдсан тод хээтэй алчуур толгойгоороо орооно. Мөн илүү спорт аястай төрх бүрдүүлэхдээ тэрээр Aigle брэндийн ноосон цамц дээгүүр хантааз өмсөн, үүгээр ч зогсолгүй дахиад куртка давхарлаж байгаа харагдана. Өнгө ба материалын тэнцвэрийг олж чадвал энэ нь дулаахан ч, загварлаг ч хувцаслах шилдэг аргуудын нэг юм.
Хүйтэн бүрхэг өдрүүдэд өөдрөг уур амьсгал нэмэхэд ердөө л тод өнгийн хувцас байхад хангалттай гэдгийг Содгэрэл онцолсон юм. Хүмүүсийн тэр бүр зориглоод байдаггүй шар, улаан, неон ягаан гэх өнгөнүүдийг тэрээр Говь брэндийн пальто ба пиджакны өргөн сонголтоос олсон бол, илүү эмэгтэйлэг, дэгжин дүр төрх гаргахаар Boss бa Burberry брэндүүдийг зорин тус бүрээс нь total look бүрдүүллээ.
MONTBLANC ээмэг; BOSS даашинз, ноосон цамц; BURBERRY нэхий хүрэм, гар цүнх
Түүнчлэн түүний хувцаслалтын салшгүй нэг хэсэг нь аксесуар гэдгийг дурдалгүй өнгөрөхийн аргагүй. Ямар ч төрхийг хүзүүний алчуур, гоёл чимэглэл, бугуйн цаг зэргээр илүү этгээд, хувь хүний онцлогийг харуулсан өвөрмөц шинж чанартай болгож болохыг эдгээр зургуудаас харах боломжтой. Харин сонголтын хувьд Dyrberg/Kern, Montblanc, Rolex брэндүүд бугуйн цаг, нарны шил ба үнэт эдлэлээрээ онцгойрсон юм.
Дэлгүүрүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл:
Rolex
Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар
Утас: 77777797
Burberry
Хаяг: Central Tower, 1-р давхар
Утас: 77445555
Hugo Boss
Хаяг: Central Tower, 1-р давхар
Утас: 77448888
Montblanc
Хаяг: Central Tower, 2-р давхар
Утас: 11 32 0062
Gobi Cashmere
Хаяг: Галлериа Улаанбаатар, 1-р давхар
Утас: 7004 8888
Yamā Cashmere
Хаяг: Галлериа Улаанбаатар, 1-р давхар
Утас: 7004 8888
Dyrberg/Kern
Хаяг: Shangri-La Centre, 2-р давхар
Утас: 93113993
Aigle
Хаяг: Shangri-La Centre, 2-р давхар
Утас: 77205038