Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна
Тренд хамаагүй, харин тав тух болоод өөрт таалагдах мэдрэмж л хамаатай
Resort 2021 улиралд зориулсан шинэ цуглуулгын танилцуулгууд ерөнхийдөө этгээд шийдэл багатай, тайван болж өнгөрлөө. Бараг бүх брэндүүд дижитал байдлаар шинэ цуглуулгаа танилцуулсан бөгөөд цуглуулгадаа ч шаардлагагүй төвөгтэй деталиуд оруулсангүй. Энэ нь мэдээж юуны түрүүнд сүүлийн хагас жилийн хугацаанд дэлхий дахинаа хөл хорио тогтоогдож, үүнээс үүдэн загварын салбарт томоохон өөрчлөлтүүд орсонтой холбоотой. Хэрвээ бид өмнө нь бие биенээ өмссөн зүүснээр нь дүгнэж, бусдын төлөө тав тухаа золиослон байж хувцасладаг байсан бол одоо эхний ээлжид өөрийнхөө тав тухыг эрхэмлэн, хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгөхөө болих нь улам л ихсээд байгаа билээ. Ийм ч учраас загварын салбар өөр чиглэлийг авч, resort 2021 улиралд ч хүртэл дизайнерууд гол нь биед тухтай загваруудыг санал болгожээ.
Дэр болон хөнжил
Карантины өдрүүдийг пижамтай өнгөрүүлсэн бид одоо хөнжил мэт хаваастай зузаан юбка, бүтээлэг мэт нөмрөг, дэр мэт даашинзуудаар шүүгээгээ бүрдүүлж, тав тухтай байдлаа алдах шаардлагагүй байх нь.
Гараар нэхсэн хантааз
Dior, J. W. Anderson, Cecile Bahnsen болон бусад томоохон брэндүүд бидний хүүхэд насыг санагдуулам гараар нэхсэн хантаазуудыг танилцуулж, тэдгээрийг бөмбөгөр ханцуй, хуниастай романтик даашинзуудтай хослуулахыг зөвлөлөө.
Хивс
Dior брэндийн Мария Грация Кьюри энэ удаад Италийн Апулия нутгийн иргэдийн ахуйг тусгасан хээ, угалзтай загварууд гаргажээ. Хивс, бүтээлэг зэргийг санагдуулам даавуун туник болон даашинзууд Dior-оос гадна мөн Salvatore Ferragamo брэндэд ажиглагдлаа.
Хөлөөсөө толгой хүртэл сүлжмэл материалаар хувцаслах нь
Сүлжмэл куртка, мини юбка, даашинз гээд resort 2021 улиралд дизайнерууд бүхэлдээ энэхүү материалаар хувцаслахыг уриаллаа.
Зуслангийн байшингийн хувцаслалт
Цар тахлын үеэр анх дэлгэрсэн зуслангийн байшингийн хувцаслалт гэх тренд хараахан хоцрогдох болоогүй бололтой. Лагерь дээрх хэнэггүй амьдралыг санагдуулам даавуун даашинзуудыг Erdem, Gabriela Hearst болон Gucci брэндүүдээс олох боломжтой бол тариачны мэт хувцсыг Dior, Jil Sander брэндүүд санал болгосон байгаа.
Өндөр захтай үдшийн даашинз
Цар тахал дэгдсэн байгаа энэ үед бид аль болох тайван, хамгаалагдсан мэдрэмж авахыг хүсэж байгаа тул үдшийн даашинзууд ч хүртэл өндөр захтай, урт эсгүүртэй болж хувирч байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт