Шинэ жилээр юу өмсөх вэ?: Өмд топын хослол, урсаж буй мэт мөнгөлөг даашинз болон бусад
Баярын уур амьсгалаар дүүрэн арванхоёрдугаар сарын мэнд! Гацуур модныхоо хажууд дуртай киногоо үзэх, хайртай нэгэнтэйгээ бэлэг солилцох, өнгө алгалсан баярын ширээ засах мөчүүд ирлээ. Гадаа жавартай ч сэтгэл халуунаар төөнөх эдгээр өдрүүдтэй давхцан хамт олон, найз нөхдийн дурсамж бүтээх үдэшлэгүүд зохион байгуулагддаг нь уламжлал болон тогтжээ. Үдэшлэгт харин хүн бүр хамгийн хээнцэр, хамгийн глэм төрхөө бүрдүүлэн очихыг хичээнэ. Тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд “Шинэ жилээр юу өмсөх гэж байна?” гэх асуулт өдөр тутмынх нь ярианы сэдэв болон хувирдаг билээ. Энэхүү асуултад тэгвэл бид хариулахаар загварын орднуудын намар-өвөл 2023 болон хавар-зун 2024 цуглуулгаас эрэл хайгуулаа хийлээ.
Саатай юбка
Хэрэв та дан ганц шинэ жилийн баяр дээр гэлтгүй өдөр тутамдаа ч өмсөхөд тохиромжтой хувцас хайж байгаа бол саатай юбкаг анхааралдаа аваарай. Тэр дундаа Carolina Herrera, Proenza Schouler зэрэг орднуудын санал болгож буй харандаа хэлбэрийн миди, эсвэл макси юбка үдэшлэгийн уур амьсгалтай хэр нь өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой юм. Мэдээж хэрэг хэрхэн загварчлахаас хэв маяг бүхэлдээ хамаарах ба стилетто өсгийт, клач цүнх, гоёмсог топтой хослуулсан байхад арга хэмжээний дресс-код биелж, харин энгийн дугуй захтай цамц, түрийтэй гуталтай загварчлахад оффист ээлтэй төрх бий болно.
Хамгийн гол нь топ
Дэрвэгэр хормойтой, газар шүргэсэн урттай даашинз өмсөн “үнсгэлжин” болоод очиход тийм ч тохиромжтой биш хатуу дресс-код заагаагүй үдэшлэгт юу өмсөх вэ? Хамгийн ганган гэж бодсон топоо гаргаж ирээд аль болох сул эсгүүртэй урт жийнстэй хослуулаад нэг үзээрэй. Энэхүү хоршил нь Gucci, Loewe, Valentino гэхчлэн олон арван брэндүүдийн хавар-зун 2024 цуглуулгад зонхилсон билээ.
Хар даашинзны шинэ төрх
Сүүлийн улирлуудад жижиг хар даашинзны өнгө төрх нэвт гэрэлтдэг болон хувирч буй. Цар тахлын дараагаар хүчтэй дэлгэрсэн энэхүү чиг хандлага 2024 оны хавар, зуны улиралд ч мөн хувцасны шүүгээнд ноёрхсон хэвээр байхыг дизайнерууд тунхаглаад байна. Та энэ төрлийн даашинзыг баярын үдэш өмсөхдөө Nensi Dojaka, Dior, Givenchy ордны харуулсан шиг нэвт гэрэлтсэн атлаа хэтийдсэн задгай биш загваруудаас сонгох боломжтой юм.
Урсаж буй мэт мөнгөлөг
Мөнгөлөг даашинз бол намар-өвөл 2023 оны томоохон чиг хандлагуудын нэг билээ. Дизайнерууд энгийн мөнгөлөг материалыг улам боловсронгуй болгож урсаж буй мэт эффект оруулсан нь загвар сонирхогчдын дунд эрэлттэй байгаа юм.
20-иод оныг санагдуулам унжлагатай
Өвдөг татсан урттай, хормойн дээрээсээ унжлагатай 1920-иод онд өмсдөг байсан даашинз эргэн чиг хандлага болсон билээ. Хэрэв та өдтэй даашинзнаас залхсан бол унжлагатай хувилбарыг сонгож болох юм.