Загварлаг ээжүүд: Ээжүүдийнхээ залуугийн зургийн цомгийг сөхье
Buro.-гийн уншигчид ээжүүдийнхээ зургийг бидэнтэй хуваалцлаа
Утсан дээр хадгалсан зургуудаа дэлгэцийн цаанаас үзэхээс илүү гэрэл зургийн альбом өвөр дээрээ тавин эргүүлэн суух надад илүү амьд мэдрэмж өгдөг. Амьдралынхаа дийлэнх мөчийг ганцхан аппликейшнд хадгалдаг Z үеийнхний төлөөлөл болоод ч тэр үү, эцэг эхийнхээ зургийн цомгоор аялах мэдрэмж юутай ч зүйрлэшгүй санагддаг юм. Яг л үүний адилаар бидний уншигч Л.Золжаргал ээжийнхээ Герман улсад суралцаж байх үеийн 1993, 1994 оны зургуудыг үзэн суухдаа тухайн үеийн эмэгтэйчүүдийн загварын хэв маягийн талаар нийтлэл гаргахыг Buro.-д санал тавин бид ч уриалгахнаар хүлээн авсан юм.
Уншигчдын маань илгээсэн зургуудаас 1960, 1970, 1980, 1990-ээд оноос 2000-аад оны эхэн үе хүртэлх цаг хугацааг тольдох боломжтой. Ээжүүд маань тухайн үеийн моод болсон каракуль шуба, платформ ултай гутал, хагас бууралттай зууван нарны шил, мөр хэсгийг нь тэвхийтэл өндөрлөсөн урт пальто зэргээр гангарсан харагдана. Нүүрэндээ мишээл тодруулан камерын өөдөөс эгц харан зогсох тэдний зургаас мартагнасан байсан ээжийнхээ залуу төрхийг хүртэл эргэн санаж сэтгэл зүрх халуу төөнөх шиг болсон юм. Ээж нар бидний төсөөлдөг шиг хатуу чанга, хүчтэй нэгэн болохоосоо өмнө хэсэгхэн зуур олдох залуу насандаа гоёж гоодож, хөгжилдөж явсныг нь энэхүү нийтлэлдээ дурсан мөнхөлье.
ӨНДӨРЛӨСӨН МӨР
1980 онд эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээ эрчүүдийнхээс ихээхэн улбаатай болж байсан загварын давлагаа монгол бүсгүйчүүдийг ч мөн дайран өнгөрчээ. Тухайн үед ажлын талбарт эзлэх эмэгтэйчүүдийн оролцоо огцом нэмэгдсэнээр “power dressing” буюу сүр хүчээ хувцсаараа дамжуулан илэрхийлэх моод дэлгэрч байсан юм. Уг трендийг илэрхийлэх загваруудын нэг бол яахын аргагүй өндөрлөж тэвхийлгэсэн мөртэй пиджак болон гадуур хүрэм билээ.
САВХИН ЭДЛЭЛ БОЛОН НЭХИЙ
Сайн чанарын савхин хүрэм цаг хугацааны эрхэнд хэзээ ч хуучирдаггүй. Миний хувьд өвөөгийнхөө 1970-аад онд өмсдөг байсан савхин хүрмийг өвлөн авч одоог хүртэл загварчлан төрхөө бүрдүүлэх дуртай. Дэлбэгэр мөр, дан энгэртэй ийм төрлийн винтэж савхин дээр эдэлгээний явцад тамгалагдан үлдсэн хялгасан зураас бүр нь хувцасны характерыг тодорхойлж, үнэ цэнийг нь улам нэмэгдүүлдэг учиртай.
Үүнээс гадна тухайн үед "Дархан нэхийгээ" "махеран" малгай, ороолттой хослуулан өмсөх моод дэлгэрч байв. Энэ хоршил дулаан, тав тухтай, олдоц сайны сацуу загварлаг харагдуулдаг байсан тул ихэд эрэлттэй байжээ.
ӨРГӨН ЭСГҮҮР
Эмэгтэйчүүд бүсэлхий тодотгосон бариу цамц, нам суудалтай өмд өмсөж биеийн галбираа гайхуулж эхэлсэн нь 90-ээд оны сүүлч үеэс улбаатай. Харин үүнээс өмнө ээжүүд маань шулуун эсгүүртэй пиджак, дугуйрсан захтай сорочкан цамц, өвдөг давсан урттай юбка өмсөж түлхүү дөрвөлжин силуэт гаргадаг байжээ.
90-ЭЭД ОНЫ МИНИМАЛИЗМ
1990-ээд он бол минимал хувцаслалтын сэргэн мандалтын үе билээ. Дэлхий даяар нүд гялбам өнгөлөг, нүсэр том чимэглэлтэй 80-аад оны хэв маягаас завсарлага аван илүүц зүйлгүй, нямбай оёдолтой, цулгуй хувцсанд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ээжүүд маань ч гэсэн энэхүү стилиэр 2000-аад оны эхэн үед хувцасладаг байсан нь зургуудаас харагдана. Нарийн мөртэй майк, шулуун эсгүүртэй жийнсэн өмд, дөрвөлжин хоншоортой өргөн өсгийтэй гутал зэрэг минимализмыг илэрхийлэх загварыг тэд сонгодог байжээ.
ЗУУВАН НАРНЫ ШИЛ
Камертон хамтлагийн үүсгэн байгуулагдаад удаагүй байх үеийн постер зургийг санаж байна уу? Тэдний өмссөн томдсон oversize хослол болон нарийн зууван нарны шил нь санаанд шууд бууна. Яахын аргагүй тухайн үед ийм хэлбэртэй шил эрэлттэй байсан. Энгийн төрхийг хормын дотор эгэлгүй болгодог хүч энэхүү аксесуаранд бий.
ДОЛГИОНТОЙ ХӨВСГӨР ҮС
Түлхүү сонины цаас ашиглан нямбай гэгч нь хөвсийлгөн ороодог байсан ээжүүдийн үсний засалтгүйгээр тэдний залуу насыг төсөөлшгүй. Миний хувьд ээж болон эмээгийн минь Шинэ жилийн баяр, Цагаан сар гэхчлэн тэмдэглэлт өдрүүдээр бүрдүүлдэг нарийсгаж зассан тод хөмсөг, улайссан хацар, дээш шууж буржийлгасан үсний засалт бүхий төрх нь санаанаас хэзээ ч гардаггүй юм.