Хайх

Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?

Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?

COVID-19

Text: Buro.Mongolia


Зураг:

Халдвар авахаас сэргийлэхийн тулд хэрэгжүүлэх хэрэгтэй хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг бол нүүрэндээ хүрэхгүй байх явдал юм. Бид өдрийн турш өөрийн мэдэлгүй олон арван удаа нүүрэндээ хүрдэг тул энэ зуршлаа одооноос дарж авах нь цар тахал өнгөрсний дараа ч танд тустай байна. Учир нь халдвар амны хөндийн салст бүрхэвч, хамар болон нүдээр дамжин бие махбод руу нэвтэрдэг. Түүнчлэн бохир гараараа нүүрэндээ хүрэх нь үрэвсэл үүсгэж, цаашлаад үрэвслийг оролдсон тохиолдолд арьс нэгэн жигд бус гадаргуутай, сорвитой болдог сул талтай.

Үүнтэй холбоотойгоор анагаах ухааны эмч Андрей Беловешкин нүүрэндээ хүрэх нь хүнд аль ураг байх үеэс нь үүсдэг, далд ухамсарт суусан үйлдэл гэж тайлбарлажээ. "Нүүрэндээ хүрэх нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулах гэсэн нэгэн төрлийн өөрийгөө тайвшруулах, анхаарлаа төвлөрүүлэх стрессийн эсрэг оролдлого юм" хэмээн Беловешкин тодорхойлсон байна.

Нүүрэндээ хүрдэг зуршил нь мөн Obsessive Compulsive Disorder буюу улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгийн нэг хэлбэр байж болзошгүй бөгөөд үүнийг сэтгэл мэдрэлийн эмчийн тусламжтай эмчлэхийг зөвлөдөг байгаа.

Их Британийн OCD UK сайн үйлсийн байгууллага нүүрэндээ хүрдэг зуршлаа дарахын тулд хэрэгжүүлж болох дараах тустай зөвлөгөөнүүдийг өгчээ:

  • Гартаа ямар нэгэн тоглоом барин завгүй байлга. Тэр дундаа базаж болдог тоглоом байвал бүр ч сайн. Эсвэл гарт таатай мэдрэмж төрүүлдэг өөр ямар ч эд зүйл байж болно. Жишээ нь стресс тайлдаг слайм, хоорондоо соронзон хүчээр таталцдаг бөмбөлгүүд байж болох юм.
  • Нүүрээ маажих, эсвэл зүгээр л нүүрэндээ хүрэх хүсэл төрөх бүрт өөрийгөө анзаарч, аль болох энэ хүслээ дарахыг хичээгээрэй. Хэрвээ хүслээ дарахад хүндрэлтэй байгаа бол тухайн үед төрч буй мэдрэмж болон бодлуудаа тэмдэглэж, өөрөөсөө яагаад нүүрэндээ хүрэхийг хүсэж буйгаа асуугаарай.
  • Хэрвээ нүүрээ маажих хүсэл төрвөл анхаарлаа биеийнхээ өөр хэсэг рүү шилжүүлж, нүүрнийхээ оронд жишээ нь гараа маажаад үзээрэй.
  • Арьсаа аль болох сайн чийгшүүлж байгаарай. Бид ихэвчлэн хуурайшсан эсвэл цочирдож, үрэвссэн эмзэг арьсыг маажих хандлагатай байдаг.
  • Үс нүүрний урдуур орж гижиг хүргэхээс нь өмнө үүнийг тооцоолон үсээ аль болох нүүрнээсээ хойш байлгаж заншаарай.
  • Компьютерын урд сууж олон цагаар ажиллахдаа ойр ойрхон завсарлагаа авч байх нь чухал. Учир нь дэлгэцийг тасралтгүй ширтсэний улмаас нүд анивчих давтамж буурч, энэ нь нүдний салст бүрхэвч хуурайшихад хүргэдэг. Харин ийм үед хиймэл нулимс хэрэглэж байгаарай.
  • Ажлын талбар дээрээ нүдэнд харагдахуйц газар, том хэмжээтэй анхааруулгууд байршуулаарай. Тод өнгийн стикер цаасан дээр нүүрэндээ хүрэхгүй байхыг анхааруулж бичих, эсвэл зурах, мөн гар утасныхаа нүүр зургийг ижил агууламжтай анхааруулгын зургаар сольж болох юм.
  • Хэрвээ үс тань саад болж, хамар тань загатнаад байгаа бол нэг удаагийн сальфетка хэрэглээрэй.

Мөн мэдээж хэрэг гараа тогтмол, зөв угаахаа мартуузай!

 

цааш үзэх