Эрдэмтэд: Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр 10 жилээр илүү урт насална
Дараах 5 эрүүл зуршлыг хэвшүүлэхэд л хангалттай
Зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах, эрүүл жингээ барих болон согтууруулах ундааны хэрэглээгээ хянах байдлаар эрүүл амьдралын хэв маягтай байх нь хэдий хэцүү ч илүү урт удаан наслахад тусалдаг болох нь эрдэмтдийн хийсэн олон судалгааны үр дүнгээр ахин дахин батлагдсаар байна.
2018 онд Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар дараах таван эрүүл зуршлыг хэвшүүлснээр эмэгтэйчүүд 14 жилээр, эрчүүд 12 жилээр илүү урт наслах боломжтой нь тогтоогдсон байдаг.
Эрүүл амьдралын хэв маягийн 5 зуршил:
- Өөх тос багатай, ургамал ихтэй хоолны дэглэм барих
- Долоо хоногтоо хоёроос дээш цагаар хэвийн болон эрчимтэй дасгал хийх
- Эрүүл жингээ барих
- Тамхи татахгүй байх
- Согтууруулах ундааны хэрэглээгээ хянах. Эмэгтэйчүүд өдөрт 5-15 г этилийн спирт агуулсан нэг согтууруулах ундаанаас дээшгүй (жишээ нь 175 мл дарсанд 15 г этилийн спирт агуулагддаг), эрчүүд 5-30 г этилийн спирт агуулсан хоёр согтууруулах ундаанаас дээшгүй (жишээ нь 709 мл шар айрагд 30 г этилийн спирт агуулагддаг) хэрэглээтэй байх
Тэгвэл нэгдүгээр сарын 8-нд нийтлэгдсэн BMJ анагаах ухааны сэтгүүлийн хийсэн нэгэн судалгаанд дээрх судалгааны үр дүнг илүү нарийвчлан шинжилж, эрүүл амьдралын хэв маяг баримталснаар зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар гэх гурван нийтлэг архаг өвчнийг тусалгүйгээр яг хэдэн жилээр илүү урт наслах боломжтойг тодорхойлон гаргажээ. Ингээд нийт 110,000 хүний тоо баримт дээр үндэслэсэн уг судалгааны үр дүнд дээрх таван эрүүл зуршлыг хэвшүүлж чадсан тохиолдолд гурван нийтлэг архаг өвчнийг тусалгүйгээр эмэгтэйчүүд 10 жил, эрчүүд 8 жилээр илүү урт насалдаг болох нь илэрчээ.