Хайх

Шинэ тренд: “Finsta” гэж юу вэ?

Шинэ тренд: “Finsta” гэж юу вэ?

Өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулах нууц хуудас

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ сарын эхээр супермодель Белла Хадид шинэ Instagram хуудас нээж, өөрийгөө Ребекка Харажуку хэмээн нэрлэж, Япон улсаар аялсан аяллынхаа зургуудыг нийтэлж байсныг та санаж байна уу? Тэгвэл загвар өмсөгч бүсгүй ингэснээр өөртөө "Finsta" нээсэн бололтой. Зөвхөн Белла Хадид ч биш дуучин Жастин Бибер ч мөн Скайларк Тайларк гэх "Finsta" нээсэн байна. Энэ Instagram хуудаст нүдний шил зүүсэн, шаргал үстэй Жастин Биберийн Coachella-гийн үеэр авахуулсан хачирхалтай гэж хэлж болох хоёр л зураг нийтлэгджээ. Ямартаа ч бид "Finsta" гэж юу болох, мөн яагаад энэ тренд нь одууд ба өсвөр насныхны дунд дэлгэрээд байгааг олж мэдэхээр шийдлээ.

 

Анх 2014 онд Амалия Ульман гэх Аргентин улсаас гаралтай уран бүтээлч бүсгүй Instagram олон нийтийн сүлжээнд нэгэн урлагийн төсөл хэрэгжүүлж байсан юм. Амалия Ульман Лос-Анжелес хотод алдар нэр олохыг хичээж байгаа чинээлэг бүсгүйн дүрд хувирч, тансаг амьдралын хэв маягаа харуулсан зургуудыг Instagram-д нийтэлж байсан билээ. Түүний Instagram хуудас таван сарын хугацаанд нийт 90,000 дагагчтай болсон бөгөөд үүний дараа уран бүтээлч бүсгүй олон нийтэд уг хуудас нь ердөө л түүний үйл хөдлөлийн урлагийн (performance art) хүрээнд хийсэн төсөл байсныг зарласан юм. Тэрээр энэ төслөөр дамжуулан интернетэд хуурамч хүн бий болгох ямар амархан болохыг үзүүлж, тухайн хүний дүр төрх ихэвчлэн бодит байдалтай нийцдэггүй болохыг харуулахаар зорьжээ.

Urban Dictionary толь "Finsta" гэх нэршлийг "Fake" (хуурамч) ба Insta (Instagram-ын товчилсон хувилбар) үгсийн нийлбэр хэмээн тайлбарласан байна. Хүмүүс "Rinsta" (Regular Instagram - Энгийн Instagram)-аас гадна зөвхөн ойр дотны найзууддаа зориулан "Finsta" (Хуурамч Instagram) нээдэг аж. Тодруулбал хэрэглэгчид нууцаар "Finsta" хуудас нээж, дотор нь хөгжилтэй, санаа зовмоор зураг ба видеонуудыг нийтэлдэг байна. Мөн ихэвчлэн охид, бүсгүйчүүд "Finsta" нээдэг ба энэ тохиолдолд тэдний  хуудаст хөвгүүд нэвтрэх зөвшөөрөлгүй байдаг гэнэ.

 

"Finsta" гэх энэхүү нэр томьёо нь анх 2015 онд бий болсон ч алдартнууд одоо л энэхүү трендийг дэлгэрүүлж байна.

Саяхан нийтлэгдсэн нэгэн судалгаанд Instagram нь бусад олон нийтийн сүлжээтэй харьцуулахад хүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгийн ихээр гэмтээдэг болохыг дурдсан байдаг. Төгс амьдралын дүр зургийг хий хоосноор бий болгох гэж хичээснээр хүмүүс сэтгэл гутралд орж, түгшүүр мэдэрч мөн ямар нэг зүйлээс хоцрох вий гэсэн байнгын айдаст автдаг байна.

Тийм ч учраас энэхүү хуурамч хуудас нь өсвөр насныхны дунд маш их дэлгэрсэн болох нь батлагджээ. Учир нь тэд зөвхөн дотны найзууддаа зориулан "Finsta" хуудас нээснээр өөрийн жинхэнэ, дотоод ертөнцөө харуулж, чин сэтгэлээсээ, эмзэг байж чаддаг бөгөөд муухай үсний засалттай, гунигласан төрхтэй зургуудаа санаа зоволгүйгээр найзуудтайгаа хуваалцдаг байна. Түүнчлэн "Finsta" хуудаст мим зураг, эшлэл байршуулж, өдөрт хэдэн ч удаа хүссэн зургаа нийтлэх боломжтой байдаг (энгийн Instagram хуудаст долоо хоногт хэдхэн удаа л пост нийтлэх нь зохистойд тооцогддог).

Мөн Facebook, энгийн Insragram, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд таныг дагадаг эцэг эх ба тэдний найз нөхөд, ажил олгогч, хуучин ангийн найзуудаасаа нуугдахад хамгийн тохиромжтой орчин нь "Finsta" болж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх