Хайх

\"Жуа де вивре\": Амьдралаас аз жаргалыг мэдрэх Франц арга барил

"Жуа де вивре": Амьдралаас аз жаргалыг мэдрэх Франц арга барил

Хором мөч бүрээс аз жаргалыг мэдэр!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Франц хүмүүс бүх зүйлийг өөрсдийн гэсэн онцгой арга барилаар хийдэг болохыг та анзаарч байсан уу? Тэд хичээл зүтгэл гаргалгүй дахин давтагдашгүй хувцаслаж, юунаас ч татгалзалгүй хүссэн зүйлээ идэж, таашаалтайгаар дарс шимж, зөвхөн өөрийгөө хайрлаж, мөн хамгийн гол нь амьдралд жижиг гэлтгүй хором мөч бүрээс аз жаргал мэдэрч чаддагаараа алдартай. Яг үүнд тохирсон үгийг ч тэд олсон байгаа. "Жуа де вивре" гэдэг нь амьдралын баяр баясгалан гэх утгыг агуулж байгаа бөгөөд хором мөч бүрийг таашааж, жижиг зүйлсээс ч аз жаргалыг мэдрэх философийг хэлнэ. Энэхүү ойлголтын талаар зохиолч Жейми Кэт Калланы "Bonjour, Happiness! Secrets To Finding Your Joie de Vivre" номонд маш тодорхой бөгөөд сонирхолтой байдлаар бичсэн байдаг. Ингээд "жуа де вивре" арга барилыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр хэрхэн аз жаргалтай амьдарч болохыг харцгаая.

Аз жаргалын эрэлд гарахын оронд хором мөч бүрийг мэдэр

Капиталист нийгэм биднийг хурдан хөдөлж, боломж бүрийг алдалгүй "шүүрч", мөрөөдөлдөө хүрэхийн тулд илүү шаргуу ажиллахыг сургасан. Бид дахин хэзээ ч давтагдахгүй цаг мөч бүрийг мэдрэхийн оронд аз жаргалын эрэлд гарах болжээ. Гэхдээ ирээдүйгээс эрэлхийлж буй тэрхүү аз жаргал нь яг энд, яг одоо, энэ цаг мөчид оршиж байгааг бид анзаарахаа нэгэнт больсон байна. Тиймээс одоо түр завсарлаад эргэн тойрноо дахин нэг ажиглан төвлөрөөд үзээрэй. Таны өдөр тутмын амьдрал гайхалтай зүйлсээр дүүрэн байх болно. Байрны гадаа тоглож буй хүүхдүүдийн инээд хөөрөнд, дотны хүмүүсийн тань ярианд, амттай хоолонд, The Beatles хамтлагийн хэзээ ч хуучиршгүй дуунуудад эсвэл зүгээр л шарлаж буй намрын навчист гээд аз жаргал хаа сайгүй нуугдаж байгаа. Харин та зөвхөн нүд болоод зүрх сэтгэлээ нээн үүнийг олж харах л хэрэгтэй. Аз жаргал гэдэг нь жижиг атлаа тод хором мөчүүдээс бүрддэг мэдрэмжийн цуглуулга юм.

"Жуа де вивре": Амьдралаас аз жаргалыг мэдрэх Франц арга барил (фото 1)

Бүх зүйлийг удаашруул

Бид нэгэн зэрэг олон ажлууд амжуулж чаддагтаа бахархан, юунд ч юм туугдаж байгаа мэт яарч сандарч, асар хурдтай амьдралын хэв маягаар амьдрах болжээ. Мэдээж хэрэг завгүй амьдралын хэв маяг тодорхой хэмжээнд байх ёстой ч цаг үргэлж хэт ачаалалтай ажиллан, хурдацтай амьдрах нь биднийг аз жаргал мэдрэх зав чөлөөгүй болгож, амьдралын утга учрыг алдагдуулж байна. Үүний оронд өөртөө бага зэрэг илүү цаг гарган, өдөр тутамд хийдэг зүйлсээ удаашруулаад үзээрэй. Жишээ нь өмсөх хувцсаа удаан сонгож, тухайн өдрийн дүр төрхөө сайтар төлөвлөн бүрдүүлэх хэрэгтэй. Түргэн хоол идэхийн оронд, өөрийн биеэр хүнсээ цуглуулж, эрүүл бөгөөд амттай хоол гараа гарган бэлтгэ. Халуун хөөстэй ваннд удаан гэгч нь хэвтэж, өөртөө цагийг зориул. Хамгийн чухал нь та энэ бүх үйл явцаас таашаал авах ёстой гэдгийг санаарай.

Зүрх сэтгэлээ торд

Та эрүүл, органик хоол хүнс идэж, дасгал хийж, арьсаа чийгшүүлж бие организмдоо анхаарал тавьдаг шүү дээ. Мөн ном, сэтгүүл уншиж, музей, үзэсгэлэн үзэж, оюун санаагаа ч цэнэглэдэг нь гарцаагүй. Үүнтэй адил зүрх сэтгэлээ ч гэсэн тордох хэрэгтэй. Тухайлбал удаан хугацааны турш хүсэн хүлээсэн аялалдаа гарч, найзуудтайгаа уулзан, цагийг зугаатай өнгөрүүлж, бүр үргэлж хүсдэг байсан шивээсээ ч хийлгэж болно шүү. Эсвэл бясалгал хийж, бодол санаагаа тэмдэглэж, ганцаараа алхаж, өөрөө өөртэйгөө үнэн сэтгэлээсээ ярилцаж, жинхэнээсээ юу хүсэж буйгаа мэдээрэй.

Өөрийн боловсруулсан дүрмийг зөрчихөөс бүү ай

Тодорхой тогтсон дүрэм журмын дагуу амьдрах нь биднийг сахилга баттай болгодог. Жишээ нь та долоо хоногт 3-4 удаа gym-д хичээллэж, зургаан өдөр цэвэр, эрүүл хооллож, ням гараг бүрт их цэвэрлэгээ хийдэг байж болох л юм. Тухайн зарчмуудыг мөрдсөнөөр амьдрал тань ерөнхийдөө цэгцтэй, зохион байгуулалттай болох хэдий ч бүх зүйлийг дүрэм журмын дагуу хийх нь нэгэн хэвийн, уйтгартай өдрүүдийг танд "бэлэглэнэ". Тиймээс хааяа ч болов илчлэг ихтэй зайрмаг идэхийг хүсвэл өөрийгөө бүү хорь! Хэрэв амралтын өдрүүдээр гэрээ цэвэрлэхээс залхуурвал бүү хий. Gym-д дасгал хийж хөлсөө дуслуулахын оронд буйдан дээрээ тухлан хүссэн киногоо үз! Эцсийн эцэст дүрэм журмыг зөрчихийн тулд л зохиосон байдаг шүү дээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх