Аз жаргалтай амьдрах Швед философи: "Лагом" гэж юу вэ?
"Хюгге" амьдралын хэв маягийг орлох нь
Өнгөрсөн жил "Хюгге" гэх Скандинавын амьдрах урлагийн талаар дэлхий нийт олж мэдсэнээр хүн бүхэн өөрсдийн өдөр тутмын амьдралдаа бага ч болов тав тухыг нэмж, амьдралаа илүү аз жаргалтай болгохыг хичээх болсон юм. Тэгвэл аз жаргалтай, тав тухтай амьдралын хэв маягийн талаар Шведүүдэд ч мөн өөрсдийн гэсэн "томьёо" бий. Хэдийгээр "Лагом" амьдралын хэв маягийн талаар бичсэн номууд ("The Lagom Life: A Swedish way of living" Элизабет Карлссон ба "Living Lagom" Оливер Йоханссон) өнгөрсөн жилээс л дэлгүүрүүдийн лангууг эзэлж эхэлсэн ч энэхүү ойлголт нь үүсээд олон зууны нүүрийг үзэж байгаа юм. Тэр ч бүү хэл Шведийг "Lagomlandet" буюу Лагом улс гэж нэрлэх нь бий. Харин одоо "Лагом" гэж юу болох мөн бид яагаад энэхүү философийг хэрэгжүүлэх хэрэгтэй талаар дэлгэрэнгүй харцгаая.
"Лагом" гэж юу вэ?
"Лагом" гэх үгийг Швед хэлнээс орчуулбал "хангалттай", "яг таарсан" гэсэн утга гарч ирнэ. Хэрэв "Хюгге" амьдралын хэв маяг нь тав тухыг илэрхийлдэг бол "Лагом" философи нь бүх зүйлийн тунг нь тааруулах, алтан дунджийг олох, тэнцвэртэй амьдрах гэсэн утгыг агуулдаг. Швед хүмүүс ч өдөр тутамдаа зөвхөн нэн шаардлагатай зүйлсийг хэрэглэж, илүү деталиудаар амьдралаа хэт ачаалуулахаас татгалздаг нь үүнтэй холбоотой. Энэхүү амьдралын философийн гол утга санаа нь бүх зүйлийн тэнцвэрийг хадгалахад оршино. Жишээ нь тэд ажил ба амралт, ашиг тус ба таашаалын хэм хэмжээг тохируулж чаддаг. Тухайлбал Швед нь капитализм ба социализмын тэнцвэрийг хадгалсан эрүүл улс төрийн систем хэрэгжүүлдэг нь үүний баталгаа болж байгаа юм.
Хаана, хэрхэн хэрэгждэг вэ?
"Лагом" гэх ойлголт нь загвар, хоол, дизайн, байгаль орчин гээд ер нь л амьдралын бүх салбарт хэрэгждэг. Тэр тусмаа энэхүү ойлголт нь загварын салбарт хүчтэй ноёрхдог ба уг философийн хүрээнд Шведийн ихэнх дизайнерууд бүтээлүүдээ туурвидаг байгаа. Жишээ нь Acne Studios, Filippa K гэх зэрэг брэндүүд хувцас урлахдаа илүү деталь, хэт их чимэглэл хэзээ ч ашигладаггүй. Үүний оронд тэд өдөр тутам болон онцгой тохиолдолд өмсөхөд тохиромжтой биед эвтэйхэн, минимализмийг баримталсан хувцаснууд зохион бүтээдэг.
Бас нэгэн жишээ дурдахад IKEA брэнд "Лагом" амьдралын хэв маягийн тренд дэлгэрсэнтэй холбогдуулж "Live Lagom" гэх нэртэй, нийгэмд экологийн боловсрол олгох зорилготой төсөл хэрэгжүүлж байсан юм. Энэхүү аян нь хэрэглэгчдийг хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрахад туслах ба ерөнхийдөө хэрэглээний амьдралаас аль болох татгалзах үзэл санааг сурталчлах зорилготой байжээ. Мөн тэд энэхүү аяны хүрээнд эрчим хүчээ удаан хугацааны турш хадгалдаг чийдэн, зай гэх зэрэг байгаль орчинд ээлтэй гэр ахуйн эд зүйлс худалдаалж байсан билээ. Хүн бүр өөрийнхөө хэмжээнд эрчим хүч ба цэвэр усаа хэмнэлттэй хэрэглэж, мөн байгалийн нөөцийн хэрэглээг багасгах боломжтой шүү дээ. Үүний тулд тийм ч их хүчин чармайлт гаргах шаардлагагүй. Харин ухамсартай, тогтвортой амьдралын хэв маяг бүтээх хүсэл эрмэлзэл байхад л хангалттай юм.
Берлин хот дах Acne Studios дэлгүүр
"Лагом" амьдралын дүрэм
"Лагом" философийн үндсэн зарчим нь дэлхийн ихэнх хэсэгт дэлгэрээд байгаа масс хэрэглээний чиг хандлагаас татгалзахад оршино. Эерэг мэдрэмжийг эд зүйлс бус нийгэмд оруулж буй хувь нэмэр өгдөг гэж Шведүүд үздэг. Гэсэн хэдий ч "Лагом" философи нь тав тух хангасан материаллаг эд зүйлсээс бүрэн татгалзахыг уриалдаггүй бөгөөд харин таны болон нийгмийн тав тухыг хангасан эд зүйлсийг хэрэглэхэд тус амьдралын хэв маягийн гол утга учир нь оршиж байгаа юм.
Амьдралаа хэрэгцээгүй зүйлсээр дүүргэхгүйгээр илүү цэгцтэй болгох хэд, хэдэн "Лагом" зөвлөгөөг танилцуулж байна. Мөн та эдгээр хэдхэн энгийн дүрмүүдийг мөрдсөнөөр амьдралаа илүү аз жаргалтай болгоно гэдэгт Шведүүд итгэдэг.
Зардлаа тэмдэглэ
Ингэснээр та хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэлгүй, харин зөвхөн хэрэгцээтэй зүйлсээ л худалдаж авах болно.
Минимализмийг баримталж, бүх зүйлийг мэдрэмжтэй хий
Та гэртээ ямар ч хэрэгцээгүй хэт олон бэлэг дурсгалын зүйлс, аксесуар байлгаснаас, чанартай, загварлаг ганц зүйл байршуулах нь орон зай хэмнээд зогсохгүй таны гоо зүйн мэдрэмжийг илтгэж өгнө.
"Reduce, Reuse, Recycle" дүрэм
Швед нь байгаль орчинд хамгийн ээлтэй орнуудын жагсаалтанд дээгүүр байр эзлээд зогсохгүй асар өндөр амьдралын түвшинтэй улсад зүй ёсоор тооцогддог. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд тэд "Reduce, Reuse, Recycle" (Багасга, дахин ашигла, дахин боловсруул) гэх дүрмийг хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү дүрэм нь ус ба эрчим хүчний хэрэглээг багасгах, эд зүйлсийг олон дахин хэрэглэх, мөн хог хаягдлаа боловсруулах гэсэн гурван зүйлээс бүрдэж байгаа юм. Хэрэггүй эд зүйлсээ хог дээр хаяхын оронд та буяны байгууллагууд эсвэл дизайнеруудад (тэд таны эд зүйлсийг цоо шинэ аргаар ашиглах болно) хандивлаж болно шүү дээ. Хэрэв та эхний хоёр дүрмийг амжилттай хэрэгжүүлж чадвал дахин боловсруулах хог хаягдлын тань тоо хоёр дахин багасах болно.
Тасалгааны ургамал худалдаж авах
Юуны өмнө ургамал нь хүчил төрөгч ялгаруулна. Ингээд ч зогсохгүй тасалгааны ургамал нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, ажилдаа төвлөрөхөд тусалж, амьдралд тань төгс тэнцвэрийг бүрдүүлж өгнө гэдгийг эрдэмтэд баталсан байдаг.