Хайх

Домогт Queen хамтлаг: Bohemian Rhapsody киноны тухай мэдэх ёстой зүйлс

Домогт Queen хамтлаг: Bohemian Rhapsody киноны тухай мэдэх ёстой зүйлс

2010 оноос эхэлсэн төсөл ажээ

Text: Ц.Намуун


Зураг:

Алдарт Queen хамтлаг тэр дундаа хамтлагийн гоцлол дуучин, домогт рок од Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн кино энэ онд нээлтээ хийхээр боллоо. Киноны анхны трейлэр цацагдсан даруйдаа Youtube дэх хамгийн их хандалттай бичлэгүүдийн нэгдүгээр байранд орж, одоогоор долоон сая гаруй хүн үзжээ.

X-Men киноны найруулагч Брайан Сингер болон Декстер Флетчер нарын найруулсан тус киног Bohemian Rhapsody буюу хамтлагийн хамгийн алдартай дууны нэрээр нэрлэсэн. Харин киноны гол дүр буюу Фредди Меркьюригийн дүрийг жүжигчин Рами Малек бүтээсэн байна.

Киног хийх тухай 2010 оноос ярьж эхэлсэн бөгөөд бүтээлийн явцад олон саад бэрхшээл тулгарчээ. Хамгийн анх хамтлагийн гоцлол дуучны дүрд Саша Барон Коэн тоглохоор сонгогдсон хэдий ч тэрээр Queen хамтлагийн гитарчин Брайан Мэйтэй зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас кинонд тоглохоос татгалзжээ. Үүний дараагаар кино багийнхан ахин дүр шалгаруулалт явуулсны эцэст жүжигчин Рами Малек Фреддигийн дүрийг бүтээх болсныг 2016 оны арван нэгдүгээр сард зарласан билээ.

Ингээд найруулагч Брайан Сингерийн удирдлага дор кино багийнхан маш эрчимтэй ажиллаж эхлэв. Кино зураг авалт амжилттайгаар үргэлжилж байсан ч Талархлын баярын дараа найруулагч Брайан үл мэдэгдэх шалтгааны улмаас ажилдаа ирсэнгүй. Зарим цуу ярианы дагуу түүнийг жүжигчин Малектай үл ойлголцсон гэж байсан ч Брайан үүнийг үгүйсгэж, өөрийгөө эрүүл мэндийн асуудалтай байсан гэх тайлбарыг өгчээ. Гэвч кино бүтээх үйл явцыг удаашруулахгүйн тулд Брайаныг кино багаас халах тухай шийдвэр гарч, найруулагч Декстер Флетчер уг төслийг дуусгах болсон юм. Найруулагчдын хэн хэнийх нь нэр iMDb хуудсанд бичээтэй байгаа ч трейлэр дээр найруулагчдын нэр огт дурдагдсангүй.

Бүх цаг үеийн шилдэг дуу 'Bohemain Rhapsody'

Queen хамтлагийн дөрөв дэх уран бүтээл болох 'A Night at the Opera' цомогт багтсан  'Bohemian Rhapsody' дуу нь анх цацагдсан даруйдаа жинхэнэ тэсрэлт болж байлаа. Сонгодог аялгуу, рок хэмнэл, гитарын гоцлолыг хослуулсан нь хөгжмийн ертөнцөд цоо шинэ үзэгдэл байсан төдийгүй Фредди Меркьюри дуурийн дуучны хоолойг чадварлагаар гаргаж дуулсан нь олныг байлдан дагуулж байлаа. Тухайн үедээ энэхүү дуу маш өндөр өртгөөр бүтэж байсан бөгөөд хожим бүх цагийн үеийн шилдэг дууны нэг болсон юм.

Домогт Queen хамтлаг: Bohemian Rhapsody киноны тухай мэдэх ёстой зүйлс (фото 1)

Фредди Меркьюригийн хайрын түүхийг өгүүлнэ

Кинонд хамтлагийн амжилтаас гадна тэдний амьдрал дээрх бодит хүмүүсийг гаргах болно гэдгийг кино бүтээгчид хэллээ. Тэр дундаа Фредди болон түүний найз бүсгүй Мэри Остин нарын хайрын түүхийг харуулах юм. Хамтлаг байгуулагдаад удаагүй байх үед Мэри Остин хамтлагийн гоцлол гитарчин Брайан Мэйтэй болздог байжээ. Гэвч тэдний үерхэл тийм ч удаан үргэлжлээгүй бөгөөд харилцаагаа найрсгаар дуусгасан байна. Харин хэсэг хугацааны дараа Фредди түүнийг болзоонд урьснаар тэдний үерхэл эхэлсэн байдаг. Хосууд багагүй хугацаанд хамтдаа амьдарсан ба зарим хүмүүс Мэриг Фреддигийн урлагийн охин тэнгэр байсан гэлцдэг. Тэд салсныхаа дараа сайн найзууд хэвээр үлдэж, Фредди ДОХ өвчинтэй тэмцэж байх үед Мэри дэргэд нь үлдэн асарч байжээ.

Фреддигийн дуу хоолойг амилуулах тухайд

Өнөөдөр дуу хөгжмийн ертөнцөд Фредди Меркьюригийн өвөрмөц дуу хоолойг орлох нэгэн үгүй билээ. Түүний хоолойг кинонд хэрхэн гаргах нь шүтэн бишрэгчид, үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Кино бүтээгчдийн хувьд Фреддигийн дуулалтыг тэр чигт нь хуулбарлах нь боломжгүй зүйл гэж үзэж байгаа бөгөөд Фредди болон жүжигчин Малек нарын хоолойн бичлэгийг нэгтгэж дууны найруулгыг хийхээр болжээ.

Домогт Queen хамтлаг: Bohemian Rhapsody киноны тухай мэдэх ёстой зүйлс (фото 2)

Домогт үзүүлбэр дэлгэцнээ

1984 онд "Quееn" хамтлагийг тарах нь гэсэн цуу яриа гарч, хамтлагийн хэн нь ч энэ тухай дэлгэрэнгүй мэдэгдэл хийсэнгүй. Харин 1985 оны долоодугааар сард Лондон хотын Вимбли стадионд зохион байгуулагдсан Live Aid тоглолтод хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ахин тайзнаа гарлаа. Тоглолт дээр Фредди Меркьюри тайзан дээгүүр нааш цааш гүйн, микрофоны тусламжтайгаар сонирхолтой үзүүлбэр хийж байлаа. Энэ үзүүлбэр хамтлагийн түүхэн дэх хамгийн гайхалтай үеүдийн нэг байсан юм. Харин кинонд энэхүү мөчийг амилуулахаар болжээ.

Сэтгэл догдлуулж, урам зориг өгөх Bohemain Rhapsody кино арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр болсон тул бидэнд хүлээх л үлдлээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх