Хайх

Хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай таван цуврал

“The Crown”, “Jessica Jones” болон бусад

Хэд хоногийн өмнө Hulu кино түрээсийн тавцан дээр Маргарет Этвудын ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн "The Handmaid's Tale" цуврал нээлтээ хийлээ. Тус цувралын үйл явдалд дарангуйллын нийгэмтэй нэгэн улсын тухай гардаг. Энэ улсад эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх цорын ганц үүрэгтэй бөгөөд тэдний эрх чөлөө асар ихээр зөрчигддөг юм. Тийм ч учраас гол дүрийн бүсгүйчүүд дарангуйллын тогтолцоог үгүй хийхээр нууц ажиллагаа явуулж эхэлнэ. Уг сэдэвтэй холбогдуулан Бюро 24/7 хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай таван цувралыг уншигчиддаа хүргэхээр шийдлээ.

"Jessica Jones" (Netflix)

Хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай таван цуврал (фото 1)

Энэхүү цуврал нь Жессика Жонс гэх Marvel-ын эмэгтэй супер баатрын тухай өгүүлнэ. Тэрээр зүгээр ч нэг нисэх чадвартай, ер бусын хүчтэй супер баатар биш юм. Нэгэн муу санаатан Жессика Жонсыг маш олон жилийн турш хүчирхийлж, өөрийнхөө хувийн зорилгод ашиглаж ирсэн байдаг. Харин Жессика уг явдлаас үүссэн зовлон шаналалаа хямдхан дарсны ачаар мартахыг хичээдэг. Хамгийн гол нь Жессикаг ийм байдалд хүргэсэн муу санаатан түүнийг дахин өөрийн эрхшээлд оруулахаар зэхэж байдаг. Үүнийг мэдсэн Жессика өөрт хэрэгцээтэй мөнгийг олох үүднээс эхнэртээ үнэнч бус ханддаг нөхрүүдийг тагнаж, авсан зургуудаа зардаг ажил хийж эхэлнэ.

Ерөнхийдөө орчин үеийн телевизийн салбар эмэгтэй баатруудын талаарх тогтсон үзэл бодлыг эвдэх зорилгоор ажиллаж байна. Marvel-ын энэхүү супер баатрын тухай цуврал ч бас уг зорилгыг хэрэгжүүлж байгаа цөөн бүтээлүүдийн нэг юм. Анх эмэгтэй баатрууд зөвхөн бие барьсан хувцас өмсөж, тачаангуй төрх гаргадаг байсан бол "Jessica Jones" цуврал энэ хэвшмэл ойлголтыг үгүй хийж байна. Тиймээс та нийт 13 цаг үргэлжлэх энэхүү маш сонирхолтой, адал явдалт цувралыг заавал үзээрэй.

"The Fall" (BBC Two)

Хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай таван цуврал (фото 2)

"The Fall" бол зөвхөн феминист төдийгүй мөн сексист шоу юм. Энэ цувралд эмэгтэйчүүд бүх салбарт ноёрхдог бөгөөд эрэгтэй хүний үүрэг маш бага харагддаг.

Стелла (Жиллиан Андерсон) нэртэй цагдаагийн дарга нэгэн цуврал аллага мөрдөх зорилгоор Лондон хотоос Белфаст руу нүүж ирэх болно. Тэр нүүж ирсэн даруйдаа бүх удирдлагыг гартаа авч, хүссэн бүхнээ биелүүлэх гэж хичээнэ. Тэрээр өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг маш хүчирхэг эмэгтэй юм. Мэдээж хэрэг Стелла хамгийн түрүүнд цуврал алуурчныг (Жэйми Дорнан) барих хүсэлтэй байгаа ч хажуугаар нь мөн ирланд залуучуудтай романтик харилцаа үүсгэж амждаг байгаа.

"Insecure" (HBO)

Хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай таван цуврал (фото 3)

Уг цувралд хүчирхэг ба хараат бус атлаа хувийн асуудалтай өнгөт арьст эмэгтэйчүүдийн тухай гарна. Жишээ нь санаачлагагүй найз залуутайгаа таван жилийн турш амьдарч байгаа нэгэн багш, мөн амжилттай карьертай атлаа бүтэлгүй хувийн амьдралтай хуульч бүсгүй уг цувралын үндсэн санааг илэрхийлнэ. "Insecure" цуврал нь дэлхийн нийгэм дэх арьс өнгийн ялгаварлалтын асуудал хэр ноцтой байгааг харуулсан онцгой төсөл юм. Монголын үзэгчид энэхүү цувралыг заавал үзэх хэрэгтэй гурван шалтгаан бий. Нэгдүгээрт тус цуврал нь зөвхөн арьс өнгө төдийгүй, мөн хувийн эрх чөлөө ба өөрийнхөө мөн чанарыг олох нь ямар чухал ач холбогдолтой болохыг харуулсан бүтээл юм. Түүгээр ч барахгүй "Insecure" цуврал нь үнэхээр хөгжилтэй байж чаддаг том давуу талтай. Тэгээд ч тус цувралын нэг анги нь ердөө л 30 минут үргэлжилдэг тул үзэгчид цувралын хугацаанд залхах ба ядрах боломжгүй юм.

"The Crown" (Netflix)

Хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай таван цуврал (фото 4)

Их Британийн хатан хаан II Элизабет маш хүчирхэг хүн гэдэгтэй маргах хүн үгүй байх. Харин "The Crown" цувралд тэрбээр хааны гэр бүлийн нэр төрийг гутаасан дүү, зугаалах дуртай нөхөр, хэт туршлагатай Черчилль болон түүнээс маш их зүйл хүлээж байгаа ард түмэнтэй тулгарна. Энэ бүх асуудлын зэрэгцээ хатан хаан өөрийн улс орноо нэр төртэйгөөр удирдахыг зорино. Гэхдээ хатан хаан 65 жилийн хугацаанд төр барихдаа нэг ч удаа бууж өгөөгүй байдаг нь үнэхээр гайхамшигтай юм. 

"Orange Is the New Black" (Netflix)

Хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай таван цуврал (фото 5)

Netflix-ийн хамгийн алдартай цувралуудын нэг бол яахын аргагүй "Orange Is the New Black" юм. Эмэгтэйчүүдийн шоронгийн тухай гардаг энэхүү инээдмийн, утга уянгын, олон ангит кинонд бүсгүйчүүдэд тулгардаг бүхий л асуудлууд хөндөгддөг. Шоронгийн амьдралыг өөдрөг талаас нь харуулахыг хичээдэг "Orange Is the New Black" цувралын үйл явдалд гол дүрийн бүсгүй хилс хэргээр хоригдох ял авдаг. Тэрээр шоронд хоригдсоноор төрөл бүрийн хувь тавилантай эмэгтэйчүүдтэй учирч, өөрийгөө шинэ өнцгөөс нээх болно. Мэдээж хэрэг шоронд хоригдсон аливаа хүн өөрийгөө хамгаалах шаардлагатай болдог тул энэхүү бүтээлээс та бүхэн маш хүчирхэг, бие даасан, тэр ч бүү хэл эрх чөлөөтэй эмэгтэйчүүдийг олж харах юм.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх