24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Арьсанд сөрөг нөлөөтэй юу?
Covid-19 вирусын халдварын улмаас дэлхий нийтээрээ гэрээсээ ажиллаж, гадуур өнгөрөөх хугацаагаа багасгаад байгаа билээ. Монголын нөхцөлд ч мөн хөл хөдөлгөөний хязгаарлалт үргэлжилж, зарим мэргэжилтнүүд гэрээсээ ажилласаар байна. Тэгвэл бүх л өдрийн турш гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдгийг мэргэжилтнээс тодрууллаа.
"Бүтэн өдрийг гэртээ өнгөрүүлснээр бид нүүрээ будах шаардлагагүй болж, арьс илүү амрах боломжтой байдаг. Түүнчлэн амны хаалт зүүхгүйгээр онлайн хурал зөвлөгөөн, уулзалтад оролцох зэрэг чухал ажлаа амжуулж байгаа нь хамгийн том давуу тал" хэмээн арьсны эмч Дебра Жалиман онцоллоо. Гэхдээ таны байгаа орчинд агааржуулагч болон халаагуур үргэлж ажилладаг бол арьсандаа илүү анхаарал тавих хэрэгтэйг тэрээр хэлсэн юм. Учир нь халуун бүгчим орчин, агааржуулагч нь арьсны чийглэг байдлыг алдагдуулж, хуурайшуулахад хүргэдэг. Тиймээс арьсаа хуурайшихаас сэргийлэн үргэлж чийгшүүлж байхыг тэрээр зөвлөлөө.
Түүнчлэн дотоод орчинд ч мөн агаарын бохирдол үүсэх эрсдэлтэй байдаг учир агаар цэвэршүүлэгч байршуулах, аль эсвэл агаар цэвэршүүлэх ургамал тарих нь зүйтэйг арьсны эмч Дебра Жалиман онцолсон юм.