Арьсны онцлогтоо тааруулан шавар маск сонгох нь
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө
Байгалийн гаралтай, эрдэс бодисоор баялаг шавар маск шинэлэг зүйл биш ч эрдэмтэд уг түүхий эдийг ашиглан илүү дэвшилтэт технологи бүхий, үр нөлөөтэй шавар маскыг гарган авахаар ажилласаар байна. Тухайлбал Glamglow брэндийн арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй Supermud хөөсөрдөг шавран маск, Dr. Brandt брэндийн Magnetight соронзтой шавран маск зэргийг нэрлэж болох юм. Түүнчлэн арьсыг чийгшүүлэх, тэжээл өгөх, өнгийг сэргээх зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэх маскууд олон төрлөөр гарах боллоо.
Ингээд харахад шавран маск нь батгатай, асуудалтай арьсанд зориулагдсан гэх ойлголт хуучирсан бололтой. Тэгвэл тэрхүү олон төрлийн шавар маскаас хэрхэн өөрийн арьсны онцлогт тохирсон, зөв маскыг сонгох вэ?
Тослог, асуудалтай арьс
Тослог асуудалтай арьсанд галт уулын нурам, шаврын хольцтой бентонит буюу ногоон, саарал өнгийн шавар маск болон каолинит шаврын агууламжтай маск нь хамгийн тохиромжтой. Ийм төрлийн шавран маск арьсны тослогийг өөртөө маш сайн шингээн арьсыг гүн цэвэрлэж, нүх агшааж, хоргүйжүүлэх зэрэг олон үйлчилгээг нэг доор үзүүлдэг. Түүнчлэн гоо сайханчид зөвхөн тослог гэлтгүй орчны бохирдол ихтэй нөхцөлд ажиллаж, амьдардаг хүмүүст ийм төрлийн шавар маскыг санал болгох болсон байна.
Хуурай арьс
Хуурайшсан арьсанд ч шавар маск чийгшил тэжээл өгөх боломжтойг Нью-Йорк хотын алдартай гоо сайханчдын нэг Жоанна Чех онцолсон юм. Учир нь зарим төрлийн шавар маск нь арьсны хуурайшсан хэсгийг гуужуулан, арьсыг өнгөлөг, булбарай болгох үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал This Works брэндийн арьсыг хоргүйжүүлэх үйлчилгээтэй Evening Detox шавар маскыг хуурайшилтай, тэжээлийн дутагдалд орсон арьстай бүсгүйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
Учир нь маскны найрлага дахь жимсний хүчлүүд арьсны үхэжсэн эд эсийг гуужуулан, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг байна. Гэхдээ нүдний эргэн тойронд маскыг бага хэмжээгээр хэрэглэхийг анхааруулсан юм. Учир нь нүдний эргэн тойрны арьс маш нимгэн учир арьсыг хэт хуурайшуулан үрчлээ үүсгэх магадлалтай гэнэ.
Эмзэг, мэдрэмтгий арьс
Хялбархан улайж, эмзэгшдэг арьстай бол аль болох зөөлөн шинж чанартай шавран маск сонгох хэрэгтэй. Энэхүү төрөлд нарийн ширхэггүй, шингэн бүтэцтэй, ягаан шавар зэрэг нь хамрагдах ба Aesop брэндийн Chamomile Concentrate Anti-Blemish маск, Lixirskin брэндийн Soft Clay Rubber маск зэргийг нэрлэж болох юм. Учир нь эдгээр маскууд нь глицерин, цайны навч зэрэг тайвшруулах, улайлтыг багасгах үйлчилгээтэй нэгдлүүдийг агуулдаг.