Хайх

Арьсны чийглэг байдлыг хадгалах шидэт молекул \"Гиалуроны хүчил\"

Арьсны чийглэг байдлыг хадгалах шидэт молекул "Гиалуроны хүчил"

Нэг грамм гиалуроны хүчил зургаан литр усыг өөртөө агуулдаг

Text: Buro.Mongolia


Зураг:

"Гиалуроны хүчил" гэх нэр томьёог олон удаа сонсож байсан ч яг юу болохыг нь мэдэхгүй бол түр анхаарлаа хандуулаарай. Арьсны ус чийгийг хадгалж, хөгшрөлтөөс хамгаалдаг энэхүү шидэт молекул нь байгалиасаа бидний биеийн эд эсэд оршдог ч үргэлж нөхөн төлжүүлэх шаардлагатай нэгдэл юм.

Гиалуроны хүчил гэж вэ?

Гиалуроны хүчил нь хүний биеийн эд эсэд оршдог нүүрс ус хэлбэрийн нэгдэл юм. Өөртөө ус хадгалах хамгийн гайхалтай чадвартай молекул бөгөөд нэг грамм гиалуроны хүчил нь зургаан литр усыг хадгалдаг.

Гиалуроны хүчил биед их хэмжээгээр агуулагдах үед энэ нь үрчлээ үүсэхээс сэргийлж, хуурайшилтаас сайтар хамгаалдаг бөгөөд харамсалтай нь нас ахих тусам багасч, эргэн нөхөн төлждөггүй онцлогтой. Иймд бие дахь гиалуроны хүчлээ зохистой хэмжээнд нь барьж, төлжүүлж байх нь чухал ач холбогдолтой.

Гиалуроны хүчлийг хэрхэн нэмэлтээр олж авах вэ?

Хүнсний бүтээгдэхүүн

Гадил, интоор, манго жимснүүд гиалуроны хүчлээр баялаг ба биед бусад төрлийн витаминыг төлжүүлж өгөх давуу талтай. Мөн сайн чанарын дарс, хар шоколаданд ч бас агуулагддаг. Харин хүнсний ногооны хувьд чихэрлэг төмсөнд хамгийн ихээр байдаг ба амьтны мах, ясны чөмөг зэргийг мөн гиалуроны хүчлийн эх үүсвэр хэмээн нэрлэж болно.

Гелэн тарилга

Уруул томруулах, үрчлээ арилгах тарилгад гиалуроны хүчлийг ашигладаг байсан бол орчин цагт зөвхөн арьсны чийг тэжээлийг хадгалах үйлчилгээтэй гель хэлбэрийн тарилгыг эрдэмтэд бүтээжээ. Ийм төрлийн тарилгыг арьсны чийг тэжээлээ хадгалахыг хүсч буй хэн ч хийлгэж болох ба арьсны онцлогоос хамаарч 4-9 сар арьс чийглэг толигор байдлаа хадгалдаг байна.

Найрлагандаа гиалуроны хүчил агуулсан серум

Арьсан дахь гиалуроны хүчлийг хадгалан, төлжүүлэх хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн бол гиалуроны найрлага бүхий серум юм. Гэхдээ гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүн бүр ижил үр дүнтэй хэмээн ойлгох нь өрөөсгөл. Учир нь найрлага дахь молекулын хэмжээнээс хамаарч ялгаатай үйлчилгээ үзүүлдэг.

Тодруулбал жижиг молекулын агууламжтай гиалуроны хүчил арьсны гүнд хүрч, коллагеныг төлжүүлдэг бол том молекулын агууламжтай нь арьсны гадаргыг чийгшлээр хангаж өгдөг байна. Харамсалтай нь хоёр өөр төрлийн хэмжээтэй молекулыг нэг дор агуулсан бүтээгдэхүүн байхгүй ч эдгээрийг зэрэг хэрэглэх нь илүү ашигтай болохыг Molecular Cosmetics брэндийн үүсгэн байгуулагч, арьсны их эмч Барбара Старм зөвлөлөө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх