BB-, СС-, DD-, EE- ба PP- кремүүдийн учрыг олцгооё
Хоорондоо ямар ялгаатай вэ
BB-крем
BB-кремийг хамгийн анх германы арьс судлаачид зохион бүтээсэн байдаг. Тэд энэхүү бүтээгдэхүүнийг ямарваа нэгэн косметикийн процедур эсвэл гүн үйлчилгээтэй пилингийн дараах гэмтсэн арьсыг нөхөн сэргээж, эдгээх зорилготойгоор гаргасан юм. BB буюу Blemish Balm нь ("нөхөн сэргээх бальзам") Европт хангалттай өндөр үнэлгээ авч чадаагүй ч Азид харин зорилтот хэрэглэгчдээ олж чадсан. Солонгост уг кремний бүтцийг илүү сайжруулж, найрлагад нь арьс залуужуулж, эрүүлжүүлдэг эд эсүүд нэмж өгсөн байдаг. BB-крем нь арьсан дээрх тууралтыг багасгах, үрэвслийн элементүүдийг хатаах, арьсны өнгийг жигд болгох ба илүүдэл нөсөө толботой тэмцэх чадвартай. Энэ нь мөн арьсны өө сэвийг төгс дарахын зэрэгцээ арьсыг нарны хорт туяанаас хамгаалдаг юм. Олон давуу талтай уг крем нь ерөнхийдөө арьсыг чийгшүүлж, тайвшруулж өгдөг ч таны өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг мэдээж хэрэг орлож чадахгүй. Тиймээс хослуулан хэрэглээрэй.
СС-крем
Суурь крем болон арьс арчилгааны тосыг хооронд нь нэгтгэх санаа эрдэмтдийн толгойд удаан хугацааны турш эргэлдсэн. BB-крем амжилт олсны дараа зах зээлд СС буюу Color Control ("өнгөний хяналт") крем нэвтэрч эхэлсэн. BB-кремтэй харьцуулбал CC-кремний найрлагад өө дарах үйлчилгээтэй суурь кремний пигмент бага ордог ч далайн эрдэс, амин дэм ба гиалуроны хүчил гэх зэрэг арьс арчилгааны эд эсүүд их байдаг. CC-крем өө сэв дарахдаа муу боловч арьсны байгалийн өнгийг жигд болгож, чийгшүүлж, тэжээл өгдөг. Ерөнхийдөө энэ нь зуны улиралд хамгаас тохиромжтой бүтээгдэхүүн юм. Мөн зарим мэргэжлийн нүүр хувиргагчид СС-кремийг энгийн суурь кремтэй хольж хэрэглэх дуртай байдаг.
DD-крем
Хоёр үсэгтэй кремнүүдийн цувралыг DD- буюу Daily Defense ("өдөр тутмын хамгаалалт") крем үргэлжлүүлж байна. Энэ нь нэг ёсны BB- ба CC-кремнүүдийн холимог юм. Энэхүү кремийг хамгийн анх өвдөг, өсгий ба тохой гэх зэрэг биеийн хамгийн их хуурайшдаг хэсгүүдэд зориулж гаргаж байсан ч хэрэглэгчид биеийн тосонд их хэмжээний мөнгө үрэх дургүйн улмаас уг санаачлага бүтэлгүйтсэн байдаг. Харин тун удалгүй алдаагаа ойлгосон үйлдвэрлэгчид кремний бүтцийг шинэчилж, нүүрний арьсанд зориулан дахин худалдаанд гаргасан. DD-кремний найрлагад SPF ордог тул энэ нь өдөр тутамд тун тохиромжтой, арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалж, хөгшрөлтөөс сэргийлдэг юниверсал бүтээгдэхүүн юм. Тэгэхээр арьсаа зүгээр ч нэг нарнаас хамгаалах биш, харин үүний хажуугаар мөн залуужуулах үйлчилгээ авахыг хүсч буй бүсгүйчүүд DD-кремийг сонгоорой.
ЕЕ-крем
Тогтмол пилинг хийгээгүй үед арьсны дээд давхарга ширүүн болж, царай саарал өнгөтэй харагдаж эхэлдэг. Энэ тохиолдолд бидэнд ЕЕ буюу Extra Exfoliation ("нэмэлт гуужуулалт") крем тусална. Энэхүү крем нь арьсыг гуужуулж, шинэчилж, нарны нөлөөнөөс хамгаалж, чийгшүүлэхээс гадна, мөн байгалийн гялбаа нэмж, бага зэрэг өнгө оруулж өгдөг. Зарим СС-кремнүүд хэт ягаан туяанаас хамгаалах, нөсөө толбо ба батганы сорвижилтыг багасгах үйлчилгээтэй байдаг. ЕЕ-кремийг тогтмол хэрэглэх заалтгүй бөгөөд нимгэн ба эмзэг арьстай хүмүүст тохиромжтой биш юм. Ерөнхийдөө өнгөө алдсан арьс ба хар батгатай тэмцэхийг хүсч буй хүмүүст зориулагдсан бүтээгдэхүүн гэж хэлж болно. Арьс цайруулах үйлчилгээтэй зарим ЕЕ-кремийг мөн биеэ наранд шарах дуртай бүсгүйчүүдэд зөвлөх байна. Тэдгээр нь пигментийн гаралтай толбыг хэсэгчлэн арилгах чадвартай байдаг юм.
PP-крем
PP буюу Pink Perfect ("төгс болгох ягаан бүрхүүл") крем нь нүүр будалтын доор тавигддаг суурь бүтээгдэхүүн юм. Кремний найрлагад багтсан силикон хэсгүүд арьсан дээрх тэгш бус хэмийг бөглөж, үрчлээс тэнийлгэж, нүх багасгаж, өө сэвийг дардаг. Арьс хормын зуур жигд ба гөлгөр болно. Бүтээгдэхүүний ягаан өнгөнд бүү гайхаарай. Энэ нь түрхсэний дараагаар тунгалаг болдог бүтэцтэй юм. PP-кремийг хэрэглэхээсээ өмнө арьсаа сайтар цэвэрлэж, чийгшүүлэхээ мартуузай. Бүтээгдэхүүнийг түрхсэний дараа энгийн суурь крем аль эсвэл BB- ба CC-кремүүдээ хэрэглэж болно.