Хайх

Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм

Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн жил Фредерик Маль өөрийн брэндийг гоо сайхны салбарын "аварга" гэгддэг Estée Lauder-т зарсан билээ. Элена Стафьева ноён Мальтай уулзаж сүрчигний мэргэжилтнүүдтэй хэрхэн ажилладаг, ховор сүрчигний зах зээлийн чиг хандлага болон өөрийн бизнесийн ирээдүйг хэрхэн харж байгаа талаар ярилцлаа

Editions de Parfums Frédéric Malle гэх ховор сүрчигээрээ алдаршсан брэндийн үүсгэн байгуулагч, удирдагч Фредерик Маль өөрийн брэндийг үүсгэн байгуулаад 15 дах жилдээ Estée Lauder компанид зарлаа. Гоо сайхны салбарт 2015 онд үүнээс илүү том зүйл болсон гэж үү? Энэхүү мэдээ нь  сүрчигний донтонгуудад яг л төгс сүрчигний мөрөөдлийг нь хөсөр хаясан мэт цочир үйл явдал болсон билээ. Түүний брэнд бол ямар ч бохир худалдаагүй цэвэр урлаг байсан юм. Хэдий тэрээр CEO болон уран бүтээлч захирлын суудлаа хадгалж үлдсэн ч одоо түүний компанид юу тохиолдох бол?. Ингээд бид ярилцлагаа түүний гэр бүлийн түүхээс эхэллээ. 

-

Тэрээр Сена мөрний зүүн эрэгт, Францын Үндэсний Ассемблейн хажууханд, 8 rue de Courty хэмээх сэтгэл татам нэртэй асар том байранд өсч торнижээ. Энэхүү тансаг сууцны дотоод заслыг Виктор Гранпьер хийсэн бөгөөд тэрээр цагтаа Диорт зориулж түүний салонуудыг XVI Людовикийн хэв маягт оруулан засч, чимэглэж байсан билээ. Мөн Фредерик Малийн ээж Жан-Поль Герлений ээжээс энэхүү байрыг худалдан авч байсан бөгөөд хананд нь нэвт шингэсэн Guerlain-ы сүрчигний үнэрийг арилгаж чадаагүй юм. Түүний ээж Мари-Кристин Витгенштейн (түүний хоёр дах нөхөр нь хунтайж Робин цу Сайн-Витгенштейн-Берлебург байсан) Parfums Christian Dior-т хөгжил хариуцсан захирлаар 47 жил ажилласан тул түүнд энэ байдал нь тодорхой хэмжээний зөрчил үүсгэж байсан бололтой. Харин Маригийн эцэг Серж Эфлер-Луиш нь Parfums Christian Dior-ыг үүсгэн байгуулж байсан ажээ. Малийн хэлснээр бол, нэгэн удаа Жан-Поль Герлентэй ярилцах боломж түүнд тохиоход л тэд хоёул нэг унтлагын өрөөнд хүүхэд насаа өнгөөрөөснийг олж мэдсэн гэдэг. Малийн намтар энд хүрэхэд  түүний амьдрал урлаг, соёлын түүхээр хэр баялаг болох нь мэдрэгдэнэ.

Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм (фото 1)Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм (фото 2)

Гэхдээ энэ бол түүхийн зөвхөн нэг л хэсэг нь юм. Харин хоёр дах нь түүний эцгийн гэр бүлтэй холбоотой. Жан-Франсуа Маль нь банкир байсан бөгөөд Lehman Brothers хөрөнгө оруулалтын банкны Европ дах салбарын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Үүнээс гадна, тэрээр түүний дүү болох францын алдарт найруулагч Луи Малийн нэгдүгээр продюсероор ч мөн ажиллаж байв. Луи Маль нь францийн "French New Wave" хөдөлгөөнтэй холбоотой хэмээн яригддаг билээ. Жан-Франсуа Маль нь өөрийн дүүд зориулж Nouvelles Editions Francaises (NEF) хэмээх продюсерын компани байгуулж өгсөн бөгөөд тус компанид сүүлд тэдний дүү кино продюсер Венсан нэгдэж байжээ. Харин тэдний хамгийн бага дүү Бернар нь уран зохиолын мэргэжилтэй аж. Фредерик Маль Editions de Parfums сүрчигээ, Nouvelles Editions Francaises болон аавынхаа дурсгалд зориулан гаргаж байжээ. Түүний аавын хамгийн сайн найзуудын нэг болох Chanel-ын бүтээлч захирал Жак Элле нь Фредерикт үлгэр дууриалал болсоор ирсэн хүн аж. Тэр хүн бол J12 цагны загвараас эхлээд сурталчилгааны ажил хүртэл Chanel-ын бүх л нарийн ширийн зүйлийг хийдэг байжээ.

Энэ бүх зүйл дээр нэмээд түүний эхнэр Мари де Бестигю нь язгууртан гэр бүлээс гаралтай бөгөөд өвөөгийнх нь ах нь Шарль де "Карлос" Бестигю байсан юм. Тэрээр Château de Groussay-г эзэмшдэг байсан бөгөөд уран барилга болон загварын шүтэн бишрэгчдийн дунд алдартай байжээ. Харин энэхүү цайзыг Маригийн эцэг Жуан де Бестигю өв залгамжилж авсан бөгөөд Фредерик Мари нарын хуримын ёслол энд болж байжээ. Тэд Луиза, Люсьен, Поль болон Жанна гэх дөрвөн хүүхэдтэй. Би түүнээс ийм залуудаа яаж дөрвөн хүүхэд өсгөснийг нь асуухад, тэрээр "Анхны хүүхдээ ресторанд, кино үзэхдээ, айлд зочлохдоо гээд хаа сайгүй дагуулж явдаг байсан. Энэ үед тийм ч хэцүү байгаагүй. Харин 18 сарын дараагаар удаах хүүхэд төрөхөд л бэрхшээлүүд гарч ирсэн. Дараа нь гурав дах хүүхэд төрөхөд арай амар болсон. Учир нь тэд бие, биенээ завгүй байлгадаг байв. Харин дөрөв дэх хүүхэд төрөхөд бүр л амархан болсон" гэж энэ бүхний талаар маш чөлөөтэй, бага зэргийн хошигнолтойгоор ярьсан юм.

-


Та сүрчигний мэргэжилтнүүдтэйгээ хэрхэн ажилладаг вэ? Өөрийн хүссэн зүйлдээ яаж хүрдэг вэ?

Би танд гурван өөр түүх ярьж өгье. Морис Руссель над дээр ирж, "Фредерик, би нэг маш гайхалтай үнэртэн хоёр жилийн турш хийсэн ч хэн ч үүнийг хүсэхгүй байна. Хэтэрхий өвөрмөц, мөн зах зээлд байгаа зүйлүүдээс дэндүү эсрэг юм. Хэрэв чи сонирхож байвал үүнийг худалдаанд гаргаад, өөртөө орлого олж болох л юм" гэсэн. Тэгээд би худалдаанд гаргасан, бас ашиг олсон. Энэ бол Musc Ravageur байсан юм. Тэр үед бүгд л L'Eau d'Issey-г дууриаж байхад маш онцгой шинэ үнэртэн гарч ирсэн. Энэ нь хүмүүсийг цочроож, чиг хандлага гэх мэт тэнэг зүйлст нийцэхгүй байсан юм. Хэн ч үүнийг хамгийн шилдэг дорнын амбра (халимны гулгидас) байсныг олж хараагүй, ойлгож чадаагүй. Энэ сүрчиг маш дур татам, орчин үеийн бус байсан. Бид анх энэ сүрчигийг худалдаанд гаргахад бүгд л хуулбарлаж эхэлсэн. Энэ жишээн дээр бол сүрчигний мэргэжилтэн над дээр өөрийн санаагаа авч ирж, би юу ч хийгээгүй, бага зэрэг дээд өнгө аясыг нь л өөрчлөхийг л хүссэн.

Харин Доминик Ропьены тохиолдол бол эсрэгээрээ. Надад Géranium pour Monsieur-г хийх санаа төрсөн нь түүнд таалагдсан. Гэхдээ би Доминикийг маш сайн мэддэг байсан бөгөөд түүнд энэ санаа яг тохирно гэдгийг ойлгож байсан.

Мөн гурав дах жишээ бол мөн л Доминиктэй хийсэн Carnal Flower. Тубероза цэцгээр үнэртэн хийх гэсэн бүх хүмүүс, тубероза биш, Fracas үнэртний дуураймлыг хийж байсан. Учир нь тэр үед одоо байгаа шиг молекул байгаагүй тул яг цэцгээр нь биш, туберозын абсолют үнэр дээр суурилж хийдэг байлаа. Тэр үед миний гар дээр маш үнэтэй туберозын абсолютаас гаргаж авсан цоо шинэ IFF молекул байсан. Бид ярилцаад, Fracas сүрчиг шиг үнэртдэггүй тубероза хийхийг хичээсэн. Бидний зорилго маш ойлгомжтой байсны дээр магадгүй Доминик салбартаа шилдэг нь байсан болохоор бид хурдан хугацаанд сүрчигээ бүтээж дуусгана гэж бодсон. Гэхдээ бид үүнд хоёр жилийг зарцуулсан.

Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм (фото 3)

Та бүтээлч захирал болж, сүрчигний салбарт ажилламаар байгаагаа хэрхэн ухаарсан бэ?

Би үнэртэн сонирхдог гэр бүлд төрж өссөн л дөө. Ялангуяа ээж маань сүрчиг үнэхээр их сонирхдог байсан тул үнэртэн бидний амьдралын нэг хэсэг болсон. Миний өвөө 1959 онд намайг төрөхөөс өмнөхөн (1962) өөд болсон юм. Тэрээр ээжтэй минь их дотно байсан юм билээ. Өвөө маань орчин үеийн үнэртний салбарыг бүтээсэн гэгддэг Франсуа Котигийн баруун гар нь байсан. Тэр маш залуудаа буюу 28 настайдаа Coty-гийн удирдах захирал болж байсан. Дараа нь тэр Нормандын багийн найздаа сүрчигний компани байгуулахад нь тусалсан. Тэр найз нь Кристиан Диор байсан бөгөөд тэдний анхны сүрчиг нь Miss Dior байлаа. Диор сүүлчийн зул сарын баяраа миний эмээгийн Биаррицд байрлах байшинд өнгөрүүлж байсан юм. Тэд сайн найзууд байсан ба бараг ар, араасаа нас барсан. Миний ээж Dior-т зориулж эрэгтэй сүрчиг гаргахыг санаачилсан нь Eau Sauvage байсан. Түүнчлэн тэр Рене Грюотой хамт ажиллаж, нөхөрлөдөг байлаа. Ээж намайг хаана үлдээхээ мэдэхгүй үедээ ажилдаа цуг авч явдаг байсан. Түүний оффис Dior-ын сүрчигний үйлдвэрийн дээр байрладаг байсан бөгөөд би таван настай байхдаа Dior-ын сүрчигний савлагааг зурж байснаа маш тод санадаг. Ингэж би бусад хүүхдийн мэддэггүй зүйлийг мэдэж авах бөгөөд энэ нь надад яг л шпагетти идэж байгаа мэт хэвийн зүйл шиг санагддаг байв. Хүүхэд байхад надад маш том савлагаатай Eau Sauvage байдаг байсан ба би сургуулийнхаа цорын ганц сүрчиг үнэртүүлсэн хүү байлаа. Энэ нь ч миний хувьд маш хэвийн зүйл байсан.

Намайг 14-тэй байхад ээж маань Dior Jules дээр ажиллаж байсан. Гаднах савлагааг нь судалтай хийх санааг бид хамтдаа гаргасан. Parfums Christian Dior, Eau Sauvage-аас ялгарах зүйл хийхийг хүсч байсан юм. Харин тус сүрчиг нь тэдний анхны Iso E Super их тунгаар орсон үнэртэн болсон. Анх 15 настай байхдаа огт үнэргүй эсвэл муухай үнэртэж байснаас сайхан үнэртэй байх нь охидуудад илүү таалагддаг болохыг олж нээсэн. Би их эрт шөнийн клубээр хэсч, сүрчиг хэрэглэж эхэлсэн. Хүүхэд байхдаа сүрчигийг өдөр тутмын хэрэглээ гэж хүлээн авдаг байсан бол өсвөр насандаа сэтгэл татах увидас болон хүчийг нь ойлгосон. Мөн сүрчиг донтуулдаг гэдгийг ухаарсан.

Та үнэртний савлагаан дээр сүрчигний мэргэжилтнүүдийн нэрийг бичих болсон анхны хүн. Ингэснээр сүрчиг бүтээгчдийг олонд ил гаргаж жинхэнэ од болгож байсан гайхалтай санаа байсан шүү.

Энэ үнэхээр бизнесийг өөрчилсөн шүү. Надаас өмнө хэн ч ийм зүйл хийж байгаагүй.

Маргаангүй. Энэ санаа таны толгойд яаж орж ирэв?

Үнэнийг хэлэхэд, надаас өмнө яагаад хэний ч санаанд орж ирээгүй вэ гэдэг нь миний хувьд оньсого. Яагаад гэвэл энэ бүхэн ил байсан шүү дээ. Яг Жак Элле гэрэл зургийн замналаар явсан шиг, би өөрийн хийхийг хүссэн зүйлээ эхлүүлж байхдаа сурталчилгаагаар явж үзсэн. Мөн тэнд хүмүүс ямар их дүр эсгэгчид болохыг олж мэдээд цочирдсон. Би соёлыг маш их дээдэлдэг гэр бүлээс гаралтай. Харин тэнд амьдралдаа бараг ганц ном уншсан гэмээр хүмүүсийн дунд би орчихсон. Үүнээс гадна тэд маш их гомдоллодог байлаа. Би тэдний дунд маш тавгүй зүйлс мэдэрч байсан. Харин дараа нь би үнэртэй усны салбарт ороод, маш даруухан, сонирхолтой, мэдлэгтэй сүрчигний мэргэжилтнүүдийн дунд нэгдээд тэдэнд бүр дурлачихсан. Тэд надад миний байх ёстой замыг харуулсан. Бид маш сайн найзууд болсон мөн би тэднийг үргэлж биширч ирсэн. Миний бизнесээ эхлэх үед төрсөн хамгийн анхны санаа бол тэднийг олон нийтэд танилцуулах байсан юм.

Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм (фото 4)

Яг уран бүтээлч шиг үү?

Тийм ээ, яг л зураачид, зохиолчид шиг. Өнөөдөр бүгд л өөрсдийгөө уран бүтээлч мэтээр хардаг болж, бид маш их санаархал, шаардлага өндөртэй ертөнцөд амьдарч байна. Сэтгүүлийн хуудас засварладаг нэгэн нь өөрийгөө чимэглэгч гэж, өндөг чанадаг нэгэн нь өөрийгөө ахлах тогооч хэмээн нэрийддэг болжээ. Энэ маш өрөвдөлтэй бөгөөд биеэ тоосон санагддаг. Миний ертөнцийг үзэх үзэл их хуучинсаг. Хэн нэгэн байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэж би боддог. Үнэртэн миний хувьд яг л загварын гэрэл зураг шиг, чөлөөт уран бүтээл болон чимэглэх урлаг хоёрын дундах зүйл. Сүрчиг бүтээгчдийг олон нийтээс нууж, өөр хэн нэгэн энэ бүх үнэртэнг бүтээсэн мэт харагдуулах нь үнэхээр шударга бус гэж би бодож байна. Тиймээс хамгийн сонирхолтой хүмүүсээ нуух нь утгагүй шүү дээ. Энэ арга барил нь урлаг, загварт сонирхолтой хүмүүсийн дунд маш эрэлттэй байсныг олж мэдсэн. Тэдэнд нэг бол хуучны сонгодог эмээгийн үнэртэн эсвэл duty free-гийн (ихэнхи нь үнэхээр муухай) сүрчигүүд гэсэн сонголт л үлдсэн байсан. Үүний дунд маш том ан цав үүссэн байсан. Хэн нэгэн үүнийг нөхөж, орчин үеийн сонгодог зүйл бүтээх хэрэгтэй байсан юм. 

Та уран бүтээлч захирлын үүргийг хэрхэн харж байв?

Уран сайхны, оюун санааны юу ч байхгүй, миний ажил яг л орчин үеийн урлагийн галлерейн эсвэл номын дэлгүүрийн эзнийх шиг байсан. Миний үүргийг тайлбарлаж өгөхөөс гадна, үнэртэн бол урлаг гэж зарлах сайхан арга байсан юм. Үнэртэнг яг л цомог шиг, зохиол шиг, зураг шиг нийтэлж болно.

Өнөөдөр шинэ Editions de Parfums Frédéric Malle болох хүсэлтэй хэсэг бүлэг сүрчигний маркууд байгаа. Тэд сүрчигний мэргэжилтнүүдийнхээ нэрсийг савлагаан дээрээ бичиж, үнэртний сан зохиож байна?

Тэднийг ч гэсэн ийм гайхалтай үнэртэн бүтээгээсэй гэж би найдаж байна. Яагаад гэвэл гол түлхүүр нь би биш, харин сүрчигний мэргэжилтэнгүүд шүү дээ.
Миний бодлоор бүтээлч захирлын үүрэг ч гэсэн ялгаагүй чухал санагддаг. Сүрчигний мэргэжилтэнгүүд ойролцоо хүмүүс байдаг ч, үнэртэн бүр өөр чанартай болдог.

Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм (фото 5)

Бусдад нь тэдэнтэй ажиллах боломж байхгүй. (Маль өөрийн сүрчигний мэргэжилтэнгүүдийн зургийг заав) Энэ бол аварга том ялгаа. Тэд надтай хамтарч ажилладаг, яагаад гэвэл би бол би. Бид дотно учраас тэд надтай хамтарч ажилладаг юм.

Та шинэ үеийн сүрчигний мэргэжилтэнгүүдийн талаар юу гэж боддог вэ?

Би тэдний талаар байнга боддог. Би анх гараагаа эхэлж байхдаа өөрийн арга барилд итгэлтэй байсан. Намайг дагагчид гарч ирнэ гэдэгт ч итгэж байсан. Тиймээс Hermes Hermessense-ийг, Chanel-Les Exclusifs-ийг эхэлж байхад би гайхаагүй. Гэхдээ 40-45 настай сүрчигний мэргэжилтэнгүүдийн үе олон нийтэд зориулсан сүрчиг бүтээхээр сургагдсан байдаг. Учир нь хэн ч тэднээс өөр зүйл хүсч байгаагүй. Тэдний хийх зүйл ердөө л хроматографт ээлжит бестселлерийг хийгээд л тэднийг давтах. Би үүнийг хийж чадна, та ч хийж чадна, би танд таван минутын дотор заагаад өгч чадна. Тэд "гадил жимстэй J'Adore" , "далайн эргийн J'Adore" яаж хийхийг мэднэ. Гэхдээ тэд "Portrait of a Lady"-г хэрхэн хийхийг мэдэхгүй. Гэхдээ миний бодлоор Hermessense, Les Exclusifs зэрэг бүтээгдэхүүнүүд 25-27 настангуудад болон дөнгөж сургуулиа төгсөж байгаа хүмүүст маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байх. Миний мэдэж байгаагаар, Доминик Ропьен залуучуудыг маш сайн сургадаг. Харин одоо миний үүрэг бол тэр залуусыг авч ажиллах юм. Жишээ нь Бруно Йовановичтай хамтарч лаа хийсэн, бид Dries Van Noten-д зориулж сүрчиг хийсэн, мөн одоо бидний бүтээсэн Monsieur нэртэй шинэ үнэртэн гарч байгаа. Энэ үнэртэн 1970-аад оны хэв маягтай, маш их хэмжээний пачули орсон. Учир нь би энэ цэцгийг маш тансаг гэж боддогоос гадна, миний аав шиг эрчүүдийг санагдуулдаг.

Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм (фото 6)Сүрчигний мэргэжилтэн Фредерик Маль болон түүний дүрэм (фото 7)

Ховор сүрчигний салбар эхэндээ олон нийтийн хэвшил болсон зүйлсээс зайлсхийж байсан. Харин одоо ховор сүрчиг дотроо олон өөрийн гэсэн хэвшил болсон зүйлстэй болоод зогсохгүй мөн хоорондоо их төстэй болсон байна?

Би шинэ хэл зохион бүтээсэн. Харин одоо үүнийг бүх хүн хэрэглэдэг болсон байна. Тэр үед зохион бүтээсэн аргачлал одоо хүн бүрийн хэрэглээнийх болсон. Үнэртний талаар бага мэдлэгтэй хүмүүс ховор сүрчигний маркуудыг хийдэг болсон. Тэд өмнө нь хийдэг байсан зүйлдээ итгэхээ больж, зүгээр л бусдын санааг дууриасан, хуучин маркетингийн мэргэжилтэнгүүд байдаг. Би өөрийнхөө анхны дэлгүүрийг рю Гренельд Christian Louboutin-ы эсрэг талд нээж байсан. Учир нь Кристиан миний найз бөгөөд бидний үйлчлүүлэгчийн хүрээ нэг байсан юм. Тэгээд би бямба гарагийн өглөө бүр хүмүүс түүний гуталнуудыг хуулбарлахын тулд зургийг нь авч байхыг хардаг байлаа. Мөн өнөөдөр чи шинэ брэндтэй маркетингийн мэргэжилтэн бол чи ичгүүргүйгээр ямар нэг зүйл хуулбарлаж байгаа. Би үүнийг магтаал гэж хүлээж авч болох ч эцэст нь бид copy/paste брэндүүдтэй болж, олон нийт ч энэ дундаас сайн бүтээгдэхүүн олж авахад хүндрэлтэй болж байна. Харин тэдний муу хуулбарладаг нь бас нэг өөр асуудал юм.

Та өөрийн жижиг, бие даасан компаниа аварга том Estee Lauder-т зарсан шүү дээ. Та компанийнхаа мөн чанарыг алдахаас айхгүй байна уу?

Надад анхнаасаа хэзээ ч жижиг компанитай байх хүсэл байгаагүй. Би яг л өвөө шигээ эхэлсэн. Тэр анх Parfums Christian Dior-т байхдаа гурван ажилтантай л байсан. Эсте Лаудер Нью-Йорк хотод, гал тогоондоо, дөрвөн тосноос эхэлсэн. Мөн Шанель болон бусад хүмүүсийн талаар ч ярьж болно. Тэд бүгд маш жижгээс эхэлж агуу том дэлхийн брэнд болтлоо хөгжсөн. Компани бол яг л хүүхэд шиг. Тэд өсч томордог. Анх рю Гренельд дэлгүүрээ нээх нь миний хувьд ямар нэг том зүйлийн эхлэл байсан. Мөн Estée Lauder-ын тавьсан саналд зөвшөөрсөн нэг шалтгаан бол энэ компани нэгэн цагт яг л миний компани шиг эхэлж байсан түүхтэй. Мөн би олон саналаас татгалзаж байсан шүү. Тэд брэндүүдийг яг л уран бүтээл цуглуулж байгаа мэт цуглуулдаг. Пикассогийн бүтээл худалдаж аваад нэмж засварлахгүй, зүгээр л ханандаа өлгөдөг шүү дээ. Үүний адилаар тэд миний компанийг засварлахгүй, яг Пикассо шиг худалдаж авч байгаа юм.

Таныг компаниа зарах гэж байгаа тухай мэдээ гарахад, Frédéric Malle-гийн төгсгөл ирлээ хэмээн сүрчигний шүтэн бишрэгчид хашхиралдаж байсан. Мөн Eau de Magnolia тэс ондоо зүйл байна, Маль биш байна ч гэж байсан?

Гэхдээ би Eau de Magnolia-г компаниа зарахаас жилийн өмнө бүтээсэн шүү дээ. Cologne Indélébile-ийг гурван жил хийсэн. Сүрчигний мэргэжилтэн нь ондоо хүн байсан учраас Eau de Magnolia өөр болсон нь хэвийн зүйл юм. Карлос надад анх удаа сүрчиг бүтээж өгсөн болохоор өөр болох нь аргагүй шүү дээ. Би Карлосыг ажилд авахдаа түүнийг өөр арга барилаар ажиллахыг нь мэдэж байсан. Энэ нь ч сайн хэрэг юм. Одоо энэ сүрчиг миний хамгийн дуртай үнэртний нэг болсон. Их франц хэв маягтай гэж бодож байна. Cologne Indélébile худалдаанд гарахад зарим хүмүүст таалагдсан, харин заримд нь таалагдаагүй. Энэ сүрчиг шинжээчдэд таалагдсан нь их сонирхолтой байлаа. Учир нь тэд арай өөр өнцгөөс харсан. Би заримдаа хэт хүнд, шинжээчдэд зориулсан үнэртэн хийдэг нь миний гол асуудал болдог юм. Гэхдээ үргэлж л ийм байсан бөгөөд одоо юу ч өөрчлөгдөөгүй. Тийм болохоор өнөөдөр би пачули цэцгийг хэт ихээр агуулсан Monsieur сүрчигийг хэрхэн хүлээж авах бол гэж тэсэн ядан хүлээж байна.

 

цааш үзэх